Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/665

 

    2023            8         17                                      2023/ШЦТ/665                         

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтлөн

улсын яллагч Д.Эрдэнэбаяр

шүүгдэгч Ж.О

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********* дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Төв аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Мах импекс” ХХК-д ажилладаг, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-9 дүгээр гудамж ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ам бүл 5; эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, ** дугаар бичил хороолол, 26 дугаар байр, ** тоотод түр оршин суух,

ял шийтгэл: Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1262 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих     ялаар шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

******* регистрийн дугаартай, Б овогт Ж-ын О

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ж.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 08:09 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын хоршоо”-ны автобусны буудал дээр нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд сууж байсан насанд хүрээгүй хохирогч А.Н-ийн гадуур хувцасны халааснаас I phone SE загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 530.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ж.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн талаар дахин яримааргүй байна. Хохиролд гэж 530.000 төгрөгийг эхнэрийнхээ эгчээс зээлж авч өгсөн. Харин хохирогчийн гар утсыг Хархорин зах дээр байдаг ченжид 30.000 төгрөгөөр зарчихсан. Эргээд хайсан боловч тэр хүнээ олоогүй. Би согтуу явж байсан болохоор архины мөнгө олох гэж гар утсыг нь авсан. Ял оногдуулахдаа миний амьдрал ахуйг харгалзан үзнэ үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

насанд хүрээгүй хохирогч А.Н  “... 2023 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 07 цаг 40-55 минутын үед хичээлдээ явахаар Баянгол дүүрэг 11 хороо хоршооны автобусны буудал дээрээс Цагаан даваа-Вокзал гэсэн автобусанд суусан. Автобусанд суугаад мөнгөө өгөөд гар утсаа шалгатал миний баруун талын халаасанд байсан гар утас байхгүй байсан. Тэгээд би утас руугаа жолоочийн утсаар залгуулахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Би гар утсаа хамгийн сүүлд тус автобусны буудал дээр автобусанд суухаасаа өмнө нь гаргаж ирж ашиглаж байгаад халаасандаа хийсэн. Миний алдсан гар утас нь “айфоне си” маркийн 2022 оны 10 сард 630.000 төгрөгөөр хувь хүнээс худалдаж авсан, хар өнгийн, 128 гб багтаамжтай гар утас байсан бөгөөд тухай үедээ хар өнгийн кэйстэй байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хяналтын камер шалгахад тус автобусны буудал дээрх камерт үл таних хүн миний гар утасыг халааснаас авч байгаа болох нь харагдсан. Миний гар утас нь *******, ****** дугаартай байсан. Би автобусанд суух үедээ карт ашиглаагүй бэлэн мөнгө өгсөн” /хх-н 9-10/ гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Ж-ын О “... 2023 оны 5 дугаар сарын 30-ны өглөө эрт 08:00 өнгөрч байхад Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн ******* тоот гэрээсээ эхнэр Одонтуяатай маргаж гарч яваад Зурагтын шинэ эцэст очиж хоёр зүс таних ахтай нийлж хоёр шил архи уугаад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хороолол явах чиглэлийн автобусны буудал дээр очоод байж байхад нэг охины баруун талын куртикний халааснаас “айфоне” маркийн утас нь цухуйсан байсан. Тэрийг нь харчихаад нөгөө охиныг автобусанд суух үед утсыг нь авч үлдсэн. Тэгээд өөр автобусанд суугаад Хархорин зах ороод гадна байдаг утас авна, зарна гээд байж байдаг хүнд 30.000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр мөнгөөрөө нэмж архи уугаад гэртээ хариад унтаж амарсан. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Миний буруу, эхнэр өвчтэй, ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг, бас ээж маань өнгөрөөд удаагүй байгаа болохоор сэтгэл санаа хямраад ийм зүйл болчихлоо” /хх-н 52/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт Ашид билгүүн ХХК-н 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-723/6944 дугаартай “... Iphone SE загварын гар утсыг 530.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 21-25/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 30-32/ зэрэг баримтууд авагджээ.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Ж-ын Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Ж.О-д ял оногдуулахдаа хохирол төлбөр төлөгдсөн байдал, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал болон ар гэрийнх нь байдлыг тус тус харгалзахын зэрэгцээ Эрүүгийн хуульд “хулгайлах” гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар эдлүүлэхээр сонгож, уг ялын хэрэгжилтийн хэмжээ хязгаарыг нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоов.

Учир нь, шүүгдэгч Ж.О нийслэлийн Баянгол дүүрэгт оршин сууж байх бөгөөд тэрээр Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулах “Мах импекс” ХХК-д ажилладаг гэсэн болно.

Харин шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан нь хуульд байхгүй ял болохыг дурдаж, цаашид анхаарахыг сануулъя.

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Ж.О нь хохирол болох 530.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул /хх-н 45-46 / тэрээр бусдад төлөх төлбөргүй.

Шүүгдэгч  Ж.О-ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 38/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 41/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 42/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 43/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 44/,  Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 59-62/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 63-65/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Ж.О цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий СD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээв.

Шүүгдэгч Ж.О шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ж-ын О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ж.Оод оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Шүүгдэгч Ж.О зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.О цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.О-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ