Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/635

 

   2023           08             01                                          2023/ШЦТ/635

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Т.Баянмөнх  

Шүүгдэгч: Т.А******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөр овогт Т******* А*******т холбогдох 2305015611221 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, 2 найзын хамт Баянгол дүүргийн ******* дугаар байр, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Төмөр овогт Т******* А******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.А******* нь “...Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтангадас” ресторанд барменаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр рестораны орлогын мөнгөнөөс 2,304,200 төгрөгийг завшиж, уг мөнгөөр покер тоглоом тоглож хувьдаа зарцуулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.А******* нь “...Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтангадас” ресторанд барменаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр рестораны орлогын мөнгөнөөс 2,304,200 төгрөгийг завшиж, уг мөнгөөр покер тоглоом тоглож хувьдаа зарцуулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А*******ын “.. гэм буруутай, маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305015611221 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А*******ын өгсөн “...2022 оны 06 дугаар сард Ариун Сондор Түшиг ХХК нь Алтангадас рестораныг үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Би 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрх төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг Алтангадас рестораны менежерээр ажиллаж байгаа. Манай Алтангадас ресторанд 2022 оны 09 дүгээр сараас хойш 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд А******* гэх эрэгтэй бармен хийдэг байсан. Т.А******* 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлээд шалтгаангүйгээр ирэхгүй болсон бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай байгууллагын орлогын мөнгөөс 2,300,000 төгрөгийг Т.А******* нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр авсан гэдгээ мэдээд ирж авсан мөнгөө эргүүлэн төлөх 2 долоо хоногийн хугацаа өгөөд хүлээсэн бөгөөд дахин 1 сар хугацаа нэмж өгсөн боловч Т.А******* нь авсан 2,300,000 төгрөгөө эргүүлэн хувааж өгнө гэдгээ хэлээд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн үеэс холбоо барихгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Т.А*******ын гэрчээр өгсөн “...Манай дүү 2001 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд айлын 2 дахь хүүхэд болж мэндэлсэн бөгөөд дээрээ нэг ах доороо нэг дүүтэй. Манай дүү Хөвсгөл аймгийн 3 дугаар арвсан жилийн сургуульд сурч бүрэн дунд боловсрол эзэмшсэн бөгөөд, 2019 онд Монгол Улсын  Их Сургуульд хэрэглээний инженер мэргэжил эзэмшихээр дээд сургуульд суч байгаад 2021 онд сургуулиасаа гарсан. 2021 онд дээд сургуулиасаа гарсан үеэс хойш өөрөө ажил хөдөлмөр хийгээд надаас тусдаа найзуудтайгаа нийлж байр түрээслэж амьдардаг болсон. Манай дүү тогтсон ямар нэгэн ажил хөдөлмөр бол хийдэггүй. Манай дүү найз охин, гэр бүл хүүхэд байхгүй ганц бие эрэгтэй. Улаанбаатар хотод Т.А******* надаас тусдаа ажил хөдөлмөр хийгээд байж байгаа бөгөөд бид хоёр бараг уулздаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

 

Т.А*******ын эзэмшлийн Хаан банкны тоот харилицах дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 33-35 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 30 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.А*******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Т.А******* нь “...Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтангадас” ресторанд барменаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр рестораны орлогын мөнгөнөөс 2,304,200 төгрөгийг завшиж, уг мөнгөөр покер тоглоом тоглож хувьдаа зарцуулсан...” болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А*******ын мэдүүлэг, Т.А*******ын эзэмшлийн Хаан банкны тоот харилцах дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

 

          Шүүгдэгч Т.А******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т.А*******ын “...Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтангадас” ресторанд барменаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр рестораны орлогын мөнгөнөөс 2,304,200 төгрөгийг завшиж, уг мөнгөөр покер тоглоом тоглож хувьдаа зарцуулсан...” гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Т.А*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч Т.А*******ын үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас хохирогч “Ариун Сондор Түшиг” ХХК-ийн “Алтангадас” ресторанд нийт 2,300,000 /хоёр сая гурван зуун мянга/-н төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд “Ариун Сондор Түшиг” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №2/216 тоот “Т.А******* нь хохирол болох 2,300,000 /хоёр сая гурван зуун мянга/-н төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тус гомдол болно” гэх албан бичгийн шүүхэд ирүүлсэн  байна. /хх-ийн 54 тал/,

 

Шүүгдэгч Т.А******* нь гэмт хэргийн улмаас хохирогч “Ариун Сондор Түшиг” ХХК-ийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Т.А*******ыг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Т.А******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг  үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Т.А*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

   Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Т.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт заасны дагуу шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелүүлээгүй нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.А*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Төмөр овогт Т******* А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А*******ыг 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Т.А*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.А******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Т.А*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ