Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/641

 

 

    2023         8             02                                      2023/ШЦТ/

                     

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг шүүгчийн туслах Д.Мөнхжин хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч Б.Ч

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-нд Баянхонгор аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймаг, Баацагаан сум, ** дугаар багт хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, **** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* дугаарын регистртэй П овогт Б-ийн Ч

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Ч нь дуудлагаар тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2023 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Баянгол дүүргийн *** дүгээр хороо, “***” хорооллын *** байрны гадна дуудлагаар жолоодсон тээврийн хэрэгслээс буухдаа тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, хохирогч Б.А-ын өмчлөлийн “айфоне 13 про макс” загварын, 2.900.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад маргах зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учрыг ойлгож байна. Хохирогчийн гар утсыг нь буцааж өгсөн гэв.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ийн А “... 2023 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн “Ай лопт” гэх баарнаас гурван найзын хамтаар гараад баарны гаднаас дуудлагын жолоочтой тохиролцоод Баянгол дүүрэг “Богд ар” хороололд хүргүүлэх үедээ гар утсаа олдоггүй хайгаад замдаа явж байхдаа эгч Ариунжаргалын гар утсаар залгасан чинь урд талын жолоочийн суудлын хажууд гэрэл нь асаж харагдсан. Бид хэд согтууруулах ундаа уусан байсан болохоор за байж л байг гэж бодоод “Богд ар” хороолол хүргүүлээд жолоочдоо А эгчийн *** дугаартай ХААН банкны данснаас **** дугаарын Худалдаа Хөгжлийн банкны данс руу 20.000 төгрөг шилжүүлж дуудлагын жолоочийн мөнгийг өгсөн. Жолооч яваад өгсөн бид хэсэг хугацааны дараа гар утсаа санаад машиндаа хайхад байгаагүй. Тэгээд цагдаа дуудаж мэдээлэл өгсөн.

Дуудлагын жолоочийг авсан гэж бодож байна. Яагаад гэвэл миний утас дуудлагын жолоочтой явж байхад жолоочийн хажууд байсан” /хх-ийн 29-30/ гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Б-ийн Ч “... би 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 04 цагийн үед Сүхбаатарын талбайн зүүн талд байдаг “Ай лопт” гэх баарны гадаа зогсож байсан чинь дуудлагын жолооч авна гээд 1 залуу, 3 эмэгтэй байсан. Би тэдгээр хүмүүст үйлчилж дуудлагын жолоочоор явахаар болоод машинд сууж байтал 1 эмэгтэй нь утас алга байна гээд утас руугаа залгасан чинь миний суусан жолооч талын хаалганы хажуугаар уначихсан утасны гэрэл нь асаад дуу нь дуугарахгүй байхаар нь аваад өмдний халаасандаа хийчихсэн. Тэгээд машиныг нь жолоодоод Андуудын эсрэг талын байранд тэр хүмүүсийг хүргэж өгөөд утсыг нь өгөлгүй аваад явчихсан юм” /хх-н 52-53/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт “Ашид билгүүн” ХХК-иас гаргасан 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-н 43-45/, Худалдаа Хөгжлийн банк дахь **** дугаартай “Б овогтой Ч”-ын дансны хуулга /хх-н 10/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч П овогт Б-ийн Чыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Чын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 55/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 54/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 56/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

шүүгдэгч Б.Ч “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасан байна. /хх-н 69/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Б.Чт оногдуулах ялын төрөлд /нийтэд тустай ажил хийлгэх ял, ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.А “... миний бие гар утсаа буцааж олж авсан тул гомдол санал байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 68/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Чыг бусдад төлөх төлбөргүй.

Шүүгдэгч Б.Ч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. П овогт Б-ийн Чыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Ч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Чт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ