Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 185

 

А.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдорж, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 236 дугаар магадлалтай, А.А-ад холбогдох 1706037450032 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт А-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял, 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,200,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай”  гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хохирогч Т.Мөнх-Очир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “А.А гэх эмэгтэй миний өвдөг рүү өшиглөж гэмтээсэн” гэж мэдүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлгийн явцад “хэн өшиглөснийг нь мэдэхгүй, ... А.А-ыг өшиглөсөн байх гэж бодсон. Хэлтэс рүү очиж гомдол саналынхаа учрыг ол, машинд суу гэж шаардлага тавихад А.А эсэргүүцэлгүй биелүүлсэн” гэх зэргээр өмнө нь өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлж, мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заадаггүй байна. Мөн шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь үнэн зөв болохыг гэрч О.С, М.Р нарын мэдүүлгээс харж болно. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ “хохирогч Т.М, гэрч М.Р нарын өгсөн мэдүүлгийг гэрч О.С, шүүгдэгч А.А нарын өгсөн мэдүүлгээс илүү ач холбогдолтой, үнэмшилтэй байна” гэж, давж заалдах шатны шүүх магадлалдаа “хавтаст хэрэгт бүрдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан” хэмээн тус тус дүгнэж, гэм буруугүй шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-д заасан хэрэглэх ёсгүй зүйлийг хэрэглэсэн үндэслэл болж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч энэ хэргийг зохих ёсоор шалгуулах, зарим гэрчүүдээс мэдүүлэг авах хүсэлтийг гаргасан боловч прокурор хүлээж аваагүйгээс гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг дэмжиж, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхгүй, ердийн журмаар хэлэлцүүлэх тухай хүсэлт гаргасан боловч шүүхээс уг хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн. Энэ тухай давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Гэрчүүдийг байцаагаагүй нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлж байна” хэмээн тайлбарласан атлаа уг тайлбарыг харгалзаж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Бидний хүссэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж гэрчүүдээс мэдүүлэг авч, хэрэгт нотлох баримтаар оруулсан бол шүүхийн шийдвэрүүд өөр өөр гарч, шүүгдэгчийг гэм буруугүй болохыг тогтоох боломжтой байсан гэж үзэж байна. Иймээс шүүгдэгч А.А-г гэм буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд зөрүүтэй байхад хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэм буруугүйг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч А.А анхнаасаа гэм буруугийн талаар маргаж байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг баримтлан хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчийн эрхийг хязгаарласан байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, А.А-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдоржийн гаргасан гомдлыг үндэслэн А.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх А.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө прокурорт гаргах бөгөөд ингэхдээ яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хоригложээ.

Ийнхүү прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргах ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулж, улмаар прокурор материалтай танилцаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болон Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх зэргийг хянаж үзсэний үндсэн дээр хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг баримтлан шийдвэрлэх зохицуулалттай байтал дээрх ажиллагаа хийгээгүйгээс гадна шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх энэхүү тусгай журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдоржийн гаргасан гомдлыг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч А.А-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 236 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, А.А-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН