Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/724

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х*******д холбогдох эрүүгийн 2305000000243 тоот дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8 эцэг, эх, ах, дүү нарын хамт *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х*******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “” хотхоны гаднаас хохирогч ******* эзэмшлийн “Тоёота приүс 30” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын гупер, 2 их гэрлийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр “Тоёота Aкуа” маркийн ******* УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлан авч хохирогчид 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн үед манай ээж эмнэлэгт хэвтчихсэн байсан. Аав архи уудаг. Манайх нийтийн байранд амьдарч байсан бөгөөд тухайн байрнаас гарахаар болж юмаа зөөх машин хэрэг болсон тул машин түрээсэлсэн. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******:

“...Би 2023 оны 02 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед гэрийнхээ гадна авто зогсоолд өөрийн эзэмшлийн ******* УБЧ улсын дугаартай хар өнгийн “Приүс 30” маркийн тээврийн хэрэгслээ унаж ирээд тавиад 2023 оны 02 сарын 07-ны өглөө 07 цагийн үед гарахад зүүн урд талын гурвалжин цонх, хагарсан урд гупер байхгүй, урд 2 гэрэл байхгүй байхад нь би миний машин биш байна гэж бодоод тээврийн хэрэгслээ тойрч ард талын дугаарыг харахад миний машин мөн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Гэрч *******:

“...2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн өглөө манай найз Билгүүн над руу чат бичээд “автомашин түрээслээд өгөөч бид нар түрээслэх гэсэн жолооны үнэмлэх байхгүй байна хүн олоод өгөөч” гэж чат бичсэн. Би “хүн олоод өгий” гээд найз Мөнхдөлгөөн рүү залгаад “жолооны үнэмлэхээрээ машин түрээслээд өгөөч” гэж гуйж ярьсан манай найз зөвшөөрөөд оронд нь “50.000 төгрөг өгий” гэж ярилцаж тохирсон. Оройхон Билгүүнтэй уулзаад Мөнхдөлгөөнтэй “Өргөө” кино театрын ар талд байрлах СU дотор уулзахад түрээслэх машинаа Билгүүн олчихсон байсан. Мөнхдөлгөөн, Билгүүн бид 3 Мөнхдөлгөөний автомашинтай яваад 13-р сургуулийн хажуу талаас уг 49-13 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг Мөнхдөлгөөн ганцаараа гарч түрээслээд Билгүүн бид 2 автомашинд нь хүлээгээд сууж байсан. Мөнхдөлгөөн уг тээврийн хэрэгслийг түрээслээд “Өргөө” кино театрын ар талд байрлах СU гадна очиж Билгүүнд уг тээврийн хэрэгслийг өгөөд Мөнхдөлгөөн бид 2 намайг гэрт хүргэж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

Гэрч :

“...2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай найз Даваажав над руу залгаад “жолооны үнэмлэх чинь байгаа юу машин түрээслээд өгөөч” гэж ярихаар нь би “за” гээд 16 цагийн үед Даваажавтай хороололд байрлах “Өргөө” кино театрын ар талын СU түргэн хоолны газарт очтол Билгүүн, Даваажав хоёртой уулзсан. Уулзаад “машин түрээслээд өгөөч жолооны үнэмлэхээрээ, чамд бэлэн 50.000 төгрөг өгий” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэр 2 түрээслэх автомашинаа олчихсон байсан. Ингээд Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 13-р сургуулийн ар талд очоод Билгүүн нэг дугаар луу залгаад хар өнгийн “Аqua” маркийн тээврийн хэрэгслийг түрээслэхээр очсон. Очоод Билгүүн, Даваажав хоёр миний автомашинд үлдээд би түрээслэх залуутай нь очиж уулзаж уг тээврийн хэрэгслийг нэг өдөр түрээслэхээр 80.000 төгрөг, барьцаа 100.000 төгрөг мөн өөрийн бичиг баримтуудын хамт автомашиныг түрээсэлсэн. Тухайн үед уг залууд 160.000 төгрөг бэлэн өгөөд 20.000 төгрөгт тухайн түрээсэлсэн 4319 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсэлсэн. Түрээслээд уг тээврийн хэрэгслийг “Өргөө”-гийн ар талын СU түргэн хоолны газарт очоод Билгүүнд уг тээврийн хэрэгслийг өгөөд надаа бэлэн 50.000 төгрөг өгөхөөр нь аваад Даваажав бид 2 миний автомашинтай яваад Даваажавыг гэрт нь хүргэж өгөөд би харьсан. Үүнээс хойш гэртээ байж байгаад Даваажав болон Билгүүн нартай уулзаагүй байж байгаад өчигдөр орой таксинд явж байхад Даваажав дуудаад очиж уулзсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Гэрч :

“...Уг тээврийн хэрэгслийг манай найз миний нэр дээр банк бус санхүүгийн байгууллага дээр тавьж уг тээврийн хэрэгслийг худалдаж авсан. 2022 оны 12 дугаар сард авсан учир нь өөрөө зээлтэй учир банк бус дээр зээл гарах боломжгүй тул би өөрийн нэр дээр зээл авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Гэрч :

“...Уг тээврийн хэрэгслийг 2022 оны 12 дугаар сард фейсбүүк зараас харж байгаад банк бус санхүүгийн байгууллагаас уг ******* УАР улсын дугаартай хар өнгийн “Аqua” маркийн тээврийн хэрэгслийг авсан. Тухайн үед одоо байгаа банк бусаас уг тээврийн хэрэгслийг авах гэсэн боловч миний хувьд өөр зээлтэй байсан учраас миний нэр дээр гарах боломжгүй байсан тул найз Бадамжунайн нэр дээр зээл судалж уг тээврийн хэрэгслийг 16.500.000 төгрөгөөр 24 сараас сар бүр 937.000 төгрөгийг хийхээр уг тээврийн хэрэгслийг худалдаж авсан. 2023 оны 01 дүгээр 28-ны өдөр би өөрийн С.Дамба нэртэй фейсбүүк хаягаас цахим орчинд болон группт “өвлийн үйлчилгээ бүрэн хийгдсэн бүрэн даатгалтай “Prius 20” болон “Аqua” маркийн машинууд түрээслүүлнэ 89050168, 89916496” гэсэн зарыг байршуулсан. Уг зарын дагуу миний 89050168 дугаар руу 02 дугаар сарын 05-ны өдөр 95222823, 99656163 гэсэн дугааруудаас над руу залгаад “машин түрээсэлье” гээд 13.30 минутын үед Баянгол дүүргийн 13-р хороо, 13-р сургуулийн ард талын СU-гийн үүдэнд утсаар ярьсан залуутай ирж уулзаж үзээд ******* УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг үзээд түрээслэхээр бид 2 хоорондоо ярьж тохиролцсон. Би өөрийн тээврийн хэрэгслийг “нэг өдрийн 80.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэхэд “нэг өдөр түрээсэлнэ” гээд би emongolia-c иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхийг нь харж шалгахад Мөнхдөлгөөн гэх залуу байсан. Тэгээд барьцаа болох 160.000 төгрөгийг надад бэлэн өгөөд уг тээврийн хэрэгслийг аваад явсан. Тухайн өдрөө би өөрийн Хаан банкны дугаартай дансанд уг мөнгийг хийсэн. Маргааш нь над руу төрөл бүрийн дугаараас мессеж бичээд “машин сунгана” гэж хэлсэн. 02 дугаар сарын 08-ны шөнө миний дансанд 140.000 төгрөг шилжүүлсэн 2 өдрийн сунгалт гэсэн. 02 дугаар сарын 09-ний өдөр хугацаа дуусаад залгаад утсаа авахгүй байхаар нь залгасан дугаарыг нь цахим орчинд хийгээд үзтэл “санхүү өгнө авна, хүргэлтийн архи пиво зарна” гэсэн зарууд гарч ирсэн. Ингээд би “угаасаа бүтэхгүй нөхөд байна” гэж мэдээд өөрийн тээврийн хэрэгслийг хайж эхэлсэн. Тэгээд би уг дугаар луу чат бичтэл над руу фейсбүүкээр залгаад “би машинаа авъя” гэтэл “манай хуурай дүү аваад явсан надаас бас зугтаасан” гэж хариу хэлсэн. 09-ний өдөр над руу 95222823 дугаараас Мөнхдөлгөөн гэх залуу залгаад “өдөр 13 цагийн үед авсан газраа аваачиж өгий” гэж ярьсан байж мөн алга болсон. Өчигдөр өдөржин хүлээгээд болохгүй болохоор нь “санхүү өгнө авна” гэсэн зар руу чат бичиж байгаад Нансал гэх эмэгтэйг олж авсан. Нансал гэх эмэгтэйг уулзтал найзуудтайгаа холбогдож байгаад өөрийн гэртээ тэр найз найрыгаа дуудтал шөнө 03 цагийн үед Баянхошуунд байрлах Нансалын гэрт миний машиныг унаад нэг эмэгтэй хоёр залуу ирсэн. Тэгээд би өөрийн түрээслүүлсэн машинаа олж аваад үзтэл доторх нь маш заваан хогоор дүүрсэн, дотроос нь бэлгэвч, суудлын бүрээсийг нь аваад хаячихсан, тарианы шиприз задлаагүй юмнууд зөв талын хаалганы хавьтсан бээлий, багаж байсан. Тэгээд шууд цагдаад дуудлага өгөөд СХДЦГ-ын 2-р хэлтэс дээр шөнийн 05 цагийн үед очсон. Очоод уулзаж байгаад мөрдөгч “ар гэрээсээ хүн дууд” гээд “нэг давхарт хүлээлгийн сандал дээр сууж бай” гээд буулгатал тэд нар бөөндөө зугтаачихсан. Ингээд би өнөөдөр өөрийн түрээслүүлсэн тээврийн хэрэгслийг угаалгаад байж байтал цагдаагаас залгаад ирж мэдүүлэг өгч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-6 дахь тал/, “Хаан” банкны дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 64 дэх тал/, “Тоёота Aкуа” ******* УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-9 дэх тал/, Хөрөнгийн үнэлгээний “Виннер Вэй” ХХК-ийн “Приүс 30” маркийн авто машины 2 их гэрэл, урд гупер, гурвалжин шил, улсын дугаар болон хүрээ, зэрэг эд зүйлийг 3.800.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хавтаст хэргийн 37 дахь тал/, “Дамно” ХХК-ийн “Тоёота Aкуа” ******* УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлсэн талаар дүгнэлт /хавтаст хэргийн 85-89 дэх тал/, хохирогч т хохирол төлбөр төлсөн талаарх баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хохирогч т 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота Aкуа” ******* УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 13.846.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч ******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тухайд маргахгүй. Харин хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн нь үндэслэлгүй байна. Учир машин механизм ашигласан үйлдэл нь тохиолдлын шинж чанартай байсан. Тухайн үед автомашиныг хулгай хийх зорилгоор гэж биш, ар гэрээ нүүлгэх гэж түрээсэлсэн байдаг. Иймд “Тоёота Aкуа” ******* УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 13.846.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэлгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ий холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “” хотхоны гаднаас хохирогч ******* эзэмшлийн “Тоёота приүс 30” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын гупер, 2 их гэрлийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр “Тоёота Aкуа” маркийн ******* УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлан авч хохирогчид 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч , гэрч , ,, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч “Хаан” банкны дугаарын дансны хуулга, “Тоёота Aкуа” маркийн **** УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч ******* эзэмшлийн “Тоёота приүс 30” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын гупер, 2 их гэрлийг хулгайлан авахдаа учрах саадыг арилгах зорилгоор “Тоёота Aкуа” маркийн ******* УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, хохирогчийн эд хөрөнгийг тээвэрлэн зөөж, өөрийн найз болох н.Бат-Эрдэнийн гэрт аваачиж тавьсан үйл баримт нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, цоолох, зүсэх зориулалттай машин, механизмууд хамаарах ба “Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.

Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.    

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч т 3.800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 1.200.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийн урд талын гуперыг биет байдлаар буцаан өгсөн бөгөөд үлдэх 2.600.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 4 сартай байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Түүнчлэн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг хуульчлахдаа “гэмт хэрэг үйлдэх үедээ ...арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”-ээр заасан бөгөөд уг заалтыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба шүүгдэгч *******ий тухайд хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн боловч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу машин механизм ашиглаж үйлдсэн тул гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж дүгнэсэн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй юм.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан.

Иймээс шүүгдэгч *******ий хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Aкуа” ******* УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөнд хамаарч байгаа бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгө биш бөгөөд эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 13.846.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000000243 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Aкуа” ******* УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 13.846.000 төгрөгийг шүүгдэгч *******ээс зохих журмын дагуу гаргуулж улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ