Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Д.Эрдэнэчимэг

шүүгдэгч Д.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч Н.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Олон улсын Таеквондогийн Монголын холбооны ерөнхий дасгалжуулагч ажилтай, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо 102 дугаар байрны 59 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Спортын мастер, Биеийн тамирын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан, /РД:ЧС79062573/ Оточ овогт Дашнамжилын Мягмарсүрэнд холбогдох 201626021458 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Мягмарсүрэн  2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 105 дугаар байрны орцны 2 давхарт хохирогч Д.Гантулгыг “ажилдаа явахгүй, архи уугаад ээжийгээ зовоогоод байна” гэх шалтгаанаар зодож эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хохирогч Гантулгын ээж Цэрэндэжид эгчтэй уулзах гээд явж байхдаа өндөр Тулгаатай таараад 0.33 граммын архи аваад Цэрэндэжид эгчийн гэрт нь хамт очсон. Цэрэндэжид эгчтэй 2015 оны зун танилцсанаас хойш баяр ёслолоор гэрт нь очдог болсон юм. Цэрэндэжид эгч надад “чамайг явснаас хойш Гантулга архи уугаад ажлаа таслаад болохгүй байна. Чиний үгэнд ордог юм чинь чи нэг хэлээд өгөөч” гэсэн. Тэгээд  авч орсон архиа задлаад сууж байтал Сүхээ ороод ирсэн.  Сүхээгээс Гантулга хаана байна гэсэн чинь гадаа байсан гэж хэлээд гараад орж ирэхдээ Гантулгыг дагуулаад ороод ирсэн. Сүхээ, Гантулга хоёр нилээн согтуу орж ирэхээр нь би “Гантулгаа ахын дүү архи ууж, ажлаа тасалж ээжийгээ битгий зовоож бай” гэсэн чинь Гантулга “ээж та намайг яах гэж ахад шургаж байгаа юм бэ, та л шургаад суугаад байгаа биз дээ, миний ажлаа хийх, хийхгүй байх та нарт ямар хамаатай юм бэ” гэчихээд хаалга саваад гараад явчихсан.  Тэгэхээр нь би араас нь гарахад Гантулга орцонд зогсож байхаар нь би “ээж рүүгээ яагаад дайраад байгаа юм бэ” гэхэд “та одоо ээжийн үгэнд ороод та хоёр намайг яах гээд байгаа юм бэ” гэхээр нь би Гантулгын баруун шанаа руу нь зүүн гараараа алгадах маягтай гараа шидсэн чинь бөгсөөрөө газар суучихаад босохгүй, босгох гэхээр ээжээ гээд байсан. Гантулгын эрүүг гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Гантулгын эмчилгээний зардалд 800000 төгрөг төлсөн. Гантулгаас уучлалт гуйсан гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63/, ял шалгах хуудас /хх-ийн 64/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 65/, Илд бамбай сервис ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 66/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 67/, Олон Улсын Таеквон-догийн Монголын холбооны Ерөнхий дасгалжуулагчийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 68-69/, Цолны үнэмлэхний хуулбар /хх-ийн 70-72/ болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Мягмарсүрэн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 105 дугаар байрны орцны 2 давхарт хохирогч Д.Гантулгыг “ажилдаа явахгүй, архи уугаад ээжийгээ зовоогоод байна” гэсэн шалтгаанаар эрүүг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан

хохирогч Д.Гантулгын: Би 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хороо 105 дугаар байрны гадаа байж байтал 3 давхарт амьдардаг найз Сүхээ гарч ирж “ээж Цэрэндэжид чинь дуудаад байна” гээд гадаа гараад ирэхээр нь Сүхээтэй цуг гэртээ ортол Мягаа, өндөр Тулга гэх хочтой залуу 2 согтуу гэрт сууж байхаар нь мэндэлтэл “чи яахаараа настай ээжийгээ зовоогоод ажлаа хийхгүй яваад байхын гэхээр нь яасан яадаргаатай юм бэ, тамхи татая” гээд гэрээсээ гартал Мягаа ганцаараа араас гарч ирээд “хоёулаа цуг тамхилая” гээд ирсэн. Тэгээд 105 дугаар байрны 2 давхарын цонхон дээр зогсож байтал өөрөө тамхи асааж ирэхээр нь “би тухайн үед цуг тамхи татах юм байх” гэж бодоод зогсож байтал шууд аль гараараа гэдгийг санахгүй байна нэг удаа гараараа баруун талын шанаа руу цохихоор нь “та яаж байгаа юм бэ” гээд хажуу талын хогийн сав /пункер/ яваад очтол араас ахиад толгой болон шанаа руу 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь нүүр рүүгээ ахиж цохиулчихвий гэж бодоод нүүрээ дараад доош явган суутал аль хөлөөрөө гэдгийг нь санахгүй байна 2-3 удаа эрүү рүү өвдөглөсөн. Тэгээд зогсох шинжгүй байхаар нь ээжээ гээд орилтол, манай ээж гарч ирээд “чи хүүхэд аллаа” гэж хэлээд зогсоосон. Тэгээд би шууд гэртээ орж ирээд толинд хартал амнаас цус гарсан байхаар нь гэрт сууж байсан Сүхээ, өндөр Тулга нарыг “зайлцгаа” гэж хэлээд гаргасан. Тэр хоёрыг намайг зодсон Мягаа хамт гаргаад араас нь гарч тамхи татах гэтэл эрүү эвгүй оригоод байхаар нь буцаж гэртээ орж ирсэн.

Би тухайн өдөр эрүү хугарсан гэж бодоогүй ахдаа цохиулсан юм чинь гэж бодоод 10 хоног хүлээтэл өвчин ороод өвдөөд хавдаад болохгүй байхаар нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандаж томографын зураг авахуултал баруун талын эрүү нь 1 удаа хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд намайг хэвтэж хагалгаанд ор гэж хэлэхээр нь гайгүй байх гэж бодоод хэвтээгүй юм. Ингээд эрүү нүүрний дэлгэмэл зураг авахуултал баруун болон урд хэсгээрээ 2 хугаралтай байна гэж гарсан. Ингээд нэгдүгээр эмнэлэг дээр очиж үзүүлээд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэвтсэн ба тэрнээс өмнө өдөр болгон эмнэлгээр явж шинжилгээ өгч байсан. Би эмнэлэгт хэвтэн хагалгаанд орохоосоо өмнө цагдаагаар явж Мягаа ах надад эмчилгээний мөнгө гэж 670.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь хагалгаанд орж эрүүндээ мэс засал хийлгэж 2 хадаас тавиулсан. 1 хадаасыг нь 200.000 төгрөгөөр тавиулсан. Би зодуулсан өдрөө Сүхээтэй нийлж гэрт нь 100 грамм архи хувааж уусан. Ахиж зодуулсныхаа дараа Тулгаагынд орж Мягаа ах гадаа уучлалт гуйгаад 100 грамм архи авч өгөөд хувааж уусан. Намайг гэрээс гарах үед Тулгаа намайг дуудаад “машинд ороод ир Мягаа ах дуудаад байна” гэхээр нь орсон юм. Гэмтлийн эмнэлэг болон нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн баримт байхгүй. Эмнэлэг дээрээ байгаа. /хх-ийн 17-18/

2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш ямар нэгэн хүнтэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй, гэрээсээ гараагүй гэртээ бие өвдөөд хэвтэж байсан. Тэр өдрөөс гэртээ байж байгаад 10 гаруй хоногийн дараа өвдөөд болохгүй байхаар нь эмнэлэгт очиж үзүүлсэн юм. Энэ хугацаанд гэртээ ямар нэгэн эм хэрэглээгүй, өвчингөө намдаах гэж бага зэргийн архи уусан байдалтай гэртээ хэвтэж байсан. /хх-ийн 20/ гэсэн,

 

гэрч Ш.Цэрэндэжидийн: Би 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн үед гэртээ байж байтал хаалга нүдэхээр нь тайлтал 102 дугаар байрны танил Мягаа, Тулгаа хоёр гартаа нэг шил архи барьчихсан орж ирсэн. Ингээд гэрт ирээд хүү Гантулгыг хаачсан талаар асуухаар нь мэдэхгүй гараад явсан гэж хэлсэн. Тэгээд Мягаа, Тулгаа нар авчирсан архи ууж би хоол хийж өгөхөд надад нэг удаа өгсөн юм. Тэрнээс бага зэрэг амсаад эргүүлж өгсөн. Ингээд тэр хоёр архиа хувааж ууж дуусаад байж байтал Мягаа надаас Гантулга ажлаа хийж байгаа юу гэж асуухаар нь “ажлаа хийхгүй байгаа, чи нэг ахын журмаар хэлээд өгөөч” гэхэд Тулга “чи гараад Гантулгыг олоод ир гэхээр нь би хаана гэж олох юм бэ дээ” гээд л байж байтал 3 давхарт байдаг Сүхээ орж ирэхээр нь “Гантулга хайчив” гэж асуухад “гадаа тамхи татах гээд үлдсэн” гэхэд Мягаа Сүхээг “цаадахаа дуудаад ир” гээд гаргасан. Тэгээд удалгүй хүү Гантулга, Сүхээ цуг гэртээ орж ирэхээр нь “Мягаа чи яагаад ажилдаа явахгүй хөгшин настай ээжийгээ зовоогоод байгаа юм” гэхэд дуугүй байж байснаа “тамхи татая гээд гэрээсээ гарахаар нь миний хүү болкон дээрээ татчих” гэхэд “үгүй ээ би гарч татна” гээд гараад явахад араас нь Мягаа гараад явсан. Ингээд тун удалгүй 15-20 минутын дараа /гэрт Сүхээ, Тулгаа хоёр үлдсэн байсан/ сууж байтал Сүхээ “хүүе Дэжээ эгчээ Гантулга ээжээ гээд орилоод байна” гэхээр нь гараад орцны хажуу талд байдаг хогийн пункерийн хажуу талд Гантулгыг Мягаа дээрээс дараад суулгачихсан байхаар нь “хүүе Мягаа чи яаж байна” гэсэн чинь “юу ч болоогүй байхад ээжээ гээд орилоод байна” гэж хэлсэн. Би салгаад гэрлүүгээ дагуулаад ортол амнаас нь цус гарсан байсан хүү Гантулга ариун цэврийн өрөөнд орж цус арилгачихаад гарч ирээд “та нар манай гэрээс гар, гэрт орж ирээд намайг цохидог та нар хэн бэ” гээд Мягаа, Сүхээ, Тулгаа гурвыг гэрээсээ гар гэж хэлээд өөрөө түрүүлээд гараад явахаар нь Мягаа наадахаа оруулаад ир гэхэд яахын бэ гээд Мягаа, Тулгаа хоёр гараад явсан. Араас нь Сүхээ гэрлүүгээ орлоо гэж хэлээд явсан. Удалгүй гэртээ байж байтал гаднаас хүү Гантулга, Мягаа, Тулга гурав орж ирээд Дэжээ эгчээ бид хоёр тохирчихлоо, маргаашнаас ажилдаа явчих байх гээд Мягаа, Тулгаагийн хамт гараад явсан. Хүү Гантулга гэртээ үлдсэн юм. Ингээд маргааш өглөө нүүр нь хавдчихсан, юм идэж чадахгүй байхаар нь гайгүй байх гэж бодоод хүйтэн жин тавиад гэрээс гарахгүй 2-3 хонотол хавдар нь буухгүй, улам эрүү нь өвдөөд байхаар нь гэмтлийн эмнэлэг дээр очоод зураг авхуултал, эрүү нь нэг хугаралтай байна, томографийн зураг авахуул гэхээр нь тухайн үед мөнгө байхгүй байсан болохоор ахиад 2-3 хоносон юм. Тухайн үедээ Мягаа дуудаад “эрүү нь хугарсан байна, чи мөнгийг нь өгч зураг авахуул” гэсэн юм гэхэд дуугуй гэрээс гарч яваад гэрт орж ирэхгүй байхаар гэрт нь очтол надад одоо мөнгөний боломж байхгүй гэхээр нь хүү Гантулга цагдаад хандая гэхэд хүлээж байгаач гэхээр нь заза гээд хэд хоног харсан юм. Ингээд ахиад 7 хоног хүлээтэл өгөхгүй байхаар нь ахиж гэрт очоод Мягаа, эхнэртэйгээ цуг ороод ир гэж хэлэхэд эхнэр нь ганцаараа орж ирээд алба бишдээ, зодуулчихаад мөнгө нэхээд байхдаа яадаг юм бэ гэж хэлээд уурлаад гараад явангуут нь хүү Гантулга  өргөдөл өгсөн юм.

Өмнө нь хоорондоо маргалдаж байсныг би лав хараагүй. Би Мягааг гаднаас орж ирээд Гантулгыг асуухаар нь “байхгүй, ажилдаа явахгүй байна чи ахын журмаар хэлээд өгөөч” гэснээс болоод ийм асуудал болсон./хх-ийн 21-22/ гэсэн,

 

гэрч З.Эрдэнэчимэгийн: Би Баянгол дүүргийн 7 дугаар хороо Нарлагын 105 дугаар байрны орцны жижүүрийн ажил хийдэг. 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд орцныхоо цэвэрлэгээг хийгээд 1 давхарт явж байтал 2 давхарт хүмүүс хоорондоо маргалдах чимээ гараад, нэг залуу нь ээжээ гээд орилоод байсан юу болсон юм бол гээд дээшээ шатаар гараад хартал шатны хажуу талын хогийн пункер буюу жижиг ханаар тусгаарласан ханын хажуу талд манай орцны 14 тоотод байдаг Гантулга, нэг залуутай хоорондоо барьцалдаад авчихсан хэрэлдээд зогсож байсан. Ингээд би дээшээ гараагүй, эргэж буух гэж байтал 14 тоотоос ээж нь гарч ирж яваа харагдсан. Би тэгээд шууд доошоо буугаад шатны доод талд байдаг 0 тоотын өрөө рүүгээ явж орсон. /хх-ийн 23/ гэсэн,

 

гэрч С.Гантулгын: 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 10-11 цагийн хооронд байрны найз Мягмарсүрэнтэй таартал хоёулаа Гантулгын ээж нь дуудаад байна, орж уулзах хэрэг байна гээд хамт Гантулгын гэрлүү орсон юм. Орохдоо 33 граммын Хараа архи аваад орсон. Гэрт нь ортол Гантулга байхгүй, ээж нь байсан. Ингээд Мягмарсүрэн Казакстан улс руу тэмцээнд яваад ирсэн байсан тул миний хүү сайн явж ирсэн үү бид гурав хоорондоо юм яриад авч орсон архиа бид гурав хувааж уусан. Мягмарсүрэн нэг рунк татсан, би ээжтэй нь нийлээд хувааж уусан юм. Ингээд юм яриад сууж байтал Мийгаад Цэрэндэжид “миний хүү Гантулга сар шахуу архи уугаад ажилдаа явахгүй, гэртээ ч тогтохгүй байна, чи ах нь байна нэг хатуухан шиг үг хэлээд өгөөч, миний үгэнд орохгүй байна. Биеийг сайжруулах гээд эм тариа авсан тэрийг хийлгэхгүй, эрүүл болохоор нь хийж өгье гэхээр нь тамхи татчихаад ороод ирье гэж гараад орж ирэхдээ архи ууж орж ирчихээд болохгүй байна” гэж хэлээд яриад байж байтал гаднаас Сүхээ орж ирэхээр нь Мийгаа Гантулга хаана байна гэж асуухад гадаа үүдэнд зогсож байна гэхээр нь ахыгаа архитай байна, ороод ир гэж байна гээд хэлчих гээд Сүхээ гарсан юм. Ингээд удалгүй Сүхээ Гантулгыг дагуулчихсан орж ирээд Гантулга “архи байна уу архинаасаа хийгээд өгчих, сайн уу Мийгаа ах” гэж хэлтэл тухайн үед архи байхгүй дуусчихсан байсан юм. Мийгаа чи надад өмнө нь “архи уухгүй, ажилдаа явна, ээжийгээ зовоохгүй гэж амлалт өгөө биздээ” гээд хоорондоо юм ярьж байгаад Мийгаа ах “Гантулга чи нааш ир  гэхэд ээж рүүгээ дайраад та хүнд ховлоод байна” гээд шууд гараад явахаар нь араас Мийгаа ах тамхи татая гээд гарсан ба удалгүй Гантулга “ээжээ авраарай” гээд орилохоор нь ээжтэй нь цуг Сүхээтэй бид гурав тэр хоёрыг дагуулаад орж иртэл ахин ээжрүүгээ уурлаад байхаар нь Сүхээ тэр хоёр өглөө нилээн согтуу архи уучихсан орж ирсэн тул Мийгаа Сүхээ рүү уурлаад “чи яах гэж уруу татаж байдаг юм бэ” гэж хэлээд Мийгаа бид хоёр гараад явсан юм. Ингээд Мийгаа бид хоёр гэр гэрлүүгээ орсон. Би 15-16 цагийн хооронд мөнгөтэй байсан тул Мийгаа дуудаж гэртээ оруулж ирээд авсан байсан архиа ууж байтал Гантулга гадаа болконы дор явж байхаар нь дуудаад гэртээ оруулж ахин хоорондоо юм яриад Гантулга “Мийгаа ах та дүүгээ яах гэж ингэж байдаг юм бэ гэхэд чи өөрөө хүний итгэл алдаад” гээд юм ярьж байснаа Мийгаа гэрлүүгээ явсан. Гантулга манайд байсан архийг хувааж уучаад яваад өгсөн юм.

Гантулгад учирсан гэмтлийг өөр хүн эсвэл өөр газар явж байгаад өөрөө ч ийм болгосон байж магад гэж бодож байна. Яагаад гэвэл тэр өдөр хугарсан бол эрүү өвдөөд байна гээд юм ярьж чадахгүй, тэр өдрөөс хойш 2-3 хоног архи уугаад гадуур явж байсан шүү дээ. Надтай хүртэл хэд хоногийн дараа архи уухад зүгээр байсан. /хх-ийн 24/ гэсэн,

 

гэрч Б.Буяндэлгэрийн: Мягмарсүрэн манай нөхөр байгаа юм. Би 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн болсон явдлын талаар мэдээгүй ба хэд хоногийн дараа мэдсэн юм. Миний сонссоноор бол нөхөр Мягмарсүрэн Гантулгын гэрт нь орж ээжийнх нь мэндийг мэдэх зорилготой ороод Тулгаа, ээжтэй нь цуг гурвуулаа архи уух үед ээж нь Гантулга архи уугаад “ажилдаа явахгүй байна чи нэг ах нь байна хэлээч гэхээр нь ажилдаа яв гэж хэлсэн” гэж надад нөхөр ярьсан. Тэрнээс биш нарийн болсон явдлыг нь мэдэхгүй. Нөхөр Мягмарсүрэн болсон явдлын талаар хэлэхээр нь Гантулгын гэрт орж ээжээс нь юу болсон талаар асуухад “манай хүүхэд ажилдаа явахгүй 20 гаруй хоног архи уугаад байгаа чиний үгэнд ордог, хэлээдхээч гэхээр нь танай нөхөр цохисон юм би цохиодхооч гэж хэлэхэд зүгээр юм уу гэж асуухад зүгээр зүгээр” гэсэн утгатай үг хэлсэн. Би тэгж ойлгосон юм. Надад ямар учраас маргалдаад, хаана цохисон талаар нөхөр Мягмарсүрэн яриагүй. Ээж нь хүртэл надад Гантулгыг цохисон гэж ярьсан. Гэхдээ хаана нь хэдэн удаа цохисон талаар яриагүй. /хх-ийн 26/ гэсэн,

 

гэрч Ц.Сүхбаатарын: Би 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад 09 цагийн орчимд хаалга хүн нүдэхээр нь тайлтал доод талын айлын Гантулга орж ирээд мэндлээд “өчигдөр жоохон архи уучихлаа 100 грамм байна уу, шараа тайлах гэсэн юм гэж асуухаар нь миний дээр ууж байгаад үлдээсэн 200 грамм архи байна” гэж хэлээд бид хоёр хувааж уусан юм. Ингээд манайд зурагт хараад сууж байтал Гантулга түрүүлээд гараад явчихаар нь 30 гаруй минутын дараа араас нь гэрт нь ортол гэрт нь ээж нь, Мягаа, Мягаагийн найз нь гэх хүнтэй гурвуулаа юм яриад сууж байсан. Би гэрт нь орж суутал Гантулгын ээж Цэрэндэжид эгч надаас Гантулгыг асуухаар нь манайд түрүүн орж ирээд, түрүүхэн гараад явсан гэж хэлтэл Мягаа гадаа гараад “Гантулгыг олоод ирээч” гэхээр нь гарч явтал Гантулга 102 байрны гадаа ганцаараа тамхи татаад зогсож байхаар нь “ээж чинь чамайг дуудаж байна” гэж хэлээд гэрт нь дагуулаад очтол Гантулгад Мягаа хандан “чи архи уухаа болиоч”  гэж хэлээд байж байтал Гантулга тамхи татлаа гээд гартал араас нь Мягаа хоёулаа цуг тамхи татья гээд гарсан юм. Тэгээд ээжтэй нь би цуг сууж байтал 2-3 минутын дараа ээжээ гээд Гантулга орилох шиг болохоор нь Цэрэндэжид эгчид Гантулга таныг дуудаад байх шиг байна гэж хэлэхэд ээж нь гараад Гантулгыг дагуулан орж ирсэн. Энэ үед би гэрт нь сууж байсан. Ингээд гэртээ ороод ирэхээр нь Гантулгаас юу болсон талаар асуухад “зүгээрээ намайг Мягаа ах цохичихлоо” гэж хэлэхээр нь нүүр, ам чинь зүгээр л байна шүү дээ гараад гэр рүүгээ орсон. /хх-ийн 29/  гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9429 дугаартай шинжээчийн: Д.Гантулгын биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 36/ гэсэн дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Түүнчлэн сэжигтэн, яллагдагч “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй” хэдий ч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд:

 

яллагдагчаар:..”2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Казакстан улсад зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа оролцуулж ирсэн байсан юм. Ингээд тухайн өдөр Гантулгын ээж Цэрэндэжид эгчийн мэндийг мэдэх зорилгоор гаднаас нэг шил архи авч орсон юм. Миний авч орсон архийг Цэрэндэжид эгч, Тулгаа хоёр хувааж уусан ба би тэр архинаас нэг рунк л татсан юм. Үлдсэнг нь Цэрэндэжид эгч, Тулгаа хоёр хувааж уугаад архи дуусах гэж байтал Цэрэндэжид эгч надад хандан чамайг тэмцээнд явсан цагаас хойш архи уугаад ажилдаа явахгүй, үгэнд орохгүй, намайг зовоогоод сар гаруй болж байна гээд уурлаад яриад байхаар нь гаднаас Сүхээ орж ирж байсан тул Сүхээгээр Гантулгыг дуудуулаад архи уухаа боль, ажилдаа яв гэж хэлтэл амандаа үглэж байснаа гарахаар нь араас нь гартал өөдөөс хэрэлдээд ээж таньд намайг архи уугаад байна гэж хэлсэн биздээ, би өөрийгөө мэдэж байна гээд байхаар нь чи хөгшин ээжийгээ зовоолоо гээд нэг удаа зүүн гараа хагас атгалттай алгадах маягтай гараа шидэх үед доош суугаад ээжээ гэж орилохоор нь босоорой гэж хэлэхэд ээж нь гарч ирээд Гантулгыг аваад орохоор нь араас нь ортол ээж рүүгээ уурлаад байхаар нь Гантулга чи болиочээ гэж хэлээд гараад явсан юм. Ингээд орой нь гэртээ байж байтал Тулгаа намайг дуудаад гэрт нь ортол Гантулга сууж байхаар нь зүгээр үү гэж асуухад зүгээрээ гэж хэлж байсан. Ингээд би нөгөө хэд Гантулгад бас хандаад ажилдаа яв гэж хэлээд байж байхаар нь эргээд гэрлүүгээ гараад явсан юм./хх-ийн 47/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 54-57/ хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Прокуророос Д.Мягмарсүрэнд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Оточ овогт Дашнамжилын Мягмарсүрэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Д.Мягмарсүрэнд ял оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон         

ТОГТООХ нь:

 

1.Оточ овогт Дашнамжилын Мягмарсүрэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Д.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3.Д.Мягмарсүрэнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Д.Мягмарсүрэн цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хохирогч Д.Гантулга гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1  ширхэг СD-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

6.Д.Мягмарсүрэнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдэд  даалгасугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Мягмарсүрэнд авсан “батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

                               

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ