Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/696

 

 

    2023          8          29                                       2023/ШЦТ/696

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч С.Бичинхүү

шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Б.Очбадар

хохирогч Г.Т, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *********** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-нд Говь-Сүмбэр аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** гудамж, “**** хотхон” ** байр, ** тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б овогт П-гийн Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч П.Э нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 11:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн зам, 4 дүгээр цахилгаан станцын гэрлэн дохиотой уулзвар дээр **** УАК улсын дугаартай, “Тоёота Харьер” загварын тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ урьд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний маргаанаас үүдэж хохирогч Г.Ттэй маргалдаж, улмаар хохирогчийг тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж машины копуд буюу хамар хэсгээс зүүгдсэн байх үед тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөн эхлүүлж улмаар түүнийг унагааж биед нь дал, бүсэлхий, өвдөгт зулгаралт, гуя, өвдөгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч П.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би Төв аймгийн Заамараас авчирсан машинуудаа Сонсголон дахь хашаанд байрлуулчхаад, Драгон орохоор манайд хөлсөөр ажиллаж байсан 4 хүний хамт 11:00 цагийн үед Моносоос станцтай холбодог уулзвар замын гэрлэн дохион дээр зогсож байтал миний машины цонхыг нэг хүн хүчтэй тогшиж цохисон. Хартал энэ Т байсан ба чамайг ална, буугаад ир гэж хэлсэн. Өмнө нь ч байнга дарамталдаг байсан. Би цочирдоод бууж очоогүй. Энэ маш их ууртай байсан. Гэтэл цаанаас хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн гарч ирэхээр нь би эхнэрийг нь юм байх гэж бодсон. Тэр эмэгтэй мөнгө төгрөгийг нь өгөөч ээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрөө аваад яв, асуудлаа шүүхээр шийдүүлнэ гэж хэлсэн. Уулзвар дээр байсан машинууд араас сигналдаад байхаар нь би энэ хүнээс холдож өөрийгөө хамгаалъя гээд машинаа хөдөлгөөд чигээр уулзвар гарсан. Гэтэл энэ хүн миний машины копутнаас зүүгдээд, би уулзвараар чигээрээ явж, баруун тийшээ дарж зам руу орох үед машины копут дээрээс буусан. Тэгээд би цагдаа дээр очиж болсон явдлыг хэлсэн. Надад энэ хүнийг санаатай гэмтээх бодол байгаагүй. Хэрэв би машины хаалгаа нээсэн бол энэ хүн намайг гэмтээх байсан.

Маргаан үүсэх шалтгаан нь бид нарын хооронд гэрээний маргаантай асуудал байсан. Үйлдвэрийн зориулалтаар 2 худаг гаргуулах гэрээ байгуулсан байсан юм. Гэтэл бодит байдал дээр өөр худаг гаргасан гээд маргаан үүсч, үлдэгдэл мөнгийг нь шилжүүлээгүй байсан. Ер нь энэ Ттэй харьцахад маш их хэцүү, уурлаж хараадаг хүн. Тийм болохоор би аавтай нь уулзаж байсан. Бартер хийх талаар нь хэлсэн. Мөн манай компани байрлаж байсан хашаагаар байнга эргэлдсэн гэж манаач надад хэлсэн. Энэ хүний хашаа биш ээ гэж манаач хэлсэн юм билээ. Түүнээс биш мөнгийг нь төлөхгүй гэж нэг ч хэлж байгаагүй, төлнө гэж байсан. Гэтэл гэрээний маргаантай асуудлаар намайг цагдаагаар шалгуулсан. Намайг эрэн сурвалжлуулаад мэдүүлэг авсан зүйл ч байдаг. Ямар нэгэн байдлаар чамаас мөнгөө авна гэж хэлдэг байсан.

Камерын бичлэгтэй танилцсан. Машин хөдөлж байгаа л бичлэг байсан гэв.

 

Хохирогч Г.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2022 оны 4 дүгээр сард манай аж ахуйн хашаан дээр Э, А гэх хоёр хүн ирээд Дорнод аймагт худаг гаргуулъя гэж ярилцсан. Ингээд гэрээ хийхээр болж гэрээний төсөл нь 2-оос 3 удаа буцаагдсан. Дараа нь гэрээг мейл-ээр явуулахад болсон байна гэснээр оффис дээр өглөө 10:00 цагт уулзахаар болсон. Гэрээ хийх өглөө Э хоцорч ирээд гарын үсэг зураад, А бас гарын үсэг зурах ёстой гэж хэлсэн. Агээ компанийнхаа хуулийн зөвлөх гэж танилцуулсан. А Эгийн төрсөн ах нь юм билээ. Гэрээний дагуу 2 худгаа гаргачхаад хүлээлцэх гэж 10 хоног хүлээсэн. 11 дэх хоног дээрээ Этэй холбогдоход “ойрын хүн нь нас барсан, очиж байгаад үзэж хараад тооцоогоо хийнэ” гэж хэлсэн. 10 хоногийн дараа над руу залгаад худаг болсон байна лээ гэж хэлсэн. Түүнээс хойш утас нь холбогдохгүй, сүүлдээ миний гар утасны дугаарыг блоклосон байсан. Ингээд Этэй холбогдож чадахаа больсон. Оффис дээр нь очтол түрээсэлж байсан хүмүүс мөнгөө төлөхгүй гарсан гэж хэлсэн. Намайг сүүлдээ муу пацаан минь зүгээр байгаарай гэж дарамталж эхэлсэн. Утсаар мессеж явуулахад хариуд нь дунд хурууны дүрс явуулсан байсан. Би Сонсголонгийн 32-т байдаг байр руу уулзах гэж очсон нь үнэн. Миний дугаарыг блоклосон, ярьж холбогдож чадахгүй байсан учраас би хайж очсон. Ингээд би уулзаж чадахгүй яваад байсан.

Миний хувьд компанийнхаа ажилчдын цалинг өгч чадахгүй өрийн дарамтад орсон. Тухайн хэрэг болсон өдөр би Яармагаас уруудаад явж байсан чинь миний урд талд Эгийн машин явж байсан. Гэрлэн дохион дээр би бууж очоод хаалгыг нь 2 удаа татахад хаалгаа онгойлгоогүй. Машинд нь 2-3 хүн байсан байх, сайн харагдахгүй байсан. Надтай хамт явж байсан гээд байгаа нь эмэгтэй бол миний эхнэр биш, миний ээж явж байсан юм. Миний дүү хийлгэсэн ажлынхаа хөлсийг өгөөч ээ гэж Эд ээж хэлсэн. Энэ үед Э машинаасаа бууж ирэхгүй, машинтайгаа хөдлөх гээд байхаар нь би урд талд нь зогсоод буугаад ирээ гэж хэлтэл куперээрээ намайг мөргөсөн. Араас машин сигналдсан зүйл байхгүй. Тэгээд хөдлөөд явахаар нь би машины копут хэсгээс нь барьсан. Тэр чигээрээ хаазлаад давхисан. Намайг унагах гэж займчиж шахсан. Машины дугуйнд нь миний хөл 2, 3 удаа цохигдсон. Намайг алах зорилготой байна гэж бодсон. Тэгээд би хажуу тийшээ унаж, замын хашлагад цохигдсон.

Надад Эд өс хонзон санасан зүйл байгаагүй. Хажууд байсан хүмүүс намайг үхэх нь байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр очсон. Тухайн үед Э нь машинаараа урдаа явсан машиныг шахаж гүйцэж түрүүлээд, хоёр тийшээ займчиж хурдтай явсан. Миний гар ч тавигдаад үхэх юм байна гээд унасан. Би машины копутны гол хэсгээс бариагүй, Этэй харьцаж байсан болохоор машины жолооч тал руу илүү ойрхон барьсан байсан.

Гомдолтой байна, хохирлын эмчилгээний зардлын 440.000 төгрөгөө гаргуулмаар байна. Харин 2 худаг гарсан гэрээний мөнгийг энд нэхэмжилж болдог эсэхийг хэлж мэдэхгүй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Г-ын Т “... би “Номгон Хайрхан оргил” ХХК-нд гүйцэтгэх захирлаар 2020 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд манай байгууллага нь гүний худаг усжуулалтын ажил гүйцэтгэдэг юм. Тэгээд манай компани нь 2022 оны 4 дүгээр сард Монголиан Майнинг Супортинк Сервис ХХК-тай Нарны зам дагуу байрлах “Цома” гэх нэртэй оффис дээр Дорнод аймгийн Матад сумын “Хар сэрвүүн” нэртэй уурхайд үйлдвэрийн зориулалттай гүний 2 худаг ухуулахаар 64.000.000 төгрөгөөр тохиролцон гэрээ байгуулсан. Тухайн Монголиан Майнинг Супортинк Сервис ХХК нь манай компанид урьдчилгаа болгож 50 хувь буюу 32.000.000 төгрөгийг манай компаний дансанд шилжүүлсэн. Гэрээний дагуу манай компани ажлаа хийж гүйцэтгэж дуусгаад Монголиан Майнинг Супортинк Сервис ХХК-ний хуулийн зөвлөх А гэх хүнд хүлээлгэж өгөөд Монголиан Майнинг Супортинк Сервис ХХК-ний захирал Этэй утсаар яриад “ажил дууссан үлдэгдэл төлбөрөө төлөөрэй” гэхэд Э нь “ажил явдал гарсан" гэж хэлээд 7 хоног алга болсон. Тэгээд холбогдоход Э нь “би уурхай дээрээ очоод 72 цаг гоожуулж үзээд төлбөрөө төлнө” гэж хэлээд мөн адил олон хоног алга болсон бөгөөд “асуудалгүй болсон байна мөнгө төгрөгийг чинь төлнө” гэж шалтаг шалтгаан хэлээд алга болсон.

Ингэж Монголиан Майнинг Супортинк Сервис ХХК-ний захирал Э бид хоёрын дунд өр ширний асуудал үүссэн бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын уулзвар дээр Монголиан Майнинг Супортинк Сервис ХХК-ний захирал Этэй машинтай тааралдсан. Гэрлэн дохионы уулзвар дээр тааралдсан бөгөөд би машинаасаа буугаад Эгийн машины цонхыг тогшоод “гараад ир уулзъя” гэж хэлэхэд Э нь цонхоо онгойлгохгүй бууж ирэхгүй машинаараа хөдлөх гээд байхаар нь би машиных нь урд нь зогсоод “чи гараад ирээ уулзъя” гэж хэлэхэд Э нь “чамайг яасан ч яадаг юм” гээд машинаараа хаазлаад хөдөлсөн. Би копут дээр нь мөргүүлж гарсан бөгөөд унахгүйн тулд копутных нь ирмэгээс гараараа барихад Э нь намайг унагаах зорилгоор машинаараа 2 тал руу займчлаад хаазлаад байсан. Тэгээд замын баруун талд явж байсан машин руу хавчуулж унагаах гээд баруун гар тийшээ чиглэхээр нь “энэ нөхөр намайг алах юм шиг байна” гэж бодоод хажууд явж байсан машин зөрөөд өнгөрөхөөр нь би гараа тавиад зам дзэр унасан. Э нь тэр чигтээ яваад өгсөн. Э нь кабиндаа өөрөөсөө гадна 2 хүнтэй харагдаж байсан. Гэхдээ машины хаалгыг онгойлгоогүй машинаасаа бууж ирээгүй учраас сайн мэдэхгүй байна. Тухайн машин нь Тоёота харьер загварын, **** УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан бөгөөд жолоог Э нь өөрөө жолоодож байсан” /хх-н 12/ гэж,

гэрч Д-ийн Б  “... би 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумаас техникүүдээ татаж Улаанбаатар хот руу оруулж ирээд байрлуулсан байсан. Тэгээд Э захирлын машинд суугаад 2 жолооч нарын хамт Драгон орох гээд явж байсан. Явж байх замд Моносын уулзварын гэрлэн дохион дээр зогсож байхад гэнэт үл таних залуу ирээд Э захирлын машины цонхыг нь цохиод Э захирлыг “буугаад ир, энд үзье, зодолдъё” гээд заналхийлээд байсан бөгөөд тухайн үед ногоон гэрэл асаад ардаас машин тэрэг дуут дохиогоо өгөөд байхаар нь Э захирал тухайн үл таних залуугийн хажуугаар гарах гээд хөдлөхөд тухайн залуу нь Э захирлын машины хамар дээрээс нь гараараа тулаад зуурсан. Тэгсэн Э захирал гэнэт машинаа зогсоогоод “буугаач” гэж хэлэхэд тухайн залуу нь буухгүй байсан бөгөөд Э захирал зөөлөн хөдлөөд замын туслах зам руу орж зогсоход үл таних залуу нь уначихсан. Тэгээд тухайн үл таних залуу нь гайгүй босоод ирэхээр нь захирал машинтайгаа хөдлөөд яваад өгсөн” /хх-н 22/ гэж,

гэрч Р-гийн Г  “... би Этэй ажил төрлийн шугамаар танилцсан бөгөөд Булган аймгийн Бүрэгхангай суманд эксковатор засаад бид хоёр Булганы Бүрэгхангай сумаас хамт ирсэн юм. Эгийн машинтай явж байсан бөгөөд машинд бас Батсайхан гэх жолооч нарын хамт явж байсан. Моносын гэрлэн дохионы уулзвар дээр улаан гэрэл асаад зогсож байтал гэнэт нэг үл таних эрэгтэй хүн машины цонхыг цохиод хаалгыг нь татаад “буугаад ир” гээд орилж хашгираад байсан. Э нь хажуугаар нь явахаар хөдлөхөд тухайн үл таних залуу машины копуд хэсэг дээр өөрөө үсрээд гараад ирсэн. Тэгэхэд Э машинаа зогсоогоод тухайн үл таних залууд хандаж “чи буугаачээ” гэхэд тухайн үл таних залуу буухгүй байсан. Э машинаа хөдөлгөөд туслах зам руу орохоор зөөлөн явсан бөгөөд тэр үед тухайн үл таних залуу нь унах шиг болсон. Тэгээд Э нь хөдөлж яваад Драгон ороод би тэндээ буусан. Э тухайн үл таних залууг буу гэж хэлэхэд буухгүй байсан бөгөөд түүнийг буулгах гэж 2 тийшээ машинаараа займчсан үйлдэл гаргахад тухайн залуу нь замын хажуу руу унасан. Гэхдээ хурдтай биш зөөлөн явж байсан. Тухайн үл таних залууг мөргөсөн, дайрсан, чирсэн асуудал байхгүй” /хх-н 24/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Г.Тгийн биед дал, бүсэлхий, өвдөгт зулгаралт, гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэсэн 11976 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргаснаас гадна  /хх-н 27-28/,

шинжээч эмч Н.Туяа “... дээрх гэмтэл унах, цохигдох хүчний улмаас үүссэн байх боломжтой гэмтэл. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд ... /хх-н 47-48/ гэж мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн “Тоёота кроун” загварын **** УАВ улсын дугаартай автомашины хяналтын камер /хар хайрцаг/-ны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгийн гэрэл зургууд /хх-н 108-119/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 120-126/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Э-гийн өмгөөлөгч Б.Очбадар “... гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарахад Г.Тгийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, ... явган зорчигч нь Замын Хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, П.Эг цагаатгуулах” гэсэн,

хохирогч Г.Тгийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун “... П.Эгийн автомашинд зорчиж байсан хүмүүсийн мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг нь сонирхолын зөрчилтэй, тухайн автомашин хэний эзэмшилийнх гэдгийг шалгаж тогтоогоогүй, хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” гэсэн байр суурь тус тус илэрхийлж оролцов.

 

Хохирогч, шүүгдэгчийн тайлбараас үзвэл иргэн П.Э нь “ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу төлбөл зохих мөнгөө иргэн Г.Т-д бүрэн төлөөгүй, эдгээр хүмүүс уулзалдахгүй байж байгаад 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хэн аль нь замын хөдөлгөөнд оролцож явахдаа гэрлэн дохиогоор зохицуулдаг замын уулзварт тааралдаж, улмаар Г.Т нь П.Э-тэй уулзаж ярилцах гэсэн боловч тэрээр өөрийн жолоодож явсан автомашинаас буулгүй, цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэх явцад түүний автомашины копут хэсгээс Г.Т зүүгдэж явсаар тодорхой хэмжээний зам туулсаны дараа унаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол /гэмтэл/ учирсанаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” энэ гэмт хэрэг үйлдэгджээ.

 

Гэвч энэ үйлдлийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас үйлдэгдсэн Эрүүгийн хэрэг эсхүл Зөрчлийн хэрэг гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Нөгөөтэйгүүр хохирогч Г.Т-г “явган зорчигч гэж” буюу явган зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Тухайн үед үүссэн маргаантай асуудлыг шүүгдэгч П.Э эв зүйгээр зохицуулахын оронд тээврийн хэрэгслээр цааш хөдөлгөөнд оролцож, улмаар хохирогч Г.Тг унагаж эрүүл мэндэд нь хохирол учруулж байгаа үйлдлийг гэм буруугийн санаатай үйлдэл гэж үзнэ.

 

Харин шүүгдэгч П.Э-гийн үйлдлийг “Хүнийг алах” гэмт хэргийн завдалт гэж үзэх үндэслэлгүй. Учир нь, уг гэмт хэргийн сэдэл, санаа зорилго нь анхнаасаа хүний амь насыг хохирооход шууд чиглэсэн санаатай үйлдэл байдаг бол энэ хэргийн хувьд тухайн цаг хугацаанд бий болсон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үүсчээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадар, хохирогчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун нарын гаргасан дээрх хүсэлтүүдийг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт П-гийн Эг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч П.Эгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосны дараа улсын яллагч С.Бичинхүү эрүүгийн хариуцлагын талаарх саналаа хэлэхдээ “... шүүгдэгч П.Эг 800.000 төгрөгөөр торгох” гэснийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадар “... тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын хамгийн доод хэмжээгээр торгож өгнө үү” гэснийг,

хохирогчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун “... улсын яллагчаас оруулсан ялын саналтай санал нэг байна” гэснийг тус тус хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд эдгээрт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс ямар ял сонгож, ялын хэмжээг тогтоох нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч П.Э-гийн компани буюу аж ахуйн нэгж нь одоогоор тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэсэн түүний өөрийнх тайлбар мэдүүлгээс үзвэл түүнд “торгох” ял оногдуулахад зохимжгүй, “зорчих эрхийг хязгаарлах” ялын хувьд түүний цаашид бизнесийн үйл ажиллагаагаа зохицуулахад хязгаарлагдмал байдлыг бий болгоно гэж шүүх үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч П.Э-гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзахын зэрэгцээ “... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэх, ял хариуцлага гарцаагүй байх үүднээс шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил биелэгдэх болон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч П.Эд урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн хэрэгжиж биелсний дараагаас шүүгдэгч П.Э-д авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг шүүх өөрчлөх боломжтой.

 

Шүүхийн шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.

 

Шүүгдэгч П.Эгийн хувийн байдалтай холбоотой:

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, АСАП сангийн лавлагаа /хх-н 38-39/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Г.Т-гийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун “кассын орлогын ордер” гэсэн 2 хуудас баримтыг шүүх хуралдаан эхлэхэд нотлох баримтаар өгч, үүнтэй холбоотойгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс MRI шинжилгээний бичгийн “эх хувь”-ийг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэхгүй орхиж, харин нотлох баримтыг шинжлэн судалснаар дээрх баримтууд нь хохирол нэхэмжлэхтэй холбоотой нотлох баримтын шаардлагыг хангаж байна, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хохирогч Г.Т эмнэлгийн байгууллагад хандаж үзлэг хийлгэхээр нийт 440.000 төгрөг тушаажээ гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч П.Эгээс дээрх 440.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Т-д олгохоор шүүх шийдвэрлэсний дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хохирол төлөхөөр тодорхой хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, улмаар хохирогч Г.Т-гийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч П.Э нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч П.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт П-гийн Эг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч П.Э шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч П.Эд 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч П.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Хохирогч Г.Т гомдолтой гэснийг, шүүх хуралдаанаар хэлэлцээд гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлын мөнгө болох 440.000 төгрөгийг шүүгдэгч П.Э төлж барагдуулсныг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.Э-д авсан “хувийн баталгаа гаргах” болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ