| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 116/2025/0007/З |
| Дугаар | 221/МА2025/0697 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0697
ДГ ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэгч: ДГ ХХК
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0024 дугаар,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Б.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 116/2025/0007/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0024 дугаар шийдвэрээр:
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3, 3.1.7, 21 дүгээр зүйлийн 21.3, 21.3.2, 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч ДГ ХХК-ийн, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/317 дугаар албан тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, компанийн эзэмшлийн 3,5 га газарт гэрчилгээ олгож өгөхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга:
2.1. Нэг. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй тухайд
Талуудын хооронд үүсэж буй маргааны зүйл нь Дорнод аймаг, Х сумын Засаг даргын захирамжаар олгогдсон 7.5 га газрын 3.5 га газарт гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн хууль бус татгалзал байх бөгөөд хууль бус татгалзлыг нотлох баримт нь 7.5 га газрыг 40 жилийн хугацаагаар олгосон Х сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар захирамж байх бөгөөд энэхүү захирамжийг хүчингүй болгосон, зарим хэсгийг хүчингүй болгосон эсхүл өөрчилсөн ямар нэгэн шийдвэр байхгүй байгаа болно. Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 07-р сарын 05-ны өдрийн захирамж бол зовхон 4.0 га газарт олгосон байсан гэрчилгээг шинээр олгосон эрх зүйн үр дагавар бүхий захирамж юм.
Шүүх 1997 оны 7.5 га газар олгосон Х сумын Засаг даргын захирамжийн эрх зүйн үйлчлэлд огт дүгнэлт өгөөгүй байх бөгөөд тус захирамжийн дагуу эзэмшиж буй 4.0 га газрын эзэмших эрхийн асуудалд хариуцагч мөн маргадаггүй. Гэтэл 3.5 га газарт гэрчилгээ олгохгүй байгаа үйлдлийг зөвтгөх нэг ч нотлох баримт хавтаст хэрэгт хавсаргагдаагүй байхад шүүх уг асуудалд огт дүгнэлт хийгээгүй бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж буй захирамжийг нотлох баримтаар огт үнэлээгүй байгаа болно.
Мөн маргаан бүхий газрын байршилд 1959-1969 оны хооронд барьж ашиглалтанд орсон томоохон 7 үндсэн хөрөнгө байрладаг бөгөөд 3 агуулах, 1500 тонн багтаамжтай тэжээлийн үйлдвэр, үтрэмийн талбай, 1000 тонн багтаамжтай агуулах зэрэг үл хөдлөх хөрөнгө байрладаг болохыг шүүхийн үзлэг хийх ажиллагаагаар тогтоогдсон байх бөгөөд эдгээр үл хөдлөх хөрөнгө нь 7.5 га газар олгох захирамж гарах үеийн байршлаараа ямар ч хөдөлгөөнгүй байршиж байгаа болно. Иймд бодит эзэмшилд ямар нэгэн нөлөөлөл байгаагүй, эзэмшлийн талаар төрийн байгууллагаас нэг ч маргаан гарч байгаагүй учраас өнөөдрийг хүртэл 7.5 га газраа бодитоор 28 жилийн турш эзэмшиж, ашиглаж ирсэн болно.
Хоёр. Шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан тухайд
Анхан шатны шүүх Үндэслэх хэсгийн 13 дахь хэсэгт “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7-т заасны дагуу Газар эзэмших эрхийн гэрчилгээг Монгол Улсын Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд энэ нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ олгогдсон газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд эзэмших боломжтой болохыг хуульчилсан байна." 14 дэх хэсэгт "Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т зааснаар: Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 21.3.2-т аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ."... гэж зохицуулснаар нэхэмжлэгчийн маргаж буй 3.5 га газрыг эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Дорнод аймгийн Засаг дарга байх бөгөөд, тус газрыг этэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын шийдвэр гараагүй тул 2025 оны 02-р сарын 07- ны өдрийн 5/317 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн нь хуульд нийцсэн байна. гэж дүгнэсэн болно.
Талуудын маргааны зүйл болсон 3.5 га газар эзэмшүүлэх тухай шийдвэр нь 1997 оны 11-р сарын 28-ны өдрийн 280 дугаар захирамжаар гарсан байх бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1994 оны Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д "Байгууллагад эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг үйл ажиллагаагаа явуулах шаардлагыг нь харгалзан сум, дүүргийн Засаг дарга тогтооно." 30 дугаар зүйлийн 30.1-т "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргад гаргана." 31 дүгээр зүйлийн 31.1-т "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2,3,4,5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэж тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргана." 31.2-т "Шийдвэрт газар эзэмших этгээдийн нэр, хаяг, уг газрын хэмжээ, байршил дангаар буюу дундаа эзэмших талаар нэг бүрчлэн заана. Хэрэв газар эзэмшүүлэхээс татгалзсан бол үүний шалтгаан, үндэслэлийг тодорхой заана." 32 дугаар зүйлийн 32.1-т "Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ." гэж тус тус заасны дагуу хуульд заасан журмын дагуу, эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргаж, өнөөдрийг хүртэл тус шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж ирсэн байдаг. Гэтэл 2002 оны Газрын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор газар эзэмшүүлэх шийдвэрийг Аймгийн засаг дарга гаргадаг болсон гэх үндэслэлээр 3.5 га газарт Аймгийн Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй байна гэж дүгнэж шинэ хуульд заасан журмын дагуу маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэрийг дахин шинээр гаргуулж, тус шийдвэрт үндэслэн гэрчилгээ гаргахыг даалгах нь хуульд нийтцог гэж дүгнэж байгаа нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл, тус газар эзэмших эрхийг олгосон сумын Засаг даргын хуульд нийцсэн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр үйлчилж байхад Шинэ хуульд нийцүүлэн аймгийн Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй гэж дүгнэж байгаа нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хуулийг буцааж хэрэглэх асуудалд дүгнэлт хийгээгүй байна. Энэхүү 1997 онд 7.5 га газрыг эзэмшүүлэх, гэрчилгээ олгохтой холбоотой асуудлыг тухайн захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар зохицуулагдахыг шүүх анхаараагүй болно. Өмнөх хуулиар хүчин төгөлдөр үйлчилж байсан хуульд нийцсэн захиргааны акт одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байхад Газар эзэмшигчийн эрхийг илтэд дордуулан хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хэрэглэн, үндэслэлээ тайлбарлаж шийдвэр гаргаж байгаа нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна гэж дүгнэж байна.
Мөн Сумын Засаг даргын захирамжийг Аймгийн Засаг даргын захирамж болгон өөрчлөөгүй байгаа нь Нэхэмжлэгчийг 3.5 га газрыг эзэмших эрхгүй гэж дүгнэх боломжгүй бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар тухайн газрыг олгох шийдвэр гаргах эрх бүхий субьект өөрчлөгдсөн нь Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдах, хязгаарлах, өөрчлөх, дуусгавар болгох, гэрчилгээ гаргаж өгөхгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй болохыг шүүх дүгнэлт хийгээгүй болно.
Иймд 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 116/ШШШ2025/0024 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг бүрэн тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ДГ ХХК-аас “... Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/317 дугаар албан тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, компанийн эзэмшлийн 3.5 га газарт гэрчилгээ олгож өгөхийг хариуцагчид даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан.
3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тэр дундаа нэхэмжлэгчээс маргаан бүхий 3.5 га газарт гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримтуудыг бүрдүүлж, тэдгээрт тулгуурлан захиргааны шийдвэр үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй эсэхэд тайлбар хийж, шийдвэрийн үндэслэл болж буй хууль зүйн хэм хэмжээг уг хэргийн үйл баримттай дүйцүүлэн тайлбарлах замаар маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ. Тодруулбал,
3.1. Нэхэмжлэгчээс “... 1997 оны Х сумын Засаг даргын захирамжаар 7.5 га газар эзэмшүүлсэн, түүнээс 4 га газарт гэрээ байгуулан гэрчилгээ олгогдсон, үлдэх 3.5 га газартаа гэрчилгээ гаргуулах эрхтэй тул аймгийн Засаг даргын татгалзал хууль бус, 1959 оноос хойш эзэмшилдээ байлгаж буй хашаалсан газарт үйлдвэрийн 7 үл хөдлөх хөрөнгүүд байрлаж, их хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийсэн, Сумын Засаг даргын захирамж хүчин төгөлдөр ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.
3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Дорнод аймгийн Х сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар захирамжаар[1] ДГ ХХК-д 7.5 га газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлж, тус захирамжийг үндэслэн 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Х сумын Чойбалсан хотын Засаг даргын тамгын газрын захирагчийн ажлын албатай нэхэмжлэгч ДГ ХХК-ийн байгуулсан гэрээгээр[2] 4 га газрыг эзэмшүүлж, 2004 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0042*** дугаар гэрчилгээгээр[3] нэхэмжлэгчид үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 40288 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.
3.3. Нэхэмжлэгч ДГ ХХК-аас 2006 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт “... 4.000 м.кв газарт үйл ажиллагаа эрхэлдэг, газар эзэмшигчийн гэрчилгээг шинэчлэн сольж өгнө үү” гэсэн хүсэлт[4] гаргасны дагуу аймгийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 231 дүгээр захирамжийн[5] 5 дахь заалтаар “... 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар захирамжаар ДГ ХХК-д эзэмшүүлсэн 00425**** дугаартай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, Х сумын 1 дүгээр багийн нутагт одоо байгаа 4 га газрыг контор, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 00029**** дугаар гэрчилгээ олгосон байна.
3.4. Мөн Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/762 дугаар захирамжаар[6] нэхэмжлэгч ДГ ХХК-ийн эзэмшлийн 4 га газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж, аймгийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 231 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна.
3.5. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ДГ ХХК-аас 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 252 дугаар албан бичгээр[7] “ … 5.8 га газар эзэмших эрхтэй тул газрын асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг Дорнод аймгийн Засаг даргад хандан гаргасан байна.
3.6. Мөн хэрэгт авагдсан аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12/05 дугаар тогтоолоор[8] сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж … давуу эрхээр эзэмшүүлэх газрын байршил хэмжээг тавдугаар хавсралтаар баталсанд нэхэмжлэгчийн маргаж буй тус газрын байршлын кадастрын дугаараараа тусгагдсан болох нь тогтоогдож байна.
3.7. Улмаар нэхэмжлэгч ДГ ХХК-аас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар албан бичгээр[9] “... газрын асуудлыг шийдвэрлэж, үл хөдлөх хөрөнгүүдэд гэрчилгээ олгуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасан байх бөгөөд Дорнод аймгийн Засаг даргын маргаан бүхий 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/317 дугаар албан бичгээр[10] “... одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд дээрх газрыг тус аж ахуйн нэгжид шууд эзэмшүүлэх боломжгүй байгаа тул тухайн газрыг эзэмших хүсэлтийг Х сумын Засаг даргад гаргаж, сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан Газрын тухай хууль тогтоомж, журмын дагуу газар эзэмших асуудлыг шийдвэрлүүлэхийг зөвлөж байна” гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь мөн тогтоогдож байна.
3.8. Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс өмнө нь Дорнод аймгийн Х сумын Засаг даргын 280 дугаар захирамжаар 7.5 га газрыг эзэмшүүлсний дагуу үлдэх 3.5 га газраа эзэмших эрхтэй гэж тайлбарлан маргасан байх боловч 2006 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчид гаргасан хүсэлтдээ 4 га газрын гэрчилгээ гаргаж өгнө үү гэж, мөн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 252 дугаар албан бичгээр “5.8 га газар эзэмших эрхтэй” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасан байгаа нь ойлгомжгүй, шүүх нэхэмжлэгчийн сүүлд 2020 онд 5.8 га газар эзэмшихээр хүсэлт гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн эсэх, улмаар маргаан бүхий 3.5 га газар нь нэхэмжлэгчийн эзэмших хүсэлттэй гэх газарт хамрагдсан эсэх, сүүлд маргаан бүхий байршилд нэхэмжлэгчид нэмж газар эзэмшүүлсэн эсэхийг нэг мөр бүрэн дүүрэн тодруулаагүй атлаа хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
3.9. Дорнод аймгийн Х сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар захирамжаар[11] ДГ ХХК-д 7.5 га газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлж, тус захирамжийг үндэслэн 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Х сумын Чойбалсан хотын Засаг даргын тамгын газрын захирагчийн ажлын албатай нэхэмжлэгч ДГ ХХК-ийн байгуулсан гэрээгээр[12] 4 га газрыг эзэмшүүлж, 2004 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0042502 дугаар гэрчилгээгээр[13] нэхэмжлэгчид үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 40288 м.кв газрыг эзэмшүүлсэн, 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн газар эзэмших гэрээнд нэхэмжлэгчийг 4 га газрын төлбөрт улирал тутам 362.592 төгрөг, жилд 1.450.368 төгрөгийг төлөхөөр заасан байх бөгөөд хэрэгт авагдсан Дорнод аймгийн Татварын газрын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 201 дүгээр албан бичгийн хавсралтаар[14] нэхэмжлэгч ДГ ХХК нь 2002 оноос 2015 он хүртэл жилд 1.440.000 төгрөг, 2016 оноос 2020 он хүртэл 4.320.000 төгрөг, 2021 онд 3.240.000 төгрөг, 2022 онд 3.386.860 төгрөг, 2023 оноос 2025 он хүртэл 2.386.860 төгрөг тус тус төлсөн гэж тодорхойлсон байна.
3.10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “... гэрээ гэрчилгээ үлдсэн 3.5 га газарт гараагүй тул гарсан, 4 га газрын хэмжээгээр газрын төлбөр төлж явсан ... нэхэмжлэгчийн одоо бодитоор эзэмшиж буй нь 7.5 га талбай” гэж тайлбарласан байна.
Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгч ДГ ХХК-ийн бодитоор эзэмшиж байсан газрын төлбөрийн хэмжээгээ бүрэн төлж байгаагүй газрын хэмжээг тодорхойлох, мөн газрын төлбөрийн тооцооллыг холбогдох захиргааны байгууллагаас гаргуулан авах шаардлагатай гэж шүүх үзлээ.
3.11. Нэхэмжлэгч ДГ ХХК-аас 2006 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт “... 4.000 м.кв газарт үйл ажиллагаа эрхэлдэг, газар эзэмшигчийн гэрчилгээг шинэчлэн сольж өгнө үү” гэсэн хүсэлт[15] гаргасны дагуу аймгийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 231 дүгээр захирамжийн[16] 5 дахь заалтаар “... 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар захирамжаар ДГ ХХК-д эзэмшүүлсэн 00425**** дугаартай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, Х сумын 1 дүгээр багийн нутагт одоо байгаа 4 га газрыг контор, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 00029**** дугаар гэрчилгээ олгосон байна.
3.12. Мөн аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/762 дугаар захирамжаар[17] нэхэмжлэгчийн 4 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж, аймгийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 231 дүгээр захирамжийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байна. Үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.
3.13. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид анх 7.5 га газар эзэмшүүлсэн Х сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар захирамж хүчин төгөлдөр гэж үзэх эсэх, нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлсэн тус шийдвэрийг Х сумын Засаг дарга газар эзэмшүүлсэн тус шийдвэрийг Х сумын Засаг дарга өөрөө хүчингүй болгосон эсэх нь тодорхойгүй, энэ талаар үйл баримтыг шүүх тодруулж, дүгнэлт өгөх шаардлагатай.
3.14. Мөн хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбарт “... нэхэмжлэгчээс үлдсэн газраа нэмж эзэмшүүлэх асуудлаа ... нэмж эзэмшүүлэх асуудал нь сумын Засаг даргад хандан шийдвэрлүүлэх боломжтой” гэж тайлбарласан байна.
3.15. Шүүх хариуцагчаас ямар шалтгаанаар ийнхүү нэхэмжлэгчийг үлдсэн газар эзэмшихтэй холбоотой асуудлаар Х сумын Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэж тайлбарласныг тодруулаагүй, нэхэмжлэгчээс өмнө Х сумын Засаг даргад хандаж үлдэх 3.5 га газрыг эзмших талаар хүсэлт гаргаж байсан эсэх, эсхүл өөр байршилд өөр газар эзэмших хүсэлт гаргаж байсан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг бүрэн тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
3.16. Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... 1959 оноос хойш эзэмшилдээ байлгаж буй хашаалсан газарт 7 үл хөдлөх хөрөнгүүд байрлаж, их хэмжээний бүтээн байгуулалт хийсэн, өөрийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа 3.5 га газраа нэмж эзэмшихээр хүсэлт гаргасан ...” гэж тайлбарлан маргасан байх боловч хэрэгт авагдсан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн зураг болон газрын кадастрын зургаас нэхэмжлэгчийн нэмж эзэмших хүсэлтээ гэх 3.5 га газарт тус компанийн үл хөдлөх хөрөнгүүд байрлаж байгаа эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй, шүүх уг газартай үл хөдлөх эд хөрөнгүүд ямар хэмжээгээр давхцаж байгаа эсэхийг нэг мөр эцэслэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Ийнхүү анхан шатны шүүх дээр дурдсан хэргийн үйл баримтыг тодруулаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй, маргааны үйл баримт тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх эцэслэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] хэргийн 1 дэх хавтас, 85-86 дахь тал
[2] хэргийн 1 дэх хавтас, 83 дахь тал
[3] хэргийн 1 дэх хавтас, 82 дахь тал
[4] хэргийн 1 дэх хавтас, 104 дэх тал
[5] хэргийн 1 дэх хавтас, 106 дахь тал
[6] хэргийн 1 дэх хавтас, 79-81 дэх тал
[7] хэргийн 1 дэх хавтас, 96 дахь тал
[8] Хэргийн 1 дэх хавтас, 157-158 дахь тал
[9] хэргийн 1 дэх хавтас, 42 дахь тал
[10] хэргийн 1 дэх хавтас, 149 дэх тал
[11] хэргийн 1 дэх хавтас, 85-86 дахь тал
[12] хэргийн 1 дэх хавтас, 83 дахь тал
[13] хэргийн 1 дэх хавтас, 82 дахь тал
[14] Хэргийн 1 дэх хавтас 18-19 дэх тал
[15] хэргийн 1 дэх хавтас, 104 дэх тал
[16] хэргийн 1 дэх хавтас, 106 дахь тал
[17] хэргийн 1 дэх хавтас, 79-81 дэх тал