Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/646

 

2023           08           07                                              2023/ШЦТ/646

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

Улсын яллагч: Б.Тэгшбаяр

Шүүгдэгч: Д.Т*******

Хохирогч Д.П******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Д******* Т*******өд холбогдох эрүүгийн 2305018871233 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, хувиараа код бичдэг ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Орчлон хороолол, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 35-15 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,.

Бодонгууд овогт Д******* Т******* /РД:УП9206*******39/.  

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Т******* нь “...2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхоны 22 дугаар байрны орцны урд хохирогч Д.П******* маргалдан зодож биед нь зүүн дээд 3, 4 дүгээр шүдний эмтрэл, зүн завжинд няцарсан, шарх, эрүү, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хоёр шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуу, бугуйн үенд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Т******* нь “...2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхоны 22 дугаар байрны орцны урд хохирогч Д.П******* маргалдан зодож биед нь зүүн дээд 3, 4 дүгээр шүдний эмтрэл, зүүн завжинд няцарсан, шарх, эрүү, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хоёр шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуу, бугуйн үенд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т*******ийн “...Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.П*******ийн “...гомдолтой...” гэх мэдүүлэг

 

Эрүүгийн 2305018871233 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Д.П*******ийн хохирогчоор өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт танил Б******* 88976197 утасны дугаар руу залгатал Б “22 дугаар байрны 2 тоотод байна, ороод ирээ” гэхээр нь 22 дугаар байрны 2 тоотод ганцаараа яваад ороход Б болон Т******* гэх залуутай хамт хоол хийх гээд байж байсан. Хоол идээд байж айтал нөгөө хоёр 0.75 литртэй архи авч орж ирээд бид 3 архиа хувааж уусан. Тэгээд 2 дахь шил архиа уугаад дуусаад Т******* бид хоёр том өрөөнд юм яриад Б жижиг өрөөнд хүнтэй утсаар яриад байж байсан. Т******* өмдөө татаад гуяа гаргаад байхаар нь би “чи гомо юм уу гуяа гялалзууллаа” гээд хэлтэл “чи намайг гомо гэж хэллээ” гээд маргаад эхэлсэн ба Т******* “гэрээс гарья” гэхээр нь дагаад гарахад орцоор гараад шууд намайг байрны гадаа нүүр рүү маань цохиод зодоод эхэлсэн. Т******* гомо гэж хэлсэн гээд л зодсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 5 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Б******* гэрчээр өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 цагийн үед би жижиг өрөөнд унтаад өгсөн. П******* ах, Т******* хоёр юм яриад том өрөөнд 2 дахь шил архи болон лаазтай пиво ууж эхлээд үлсэн. Тэгээд өглөө 07 цагийн үед П******* ах залгахаар нь сэртэл П******* ах машины түлхүүр авсан бөгөөд П******* ахын зүүн талын шанаа хавдсан байдалтай байсан бөгөөд Т******* намайг зодсон түрүүхэн надтай уулзаад явсан гэж хэлсэн. Би дараа нь Т*******өөс юу болсон талаар уулзаад асуух үед П******* намайг цээж нүцгэн гэртээ сууж байхад гомо банди гэж хэлэхээр нь би уулзаад орцны гадаа гараад маргаан зодоон хийсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5920 дугаартай шинжээчийн “...Д.П*******ийн биед зүүн дээд 3,4-р шүдний эмтрэл, зүүн завжинд няцарсан шарх, эрүү, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хоёр шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуу, бугуйн үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 10-11 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т*******ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн ******* тал/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Т******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Д.Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Д.Т******* нь хохирогч Д.П*******ийн биед зүүн дээд 3,4-р шүдний эмтрэл, зүүн завжинд няцарсан шарх, эрүү, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хоёр шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуу, бугуйн үенд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 10-11 дүгээр талд авагдсан шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5920 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5920 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 5920 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Д.Т******* нь “...2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхоны 22 дугаар байрны орцны урд хохирогч Д.П******* маргалдан зодож биед нь зүүн дээд 3, 4 дүгээр шүдний эмтрэл, зүүн завжинд няцарсан, шарх, эрүү, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хоёр шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуу, бугуйн үенд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.П******* нь гэмт хэргийн улмаас түүнд нийт 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгийн хохирол  учирсан талаар мэдүүлж оролцлоо.

 

Шүүх хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд хохирогч Д.П******* нь эмчилгээний зардалд нийт 262,490 /хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун ер/-н төгрөгийг зарцуулсан талаараа хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн /хх-ийн 33-34, , 40-41 тал/ байх ба уг  хохирол төлбөр төлөгдөөгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хохирогчид учирсан 14,000,000 төгрөгийн хохирол, хор уршиг, гэм хорын талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байгааг дурдаж байна.

 

Иймд шүүгдэгч Д.Т*******өөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 262,490 /хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун ер/-н төгрөг гаргуулж хохирогч Д.П*******ид олгох нь зүйтэй байна.

 

Харин хохирогчийн гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин орлого, сэтгэл санааны хохиролд нэхэмжилж буй хохирол төлбөр нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдохгүй байх тул түүнийг энэ гэмт хэргийн улмаас түүнд учирсан цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин орлого, сэтгэл санааны хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг хохирогчид төлсөн гэж мэдүүлэх хэдий ч энэ талаар нотлох баримтгүй, хохирогч нь шүүгдэгчээс хохирол төлбөр аваагүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж шүүх дүгнэв.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Т******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Д.Т*******өд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноож ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид 800,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах талаар саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ба уг саналыг шүүх хүлээж авах боломжгүй байна.

 

Учир нь шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин орлоготой өөрөөр хэлбэл торгуулийн ял биелэгдэх боломжтой талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг шүүх татгалзаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Т*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Д******* Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т*******ийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Т*******өд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Т*******өөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 262,490 /хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун ер/-н төгрөг гаргуулж хохирогч Б.П*******ид олгож, хохирогч Б.П******* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Д.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Д.Т*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ