| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0129/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/158 |
| Огноо | 2023-09-05 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/158
2023 09 05 2023/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,
Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Цийн Бд холбогдох эрүүгийн 2309000000655 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 6 дугаар сарын 28-нд Увс аймгийн ......... суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Завхан сумын ....... дүгээр баг Хайрхан хороолол 1-13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ш овогт Цийн Б /РД: ОГ............../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь Монгол улсын Боловсролын их сургуулийн D200404237 дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Увс аймгийн Завхан сумын Ерөнхий боловсролын сургуульд 2005 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус сургуулийн захирлын тушаалаар биеийн тамирын багшаар ажилд орж 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Ц.Бг хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь Монгол улсын Боловсролын их сургуулийн D200404237 дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Увс аймгийн Завхан сумын Ерөнхий боловсролын сургуульд 2005 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус сургуулийн захирлын тушаалаар биеийн тамирын багшаар ажилд орж 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашигласан болох нь:
Өмчийн хэлбэр үл харгалзан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийх ажпын удирдамж (хавтаст хэргийн 10-13 дахь тал),
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга (хавтаст хэргийн 14-29 дэх тал),
Монгол Улсын Боловсролын Их сургуулийн ректорын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 327 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралын хуулбарууд (хэргийн 30-31 дэх тал),
Увс аймгийн Завхан сумын 9 жилийн дунд сургуулийн захирлын 2005 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 39 дэх тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Чн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ц.Б нь 2005 оноос хойш Завхан сумын ЕБС-д биеийн тамирын багшаар одоог хүртэл ажиллаж байна. Ц.Б багш Завхан сумын ЕБС-д 18 жил тасралтгүй ажиллаж байгаа юм. Манай сургуульд Ц.Б багштай холбоотой ямар нэг нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй болно.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дэх тал),
Гэрч Ч.Эгийн /БШУЯамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, Багш нарын дипломыг рdf файлаар татаж авах, архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжпийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажпыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжпийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад ЕSIS, НЕМIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан харин ЕSIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ESIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS програм буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Улсын хэмжээний цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтнуудын дипломыг өөрсдөөс нь хуулбар байдлаар гаргуулж аваад түүнийгээ архивын материал, системийн бүртгэл, төгсөгчдийн дипломын бүртгэл, захирлын тушаалууд зэрэг мэдээллийг тулгаж байж зөрчлийг гаргаж ирж байгаа юм. Тухайн шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь дан хуулбар материал дээр үндэслэн хийсэн бөгөөд шалгалтын явцад зөрчилтэй гэж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн иргэдийн дипломтой холбоотой цугларсан баримтуудыг одоо миний бие хадгалж байгаа. Түүнийг байгууллага хоорондын бичгээр болон тухайн улсын байцаагчаар дамжуулж хүлээлгэн өгч болно." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58 дахь тал),
Гэрч Я.Нгийн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /Еsis программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63 дахь тал),
Гэрч А.Тнийн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “БШУЯамны сайд Л.Эгийн тушаалын дагуу 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Н, Д, Б, С нарын хамт ажилласан юм. Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/. 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67 дахь тал),
Гэрч Н.Бгийн /Боловсрол, шинжпэх ухааны яамны Боловсрол мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг. ЕSIS систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь Нemis буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний PDF, ДБ гэсэн үг нь их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-76 дахь тал),
Гэрч Д.Агийн /Боловсрол, шинжпэх ухааны яамны Цахим бодлого статистикийн хэлтэст шинжээч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4. 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн, статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Нemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-82 дахь тал),
Гэрч Л.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2000-2004 оны хооронд Монгол Улсын боловсролын их сургуулийг биеийн тамирын сургуульд биеийн тамирын багш мэргэжпээр дөрвөн жил Р.Т багшийн удирдлага дор төгсөж байлаа. Миний дипломны дугаар Э200404237 байдаг. Миний диплом одоогоор ажил дээр минь байгаа. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд биеийн тамирын багшаар 19 дэх жилдээ ажиллаж амьдарч байна. Надад тухайн сургууль төгсөж байхдаа авахуулсан зураг байгаа. Тухайн үед биеийн тамирын багшийн ангид 2, дасгалжуулагч багшийн анги 1 байсан. Ингээд нийт гурван анги байдаг байсан. Цийн Б гэж хүнийг би танихгүй. Танихгүй хүн байхыг үгүйсгэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал),
Гэрч Л.Эын мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн D200404237 дугаартай дипломын хуулбар, оюутны ажил байдлын тодорхойлолт, дүнгийн хуулбар, төгсөлтийн зураг зэрэг баримтууд (хавтаст хэргийн 103-110 дахь тал),
Шүүгдэгч Ц.Бны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Шонхор биеийн тамирын дээд сургуулиас Монгол Улсын боловсролын их сургуульд шилжихдээ 3-р курсын оюутан байсан юм. Тухайн жилдээ тэмцээнд оролцож бэртэл авсны улмаас гэртээ өөрийгөө эмчилж 2005 оны 9 сард Увс аймгийн Завхан сумын сургуульд биеийн тамирын багшаар ажилд орж 1 жилийн дараа тухайн диплом гарчисан байгаа гэж надад хэлсэн юм. Би 2005 онд тус аймгийн Завхан сумын ЕБС-ын сургуульд анх биеийн тамирын багшаар ажилд орж байсан тухайн сургуульд одоог хүртэл башгаар ажиллаж байгаа өөр ямар нэгэн сургуульд багшаар ажиллаж байгаагүй. Би ажилд анх орохдоо Багшлах эрхийн шалгалтад орж тэнцсэн тодорхойлолт, мэргэжлийн диплом, ажилд орох хүсэлт, игэний үнэмлэхний хуулбар зэрэг бичиг баримт бүрдүүлэн анх ажилд орж байсан. 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот ороод Д.Г багштай уулзахад чиний диплом гарсан байгаа МУБИС дээр ирээд авчих гэж хэлсэн. Би дипломоо аваад Завхан сумын дунд сургуульд 2005 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр ажилдаа орж ажиллаж байсан. Би Шонхор биеийн тамирын дээд сургуульд суралцаж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 141-142 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл,журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Боловсролын диплом гэдгийг тухайн үед мөрдөн байсан Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны боловсролын баримт бичиг гэж ойлгоно.
Мөн Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120 багц цагаас доошгүй байна” гэсэн шаардлага хангахгүй буюу МУБИС-д огт суугаагүй атлаа тус сургуулийн D200404237 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн хуурамч диплом болохыг мэдсээр байж Увс аймгийн Завхан сумын Ерөнхий боловсролын сургуульд 2005 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус сургуулийн захирлын тушаалаар дээд боловсролтой бакалавраас доошгүй зэрэгтэй хүн ажиллах шаардлагатай биеийн тамирын багшийн ажилд орохдоо ашиглаж, тухайн дипломыг ашиглан ажлын байрандаа 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилласан байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 он 8 дугаар сарын 29-ний өдрийн 63 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн D200404237 дугаартай бакалаврын диплом, дипломыг хавсралт нь шинжилгээнд тэнцэцнэ. Шинжилгээнд тэнцсэн D200404237 дугаартай бакалаврын диплом, дипломын хавсралтыг ердийн хэрэглээний цаасан дээр өнгөт хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан үйлдсэн байна. Уг диплом, дипломын хавсралт нь хэт ягаан туяаны гэрэлд өдөөгдөх үнэт цаасны шинж тэмдгүүд илрээгүй. Дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй ” гэх дүгнэлтээр шүүгдэгч Ц.Батсайханы диплом ердийн хэрэглээний цаасан дээр өнгөт хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Бны D200404237 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн хуурамч диплом болохыг мэдсээр байж Увс аймгийн Завхан сумын Ерөнхий боловсролын сургуульд 2005 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл тухайн дипломыг ашиглан ажлын байрандаа ажилласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэж тодорхойлсон “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч Ц.Быг тухайн ажлын байранд 2005 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл уг дипломыг ашиглан ажилласан гэж яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Гэвч хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн объектив талын шинжээс шалтгаалан гэмт хэрэг төгссөн цаг хугацаа өөр өөрөөр тогтоогдож болно. Тухайлбал “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байж болно.
Ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж бөгөөд шүүгдэгч Ц.Б нь хуурамч дипломыг анх ажилд орохдоо ашигласан үеэс эхлэн дээд боловсролтой бакалавраас доошгүй зэрэгтэй хүн ажиллах шаардлагатай биеийн тамирын багшийн ажлын байранд уг хуурамч дипломыг ашиглан ажиллаж байгаа нь удааширсан үйлдэлд тооцогдоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасан бөгөөд энэ гэмт хэргийн хор уршиг нь 2005 оны 9 дүгээр сарын 02-ээс бий болж эхэлсэн боловч 2022 оны 9 дүгээр сарын 06-нд гэмт хэргийг илрүүлсэн үеийг төгссөнд тооцож яллаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгчийг хуурамч дипломтой болохыг 2022 он 9 дүгээр сарын 06-нд тогтоосон өдрөөс хойш хууль сахиулах байгууллага, ажил олгогчийн аль алинд нь түүнийг цаашид тухайн ажлын байранд ажиллуулахгүй байх боломж байсан боловч энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс шүүгдэгч тухайн ажлыг гүйцэтгэсэн нь шүүгдэгчийг буруутгах үндэслэл болохгүй тул гэмт хэргийг илрүүлсэн үед нь төгссөнд тооцно.
Шүүгдэгч Ц.Б нь огт суралцаагүй сургуулийн дипломыг авах эрхгүй гэдгээ мэдсээр байж буюу D200404237 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн тул түүний үйлдэл гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулсанд тооцогдох үндэслэлтэй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б“Энэ хэрэгтэй холбоотойгоор 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаан болсны дараа миний бие Улаанбаатар хот руу 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр явсан. Улаанбаатар хот руу явахдаа Боловсролын зээлийн газар, Боловсролын их сургууль, Боловсролын яам, Эдийн засгийн яам, Гадаад хэргийн яам гэсэн 5 газар орсон. Мөн 3-р курсдаа дадлага хийж байсан Хайлаастын 72-р сургуулийн удирдаж байсан Ц, Б, О багш нартайгаа уулзахаар очсон. Очиход нэг багш нас барсан, нэг нь ажилаас гарсан бөгөөд О багштайгаа уулзсан. О багштайгаа уулзаад намайг дадлага хийж байсан талаар гэрчийн мэдүүлэг өгөх боломж байна уу гэхэд хэрвээ цагдаагийн газраас надаас мэдүүлэг авах боломж байвал би мэдүүлэг өгье гэсэн. Боловсролын зээлийн хэлтэс дээр очсон. Манай ээж эм зүйчийн чиглэлээр эмнэлэгт ажилладаг байсан. Тухайн үед төрийн сангаар төрийн албан хаагч үнэ төлбөргүй төлбөргүй сурдаг байсан. Миний төрийн сангаар сурч байсан мэдээлэл авах зорилгоор Г гэх хүнтэй уулзсан бөгөөд тухайн үед Боловсролын зээлийн газарт авлигатай тэмцэх газраас шалгалт орсон байсан тул танд лавлагаа гаргах боломжгүй байна. Та хэд хонгоос 7004-7009 дугаар луу залгачих гэхээр нь энд ирээд залгасан болохгүй байсан. Аймгийн архиваас бас мэдээлэл шүүж үзэхэд 19 жилийн өмнөх зүйлийг хайхад нэлээн хүндрэл гарс байсан. Тэгж явж байхдаа үелээ Барсүрэн мөрдөгчтэй холбогдож надад гэрчээр мэдүүлэг өгөх хүмүүс байгаа талаар хэлсэн. Боловсролын Их сургууль ороход амралтын үе байсан учир сургууль засвартай байсан тул мэдээлэл авах боломж хомс байсан. Гадаад хэргийн яам руу орж Солонгос явах виз мэдүүлж байсан баримтуудаас сургуулийн тодорхойлолт байгаа тэрийг авах шаардлагатай гэж хэлсэн. 2023 оны 7 дугаар сарын 20-нд Барсүрэн төлөөлөгч над руу залгасан “Би тухайн үед Улаанбаатарт ажилтай байна. Улаанбаатарт байгаа хүмүүсээс мэдүүлэг авах боломж байгаа юу гэхэд та тэр талаар тантай ярина. Та цагдаагийн газар дээр ирэх шаардлагатай байна гэж хэлсэн учир цагдаагийн байгууллага дээр ирэхэд Та ажлаас гарсан өргөдөл, 5, 6 дугаар сарын цалингийн тооцоо, ажлаас халсан захирлын тушаал зэргийг авч ирж өгөө гэсэн. Би бичиг баримтаа Б мөрдөгчид өгсөн. Дахиад Улаанбаатар хот руу явах боломж гараагүй” гэх мэдүүлэг өгсөн тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Бмөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Шонхор биеийн тамирын дээд сургуулиас Монгол Улсын Боловсролын их сургуульд шилжихдээ 3-р курсын оюутан байсан юм. Тухайн жилдээ тэмцээнд оролцож бэртэл авсны улмаас гэртээ өөрийгөө эмчилж 2005 оны 9 сард Увс аймгийн Завхан сумын сургуульд биеийн тамирын багшаар ажилд орж 1 жилийн дараа тухайн диплом гарчихсан байгаа гэж надад хэлсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 141-142 дахь тал) нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй болно.
Хохирол хор уршиг
Шүүгдэгч Ц.Бныг Монгол улсын Боловсролын их сургуулийн D200404237 дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Увс аймгийн Завхан сумын Ерөнхий боловсролын сургуульд 2005 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус сургуулийн захирлын тушаалаар биеийн тамирын багшаар ажилд орж 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашиглаж Увс аймгийн Завхан сумын Ерөнхий боловсролын сургуульд 141.228.482 төгрөгний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай сургуульд Ц.Б багштай холбоотой ямар нэг нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй болно.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дэх тал)-ээр шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2.Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Бнь Хуурамч бичиг баримт ашигласан үйлдэл нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Бурьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар (хавтаст хэргийн 158 дахь тал)-аар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Н.Эийн өгсөн “2008 оны 8 дугаар сард гэр бүл болоод одоо 3 хүүхдийн хамт амьдарч байна. Ц.Бнь төлөв даруухан, элдэв муу зуршил байхгүй, ажилсаг тусархуу, үг дуу цөөтэй, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, эелдэг, зөөлөн харилцаатай, сайхан сэтгэлтэй уурлаж уцаарлаад байдаггүй, хүний урдаас үг хэлээд байдаггүй, илүү дутуу зан байдаггүй, хар бор ажилд сайн, ажил голдоггүй, ахмад настныг хүндэлдэг, тусархуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, ямар нэг муу зуршилгүй, гэр бүлдээ халамжтай, урд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97 дахь тал), Гэрч Ц.Гын өгсөн “Ц.Бнь төлөв даруухан, элдэв муу зуршил байхгүй, ажилсаг тусархуу, үг дуу цөөтэй, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, эелдэг, зөөлөн харилцаатай, сайхан сэтгэлтэй уурлаж уцаарлаад байдаггүй, хүний урдаас үг хэлээд байдаггүй, илүү дутуу зан байдаггүй, хар бор ажилд сайн, ажил голдоггүй, ахмад настныг хүндэлдэг, тусархуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, ямар нэг муу зуршилгүй хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99 дэх тал)-үүд авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.Бны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Ц.Бны хуурамч диплом ашиглан ажилд орж, авсан цалин хөлс нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хамаарна.
Улсын яллагчаас 2005 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны дүгээр сарын 06-ны өдрийг дуустал Увс аймгийн Завхан сумын Ерөнхий боловсролын сургуульд Биеийн тамирын багшаар ажиллахдаа 141.228.482 төгрөгийн цалин авсныг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж, шүүгдэгч Ц.Бны хувьд ногдох хөрөнгөөөс хурааж улсын орлого болгох санал гаргасан байна.
Шүүгдэгчийг хуурамч дипломтой болохыг 2022 он 9 дүгээр сарын 06-нд тогтоосон өдрөөс хойш хууль сахиулах байгууллага, ажил олгогчийн аль алинд нь түүнийг цаашид тухайн ажлын байранд ажиллуулахгүй байх боломж байсан боловч энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс шүүгдэгч тухайн ажлын байранд ажиллаж цалин авсан нь шүүгдэгчийг буруутгах үндэслэл болохгүй тул прокуророос 2022 он 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл авсан цалинг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцож, хураах санал гаргаж байгаа нь үндэслэлтэй.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн мэдээллийн сангийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн тооцож үзэхэд шүүгдэгч Ц.Бд 2005 оны 9 дүгээр сараас сараас 2022 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 128.980.226 төгрөгийн цалин олгосон,
Шүүгдэгч Ц.Б нь 2005 оны 9 дүгээр сараас эхлэн тасралтгүй ажил эрхэлж байсан тул түүний авсан цалингаас тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон түүний өөрийн болон гэр бүлээ тэжээх амьжиргааны зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай нөхцөлийг харгалзан хасаж тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2005 оны 9 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 42.500 төгрөгөөс 420.000 төгрөг болж 10 удаа өөрчлөгдсөн байна. Энэ хугацаанд тухайн сар бүр мөрдөгдөж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нийлбэр нь 38.228.776 төгрөг болж байгаа тул гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 128.980.226 төгрөгөөс хасаж, 90.751.450 төгрөгийг шүүгдэгч Ц.Бны гэмт хэрэг үйлдэж олсон орлогож гэж үзэн, түүнд ногдох хөрөнгө орлогоос хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D200404237 дугаартай дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Цийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан шүүгдэгч Ц.Бд 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дэх хэсгүүд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бны гэмт хэрэг үйлдэж олсон орлого 90.751.450 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D200404237 дугаартай дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ