Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
Хэргийн индекс | 137/2020/0005/И |
Дугаар | 119 |
Огноо | 2020-04-09 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 119
ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны тамхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр багт оршин суух, Г овогт С.Э,
Хариуцагч: ... настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр багт оршин суух, Б овогт Ц.Н-д холбогдох зээлийн төлбөр 2,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Ц.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь хувиараа том тэрэгний тээврийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд 2019 оны 07 сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум руу тээвэрт явж байхад нь Ц.Н нь наймаа хийх гэсэн юм мөнгө хэрэгтэй байна 3,000,000 төгрөг зээлүүлээч гэхээр нь тээврийн хөлснөөсөө эхний ээлжинд 2,000,000 төгрөг зээлүүлье гэж хэлээд ачааны эзэн ахыгаа гуйж данснаас нь Ц.Н-н Х банкны ... тоот дансруу нь 2,000,000 төгрөг шилжүүлсэн байна.
Дараа нь дахин Ц.Н нь 2019 оны 10 сарын 01-ний өдөр 500,000 төгрөг хэрэгтэй байна зээлээч гэхээр нь хэрэгтэй үедээ буцааж авна шүү гэж хэлээд дахин 500,000 төгрөг зээлүүлсэн байна.
Ц.Н-д зээлүүлсэн мөнгөө буцаан авахаар утсаар ярьсан боловч өгөхгүй байгаа гэв.
Хариуцагч Ц.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 01 сараас эхлэн Б.Э-тай уулзаж, дотносож 2019 оны 05 сараас үерхэж хамтран амьдрах болсон. Бид урьд нь бие биенээ таниж мэддэг найзууд байсан. 2019 оны 06 сараас дотно харилцаатай болж 2 биенийхээ гэрийнхэнтэй танилцсан. Энэ хугацаанд Б.Э миний охин Х-г өөрийн үр хүүхэд шигээ хайрлаж өгсөж чадна гэж итгэл төрүүлсээр ирсэн. 2019 оны 10 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.Э намайг маш ихээр хардаж, элдэв үгээр хэлж сэтгэл санааны тайван бус байдалд оруулж дарамталдаг байсан. 2019 оны 07 сард жирэмсэн болсоноо мэдэж Б.Э-т хэлсэн. Эмнэлэгт үзүүлсэн боловч эхний үзлэгээр ургийн зүрхний цохилт маш муу, доошоо цусархаг зүйлс гарсан. 7 хоног ургийн зүрхний цохилт, өсөлтийг дэмжих эм ууж хэвтрийн дэглэм сахисан. Дахин үзүүлсэн боловч ураг амьгүй болж үр хөндүүлэх болсон. Жирэмсэн байх хугацаанд хардах, байнгын утсаар загнаж алхам бүрийг минь асууж шалгааж их бухимдуулсаар ирсэн. Намайг жирэмсэн байх хугацаанд Б.Э өөрийн ах, эгч хоёрын гэрт очиж хоол хийгээд, гэрийг нь цэвэрлэж өг гэж дарамт үзүүлж байсан. Мөн хамтран амьдрах хугацаандаа Б.Э урьдны амьдрал зохиож байсан хүүхнүүдээ удаа дараа ярьж хэрэлдэх шалтгаан гаргадаг байсан. Энэ их дарамт ааш авир доромжлолыг би удаа дараа сануулж уучилсаар ирсэн. Энэ бүх хугацаанд Э миний охинд болон надад өөрийнхөө хүсэлтээр мөнгө өгөх, хоол, чихэр жимс, амттан авч өгдөг байсан. Муудах тоолондоо чамд өгч байсан мөнгөө авна, эд зүйлсээ эргүүлэн авна гэж ярьж дарамт шахалт үзүүлсээр ирсэн. Би энэ хүнтэй нийлхээсээ өмнө гэрээрээ дотуур хувцас жижиглэнгээр зардаг байсан. Б.Э нь 2019 оны 07 сараас гэртээ суух хэцүү байна уу? Хуучин ажлаа дахин хий, эсвэл караоке түрээслэх үү? Битгий зүгээр суу гэх болсон. Энэ бүгдийг хийх хөрөнгийг, хайрыгаа, ханийгаа 100% дэмжих болно хүссэнээ хий гэдэг байсан.
Тэгэхээр нь би Э-т хуучин ажлаа хийе гэж 2,000,000 төгрөг авсан. Энэ мөнгийг шилжүүлсэн өдрөөсөө эхлэн байнга нэхэж 2,000,000 төгрөгөөр байрны урьдчилгаа хийнэ, машин авна гэж нэхэж миний уур бухимдлыг хүргэсээр салах дээрээ тулсан. Гэтэл Б.Э нь наад мөнгөөрөө өөрийнхөө хүссэнээ хий, эсвэл дуртай зүйлээ ав гэж хэлсэн. Мөн 500,000 төгрөгийг 2019 оны 09 сард миний дансруу Дорнод аймагт байх хугацаандаа өөрийн хүсэлтээр охин та хоёртоо сүүлийн хэдэн сар муудаж байгаад амттай хоол, чихэр авч өгч чадсангүй, намайг очтол хэрэглэж байгаарай гэж хэлж шилжүүлсэн боловч мөн адил намайг хардаж, хэрүүл эхэлснээр мөнгөө авъя, 500,000 төгрөгөөрөө би түлшээ авна гэж маргаашаас нь нэхсээр ирсэн. Эцсийн дүнд ар гэр, аав ээж, ах эгчийнхээ сэтгэлийг чилээхгүй гэж сонгон ханилж буй хүнийхээ нэр хүндийг сэвтээхгүй дээ гэж дахин дахин доромжлуулж, цаашдаа энэ бүгд хэвийн үзэгдэл мэт болох, үл хүндэтгэсэн харилцаанаас удаан тэвчиж уучилсаар тархи, бие маань их өвддөг болсон. Б.Э-тай хамт байх хугацаанд мөнгө нэхэж авах, картнаас нь мөнгө битгий хэл чихэр ч уншуулж авч үзээгүй. Уулзаж дотноссон бүх л өдөртөө энэ хүн мөнгө санхүү, амттан, хоол чихэр өгнө гэж хэлэх тоолонд би болон миний охин татгалзсаар ирсэн. Салсан байх хугацаандаа шөнө оройн цагаар залгаж элдэв муухай үгээр доромжилчихоод тасалдаг нь удаа дараа давтагдсаар ирсэн. Энэ мөнгийг надад зээлэх биш сайн дураараа өгсөн тул би өөрийгөө Б.Э-с 2,500,000 төгрөгийг зээлж авсан гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нь хариуцагч Ц.Н-с зээлийн төлбөр 2,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.Учир нь:
Хариуцагч Ц.Н нь нэхэмжлэгч Б.Э-с 2019 оны 07 сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 01-ний өдөр 500,000 нийт 2,500,000 төгрөгийг зээлэн авч өдийг хүртэл төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох нэхэмжлэгч Б.Э-н Х банкны дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Г.Э”... тоот данс манай нягтлан Э.Н гэх хүний данс байгаа юм. Манай компани Эрээн хотоос тоосго авч, уг тоосгыг Б.Э авто машинаараа тээвэрлэж ирсэн. Тээврийн хөлс болох 2,000,000 төгрөгийг нягтлангийн Э.Н-н ... тоот данснаас Ц.Н-н ... тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед Б.Э нь тээврийн хөлсийг Ц.Н-н ... тоот данс руу шилжүүлчих гэж уг дансыг өгсөн гэх мэдүүлэг зэргээр батлагдан тогтоогдож байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-н нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Н-д холбогдох зээлийн 2,500,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.Ц