| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 114/2025/0043/З |
| Дугаар | 221/МА2025/0752 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2025/0752
“Э” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Б.Э
Гомдлын шаардлага: “Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0038824 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч
Гомдол гаргагч: “Э” ХХК
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Э
Хэргийн индекс: 114/2025/0043/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Э” ХХК нь Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0038824 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр “.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.14 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Э” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0038824 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Баасан гарагийн ажлын цаг дуусах үед Д.Н өөрийн биеэр цохолт хийлгэсэн гомдлоо барьж орж ирсэн. 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Прокурорын нэгдсэн цахим бүртгэлд [email protected] цахим хаягаар бүртгүүлсэн. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл”, 1-д “Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”, 1.2-т “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн;” гэсэн заалтыг үндэслэл болгож ажилласан. 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 2.4-т “зөрчлийн хэрэг нээх”, 3-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ” гэж заасантай нийцсэн байна.
3.2. Шүүхийн шийдвэрийн 3.4-т зааснаар гомдол мэдээллийг хүлээн авсан даруй гэж хуульд заалт байхгүй болно. Прокурорын нэгдсэн санд бүртгүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гэж заажээ. Гомдол мэдээллийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлснээс хойш ажлын 5 хоног, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Нээснээс хойш 14 хоногт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгаж 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 0038824 дүгээр шийтгэлийн хуудсыг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурорын хяналтад явуулсан болно.
3.3. Эрх бүхий албан тушаалтан миний бие гомдол мэдээллийг Прокурорын хяналтад бүртгүүлж хэргийн газрын үзлэгийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 13 цаг 53 минутад хийх үед цонхны тавцан дээрх савтай луувангийн салатнаас 300 гр дээж авсан. Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/406 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын эрүүл ахуй халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Бэлтгэсэн хоол үйлдвэрлэлийг үйлчилгээнд гаргахын өмнө / ерөнхий/ ахлах тогооч тэдгээрийн амт, үнэр, өнгө, үзэмж, жор, найрлага, боловсруулалт зэрэгт чанарын шаардлага хийж, үйлчилгээнд гаргах зөвшөөрөл олгож, энэ тухай албан ёсоор тэмдэглэл хөтөлнө”, мөн дүрмийн 9.3-т “Бүтээгдэхүүний дээжийг журмын дагуу авч зориулалтын хөргөгчид 40с температурт 48 цаг хадгалах, хоолны дээжийн бүртгэлийг хөтөлж дээжийн савыг ариутгаж хэвшинэ” гэж заасан байдаг. 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн луувангийн салат байхгүй өөр салатыг цонхны тавцан дээр байршуулж тасалгааны хэмд хадгалж байсан. Бэлтгэсэн хоолыг тасалгааны хэмд 2 цаг байлгасан бол бол устгах заалттай.
3.4. Миний бие гуравдагч этгээдээс дээрх дүрмийн 9.2-т заасны дагуу “Та хоол, зууш бүрд амталгаа хийж үйлчилгээнд гарах зөвшөөрөл өгч албан ёсоор тэмдэглэл үйлддэг. Таны тухай өдрийн тэмдэглэл байна уу? Мөн та хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалт “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг үйлдвэрлэдэг, худалдаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээний ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулах гэж хуульчилсан байдаг” гэж асуухад тодорхой тайлбар өгч чадаагүй. Энэ тухай буюу гуравдагч этгээдээс авсан мэдүүлгийг анхан шатны шүүхийн шийдвэрт тусгаагүй байсан.
3.5. Тухайн өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн ахлах тогооч С.Х нь эрүүл мэндийн үзлэгт хэргийн газрын үзлэг хийсэн өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хамрагдсан байсан. Тогоочийн мэргэжлийн үнэмлэхгүй ажилчид тогооч нартаа өгсөн заавар “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын эрүүл ахуй халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм-ийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар бэлтгэсэн хоол үйлдвэрлэлийг үйлчилгээнд гаргахын өмнө ахлах тогооч тэдгээрийн амт, үнэр, өнгө үзэмж, жор найрлага, боловсруулалт зэрэгт чанарын шаардлага хийж үйлчилгээнд гаргах зөвшөөрөл олгож энэ тухай албан ёсоор тэмдэглэл хөтлөөгүй байсан
3.6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3-т “тухайн үйлдвэл эс үйлдэхүй Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж хуульчилсан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 4.3-т заасны дагуу хэргийн газрын үзлэг хийхэд бүлэгт заасны үндэслэн хэргийн газрын үзлэг хийх явцад зөрчлийн шинжтэй эс үйлдэхүй болох “Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тавигдах шаардлага MNS4946:2019 стандартын халуун, хүйтэн хоол, ундааны нэр төрөл бүрд тохирсон технологийн зааваргүй, жор, орцыг тусгасан картыг боловсруулан баталж мөрдөж ажиллаагүй, хоолны цэс дээр хоолны шим тэжээл, давс болон сахрын агууламжийг тодорхойлоогүй, хоолны шим тэжээлийг илчлэг давсны агууламжийг итгэмжлэгдсэн лаборатори шинжилгээнд хамруулаагүй, баталгаажуулах, дээжийн хөргөгч хоолны дээжийн бүртгэл хөтлөөгүй зэрэг зөрчлийг илрүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дахь хэсэгт зааснаар “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ холбогдох дүрэм, журам , стандарт мөрдөөгүй” зөрчилд шийтгэлийн арга хэмжээ авсан. Гомдол гаргагч Д.Н нь гомдолдоо хоолны орц, найрлага технологийн явцыг хянаж өгнө гэх гомдлыг тус байгууллагад ирүүлсэн байдаг. Гомдлын хүрээнд шийтгэлийн арга хэмжээ авсан.
3.7. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дахь талд “...Тус хуулийн 2.4-т заасан Зөрчлийн хэрэг нээх 3 дахь хэсэгт нь “ эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 2.4 т заасан шийдвэр гаргах “нэн” даруй Зөрчлийн хэрэг бүртгэлтийн системд бүртгэнэ” гэсэн боловч хуульд “нэн” гэсэн үг байхгүй.
3.8. Зөрчлийн 2518001926 дугаартай хэргийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 43 дугаар шүүхийн шийдвэрийн 7 дахь хуудасны 3.3 болон 4.5 дахь хэсэгт 25180001927 гэх утгын зөрүүтэй тайлбарлаж байгаа нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх заалт “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд “Э” ХХК-д оногдуулсан эрх бүхий албан тушаалтны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0038824 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1. Гомдол гаргагч “Э” ХХК-иас Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0038824 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд гомдлын шаардлагын үндэслэлээ “...улсын байцаагч зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа хэтрүүлсэн ... Эрх бүхий албан тушаалтан хэргийн газрын үзлэг хийж, луувангийн салатнаас дээж авсан байдаг. Тэр авсан дээжид шинжилгээ хийлгээгүй, шинжээч томилоогүй өнөөдрийг хүртэл хариуг нь өгөөгүй байдаг ба өөр үндэслэлээр хариуцлага тооцсон. Гашуурч муудсан гэдгийг мэргэжлийн хүний тусламжтайгаар тогтооно гэхээс биш хүн болгоны амтлах мэдрэмжүүд хоорондоо өөр байдаг” гэж,
2.3. Хариуцагчаас “...Зөрчлийн тухай хуульд заасны дагуу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл 1-д дараах тохиолдолд зөрчлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна, 1.2-д зөрчлийн талаар гомдол гаргасан эсхүл мэдээлсэн гэсэн заалтыг хангаж, үндэслэл болгож ажилласан ба прокурорын нэгдсэн санд бүртгүүлснээс хойш хоног тоолж эхэлнэ гэж заасан байдаг ... Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн С/34 дүгээр тушаалаар батлагдсан “Нийтээр үйлчлэх хоол, үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал” MNS 4946:2019 стандарт болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/406 дугаар тушаалаар батлагдсан “Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн хавсралт 1-ийн “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийг тус тус зөрчсөн” гэж тус тус тайлбарлан маргасан.
3. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
3.1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дараах үүргийг хүлээнэ”, 10.1.7-д “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулах үүрэгтэй”, 10 дугаар зүйлийн 10.3-т “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно” гээд 10.3.1-т “хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх;”, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.
3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гомдол гаргагч “Э” ХХК-ийн С кафе нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ холбогдох стандарт, дүрэм баримтлан ажиллаагүй болох нь гомдол гаргагчийн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “... тухайн үед шалгалтаар ирэхэд манай дээж хадгалдаг хөргүүр эвдэрсэн байсан ... тэрийг бол хүлээн зөвшөөрнө ... би гомдол гаргагчаас чи хордлого авсан юм уу гэж асуухад үгүй, гашуун байсан гэж хариулсан” гэсэн тайлбар болон зөрчлийн хэрэгт авагдсан хэргийн үзлэг хийх үеийн гэрэл зураг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогчоор өгсөн “...тухайн өдрийн хоолны дээж аваагүй байсан, хөргүүр эвдэрсэн байсан ... хоолны илчлэгээ тодорхойлдоггүй байсан, судалж хоолны цэсэд тусгана” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хариуцагчаас дээрх үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж заасантай нийцжээ.
3.3. Аливаа хүнсний бүтээгдэхүүний стандарт нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор батлагддаг тул хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй бол хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
3.4. Энэхүү хэргийн тухайд гомдол гаргагч “Э” ХХК нь хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулахдаа зуушинд гаргах салатыг зориулалтын дагуу хадгалаагүй, цонхны тавцан дээр ил орхиж хэрэглэгчдэд үйлчилсэн, бүтээгдэхүүн бүрт дээж авч, бүртгэл хөтлөөгүй, ажилтныг эрүүл мэндийн үзлэг хамруулаагүй болох нь үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон ба энэ нь Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн С/34 дүгээр тушаалаар батлагдсан “Нийтээр үйлчлэх хоол, үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал” MNS 4946:2019 стандартын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Халуун, хүйтэн хоол, ундааны нэр төрөл бүрд технологийн заавар, жор орцыг тусгасан картыг боловсруулан баталж, мөрдөж ажиллана”, 11.2-т “Хоолны цэсэд хоолны шим тэжээл, давсны болон сахарын агууламжийг тодорхойлж бичсэн байна”, 11.4-т “Шөлтэй хоолыг +75°С-аас доошгүй, хоёрдугаар хоолыг +65°С-аас доошгүй, хүйтэн хоол, зууш, салатыг +14°С температурт 2 цагаас дээшгүй хугацаагаар хадгалж, үйлчлүүлэгчид олгоно. Хоол олгох үеийн температурыг хэмжиж, бүртгэл хөтөлнө”, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/406 дугаар тушаалаар батлагдсан “Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн хавсралт 1-ийн “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн 9.2-т “Бэлтгэсэн хоолны бүх төрлийг үйлчилгээнд гаргахын өмнө ерөнхий (ахлах) тогооч тэдгээрийн амт, үнэр, өнгө, үзэмж, жор найрлага, боловсруулалт зэрэгт чанарын шалгалт хийж үйлчилгээнд гаргах зөвшөөрөл олгож энэ тухай албан ёсоор тэмдэглэл хөтөлнө”, 9.3-т “Бүтээгдэхүүний дээжийг журмын дагуу авч зориулалтын хөргөгчид 4С температурт 48 цаг хадгалах, хоолны дээж авалтын бүртгэлийг хөтөлж, дээжийн савыг ариутгаж хэвшинэ” гэснийг зөрчжээ.
3.5. Өөрөөр хэлбэл, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч “Э” ХХК нь нийтийн хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэхдээ дээр дурдсан холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Хүнсний чанар, стандартын хяналтын татварын улсын байцаагч 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0038824 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
3.6. Түүнчлэн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэн Д.Н-гаас Хүнс, хөдөө аж ахуйн газарт “С кафе” хоолны газрын салат гашуурсан байна, түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтын горим, технологи явцыг хянаж шалгах агуулгаар гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.У-д хуваарилсан[1] боловч Б.У ээлжийн амралтаа эдлэх болсонтой холбоотой ирсэн гомдол, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх, цаг үеийн нөхцөл байдлыг орлож ажиллах хүрээнд уг гомдлыг хариуцагч Б.Э-т хүлээлгэж өгчээ[2].
3.7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:” гээд 2.4-т “зөрчлийн хэрэг нээх”, 6.7 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж тус тус зааснаас үзэхэд 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэн Д.Н-гаас ирүүлсэн гомдлын дагуу зөрчлийг шалгаж 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зөрчлийг хэрэг нээхээр хуульчилсан байх боловч зөрчлийг хэргийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нээж энэ өдрөөс хуульд заасан хугацааг тооцон 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шийтгэлийн хуудас үйлдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно” гэж заасантай нийцнэ.
3.8. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн, энэ өдрөөс эхлэн хэрэг бүртгэлтийн 14 хоногийн хугацааг тоолоход 08 дугаар сарын 25-ны өдөр дуусах бөгөөд хуульд заасан хугацаанд шийтгэлийн хуудас үйлдсэн Хүнсний чанар, стандартын хяналтын татварын улсын байцаагчийг хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.
3.9. Хууль тогтоогчоос зөрчлийн хэргийн шинж, нийгмийн хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэлтийн хугацааг зааж, уг хугацаа хэтэрсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан. Иймд Зөрчлийн тухай хуульд заасан шударга ёсны зарчмын хэрэгжилт нь энэхүү хуульд заасан хугацаагаар хязгаарлагдах учиртай, өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан хуулийн хугацаанд зөрчлийг шалган тогтоож, зохих хариуцлагыг оногдуулснаар шударга ёсны зарчмыг хэрэгжүүлнэ гэж тайлбарлаж болохоор байна.
3.10. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно” гэж хоёрдмол утгагүй заасан, хариуцагч 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Э” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, хэргийн дугаарыг тавьсан байх тул ... уг хэргийг Прокурорын газар хүлээн авч хянан, зөрчлийн хэргийн 2518001926 дугаарыг олгож 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн энэ өдрөөс эхлэн зөрчлийн хэргийн хугацааг тоолно ... гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлтэй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7, 10.3.1, Зөрлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Э” ХХК-иас гаргасан Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0038824 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ