Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 1120

 

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/01120

 

 

В.Г-, “А” ХХК нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00451 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: В.Г-,

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “АИ” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 134 104 550 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 74 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Нарантуяа

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: П.Урангэрэл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.Пүрэвдаваа

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Батболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч В.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд В.Г- нь Ё.Пүрэвдаваагаас гаргасан саналын үндсэн дээр барилгын бизнест хамтран ажиллахаар тохиролцсон. В.Г- нь 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд “АИ” ХХК-д хөрөнгө оруулалт болон зээлийн зориулалтаар нийт 151 644 000 төгрөг зээлсэн. Уг мөнгийг буцааж өгөөгүй. Үүнээс нотлогдож буй хэмжээ болох 134 104 550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч АХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд “Арвис-интернэшнл” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ё.Пүрэвдаваа нь ЭМЯ-наас зарлагдсан ХУД-н нутаг дэвсгэрт баригдах Геронтологийн төв, ахмадын 60 ортой эмнэлгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт манай компанийг хамтран оролцвол ашигтай гэж надад итгүүлсэн. 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр түншлэлийн гэрээ байгуулж, компанид нь хэрэгцээтэй байсан бүхий л мөнгө, бараа, материалыг өрөөсөө болон компаниасаа өгч байсан.

“Арвис-интернэшнл” ХХК нь Геронтологийн болон Петровисийн барилга дээр хэрэглэхээр манай компаниас мод, модон материал, труба, тулаас зэргийг авсан боловч буцааж өгөөгүй.

 Хамгаалалтын шат 50 000 000 төгрөг, шатны өргүүрийн мод 3 500 000 төгрөг, палк 638 ширхэг 14 036 000 төгрөг, прусс мод 6990 ширхэг 24 465 000 төгрөг, нийт 92 001 000 төгрөг болсон байдаг ч бид энэхүү үнийн дүнг нотлогдох хэмжээгээр нь тооцож үзээд 74 500 000 төгрөгийн эд зүйлээр үндэслэлгүй хөрөнгөжсөн “АИ” ХХК-иас уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани иргэн В.Г-т ямар ч өглөг байхгүй ба иргэн В.Г- нь удаа дараа хууль, хяналтын байгууллагад хандан шалгуулж байсан ба тус бүр хэрэг хэрэгсэхгүй болж байсан. Ё.Пүрэвдаваагийн 140 000 000 төгрөгийн асуудалд Улсын Дээд шүүхийн шийдвэр гарч шийдэгдсэн тул манай компанид хамааралгүй юм. Иймд манай компани иргэн В.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөөрхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бетон зуурмагийн үйлдвэр нь В.Г-ийн өөрийнх нь “А” ХХК-ийн өмчлөлд байгаа. 2011 оны 7 дугаар сард “АИ” ХХК нь В.Г-, Ё.Пүрэвдаваа гэсэн хоёр гишүүнтэй компани байсан бөгөөд тухайн үед геронтологийн төвийн барилга, бетон зуурмагийн үйлдвэр зэрэгт хамтран ажиллаж байсан. Тухайн үед бид хоёр хамтран ажиллахаар тохирсон байсан. Тэгээд В.Г- 55 хувь, Ё.Пүрэвдаваа 35 хувь, н.Энхбаяр 10 хувийг эзэмшихээр А2 гээд бетон зуурмагийн үйлдвэр байгуулахаар хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгч талын зээлсэн гээд нэхэмжилж байгаа мөнгөний зарим хэсэг нь бетон зуурмагийн үйлдвэрт зарцуулагдсан. В.Г-оос геронтологийн төвийн барилгад 65 000 000 төгрөг гаргуулснаас 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 5 484 300 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг нягтлан бодогч Э.Оюунбат тооцоолон гаргасан. 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр В.Г- бид хоёр хамт сууж байгаад дээрх баримтыг үндэслэж миний бие В.Г-т 5 484 300 төгрөгийг бэлнээр өгсөн.

Миний бие үлдэгдэл 5 484 300 төгрөгийг төлөөд “АИ” ХХК-ийг 2012 оны 05 дугаар сард 100 хувь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан.

Мөн “А” ХХК-ийн “АИ” ХХК-иас нэхэмжилж буй барилгын материалын үнэ 74 500 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2011 оны 12 дугаар сард “А” ХХК-ийн Замын-Үүдийн барилгын ажил дууссан тул уг барилгад хэрэглэж байсан мод, турба, тулаас зэргийг тавих газар байхгүй байсан учраас 3 байгууллагын хашаанд хувааж буулгасан. Ингэхдээ нэг хэсгийг манай бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанд, нөгөө хэсгийг нь “Коко десерт” ХХК, Нисэхэд байрлах хашаанд тус тус буулгасан.

Тухайн үед В.Г- нь манайд компанид хувьцаа эзэмшиж байсан бөгөөд В.Г-оос тухайн эд зүйлийг манайд албан ёсоор хүлээлгэж өгөөд мөнгийг нь авна гэдэг зүйл ярьж байгаагүй. Эдгээр материалуудыг түүний дүү н.Энэрэл хариуцаж байгаад буцаагаад ачаад явуулсан. Тухайн барилгын материалаас би барилгын материалдаа ашигласан зүйл байхгүй. Иймд 74 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “АИ” ХХК-иас 131 104 550 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч В.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “АИ” ХХК-иас 74 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588 950 төгрөг, нэхэмжлэгч В.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 916 170 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч буюу нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

“А” ХХК, “АИ” ХХК нарын хооронд түншлэлийн гэрээ байгуулагдсан байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Харин В.Г-оос “АИ” ХХК-тай хамтран ажиллахаар амаар тохирсон тохиролцоо байхгүй, бичгээр гэрээ байгуулаагүй. Гэтэл шүүхээс В.Г- “АИ” ХХК нарын хооронд үүссэн гэрээний харилцааг болсон бодит нөхцөл байдал үндэслэн тодорхойлоогүйд гомдолтой байна.

“Арвис интернэшл” болон В.Г- нарын хооронд цаг хугацааны хувьд хэзээнээс хойш, ямар харилцаа үүссэн, хэний хооронд мөнгө зээлж, зээлдүүлсэн асуудал үүссэн эсэхийг нарийвчлан авч үзэлгүйгээр хариуцагчийн тайлбарт үндэслэн, түүнд ашигтай байдлаар хэргийн нөхцөл байдлыг тайлбарлан шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжилсэн 121 904 550 төгрөгийг “АИ” ХХК нь Геронтологийн барилгын хөрөнгө оруулалт орж ирэнгүүт өгнө гээд мөнгө зээлэх хүн хайгаад олдохгүй явж байхад В.Г- нь тус компанийн гишүүн, мөн “А” ХХК-тэй түншлэлийн гэрээний дагуу оролцож байсан тул итгэж өөрийн зүгээс хувиасаа зээлсэн байдаг. Талуудын хоорондын тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрэний үүрэг үүссэнийг хангалттай нотолж байна. Мон “АИ” ХХК-ийн орлогын ордеруудаар утга дээр нь зээл, хөрөнгө оруулалт гэж мөнгөн шилжүүлгийн утгыг тодорхой заасан.

В.Г- “АИ” ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй байхад хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээ нь дуусгавар болоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд хамтран ажиллах гэрээний гол нөхцөл болох хамтарч хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох зорилго бүхий үйл ажиллагааг хамтран явуулах тохиролцоо анхнаасаа байхгүй, өнөөдрийг хүртэл В.Г-ийн зүгээс эсхүл “АИ” ХХК-ийн зүгээс олсон ашигаа хуваарилсан тохиолдол байхгүй. Хамтран ажиллах гол нөхцлийг харилцан тохиролцоогүй байхад хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж гэрээний харилцаа дуусгавар болоогүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй.

Түүнчлэн шүүх “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй “АИ” ХХК-д холбогдох 74 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг буруу тайлбарлаж, маргааны гол үйл баримт болох 74 500 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг хүлээн авсан хариуцагчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй, үүнд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай, хэрэгт ач холбогдол бүхий баримтууд байхад шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч В.Г- болон “А” ХХК нь хариуцагч “АИ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 151 644 000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 74 500 000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч В.Г-, хариуцагч “АИ” ХХК-ийн хооронд 2011 оны 06 сард хамтран ажиллах гэрээг амаар, нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч “АИ” ХХК-ийн хооронд 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр түншлэлийн нэртэй гэрээг бичгээр тус тус байгуулагдаж, бетон зуурмагийн үйлдвэрийг байгуулж ашиглалтад оруулан ажиллуулах, Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлэгийн барилга угсралтын тендерт хамтран оролцох тендерт шалгарсан тохиолдолд барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэхээр тус тус тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон боловч талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

            “АИ” ХХК-ийн хувьцааны 45 хувийг Ё.Пүрэвдаваа, 45 хувийг В.Г-, 10 хувийг Ж.Гэрэлхуяг нар тус тус эзэмшдэг байсан, “АИ” ХХК нь бетон зуурмагийн үйлдвэрийг байгуулсан болох нь талуудын тайлбар, 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн хурлын протокол, “АИ” ХХК-ийн 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна. 

 

            “АИ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ё.Пүрэвдаваа, В.Г-, Ж.Гэрэлхуяг нар нь 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, “АИ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Ё.Пүрэвдаваад эзэмшүүлэхээр, В.Г- нь бетон зуурмагийн үйлдвэрийг авч, Ж.Гэрэлхуягийн хөрөнгө оруулалт болон ашгийг бетон зуурмагийн үйл ажиллагааны орлогоор төлөхөөр хуваарилан шийдвэрлэж, уг шийдвэр биелсэн талаар талууд маргаагүй. /1хх 213-215 дэх тал/

 

            Ийнхүү талууд хамтын ажиллагааг дуусгавар болгон хөрөнгийг хуваарилсан агуулгатай шийдвэр гаргасан, одоо хамтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа гэж анхан шатны шүүх үзэж, улмаар хамтын үйл ажиллагаанаас үүссэн зардлын талаарх нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгожээ.

 

            Талууд 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар В.Г-оос “АИ” ХХК-ийн явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой Геронтологийн төв барих тендерийн баталгаа, газар, зөвшөөрөл, тендертэй холбоотойгоор өгсөн зээлийн асуудлыг хөрөнгө хуваарилах үедээ шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

 

            Өөрөөр хэлбэл, В.Г- нь иргэнийхээ хувьд “АИ” ХХК-д Геронтологийн төвийн тендерийн үйл ажиллагаанд зээлийн зориулалтаар 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 60 000 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1 531 000 төгрөг тус тус шилжүүлсэн нь хариуцагч компанийн “орлогын ордер тасалбар” гэх баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч В.Г- нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар уг мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

 

Харин 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр В.Г- нь бетон зуурмагийн үйлдвэрийг өөрийн өмчлөлд авсан учраас бетон зуурмагийн үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалт гэх агуулгаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хамтын ажиллагааны гэрээний нөгөө талаас буцаан шаардах эрхгүй.

 

Иймд нэхэмжлэгч В.Г-оос хариуцагч “АИ” ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдож буй 63 531 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 88 113 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин анхан шатны шүүх хариуцагч “АИ” ХХК нь нэхэмжлэгч “А” ХХК-ийн 74 500 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал авч ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “А” ХХК-ийн 74 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн зохих зохицуулалт зөв баримтлаагүйг зөвтгөв.  

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч В.Г-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00451 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “АИ” ХХК-иас 63 531 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.Г-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 88 113 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “492.1” гэснийг “492.1.1” гэж,

3 дахь заалтын “56.1 дэх хэсэгт” гэснийг “56.2 дахь хэсэгт”, “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч “АИ” ХХК-иас 475 605 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Г-т олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 343 923 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА