Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 274

 

“Э к в” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “Э к в” ХХК-ийн захирал Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, гуравдагч этгээд Ж.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0335 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Э к в” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын алба-/хуучин нэрээр Нийслэлийн өмчийн харилцааны газар/-д холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0180 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э к в” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/890 дугаартай “Газар эрхийг баталгаажуулах тухай” захирамжийн Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, кадастрын зурагт өөрчлөлт оруулсан кадастрын зургийг хүчингүй болгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газар /хуучин нэрээр/-т даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0335 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0180 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э к в” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/890 дүгээр захирамжийн Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э к в” ХХК-ийн Нийслэлийн өмчийн харилцааны газар /хуучин нэрээр/-т холбогдуулан гаргасан “Кадастрын зурагт өөрчлөлт оруулсан кадастрын зургийг хүчингүй болгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Э к в” ХХК-ийн захирал Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн өмнөх .... дугаар 1200 мкв газартай гуравдагч этгээдийн 400 мкв газар давхцалтай болох нь харагдах боловч...” гэж зөв дүгнэсэн атлаа “2014 онд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ бусдын газартай давхцуулаагүй байна” гэж дүгнэсэн нь хэмжилт хийсэн дүгнэлтээс үндэслэлгүйгээр зөрсөн болно.

2. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 275 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр 1200 мкв газрыг автомашин угаалгын төвийн зориулалтаар эзэмшүүлж газар эзэмших эрхийн гэрээ байгуулж улмаар гэрчилгээ олгогдсон. Энэхүү гэрчилгээ, гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд өөрчлөлт ороогүй газрын төлбөрийн зөрчилгүй болно. Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээний газрын хэмжээ өөрчлөгдөөгүй ч газар эзэмших талбай эргэлтийн цэг болон кадастр өөрчлөгдсөн түүнийг газар эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр хийсэн байгаа үйлдлийг зөв гэж дүгнэсэн нь кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эзэмшигч ашиглагч төрийн болон бусад байгууллага аж ахуйн нэгж иргэн нь кадастрын зураг хийлгэх захиалгаа геодези зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд захиалгадаа дор дурдсан баримт бичгийг хавсаргана” гэснийг зөрчсөн байхад шүүх хуулийн энэхүү заалтыг хэрэглээгүй ба нэхэмжлэгч нь нэгж талбарын ........  дугаартай кадастр хийлгэх хүсэлт гаргаагүй болно.

Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэснийг шүүх зөрчиж шийдвэр гаргасан ба нэхэмжлэгчийн сүүлд мэдсэн кадастр үндэслэлтэй гэж үзвэл тус нэгж талбарт газрын гэрээ хийгдэж эрхийн гэрчилгээ олгогдох байсан.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч компанийг өөрийн өмчлөлийн 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгаа эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авах үед буюу 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр эзэмшил газрын кадастрын зураглал 4 эргэлтийн цэг бүхий ..........  дугаартай болсныг мэдэж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, өөрчлөлт оруулж шийдэж байгаа нь тухайн хэрэгт авагдсан 4 эргэлтийн цэг бүхий кадастрыг чухам хэний хүсэлтээр хэзээ хэн хийсэн нь хувийн хэрэгт байхгүй байсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Учир нь тус нотлох баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй бөгөөд хуулбарласан бичмэл нотлох баримтыг шүүх хуулийн шаардлага хангасан нотлох баримтад тооцож үнэлж байгаад гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүйд болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Э к в” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/890 дугаар захирамжийн Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулсан кадастрын зургийг хүчингүй болгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газар /хуучин нэрээр/-т даалгах  нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь анх Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 134 дүгээр захирамжаар 1200 мкв газар эзэмших эрхтэй болсон байх бөгөөд өөрийн эзэмшил газартаа барилга барихдаа барилгын хэмжээг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, Архитехтур төлөвлөлтийн даалгавар, сансрын зургаар тус тус тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн гаргасан энэхүү зөрчилтэй холбогдуулан Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.10, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг өөрчлөхгүйгээр, газрын байршлыг өөрчилж, газрын кадастрын зургийн солбицол, эргэлтийн цэгт өөрчлөлт оруулж, 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдөр нэгж талбарын ...........  дугаартай кадастрын зургийг үйлдсэн байна.

Дээрх байдлаар газрын байршил өөрчлөгдсөн болохыг нэхэмжлэгч хуулийн этгээд 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахдаа мэдсэн буюу мэдэх бүрэн боломжтой байх тул нэхэмжлэл гаргах “хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгчээс “миний түрүүлж эзэмшсэн газрыг бусдад эзэмшүүлсэн” гэж маргаж байгаа боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэн дээрх эзэмших бөгөөд нэхэмжлэгчийн хувьд уг маргаан бүхий газрыг эзэмших талаар тухайн үед буюу газрын байршил өөрчлөгдөх үед захиргааны байгууллагад холбогдох журмын дагуу газар эзэмших хүсэлт гаргаагүй тул дээрх үндэслэл няцаагдаж байна.

Гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах үед маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газарт ороогүй, нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээ “1200 мкв” гэсэн захирамжаар олгогдсон хэмжээндээ байсан тул газар давхардсан гэж үзэхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй юм.

Иймээс магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0335 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ