Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/649

 

   2023            08            08                                          2023/ШЦТ/649

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Д.Аззаяа /Баянзүрх дүүргийн Прокурорын Газрын хяналтын прокурор/

Шүүгдэгч: Р.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Янзага овогт Р******* Б******* холбогдох 2306006052140 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаа, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Хүннү-******* хотхон, ******* тоотод оршин суудаг, урьд шийтгэлгүй,

Янзага овогт Р******* Б******* /РД:1/   

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Р.Б******* нь “...Б дүүргийн цагдаагийн газрын Х хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох ******* дугаартай хэрэгт Б.Б******* мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрч Б.Н*******, Р.Г******* нарыг оролцуулсан мэтээр тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар     

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Р.Б******* нь “...Б дүүргийн цагдаагийн газрын Х хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох ******* дугаартай хэрэгт Б.Б******* мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрч Б.Н*******, Р.Г******* нарыг оролцуулсан мэтээр тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б*******ийн “...Гэм буруу дээрээ маргахгүй..” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2306006052140 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Д гэрчээр өгсөн “... Зам шалгалтын ажиллагааг Б дүүргийн Цагдаагийн газрын Х хэлтсийн мөрдөгч Б******* явуулсан ба миний бие ам шалгалтын ажиллагаанд явсан. Гэхдээ ямар нэг байдлаар Болорыг хэрэг даа гэж хэлээгүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Э гэрчээр өгсөн "... Би Болор гэх хүнтэй 2012 онд 439 дүгээр ангид ял эдэлж байхдаа танилцаж байсан ба танилын холбоотой гэж хэлж болно. Даваадорж мөрдөгч надаар ямар нэг хулгайн хэрэгт үйлдэл заалгаж тэрийгээ Б.Болор үйлдсэн мэт болгож хуурамч баримт бүрдүүлсэн асуудал огт байхгүй. Ярьсан зүйл нь худлаа гэж хэлмээр байна. Даваадорж нь 10 сая төгрөгөөр хэргийг хаалгах талаар яриагүй, Болор, Зээдагва бид 3 10 сая төгрөгийг өгөөд хэргээ хаалгая гэж тохироогүй, би 3 сая төгрөгийг Б өгөөгүй, Болор яах гэж ингэж худлаа хэлээд байгааг мэдэхгүй байна. Надад хүнд өгөх 3 сая төгрөг битгий хэл 30,000 төгрөг ч байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б******* гэрчээр өгсөн "...Б дүүргийн Цагдаагийн х хэлтэс дээр очсон. Ингээд мөрдөгч Б******* дагуулаад зам шалгалтаар дахиж явахаар болсон. Энхтуул хамт яваагүй. Би ингэж зам шалгалтаар явж байхдаа Э ярьж өгсөн нэг үйлдлийг мөн зааж өгсөн. Хотын төвөөр үйлдлээ зааж өгөөд Сонсголонд сейф хаясан газрыг зааж өгөхөөр болсон. Сейф хаясан газрыг гэхдээ хэлж мэдэхгүй байсан тул Даваадоржид хэлсэн. Ингээд Сонсголон явж байхдаа Даваадорж нь түгжрэл ихтэй байна буцаж ирж чадахгүй өчигдрийн сейф заасан бичлэг байгаа чам руу явуулчихъя гэж Б******* мөрдөгчид хэлсэн. Энэ зам шалгалтаар Б*******, Даваадорж, жолооч, танихгүй нэг эрүүгийн төлөөлөгч бид нар хамт явсан. Өөр хүн бол яваагүй. Зам шалгалтаар явж ирээд надаас Б******* мөрдөгч мэдүүлэг авсан, шөнө 3 цаг хүртэл авсан. Ингээд өглөө үүрээр 5 цаг 30 минутад 461 дүгээр хорих ангид намайг хүлээлгэж өгсөн. Би хулгайн 6 үйлдэл хүлээж мэдүүлэг өгсөн. Бүх үйлдлийг ганцаараа үйлдсэн гэж мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-67 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.Г*******ын гэрчээр өгсөн “...Би тэр өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ямар нэгэн мэдүүлэг шалгах тийм ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцож байгаагүй юм байна. Мөрдөгч Б******* гэдэг нь манай найз, мөн Б.Н******* нь ч гэсэн манай найз байна. Би ер нь ямар нэгэн цагдаагийн газарт нэг ч удаа очиж үзээгүй юм байна. Анх удаагаа цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгч байна. Тухайн хуудсанд зурсан гарын үсгүүд бүгд миний гарын үсэг биш байна. Би хөндлөнгийн гэрчээр оролцоогүй учраас ямар гарын үсэг зурах билээ мэдэхгүй байна. Бид хоёрыг таньдаг болохоор нь манай найз Б******* бид хоёрын өмнөөс гарын үсэг зурсан болов уу...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Н*******ийн гэрчээр өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг их тод санаж байна. Яагаад гэхээр тэр өдөр эмч нарын баярын өдөр тохиож байсан. Тэр өдөр найзуудын хамтаар Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд жүжиг үзээд орой гэртээ харьсан. Би ямар нэгэн цагдаагийн газар нэг ч удаа очиж үзээгүй болохоор таны асуусан асуултыг их гайхаж байна. Мэдүүлэг шалгах ажиллагаа гэж мэдэхгүй, дээрх цагдаагийн албан хаагчдаас Р.Б*******оос бусдыг нь танихгүй юм байна. Хэрэгт зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.О гэрчээр өгсөн “...3-4 газарт очиж мэдүүлэг газар дээр нь шалгасан санагдаж байна. Нэгдүгээр хорооллын арын гэр хороололд гэрээрээ мөнгөн аяга хийдэг айлд, Төмөр замд арктай 9 давхар шар байранд, UB place-н зүүн талд байх хуучны саарал орон сууцанд, Хорооллын эцэст гэмтлийн эмнэлгийн хойд талд гэр хороололд очиж мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа явуулж байсан санагдаж байна. Тэр зүгт явж мэдүүлэг газар дээр нь шалгаагүй. Бид нартай хамт мэдүүлэг шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-76/ тал,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3112 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн 2022.03.30 гэсэн огноотой хуудасны баруун дээд хэсэгт 64-70 хүртэл дугаарласан дугаарлалтай “мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл” гэсэн баримтын Б.Н*******, Р.Г******* гэсний урд болон 7 хуудасны баруун, зүүн доод хэсэгт тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.Н*******ийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын, Р.Г*******ын гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 35-38 тал/,

 

Р.Б*******ийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/520 тоот тушаалаар Б дүүрэг дэх Цагдаагийн газрын Х хэлтэс, Мөрдөн байцаах тасагт мөрдөгчөөр томилсон шийдвэр /2-р хх-ийн 53-54 тал/,

 

Р.Б*******ийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/2158 тоот тушаалаар ажлаас халсан тухай шийдвэр /2-р хх-ийн 31 тал/,

 

Хяналтын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зөвшөөрлөөр ******* дугаартай хэргээс бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 22 тал/,

 

220501047177 дугаартай хэрэгт мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 23-29 тал/,

 

Б.Б холбогдуулж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолууд, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолууд /1-р хх-ийн 106-143 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 101-102 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 104 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 105 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-д нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар болох нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгахыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж үйлдсэн байхыг шаардана.

 

Шүүгдэгч Р.Б******* нь Б дүүргийн Цагдаагийн газрын Х хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох ******* дугаартай хэрэгт Б.Б******* мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрч Б.Н*******, Р.Г******* нарыг оролцуулсан мэтээр тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн болох нь хэргийн гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3112 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Р.Б*******ийн “...Б дүүргийн цагдаагийн газрын Х хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох ******* дугаартай хэрэгт Б.Б******* мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрч Б.Н*******, Р.Г******* нарыг оролцуулсан мэтээр тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн...” гэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч Р.Б*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Р.Б******* нь нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Б*******ид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Р.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /2-р хх-ийн 116 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 5,400 /таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Р.Б*******ид танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Р.Б*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Р.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 5,400 /таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Р.Б*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Янзага овогт Р******* Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б*******ийг 5,400 /таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Р.Б******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд сайн дураар төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Р.Б*******ид мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Р.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ