Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2020/01010

 

 

 

 

 

  2020            03            27                                                 184/ШШ2020/01010   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б /рд:111/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Э /рд: 222/-д

Хариуцагч: Т.Г /рд: 333 / нарт холбогдох

9,623,392 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баатарсүрэн, хариуцагч С.Э, хариуцагч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Б нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр С.Э, Т.Г нартай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийг сарын 4,0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулж зээлдүүлсэн. С.Э, Т.Г нар нь гэрээгээр тохиролцсон хугацаандаа зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. С.Э, Т.Г нараас зээлээ төлөхийг шаардаж удаа дараа утсаар ярьж, мөн биечлэн уулзахыг шаардсан боловч ирээгүй худлаа ярьж зугтсаар байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагч С.Э, Т.Г нартай байгуулсан зээлийн гэрээний 1.2-т заасны дагуу хүү 1,503,760 төгрөг, зээлийн үлдэгдэл 7,818,880 төгрөг, алданги 300,752 төгрөг, нийт 9,623,392 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Э шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Д.Бтэй 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж,  өөрийн эзэмшлийн газрыг барьцаалж, 2,500,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай сарын 4,5 хувийн хүүтэй зээлж авсан. Уг гэрээгээ эргэлт сайн байсан тул хугацаанаас нь өмнө хүүтэй 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болгон бүрэн төлж барагдуулсан. Дараа нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр амины сууц болон газраа барьцаалан нийт 8,000,000 төгрөгийг 24 сар буюу 2 жилийн хугацаатай сарын 4 хувийн хүүгээр тооцон нөхөр Т.Гын хамт авсан. Эргэн төлөлтийг эхний 2 сарын алдагдалгүй төлсөн боловч 6 сараас хувиар алдагдаж эхэлсэн. Учир нь нөхөр Ганбаатарын бие муудаж, хөдөлмөрийн чадвараа алдан эмнэлгийн хяналтад орсон. Уг байдлыг Д.Бд утсаар хэлж алданги болон хүүг нь 6 сараас эхлэн 10 сар хүртэл төлж байсан болно. Гэвч Д.Б нь давуу байдлаа ашиглаж гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад сард 2-3 сая төгрөг нэхэмжилж байна. 9,623,392 төгрөгөөс 1,800,000 төгрөгийг хасч өгнө үү гэв.

Хариуцагч Т.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний Т.Г би эхнэр С.Эийн хамт иргэн Д.Бгээс 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 2 жилийн хугацаатай 4  хувийн хүүтэй, хашаа болон амины орон сууц барьцаалан 8,000,000 төгрөг зээлсэн. Уг мөнгийг эхний 1 сараар нь алдахгүй төлж явсан боловч тус оны 6 сараас эхлэн эргэн төлөлт нь зогсонги байдалд орсон. Гэвч бид зогсолгүй хүү, алданги өгч байсан. Миний бие өвдөж эмчийн хяналтад орсон. Үүнийг ойлголгүй Д.Б нь эхнэрээс 1 сарын дотор 3,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь зохимжгүй юм. Д.Б нь өргөдөл гаргахдаа нэр хүндэд халдаж худал ярьсан, биечлэн уулзаагүй зугтсан мэтээр ойлгуулсан тул нэрээ цэвэрлэж хуулийн дагуу шалгуулахыг хүсэж байна. Д.Бгийн нэхэмжилсэн 9,623,392 төгрөгөөс бидний төлсөн хүү, алданги 1,800,000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч С.Э, Т.Г нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр 7,738,800 төгрөг, хүү 1,563,760 төгрөг, алданги 300,752 төгрөг, нийт 9,553,312 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч шүүхэд 9,623,392 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шаардлагын хэмжээг 80,080 төгрөгөөр бууруулжээ.  Хариуцагч нар 1,800,000 төгрөг төлснийг зээлийн үндсэн төлбөрөөс хасаж тооцуулана хэмээн маргажээ.

Талуудын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч нарт 8,000,000 төгрөгийн сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-4-7/

Хэрэгт талууд тус өдөр байгуулсан зээлийн барьцааны гэрээ авагдсан байх ба гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт 7 гудамж, 388 а тоот хаягт байх 18625313963312 нэгж талбарын дугаартай 350 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201042096 дугаартай 54 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалжээ. Нэхэмжлэгч зээлийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй болохыг дурдав. /хх-5-8/ 

Зохигчид зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нар нийт 1,800,000 төгрөгийг буцаан төлсөн, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш буцаан төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагч нарт утсаар удаа дараа мэдэгдэж байсан гэх үйл баримтад маргаагүй.

 Талуудын тохиролцооноос үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. Гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч нар 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдон, зохигчид маргаагүй тул хариуцагч нарыг гэрээний үүргийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг сануулсаар байхад ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол нэмэлт хугацаа тогтоож өгөх шаардлагагүй гэж үзэн, гэрээнээс татгалзсан нь гэрээнээс татгалзах журмын талаарх зохицуулалт болох Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасантай нийцсэн, хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохиролд гарсан зардал, алдагдлаа шаардах эрхтэй.   

Хариуцагч нар зээлийг хуваарийн дагуу биш боловч нийт 1,800,000 төгрөгийг төлснийг нэхэмжлэгч нь хүүд суутган авсан хэмээн тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дараалал зөрчсөн гэж үзлээ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-216.3-т үүрэг гүйцэтгэгч хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч нь аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй байхаар, хэрэв сонгоогүй бол үүргийн хугацаа, шинж чанарыг харгалзан алийг тэргүүн ээлжинд гүйцэтгэх талаар зохицуулжээ. Дээрх нөхцөл мөн хангагдаагүй тохиолдолд хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэхээр заажээ.

Хариуцагч нар 1,800,000 төгрөг төлөхдөө нэхэмжлэгчийн суутган авсан дарааллаар сонголт хийгээгүй байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллаар суутгах нь зүйтэй. Тодруулбал, зээлийн үндсэн төлбөр 8,000,000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 1,800,000 төгрөгийг хасан 6,200,000 төгрөгийг хариуцагч нарын төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр гэж үзлээ.

Хариуцагч нарын төлбөл зохих зээлийн үндсэн төлбөрөөс сарын 4 хувийн хүүг нэхэмжлэл гаргах хүртэл 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 8 сар 22 хоногийн хугацаагаар тооцоход 2,413,852 төгрөг /6,200,000*,04%*8 сар 22 хоног/ байна.   

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэрээний үүрэг ноцтой зөрчсөн үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн харилцааг дуусгавар болгосон тул гэрээний үүрэг болох анзыг шаардах эрхгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн тодорхойлж, уг анзыг зөвхөн гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй байхаар заажээ. Талуудын байгуулсан гэрээнд алдангийн талаар тусгаагүй, харин банк, эрх бүхий хуулийн этгээдэд хамаарах нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С.Э, Т.Г нараас зээлийн үндсэн төлбөр 6,200,000 төгрөг, хүү 2,413,852 төгрөг, нийт 8,613,852 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгон, үлдэх 910,461 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч С.Э, Т.Г нараас 8,613,852 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгон, үлдэх 910,461 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 168,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 152,771 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.НЯМСҮРЭН