Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 123/2016/0015/з |
Дугаар | 221/МА2016/0676 |
Огноо | 2016-10-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2016/0676
Иргэн Ц.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ц.*******ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Т.*******ийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 19-08-026-33 дугаар актыг хүчингүй болгож,
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасныг баримтлан хариуцагч Төв аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албанаас 1.294.700 /нэг сая хоёр зуун ерэн дөрвөн мянга долоон зуу/-н төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******ийн *******ид олгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын газраас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын газрын дарга Б.******* давж заалдах гомдолдоо: “1. Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Ц.******* нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Т.*******ийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай” 19-08-026-33 дугаар актыг Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10-д “Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу хүлээн зөвшөөрч, танилцаж гарын үсэг зурж баталгаажуулан актын төлбөрийг 2014 оны 03 дугаар сарын 03, 13-ны өдрүүдэд аймгийн төсвийн орлогын 140000982 дугаар дансанд төвлөрүүлсэн байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шалгуулсан байгууллага аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалтаа хийсэн байгууллагын эрх баригчид гаргана”, 14.2-д “Гомдлыг хүлээж авсан хяналт шалгалтын байгууллагын эрх баригч түүнийг хүлээж авснаас хойш “30 хоногийн дотор хянан шийдвэрлэх арга хэмжээ авна. Хэрэв гомдол гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдлоо гаргаж болно” гэж заасанчлан тухайн үед буюу 2014 оны 02 дугаар сарын 26-наас хойшх хугацаанд буюу 2014 оны 03 дугаар сарын 28-ны дотор гомдол санал гаргаагүй байна.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хуулийн этээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны эрх ашиг зөрчсөн гэж үзвэл холбогдох холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” /2014.02.26+30 хоног=2014.03.28 гэж заасны дагуу 2014 оны 03 дугаар сарын 28-ны дотор гомдлоо гаргах эрх нээлттэй байсан. Түүнчлэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байна/
Хэрэв актыг хууль бус гэж үзсэнээ мэдсэнээс хойш хугацаанд гэж үзэж байгаа бол Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт гарсан 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2015 оны 08 дугаар сарын 28-ны дотор гомдол гаргах байсан. Гэтэл энэ хугацаа хэтэрсэн, 2015 оны 12 дугаар сарын 07-нд Прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гарснаас хойшх хугацаагаар тооцож байгаа бол энэ хугацаа мөн хэтэрсэн. 2016 оны 01 дүгээр сарын 07-ны дотор гомдол гаргах байсан, гэтэл хугацаанд мөн гомдлоо гаргаагүй байна. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.1.8-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байсаар байтал үүнийг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн улмаар хэргийг шийдвэрлэсэн байна.
3. Актын төлбөр болох 1.294.700 төгрөг нь аймгийн төсвийн орлогын 140000982 дугаар дансанд төвлөрсөн ба энэхүү төлбөрийг хөрөнгө төвлөрсөн аймгийн төсвийн орлогын данснаас бус Санхүүгийн хяналт, шалгалт хийх чиг үүрэг бүхий байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зориулалт бүхий байгууллагын данснаас авахаар шийдвэрлэсэн нь Төсвийн тухай хуулийн 41.2.2, 41.2.4 дэх заалтуудыг зөрчсөн байна.
Иймд бид Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 12.1, 12.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.1-д зааснаар захиргааны хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 19-08-026-33 дугаар актаар Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицэд ажилласан нэмэгдэл цалинг илүү бодож олгосон үндэслэлээр 1.294.700 төгрөгийн нэмэгдэл цалинг төлүүлэхээр тогтоосныг нэхэмжлэгч Ц.******* эс зөвшөөрч, уг актыг хүчингүй болгож, 1.294.700 төгрөгийг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4 /батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох/-д заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 16 дугаар тогтоолд нийцүүлэн Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 61 дүгээр тушаалаараа “Ус цаг уур, орчны шинжилгээний албадын дарга нарын цалинг тогтоохдоо тэдгээрийн албан тушаалын зэрэглэлийг ТҮ-11-ээр тогтоосноос гадна Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедици бүхий аймгуудын Ус цаг уур, орчны шинжилгээний албадын дарга нарт экспедицийн даргын ажлыг хавсарсны нэмэгдлийг сарын цалингийн 40 хувиар тогтоосны дагуу Төв аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Ц.******* уг тушаалд заагдсан зориулалтаар зохих нэмэгдлийн хамт цалин авч байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Үүнээс гадна Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 99 дүгээр тушаалаар тус газрын харьяа байгууллагуудын дарга, захирал нарын албан тушаалын хэмжээг шинэчлэн батлахдаа ТҮ-11 зэрэглэлээр мөн тогтоосон байжээ.
Гэтэл хариуцагч албан тушаалтан буюу Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч “газрын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтод заасан ТҮ-9 зэрэглэлийн цалингаас тооцох ёстой” гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, улмаар нэхэмжлэгчид төлбөр ногдуулсан нь буруу байна.
Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгожээ.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор орон нутагт төсвийн эрхийг шилжүүлж байгаатай холбогдуулан улс, орон нутгийн төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хариуцлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлснээр маргаан бүхий захиргааны акт гаргасан хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжин ажилласантай холбогдуулан Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албыг хамтран хариуцагчаар татсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 26 дугаар зүйлийн 26.1-д нийцжээ.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актаар тогтоосон төлбөрийг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт төлсөн, маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь дээрх байдлаар тогтоогдсон тохиолдолд дээрх хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 /хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах/-д заасны дагуу Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ талаар “хуулийг буруу хэрэглэсэн“ гэх хариуцагч Төв аймгийн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын давж заалдах гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь хуулийн хүчин төгөлдөр байх тул энэ талаар гаргасан хариуцагч Төв аймгийн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв боловч хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй байгааг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР