Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/636

 

2023             08           01                                         2023/ШЦТ/636

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Г.Түвшинбаяр,

Шүүгдэгч: Б.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц******* овогт Б******* Д*******ад холбогдох эрүүгийн 2305000000924 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, “Хос ивээл” ХХК-д жолооч, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Ц******* овогт Б******* Д******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Д******* нь “...Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хан” зочид буудлын 303 тоот өрөөнөөс 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Х.Б******* эзэмшлийн “Самсунг А-73” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч түүнд 900,000 төгрөгийн хохирол учруулж “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хан” зочид буудлын 303 тоот өрөөнд нэвтэрч үйлдсэн...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Д******* нь “...Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хан” зочид буудлын 303 тоот өрөөнөөс 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Х.Б******* эзэмшлийн “Самсунг А-73” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч түүнд 900,000 төгрөгийн хохирол учруулж “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хан” зочид буудлын 303 тоот өрөөнд нэвтэрч үйлдсэн...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д*******ын “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй…”  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305000000924  дугаартай хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Х.Б******* хохирогчоор өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үүрийн 06 цагийн үед хорооллын эцсийн “Хан” зочид буудал руу хуурай ах Мөнгөн болон 2 үл таних эмэгтэйн хамт орсон. Бид 4 буудлын 303 тоот өрөөнд орсон бөгөөд ойр зуурын зүйл ярилцаж байгаад нөгөө 2 эмэгтэй гарч яваад ах бид 2 унтаад өгсөн. Тухайн 2 эмэгтэй гарах үед миний гар утас олдохгүй байсан бөгөөд Мөнгөн ах миний хажууд байж байсан цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд хяналтын камер шүүлгэх үед хажуу талын 305 тоот өрөөний үл таних эрэгтэй миний унтаж байсан өрөөнд ороод удалгүй гараад явж байгаа бичлэг харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Б.Г******* гэрчээр өгсөн “...манай бааран дээр ирсэн найзтайгаа гадаа машинд нь ганц шил архи хамт уугаад тэгээд бид 2 хамт буудал орохоор болоод хорооллын эцсийн “Хан” дэн буудалд амрахаар 305 тоотод орсон. Тэгээд орж унтаад байж байтал үүдний хүлээн авагч гаднаас цагдаатай ороод ирэхээр нь би гайхаад болсон явдлаа тайлбарласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1341 дугаартай “Самсунг А-73” загварын гар утсыг 900,000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-ийн *******-25 тал/,

 

Хохирогч Х.Б******* эзэмшлийн “Самсунг А-73” загварын хулгайд алдсан гар утсыг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 36 тал/  

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц******* овогт Б******* Д*******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан хэдий ч хэргийн нөхцөл байдал шүүгдэгчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөөлсөн шинжийг шүүх тайлбарлах учиртай.

 

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсхүл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх ба шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийхэд, шүүгдэгч хохирогч нарын байрлаж байсан Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах  “Хан” дэн буудал нь өөрөө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр мөн хэдий ч шүүгдэгч нь уг буудалд хууль бусаар нэвтэрч тухайн буудал эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгөд хууль бусаар халдаагүй.

 

Тодруулбал, шүүгдэгч хохирогч нар нь уг буудалд зөвшөөрөлтэйгөөр нэвтэрч  тус тусдаа өөр өөр өрөө түрээсэлж амарсан ба буудлын тухайн өрөөнүүд нь хохирогч, шүүгдэгч нарын хувьд хэн альных нь өмчлөл, эзэмшилд шилжээгүй харин тухайн орон зайг ашиглах зорилгоор төлбөрийг төлсөн.

 

Хууль бус нэвтрэлттэй хулгайлах гэмт хэргийн хувьд тухайн орон зай нь гэм буруутай этгээдийн нэвтрэхийг хориглосон орон зай байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Х.Б******* “...өрөөг цоожлоогүй...” гэх мэдүүлгээр /хх-7 тал/ хохирогчийн байрлаж байсан буудлын өрөө нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг хориглосон орон зай  байсан гэж дүгнэхэд эргэлзээ бүхий байна  гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Д*******ын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Хан” зочид буудлын 303 тоот өрөөнөөс хохирогч Х.Б******* эзэмшлийн “Самсунг А-73” загварын гар утсыг авч хохирогч Х.Батзоригт  900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авах “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнээд шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Д*******ын  2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Хан” зочид буудлын 303 тоот өрөөнөөс хохирогч Х.Б******* эзэмшлийн “Самсунг А-73” загварын гар утсыг авч хохирогч Х.Батзоригт  900.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.Г******* мэдүүлэг, Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1341 дугаартай үнэлгээний тайлан болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Д*******ад холбогдох гэмт хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар шалгавал зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Б.Д******* нь гэмт хэргийн улмаас хохирогч Х.Батзоригт нийт 900.000 /есөн зуун мянга / төгрөгийн хохирол учруулсан ба энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Хохирогч Х.Батзориг нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өөрийн “Самсунг А-73” загварын гар утсыг хүлээн авсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Д*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:        

Шүүгдэгч Б.Д******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д*******ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж  шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Д*******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

Шүүгдэгч Б.Д******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, 6.5 дугаар зүйлд  заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Д*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц******* овогт Б******* Д*******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Ц******* овогт Б******* Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д*******ыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Д*******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б.Д******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч  Б.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ