Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 221/ШШ2025/0029

 

 

 

 

 

 

 

 

С.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Б. Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г. Мөнхтулга

Нэхэмжлэгч: С.О

Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Гуравдагч этгээд: Б.Т

Нэхэмжлэлийн шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн МТ/2025/07 дугаартай өмгөөлөгч С.О-т холбогдох маргааныг шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгуулах

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Гуравдагч этгээд Б.Т

Иргэдийн төлөөлөгч Н.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч

Хэргийн индекс: 221/2025/0032/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.О нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн МТ/2025/07 дугаартай өмгөөлөгч С.От холбогдох маргааныг шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Өмгөөлөгч С.От холбогдох маргааны тухай” МТ/2025/07 дугаартай тогтоолоор Өмгөөлөгч С.О нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.1.6, 14.1.7 дахь заалт, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч С.От “сануулах” хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч С.О-аас тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн МТ/2025/07 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч, Б.Т-ын нэхэмжлэлтэй хэрэгт өмгөөлөгчөөр ажиллахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргаж байсан хууль бус шаардлагыг хүлээж аваагүй,  нэхэмжлэлийн тооцоогоо өөрөө бодож гаргах талаар хэлсэн, өмгөөлөгч хууль зүйн асуудал, өмгөөллийн үйл ажиллагааны мэдээлэл өгөх, хууль зүйн үр дагаврын талаар л тайлбарлах үүрэгтэй.

Өмгөөлөгч би Б.Т-ын нэхэмжлэлийн талаар хууль зүйн зөвлөгөөг өгч нэхэмжлэлийг ямар хэлбэрээр гаргах, хэнийг хариуцагчаар татах нь оновчтой талаар зөвлөлдөж бичсэний үндсэн дээр шүүгч нэхэмжлэлд иргэний хэрэr үүсгэсэн.

Гэтэл Б.Т нь шүүх хуралдаан хойшлох болгонд тэр хугацаагаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж тооцоо бодож ирэхээр нь би үндсэн нэхэмжлэлээ шийдвэрлүүлсэн нь дээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх болгонд гардуулах, тайлбар авах ажиллагаа хийж хурал хойшлоно гэж тайлбарлаад ойлгоогүй, хариуцагч тал чинь үйл ажиллагаагаа зогсоож дампуурлаа зарлах гээд хөөцөлдөж байхад ингэх шаардлага байгаа юм уу хэргээ хурдан шийдвэрлүүлсэн нь дээр гэх зөвлөгөө өөрт нь ашигтай байхад намайг зөвлөгөө өгөөгүй мэтээр гомдол гаргасан нь үндэслэлгүй.

Мөн Б.Т нь шүүх хуралдааны явцад мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэгдэх асуудлыг урьдчилан хүсэлт хэлбэрээр шийдвэрлүүлэхээр хууль бус шаардлага гаргаж байсан тул би өмгөөлөхөөс татгалзсан болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйлд зааснаар хариуцагч Ц.Б-ийн дансны зарлагыг зогсоох, В т ХХК-ийн улсын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах хүсэлт гаргасан бөгөөд хариуцагчийн хэн алинд нь 69-ийн арга хэмжээ авах нь оновчтой гэж тооцоолж Б.Т-тай зөвлөлдөж бичсэн. Гэтэл хариуцагч 69-ийн арга хэмжээ авсан захирамжид гомдол гаргаж, гомдлыг хэлэлцэх хурал дээр өмгөөлөгч би хууль зүйн үндэслэлийг хэлсэн, харин хуралдаан даргалагч хариуцагчийн хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах талаар асуухад 2 хариуцагч шүүх хуралдаан дээр бие бие рүүгээ чихэх эрсдэлтэй байсан учраас хариулаагүй. Тэгээд ч энэ асуудал бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах урьдчилсан арга хэмжээ болохоос хэргийг шийдвэрлэж байгаа асуудал биш, ямар арга хэмжээ авахыг шүүгч шийдвэрлэдэг болохоос өмгөөлөгчийн хүссэнээр болдоггүй.

Мөн Б.Т нь гомдолдоо хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд сөрөг нэхэмжлэл гаргасан байхад түүнийг өмгөөлөгч мэдээгүй гэж дурьдсан, энэ асуудал бол өмгөөлөгч, үйлчлүүлэгч нарын хэн эхэлж мэдсэн нь нөгөө талдаа хэлээд хэрхэх талаар зөвлөлдөх болохоос эхэлж мэдээгүй үндэслэлээр өмгөөлөгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Б.Тын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хангаагүйгээс бухимдаж өмгөөлөгчийг буруутай мэтээр гомдол гаргасан гэж ойлгож байгаа, энэ талаар өөрт нь ашигтай байдлаар зөвлөгөө өгөөд ойлгоогүйгээс ийм байдалд хүрсэн.

Б.Тын нэхэмжлэлийн дагуу шүүх хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн гэж би туслахаас сонссон, энэ байдал нь өмгөөлөгч миний зөвлөгөө бодитой байсан, нэхэмжлэлийн шаардлагa нэмэгдүүлснийг шүүх хангаагүй гэж би ойлгосон.

Ийм учраас Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04-р сарын 22-ны өдрийн МТ\2025107 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлага нь нилээд их байсан бөгөөд өмгөөллийн хөлсийг 50 хувь бууруулж тохиролцсон, урьдчилгааг 2 хувааж авах зэргээр үйлчлүүлэгчид хөнгөлөлт үзүүлж байсан, гомдол гаргасны дараа урьдчилгаа 1 сая төгрөгөөс өөрийн хийсэн ажлын зардлын 200.000 төгрөг суутгаж, 800.000 төгрөгийг буцааж өгсөн, Б.Тд ямар нэгэн хохирол учруулаагүй болно” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Мэргэжлийн хариуцлагын хороонд иргэн Б.Таас гаргасан гомдолд Маргаан хянан шийдвэрлэх журамд заасны дагуу маргаан үүсгэн хянан шалгасан.

Өмгөөлөгч С.О нь иргэн Б.Т-тай 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өмгөөлөл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, гэрээгээр үйлчлүүлэгчийн Хөдөлмөрийн маргааны төлбөр гаргуулах талаар хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэр харилцан тохиролцсон боловч гэрээнд заасан үүргээ өмгөөлөгч биелүүлээгүй өмгөөллийн тухай хууль болон мэргэжлийн ёс зүйн дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн нь маргааны материалд авагдсан баримтуудаар нотлогддог.

Өмгөөлөгч С.О нь гомдол гаргагч Б.Т-д өмгөөллийн хөлсөнд авсан хөлсөө буцаан өгсөн нь хариуцагч өмгөөлөгчийг ёс зүйн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Өмгөөлөгч С.О нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үлй ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах”, 14.1.2-д “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах”, 14.1.3-д “үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах”, 14.1.5-д “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх”, 14.1.6-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, шийдвэрийг хүндэтгэх”, 14.1.7-д “өмгөөллийн үйл ажиллагааны зорилгод хүрэх арга хэлбэрийн талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх” гэж, Өмгөөллийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дэх хэсгийн “хууль зүйн үйлчилгээний зорилгод хүрэх арга замын талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх”, 16.1.3 дахь хэсгийн “үйлчилгээний явцын талаар тухай бүрд нь үйлчлүүлэгчид мэдээлэх” гэсэн хэм хэмжээг тус тус зөрчсөн тул ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүний тогтоол үндэслэлтэй.

Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн МТ/2025/7 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч С.О-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхино уу” гэжээ.

5. Гуравдагч этгээд Б.Т-аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Миний бие 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр буюу шүүхээс анхан шатны хурал зарлагдаагүй товлогдоогүй байхад шүүхэд хүсэлт бичиж өгсний дараа 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хурлын тов зарлагдсан. Өмгөөлөгчөөр шүүхэд өгөх, хариу тайлбар хүсэлт бичүүлэх, шүүх хурлын үеэр ярих хариу тайлбар, хэргийн явцыг асууж лавлах, гэрээнд заасан ажил үүргээ хийхийг шаардах нь өөрөө гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэснийг олж мэдээд энэ өдрөө Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд өмгөөлөгч С.О-ийн хариуцлагагүй байдал, ёс зүйн зөрчилд гомдол гаргасан.

Өмгөөлөгч өөрөө гэрээгээ цуцалсны дараа шүүх хурал болоогүй хэрэг хянан шийдвэрлэх явцад үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр миний хэргийн материалтай очиж танилцсан байсныг мэдээд хууль зөрчсөн энэхүү үйлдэлд нь дахин гомдол гаргасан.

Мөн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр миний хэргийн явц мэдээллийг хөндлөнгийн 2 этгээдэд тарааж мэдээлж, хороонд гаргасан гомдлоо татаж авахыг шаардаж байсан тул дахин гомдол гаргасан.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос 2025 оны 4 сарын 25-ны өдрийн МТ/2025/07 дугаартай тогтоолоор өмгөөлөгч С.О-ийн мэргэжлийн үйл ажиллагаанд хяналт тавьж үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ болон маргааны материалд авагдсан нотлох баримтуудад тулгуурлан Өмгөөллийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.1.6, 14.1.7 дахь заалт, Өмгөөллийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь үндэслэлтэйгээр тогтоогдсон.

Өмгөөлөгч С.О нь хууль ёсны үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчид буруу хууль зүйн мэдээлэл өгсөн, үндэслэлгүй хууль зүйн зөвлөгөө өгсөн зэрэг үйлдлүүд нь нотлох баримтууд /миний өөрийн гаргаж өгсөн баримтууд, шүүхээс авсан баримтууд, өөрийнх нь бичиж өгсөн хариу тайлбар, гэрчийн мэдүүлэг/-ыг хянаж, шалгаж тогтоосон тул хууль зүйн үндэслэлтэй тогтоол юм.

Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өмгөөлөгч С.О-т “Сануулах” арга хэмжээ авсан. Хуулийн дагуу уг тогтоол нь хүчин төгөлдөр бөгөөд өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. /Гомдолд дурдсан тайлбарууд нь нотлох баримтгүй илтэд гүтгэсэн гүтгэлгийн шинж чанар агуулсан байна./

Иймд зөрчил үйлдсэн өмгөөлөгч С.О-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос 2025 оны 4 сарын 25-ны өдрийн МТ/2025/07 дугаартай "Сануулах" арга хэмжээ авсан тогтоол нь хамгийн хөнгөн, сэрэмжлүүлэх шинжтэй бөгөөд өмгөөлөгчийн эрх, үйл ажиллагааг үндсээр нь хязгаарлахгүй.

Өмгөөлөгч С.О нь гомдолдоо Б.Т-д ямар нэгэн хохирол учраагүй болно гэжээ. Өмгөөлөгчийн хариуцлагагүй байдлаас болж надад учруулсан бодит хохирлыг шүүхийн тогтоол, магадлал, шийдвэрүүдээс харж болно. Гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж дахин хохирол учруулахгүй байх үүднээс эрх ашгийг маань хамгаалж уг тогтоолийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

6. Иргэдийн төлөөлөгч Н.Ч шүүхэд гаргасан дүгнэлтдээ:  “Нэхэмжлэгч талаас шаардлага хангаагүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэлийг хянав.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.1. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн МТ2025/07 дугаар тогтоолоор өмгөөлөгч С.О-ийг Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.1.6, 14.1.7 дахь заалт, Өмгөөллийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д зааснаар “сануулах” хариуцлага хүлээлгэжээ.

2.4. Ийнхүү хариуцлага тооцох болсон үндэслэлдээ:

2.4.1. Дүгнэлтийн 2-т “... үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ, ... дүрмээр хүлээсэн өмгөөлөгчийн үүрэг, хариуцлагыг зохих ёсоор биелүүлээгүй үйлчлүүлэгчид өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах, үйлчилгээний явцын талаар тухай бүрт үйлчлүүлэгчид мэдээлэх зэрэг ... үүрэг хариуцлагыг биелүүлээгүй зөрчсөн болох нь маргааны материалд авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдлоо.”,

2.4.2. Дүгнэлтийн 4-т “үйлчлүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүсэл зоригийн талаарх асуудалд хууль зүйн үйлчилгээ үзүүлээгүй, энэ талаар үйлчлүүлэгчид хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, үйлчлүүлэгчийн хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох болон хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх хүсэлт гаргах шийдвэрт хүндэтгэлтэй хандаагүй, уг хүсэлтийг хууль зүйн үндэслэл бүхий байдлаар бичих зэрэг үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх гомдол үндэслэлтэй байна.”,

2.4.3. Дүгнэлтийн 10-т “Энэхүү шүүхийн шийдвэрээс улбаалан нэхэмжлэгч Б.Т гомдол гаргах бөгөөд ... миний өгсөн хүсэлтэд үндэслэн 2 хариуцагчаас хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжлэх талаар хууль зүйн зөвлөгөө өгөөгүй, мөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг маань хуульд заасан үндэслэл бүхий байдлаар бичиж өгөөгүйгээс шүүх нэхэмжлэгчийн шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон гэх гомдолд дурдсан үндэслэлүүд нь дээрх шийдвэрүүдээр тогтоогдсон.”,

2.4.4. Дүгнэлтийн 11-т “ Өмгөөлөгч С.О ... гэх тайлбар ирүүлсэн нь .... нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд тайлбар хүссэн шийдвэрт хууль зүйн зөвлөгөө өгөөгүй нь ... ёс зүйн зөрчил болно.”,

2.4.5. Дүгнэлтийн 15-д “... гэх байдлаар зөвлөн, өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан  хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзнэ.”,

2.4.6. Дүгнэлтийн 18-д “Маргааны үйл баримтаас үзэхэд өмгөөлөгя С.Онь үйлчлүүлэгч Б.Тын нэхэмжлэлийн шаардлагын хүрээндшүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргах шийдвэрт хууль зүйн зөвлөгөө өгөөгүй, энэ талаар хуулийн аль ч заалтаар хүсэлт гаргасан  болно, алийг нь авахыг шүүх шийдвэрлэнэ гэх байдлаар зөвлөгөө өгч, улмаар шүүх нэхэмжлэгчийн хүсэлт тодорхойгүй гэх үндэслэлээр ... шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үр дагаварт өмгөөлөгчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйл ажиллагаа нөлөөлсөн” гэж тус тус дүнэлт хийжээ.

3. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “хянан шалгагч, бүрэлдэхүүн нь тухайн маргаанд хамааралтай, хууль болон энэ журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг маргааныг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж тус тус заасны дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан болон холбогдсон өмгөөлөгчийн тайлбар, үндэслэл, түүнд хамаарах баримтыг бүрэн цуглуулж, тал бүрээс судалж, үнэлэлт өгөх байдлаар нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.

4. Гэтэл хариуцагчаас Б.Т-ын гаргасан гомдлын үндэслэлд цугларсан нотлох баримтуудыг үндэслэн бүрэн дүүрэн хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр, түүнчлэн өмгөөлөгч С.Оийн гаргасан гэх зөрчлийг нэрлэн зааж тус бүрд дүгнэлт хийгээгүй нь “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны  маргаан шийдвэрлэх журам”-ын 89.3.4-д заасан “хуралдаанаар тогтоогдсон зөрчлийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт” хийж тусгахаар заасантай нийцээгүй байна.

5. Мөн түүнчлэн маргаан бүхий тогтоолын үндэслэл болсон С.Оаас Б.Тд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-69.5-т заасан аль ч заалтаар арга хэмжээ авхуулахаар хүсэлт бичиж болно” гэж зөвлөсөн нь тус хүсэлтийг хангасан шүүгчийн захирамжийг шүүхийн тогтоолоор хүчингүй болгох үндэслэл болсон гэж бодитой бус дүгнэлт хийж, өмгөөлөгчөөс шалгаалахгүй үйл ажиллагаанд түүнийг буруутгасан.

Тодруулбал, “шүүх нэхэмжлэгчийн хүсэлт тодорхойгүй гэх үндэслэлээр шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үр дагаварт өмгөөлөгчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйл ажиллагаа нөлөөлсөн...” гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэл муутай болжээ.

6.  Учир нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05467 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Таас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авахуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан бөгөөд энэ үед өмгөөлөгч С.О өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байсан.

Харин уг захирамжийг шүүхээс хянаж тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 00230 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн нь өмгөөлөгчийн үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

7. Түүнчлэн Б.Тэгжшжаргалын нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02309 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01666 дугаар магадлал гарахад уг хэргийн өмгөөлөгчөөр С.О оролцоогүй /өмгөөлөхөөс татгалзсан/, өмгөөлөгч О.Баяржаргал оролцсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх боломж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд байдаг тул өмгөөлөгч С.О-ийг нэхэмжлэлийн шаардлагыг зөв гаргахад туслалцаа үзүүлээгүйгээс хэргийн шийдэлд нөлөөлсөн гэж буруутгах үндэслэлгүй юм.

8. С.О нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулснаас хойш 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр буюу өмгөөллийн туслалцаа үзүүлэхээс татгалзах хүртэл Б.Т-д хууль зүйн зөвлөгөө өгч, тухайн иргэний хэрэгт хамааралтай гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар мэдэгдэж байсан үйл баримт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны Б.Тын гомдолтой, С.О-т холбогдох маргааны материал, тус шүүхээс нотлох баримт цугуулах хүрээнд Хан-уул дүүргийн иргэний хэргийн шүүхээс авсан нотлох баримтаар тогтоогдож байна.

9. Дээрх байдлаас үзэхэд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ.” гэж заасантай нийцээгүй байна.

10. Иймээс Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хороо нь өмгөөлөгч С.Оийг Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж дүгнэн хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй байх тул Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн МТ/2025/07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, өмгөөлөгч С.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

11. Иргэдийн төлөөлөгчийн “Нэхэмжлэгч талаас шаардлага хангаагүй байна.” гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д зааснаар өмгөөлөгч С.Оаас Монголын өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголын өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 04 дүгээр дугаар сарын 22-ны өдрийн “Өмгөөлөгч С.О-т холбогдох маргааны тухай” МТ/2025/07 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН 

 

                                 ШҮҮГЧ                                  Д.ОЮУМАА

 

                                 ШҮҮГЧ                                  Г.МӨНХТУЛГА