Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/675

 

 

 

 

 

 

 

 

    2023          8           22                              2023/ШЦТ/675

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Т.Батмөнх

шүүгдэгч А.Т

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ************ дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Дорнод аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6; эх, 4 дүүгийн хамт Дорнод аймгийн Гурванзагал сум, 3 дугаар баг, “Сүмийн булаг” гэх газарт оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 224 дүгээр байр, *** тоотод нагац ах Б-ын Э-ийнд түр амьдарч байгаа гэх,

ял шийтгэл:

1. Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх ялыг нэмж нэгтгэн 10 cap 20 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

******** регистрийн дугаартай А овогт А-ийн Т

 

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч А.Т нь согтуугаар 2021 оны 9 дүтээр сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” нэртэй зочид буудлын *** тоот өрөөгөөр үйлчлүүлэх явцдаа үл ойлголцох хэрүүл, маргааны улмаас хохирогч Н.Дийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр түүний эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, зүүн чих, хүзуү, зүүн хацар шанаа, зүүн эгэм, тохойд шарх, дагз, дух, зүүн зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, язрал, нуруу, баруун бугалга, шуунд цус хуралт, зүүн эгэм, баруун сарвуунд зулгаралт” бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цагдаад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Би хохирогчтой уулзаж 400.000 төгрөг бэлнээр өгсөн. Гэхдээ баримт бичүүлж аваагүй. Одоо би 22-н товчооны тэр хавьд айлын байшингийн барилгын ажил дээр ажиллаж байгаа. Сард 2.5 сая төгрөгийн хөлс авч байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Н-ын Д “... 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 21 цагийн орчимд би 7 буудлын 17 дугаар буудал дээр байдаг “Дуулга” гэх нэртэй бааранд ганцаараа орж суугаад 2 шил пиво авч уусан. Миний хажуу талын ширээнд сууж байсан 2 залууг миний сууж байсан ширээнд шахаад өөдөөс харуулаад суулгасан. Тэгээд тэр 2 залуутай танилцаад нэрийг нь одоо санахгүй байна, намхан залууг нь Мөөгий гэж дуудаад байсан, тэгээд юм яриад суусан. Нэг залуу нь намхан, шардуу царайтай, жижиг үстэй, бага зэргийн махлагдуу, дээгүүрээ цайвар шаргалдуу гадуур хувцастай байсан, нөгөө залуу нь 175 см орчим өндөр, саравчтай малгайтай, хар өнгийн гадуур хувцастай, 30 орчим насны залуучууд байсан ба тэр хоёр залуу хамаатнууд юм байна лээ.

Ингээд тэр газраас гараад гадаа нэг шил архи тойруулж уучихаад өөр газар очихоор болоод Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Эрхэс” нэртэй зочид буудалд 222 дугаартай, 3 ортой өрөө авсан. Орохдоо том 2.5 литрийн Сэнгүр пиво авсан. Бид хувааж уугаад юм яриад сууж байсан чинь арай өндөр, хар хувцастай залуу нь гэнэт над руу дайраад “чи манай хадам ахтай яаж яриад байгаа юм” гэхээр нь би “яасан юм зүгээр л ярьж байна ш дээ” гэсэн чинь шууд миний зүүн шанаа руу гараараа цохиход миний толгой хананд хавсраад газарт унаад босоод ирсэн. Дахиад зүүн шанаа руу 2-3 удаа цохьсон. Тэгээд би манараад хойшоо шалан дээр унасан чинь дээрээс дэвсээд байсан. Би ухаан алдсан, нэг сэрээд босож суугаад харсан чинь миний хүзүүнээс цус их гоожоод, тэгээд цусаа хараад буцаад ухаан алдсан юм шиг байна лээ. Ухаан ороход Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн.

Яагаад намайг ална гээд миний хүзүү хоолойг зүссэн юм бэ, би үнэхээр мэдэхгүй байна. Буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү, гомдолтой байна” /хх-ийн 24-27/ гэж мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Н.Д-ий биед тархи доргилт, зүүн чих, хүзүү, зүүн хацар шанаа, зүүн эгэм, тохойд шарх, дагз, дух, зүүн зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, язрал, нуруу, баруун бугалга, шуунд цус хуралт, зүүн эгэм, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 8464 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байх ба /хх-н 43-44/ эдгээр бичгийн баримтууд нь шүүгдэгч А.Т-гийн гэм буруутайг нотолно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч А-ийн Т “... би Улаанбаатар хотод барилга дээр ажилладаг, одоогоор яг тогтсон хийсэн ажилгүй байгаа. Миний хаягийн бүртгэл Дорнод аймгаар явдаг боловч би Дорнод аймаг руу энэ Наадмаар л очсон. Түүнээс хойш Улаанбаатар хотод ойр зуур барилга дээр ажиллаж амьдарч байгаа. Манай ээж, 4 дүүгийн хамт Дорнод аймгаас 50 км зайд Матад сумын нутаг дэвсгэрт мал малладаг юм. 2021 оны зун Яармагын 1 дүгээр эмнэлгийн ард талд барилга дээр Т гэх залуутай хамт ажиллаж байсан ба 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 гэх нэртэй буудал дээр байдаг “Дуулга” нэртэй бааранд Т-ын хамт орсон. Тэндээ бид хоёр 3, 3 пиво уугаад байж байтал бааранд нь их хүмүүс орж ирээд бид хоёрын ширээн дээр нэг залууг шахаад суулгасан.

Тоогий /Т/ тэр залуутай юм ярьж байгаад баарнаас гарсан. Гадаа гарахад гадаа хэдэн залуучууд архи уугаад байж байгаад архинаасаа өгөхөөр нь архинаас нь ууж байгаад баарнаас гарсан залуутай буудалд орж уухаар болоод Тоогий, бааранд танилцсан Н.Д гэх залуутай гурвуулаа хороолол руу явсан. Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” нэртэй зочид буудал руу орцгоосон. Орохдоо гаднаас 2 ширхэг том Нийслэл пиво аваад орч ороод Т тэр залуутай авсан пиво хувааж уусан. Би ерөөсөө нэмж уугаагүй, унтах гээд хэвтсэн ба орон дээр хэвтэж байхад бааранд танилцсан залуу намайг унтуулахгүй босоод ир, ууя гээд хөлнөөс татаад байсан. Тэгэхээр нь би боль гэхэд нуруун дээр алгадаад цохиод байсан. Тэгэхэд Т болио наадхаа зүгээр унтуул гэхэд миний хөл рүү тэр залуу өшиглөсөн. Тэгэхээр нь би босч ирээд 1 удаа нүүр рүү нь алгадаад, нэг удаа хөл рүү нь өшиглөсөн. Тэгсэн чинь тэр залуу хувцсаа тайлаад над руу дайраад зодоон болсон. Намайг эхлээд мөр рүү нэг удаа хацар руу 1 удаа цохихоор нь би арагшлаад нэг удаа нүүр рүү нь цохьсон чинь унаад өгсөн. Тэгээд газарт хэвтээд өгөхөөр нь хэд хэдэн удаа дээрээс нь хөлөөрөө дэвсэлсэн. Хөдлөхгүй болохоор нь орхиод Т бид хоёр гараад явсан. Би 7 буудал руу, Тоогий Яармаг явлаа гээд яваад өгсөн.

Намайг унтаж байхад их ядаргаатай байна байна татаад бос сэр гээд байхаар нь би хэд хэдэн удаа унтлаа гэж хэлсэн. Олон удаа цааш нь түлхэж холдуулаад байхад намайг татаж байгаад сүүлдээ намайг өшиглөхөөр нь миний уур хүрээд босч ирээд цохисон. Намайг зөрүүлээд цохихоор нь би түүнийг зодсон” /хх-н 52/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэгтэй тохирч байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч А овогт А-ийн Т-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Т-д ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзахын зэрэгцээ “... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгов.

 

Шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэх, ял хариуцлага гарцаагүй байх үүднээс шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил биелэгдэх болон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Т-д авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээн дээр нэмж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Учир нь, шүүгдэгч А.Т хөдөө орон нутагт буюу Дорнод аймагт оршин суух хаягийн бүртгэлтэй байх ба Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй байгаа болно.

 

Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн хэрэгжиж биелсний дараагаас шүүгдэгч А.Т-д авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг шүүх өөрчлөх боломжтойг түүнд мэдэгдье.

 

Шүүхийн шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Т-гийн хувийн байдалтай холбоотой:

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 61/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 65/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 68-70/, Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 16 өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 76-80/, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 81-83/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Н.Д “... эмчилгээнд зарцуулсан 400.000 төгрөгийг гаргуулаад авчихвал надад гомдол санал байхгүй” /хх-н 27/ гэж мэдүүлсэн боловч эмчилгээний зардалтай холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөөгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч А.Т нь хохирогч Н.Д-тэй уулзаад хохирлын 400.000 төгрөгийг өгсөн гэж шүүх хуралдаан дээр мэдүүлэх боловч энэ талаарх баримт байхгүй тул хохирогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч А.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Т шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. А овогт А-ийн Т-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-г 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.Т шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж,

хохирогч Н.Д-ий Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Т-д 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Т-д авсан “хувийн баталгаа гаргах” болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ