Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1169

 

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01169

 

 

“МУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/01079 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “МУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.У-т холбогдох,

 

Хохиролд 4 275 480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Азжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У- нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тус компанид гүйцэтгэх захирлын жолоочоор ажилд орсон бөгөөд жолооч Б.У- нь ажиллаж байх хугацаандаа тус компанийн эд хөрөнгө болох 11-71 УБЦ улсын дугаартай лексус 470 маркийн автомашинаар осол аваар гаргаж улмаар түүнийгээ компанид мэдэгдэлгүй ажил хаяж явсан. Бид Б.У-ыг ажил хаяж явснаас хойш Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн тасгаас манай компанийн өмчлөлийн 11-71 УБЦ улсын дугаартай лексус 470 маркийн автомашин нь 2016 оны 01 дүгээр сарын 04-нд, 2016 оны 01 дүгээр сарын 13-нд тус тус осол аваар гаргасан болохыг мэдэгдсэн.

Бид дээрх осол аваарын улмаас иргэнд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан боловч манай компанийн өмчлөлийн 11-71 УБЦ улсын дугаартай лексус 470 маркийн авто машинд их хэмжээний эвдрэл гэмтэл үүсч, хохирол учирсан. Бид уг тээврийн хэрэгслийг компанийн мөнгөөр бүх засвар үйлчилгээг хийсэн бөгөөд Б.У- нь компанийн машиныг осол аваар хийчихээд өөрийн гаражид ч тавилгүй, гадаа хаяад явсан байсан учир тухайн үед бид хүн авчирч машиныг асааж, засварын газарт өгсөн. Автомашинд засварын үнэлгээний хөлс 112 000 төгрөг, машиныг н.Жамбал гэдэг хүнээр асаалгахад 50 000 төгрөг, Б.У-ын зам тээврийн улмаас бусад иргэн буюу Г.Мөнхбаярын машинд учруулсан хохиролд төлсөн 500 000 төгрөг, “Дельта автосервис” ХХК-иар автомашин засварласан зардалд 1 736 000 төгрөг, баруун талын их гэрэл 250 000 төгрөг, “Дельта автосервис” ХХК-иар засварлуулах боломжгүй эд ангийг засварласан 1 520 000 төгрөг, их гэрлийн ламп солиулсан 19 000 төгрөг, Багануур явсан томилолтын зардлын тооцоог хийгээгүйтэй холбоотой 109 680 төгрөг, нийт 4 296 680 төгрөгийн хохирлыг Б.У- нь компанид учруулсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сард түүнд бодогдсон цалин 21 200 төгрөгийг хасч 4 275 480 төгрөгийн бодит хохирлыг учруулсан.

Иймд бид Б.У-аас хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компанид болон бусад учруулсан хохирол төлбөр болох 4 275 480 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагад жолоочоор ажиллаж байсан нь үнэн бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зам тээврийн осол гаргасан нь үнэн. Гэхдээ би уг ослоос 11-71 УБЦ улсын дугаартай машинд учирсан эд ангийн гэмтлийг өөрийн мөнгөөр бүрэн засварлаж өгсөн. Би “МУ” ХХК-д ямар нэг өр төлбөргүй тул 4 275 480 төгрөгийн нэхэмжлэл огт үндэслэлгүй байна.

“МУ” ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн байх ёстой бөгөөд 11-71 УБЦ лексус 470 маркийн автомашин нь тус компанийн нэр дээр байсан эсэх нь нотлогдохгүй байна. Мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу машиныг хүлээлгэн өгсөн акт байдаггүй, тухайн үед машин нь ямар эрхийн доголдолтой байсныг мэдэх боломжгүй байна. Хэний ямар машинд хохирол учруулсан нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 136 дугаар зүйлийн 136.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.У-аас 2 167 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч “МУ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2 108 480 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 49 622 төгрөгийг гаргуулж, “МУ” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

"МУ" ХХК нь нэхэмжлэл гаргахдаа Б.У- нь 2015 онд тус компанид жолоочоор ажиллаж байхдаа 2 удаагын автын осол хийсний улмаас тус компанид осол усруулсан гэдэг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлахад Б.У- нь автын осол хийсэн нь тогтоогддоггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 зүйлд зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн үндэлслэл шаардлагаа нотлох үүрэг хүлээсэн байдаг гэтэл шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан байна.

"МУ" ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлохдоо тус компанийн өмчлөлийн УБЦ 11-71 лексус 470 машинд Б.У- нь эд хөрөнгийн хохирол учруулсан байна гэдэг. Гэтэл авто тээврийн үндэсний төвөөс авсан лавлагаа болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад уг машин нь "МУ" ХХК-ний нэр дээр бүртгэлтэй эсэх, уг компанийн өмчлөлийн машин эсэх нь огт тогтоогддогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 зүйлд нэхэмжлэгч гэж "хуульд заасан эрх эрх чөлөө хуулиар заасан ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд байна" гэж заасан байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Б.У-т УБЦ 11-71 лексус 470 авто машиныг хүлээлгэн өгөх болон буцаан авахдаа эд хөрөнгө хүлээлцсэн акт үйлдээгүй байдаг нь Б.У-ын буруутай үйл ажиллагаанаас дээрх хохирол уг авто машинд учирсан гэдгийг хангалттай нотлож    чадахгүй байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч “МУ” ХХК нь хариуцагч Б.У-т холбогдуулан хохиролд 4 275 480 төгрөг гаргуулахаар  нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            “МУ” ХХК нь Б.У-тай 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ тус тус байгуулсан ба 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Улаанбаатар хотын цагдаагийн газрын албан бичиг, “МУ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ажлаас халах тухай 29 тоот тушаал, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагааг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл Б.У- нь “МУ” ХХК-д захирлын жолоочоор ажиллаж байх хугацаанд компанийн өмчлөлийн Лексус 470 маркийн, 11-71 улсын дугаартай автомашиныг хүлээн авсан, тэрээр 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осол гаргасан талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Б.У- нь зам тээврийн ослын улмаас 11-71 УБЦ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашинд хохирол учруулсан нь баримтаар тогтоогдсон. Хариуцагч автомашиныг өөрийн зардлаар засварлаж нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгосон гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч “МУ” ХХК нь хариуцагч Б.У-ын буруутай ажиллагааны улмаас компанид учирсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Иргэн И.Жамбалд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 50 000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний зарлагын баримт, “Ашид билгүүн” ХХК-иар автомашины техникийн үнэлгээний тайлан гаргуулсны хөлсөнд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 112 000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний зарлагын баримт, “Дельта автосервис” ХХК-иар машины засварын төлбөрт 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1 736 000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний зарлагын баримт, автомашины баруун талын их гэрлийг худалдан авсаны төлбөрт 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 250 000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний зарлагын баримт, автомашины их гэрлийн ламп солиулсан зардалд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 19 000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний зарлагын баримтуудыг үндэслэн хохирлыг анхан шатны шүүх 2 167 000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэл бүхий байна.

 

Харин нэхэмжлэгч “МУ” ХХК нь Г.Мөнхбаярт хохирол гэж 500 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн байх боловч энэ нь Б.У-ын гаргасан зам тээврийн осолд хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, “Дельта авто сервис” ХХК-иар автомашиныг засварлуулах боломжгүй байсан эд ангийг “Ариун Алтан овоо” ХХК-иар засварлуулсаны хөлсөнд 1 520 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн байх боловч уг төлбөрийг шилжүүлсэн баримтад 11-71 УБЦ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашиныг тодорхойлон заагаагүй тул хохиролд хамаарахгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сард Налайх, Багануур дүүрэг рүү явсан томилолтын зардлын тооцоог өөрөө хийгээгүй тул 109 680 төгрөгийг хариуцагчийн цалингаас шаардах эрхгүй юм.  

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 2 167 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.  

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/01079 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                               

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА