Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/159

 

2023       09          06                                        2023/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,

Шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Дийн Гд холбогдох эрүүгийн 2335000000191 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..... оны 05 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Н суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Увс аймгийн Тариалан сумын ...... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Г овогт Дын Г /РД:ОТ90052376/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Гнь Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн төв Хар толгой гэх газарт байрлах иргэн Н.Цийн хүн байнга амьдрах орон байр буюу цоожтой байсан монгол гэрт 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нэвтрэн орж талийгаачийн зургийн өмнө байсан бэлэн 20.000 төгрөгийг хулгайлж, хохирогчид 20.000 төгрөгийн хохирол учруулсан,

Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хар толгой гэх газарт иргэн О.Мын цоожтой байсан монгол гэр буюу хүн байнга амьдрах орон байранд 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд нэвтрэн орж хөөрөг, нэг нүдний дуран, Royal гэх бичиглэлтэй үнэртүүлэгч зэргийг хулгайлж, хохирогчид 163.000 төгрөгийн хохирол учруулсан,

Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хар толгой гэх газарт байрлах иргэн Ц.Жгийн цоожтой байсан монгол гэр буюу хүн байнга амьдрах орон байранд 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нэвтрэн орж дунд гарын хоёр ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс зэргийг хулгайлж, хохирогчид 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Бын хүн байнга амьдрах орон байр буюу монгол гэрийн тооноор 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нэвтрэн орж бэлэн 25000 төгрөг, ИOMAD нэртэй 1 литрийн савтай архи зэргийг хулгайлж, хохирогчид 75000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.Гыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

1. Шүүгдэгч Д.Гнь Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн төв Хар толгой гэх газарт байрлах иргэн Н.Цийн хүн байнга амьдрах орон байр буюу цоожтой байсан монгол гэрт 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нэвтрэн орж, жаазтай зургийн өмнө байсан 20.000 төгрөгийг авсан болох нь:

Хэргийн газарт 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 144-148 дахь тал),

Хохирогч Н.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар баг буюу Хархираа багын төвд өөрийн хүү Ц.Дгийн хамт үхрээ туугаад Сэртгэрийн худаг гэх газар үхрээ тууж Б гэх айлд хүргэж өгөөд тухайн өдрийн 15 цагийн орчимд гэртээ ирэхэд миний гэрийн хаалга онгорхой, гэр цоожилсон цоожийг ямар нэгэн зүйлээр эвдээд хаалганы хажууд орхисон байсан. Гэрт ороход миний талийгаач эхнэрийн зурагтай жаазанд байсан 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг байсан. Би гэр цоожилсон хар өнгийн цоожийг 2022 оны 08 дугаар сард Тариалан сумын дэлгүүрээс 6000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд хэвийн ажиллагаатай түлхүүрээр онгойдог байсан. Миний эзэмшлийн монгол гэрийн цоожийг үл таних хүн эвдэн орж талийгаач эхнэрийн минь зурагтай жаазанд байсан төгрөгийн 1 мөнгөн дэвсгэрт 1 ширхэг байсныг хулгайлсан байсан. Миний эзэмшлийн монгол гэрт хулгай орсонд хардаж сэжиглэж байгаа хүн байгаа. 2023 оны 06 дугаар сарын 07-ний өдөр манай багт амьдардаг Д.Г гэх залуу ирж хоносон бөгөөд тухайн залуугийн ах Улаангом явсан учир манайд 1 хоног өнгөрүүлье гэж гуйхаар нь зөвшөөрсөн. Тухайн үед гэрийн цоожийг эвдсэн бахийг гэрийн хаалганы хажуугаас олсон бөгөөд тэр бахийг амбаарт байхыг Д.Г мэддэг байсан. Д.Гнь миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 154-155, 157 дахь тал),

Гэрч Г.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Тариалан сумын 6 дугаар багын төвд амьдардаг. Тус багт газар тариалан хувиараа эрхэлдэг. Н.Ц бид хоёр тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хамт оршин суудаг бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөрийн хүүтэйгээ үхрээ айлд хүргэж өгөөд буцаад ирэхэд гэрийнхэн цоожийг эвдээд гэрт байсан жаазнаас 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг хулгайлагдсан тухайн үедээ тус багт оршин суух Д.Г гэх хүнийг хардаж, сэрдэж байна. Д.Г нь үзэгдвэл хэлээрэй гэж хэлснээс хойш 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр орой танил ах болох Нгийн амбаарт Д.Г нууцаар ороод унтаж байхаар нь Н.Ц ахад Д.Г нь энд байгаа талаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 159-160 дахь тал),

Гэрч С.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Тариалан сумын 6 дугаар багт байх Н.Ц, Д.Гнарыг багийн хүмүүс гэдэг утгаар нь танина. Харин энэ хоёр хүнтэй төрөл садангийн холбоо байхгүй. Н.Цийн гэрт 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хулгай орсон талаар Б гэх залуугаас сонссон бөгөөд тэрнээс хойш буюу 2023 оны 06 дугаар сарын 13-ны орой Н.Цийн гэрт Д.Горж хулгай хийж буюу М гэх айлаас мөнгөн аяга хулгайлсан зүйлтэйгээ баригдсан талаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 161-162 дахь тал),

Гэрч Т.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би эхнэрийн хамтТариалан сумын 6 дугаар багын төвд “Алтан зүрхийн овоо” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Би Д.Гыг танин бид нэг багт амьдардаг мөн аав ээжийн бас таньдаг байсан. Манай багт оршин суудаг Д.Гнь 2023 оны 06 дугаар сарын 08-ны 18 цагийн үед 20.000 төгрөгийн 1 ширхэг мөнгөн дэвсгэртээр 0,75 литрийн 1 шил ерөөл нэртэй архи болон тамхи худалдан авалт хийсэн. Д.Г нь 2023 оны 06 дугаар сарын 08-нд орж ирэхдээ талбайгаа усалж байна гэж хэлээд 20.000 төгрөгийн худалдан авалт хийсэн биедээ ямар нэгэн эд зүйл авч явж харагдаагүй”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 164-165 дахь тал),

Шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай “.Шинжилгээнд ирүүлсэн цоож нь хэвийн ажиллагаагүй, цоожний их биеийн дээд хэсэгт өнгөц гэмтсэн байна. Дээрх гэмтэл нь хатуу зүйлээр хүчтэй цохих, хөших хүчний үйлчлэлээр буюу эвдлэгч багаж хэрэгслээс үүссэн гэмтэл байна. Уг цоожийг дахин ашиглах боломжгүй. Цоожийг хатуу зүйлээр хүчтэй цохих, хөших хүчний үйлчлэлээр буюу эвдлэгч багаж хэрэгслээр онгойлгосон байна. Шинжилгээнд ирүүлсэн цоожийг өөрийн түлхүүрээс өөр ямар нэг тодорхой багаж буюу бусад зүйлээр онгойлгож болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 173-175 дахь тал),

Шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 109 дугаартай “Тус аймгийн Тариалан суманд 2023 оны 06 дугаар сарын байдлаар хятад жижиг цоожны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 3.000 /гурван мянга/-н төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 181 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.

2. Шүүгдэгч Д.Гнь Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хар толгой гэх газарт иргэн О.Мын цоожтой байсан монгол гэр буюу хүн байнга амьдрах орон байранд 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд нэвтрэн орж чулуун хөөрөг, нэг нүдний дуран, Royal гэх бичиглэлтэй үнэртүүлэгч зэргийг авсан болох нь:

Хэргийн газарт 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 87-90 дэх тал),

Эд зүйлд 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 92-94 дэх тал),

Хохирогч О.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн гэр болон хашааг хятад цоожоор цоожлоод явсан 2023 оны 06 дугаар сарын 13-ны ирэхэд гэрийн хаалга онгорхой. Би гэрт ирчхээд гэрийн дотор байсан зүйлийг бүртгэж үзэхэд унинд өлгөөстэй хөөрөг мөн даалин дотор байсан 30.000 төгрөгийн хамт алга болсон. Манай аавын хөөрөг бөгөөд надад уламжилж ирсэн. Энгийн толгойтой халтар манан хөөрөг байсан. Би тухайн цоожийг 2-3 жилийн өмнө авсан бөгөөд зөвхөн түлхүүрээрээ онгойдог ажиллагаа хэвийн байсан. Өглөө нь би гэрийн ойролцоо хайсан боловч олоогүй мөн манай гэр лүү хүн орсон зүйлийг ажиглаж хараагүй. Мөн тухайн хүн хүчээр орсон бөгөөд хаалганы тав төмрийг гөнжиж сууринаас гаргасан байсан. Би тухайн дуранг 2015 онд Улаангом сумаас худалдаж авч байсан бөгөөд тухайн үед хэдэн төгрөгөөр худалдан авч байсныг хэлж мэдэхгүй байна. 2015 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд одоо хүртэл ажиллагаа хэвийн. Би 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр явахдаа дуран болон хөөрөг байсан бөгөөд 13-нд ирэхэд байхгүй байсан. Мөн хөөрөгний даалинд байсан хөх өнгийн үнэртүүлэгч байсан бас алга болсон. Миний хөөрөг том хэмжээтэй болон үнэт чулуугаар хийгээгүй толгой нь энгийн боловч үе дамжсан хөөрөг гэдэг нь чухал учраас Д.Г бид хоёр хоорондоо тохиролцож хохирол барагдуулсан бөгөөд хохирол төлж барагдуулсантай холбогдуулан гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104, 106, 108 дахь тал),

Гэрч Т.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би эхнэр Бгийн хамт тариалан сумын 6 дугаар багийн төвд “Алтан зүрхийн овоо” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Би Д.Гыг танина. Д.Г тус багийн өөрийн төрсөн ах Д.Сгийн хамт амьдардаг Д.Г хааяа архи ихээр хэрэглэх болсон. Манай дэлгүүрээс Д.Г2023 оны 06 дугаар сарын 11 -ний өдөр 18.000 төгрөгөөр дэлгүүрт зарагдаж байсан “Алтан сүлд” нэртэй 0.75 литрийн ширхэг архи, хэдэн ширхэг тамхи авсан тооцоогоо бэлэн хийсэн Д.Г худалдан авалт хийхдээ 18.000 төгрөгөөр худалдан авалт хийсэн биедээ өөр ямар нэгэн эд зүйл авч явсныг үзэж хараагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110-111 дэх тал),

Шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цоож нь хэвийн ажиллагаагүй, цоожний их биеийн дээд хэсэгт өнгөц гэмтсэн байна. Дээрх гэмтэл нь хатуу зүйлээр хүчтэй цохих, хөших хүчний үйлчлэлээр буюу эвдлэгч багаж хэрэгслээс үүссэн гэмтэл байна. Уг цоожийг дахин ашиглах боломжгүй. Цоожийг хатуу зүйлээр хүчтэй цохих, хөших хүчний үйлчлэлээр буюу эвдлэгч багаж хэрэгслээр онгойлгосон байна. Шинжилгээнд ирүүлсэн цоожийг өөрийн түлхүүрээс өөр ямар нэг тодорхой багаж буюу бусад зүйлээр онгойлгож болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 115-117 дахь тал),

Шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаартай “Тус аймгийн Тариалан суманд 2023 оны 06 дугаар сарын байдлаар эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 163.000 /нэг зуун жаран гурван мянган/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 124 дэх тал)-ээр гэмт хэргийн улмаас хохирогч О.Мд 163.000 төгрөгийн учирсан болох нь тогтоогдож байна.  

3. Шүүгдэгч Д.Гнь Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хар толгой гэх газарт байрлах иргэн Ц.Жгийн цоожтой байсан монгол гэр буюу хүн байнга амьдрах орон байранд 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нэвтрэн орж дунд гарын хоёр ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс зэргийг авсан болох нь:

Хэргийн газарт 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-7 дахь тал),

Эд зүйлд 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

Хохирогч Ц.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Тариалан сумын 6 дугаар багийн нутагт байх өөрийн гэрийг хятад цоожоор цоожпоод талбай услахаар явсан. Талбайн ажил дууссаны дараа 22 цагийн үед гэртээ ганцаараа ирэхэд манай гэр цоожгүй байсан бөгөөд гэрийн эргэн тойронд цоож байхгүй байсан. Би гэр рүүгээ ороход гэрийн баруун талын орны өмнө нь ногоон өнгийн цүнхтэй хувцас байсан боловч хувцсыг ил гаргаад цүнх байхгүй байсан. Би талбай ажил хийгээд ирсэн учраас ядраад шууд унтсан. Маргааш өглөө нь босоод харахад хоолны шкаф дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан мөн авдрын ойролцоо ил байсан мөнгө бүс байхгүй байсан тул өөрийн утсаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Бага болон дунд хэмжээтэй мөнгөн аягийг 2018 онд найрны бэлгэнд ирсэн. Мөнгөн бүсийг 2020 онд Улаангом сумаас 40.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн цоожийг 2-3 жилийн өмнө авсан бөгөөд зөвхөн түлхүүрээр онгойлдог ажиллагаа хэвийн байсан. Өглөө нь би гэрийн ойролцоо цоожоо хайсан боловч олоогүй мөн манай гэр лүү хүн орсон зүйлийг ажиглаж хараагүй. Манай багийн төвд хамт байдаг М гэх залуу сумын цагдаатай хамт явж байхаар нь би уулзахад Мын гэрт мөн адил хүн орж хулгай хийсэн байна гэдгийг сонссон тул би өөрийн гэрээс эд зүйл алга болсон зүйлийг хэлсний дараа сумын цагдаа ирээд манай гэрт байсан цүнх болон дотор нь байгаа мөнгөн аяга бүсийг надад харуулсан бөгөөд тухайн зүйлийг хэн авсан гэдгийг нь бол тухайн үед хэлээгүй. Мөн манай багийн төвийн Д.Г нь байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж айл болгоноор ороод яваад байдаг учир уг хүнийг сэжиглэж байна. Д.Гнь манай гэрээс авсан эд зүйлүүдийг тухайн үед буцаан өгсөн ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй бөгөөд ашиглахад хэвийн байгаа тул миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 17 дахь тал),

Гэрч Г.Бгийн  мөрдөн байцаалтын шөтөнд өгсөн: “2023оны 06 дугаар сарын 14-ний өдөр үед дүү Ггийн хамт амбаараас талбай услахад ашигладаг цаас авах гээд амбаар руу ороход тус багт оршин суудаг Д.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь дуудаж босгоод гэртээ оруулж хоол унд өгсөн. Мөн урьд өмнө Ц гэх Д.Гыг гэрээс нь орж бэлэн мөнгө авсан гээд хайж байсан би байна та ирээд уулзчих гэхэд удалгүй ирсэн. Ц ах мөн адил сумын цагдаад мэдэгдсэн. Сумын цагдаа ирэхээс өмнө Д.Г нь бие засна гэж хэлчхээд шууд хашааны өнцөгт байх амбаарын араар орсон тул бид хэсэг хугацааны дараа бид гурав хайж явахад Д.Г нь ногоон цүнх дэрлээд хэвтэж байхаар нь цүнхийг аваад нээгээд үзэхэд хоёр ширхэг мөнгөн аяга, эрэгтэй эмэгтэй суран мөнгөн бүс, нүдний дуран зэрэг зүйлүүд байхаар нь цүнхтэй нь хамт гэр лүүгээ авч ирээд байж байхад сумын цагдаа ирсэн. Цүнхийг нь би үзсэний дараа Д.Гаас юун цүнх болон цүнхэнд байгаа эд зүйлийг хаанаас авсан талаар асуухад аав ээжийн эзэмшлийн эд зүйл гэх байдлаар хариулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

Гэрч Д.Бны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зүс таних Б гэх залуутай хамт яваад ажлын шаардлага гарсан тул бид амбаар луу ороход Д.Г гэх залуу цонхоор орж унасан байдалтай байхаар нь Д.Гын дуудаж сэрээгээд аймгийн төв рүү оруулсан. Түүний дараа Цтэй утсаар холбогдож Д.Гын олсон талаар хэлэхэд өөрийн биеэр ирж уулзсан. Д.Г нь гэрт байж байгаад цагдаа ирж байгаа талаар хэлэхэд Д.Г нь гадагш гүүж гарахаар нь араас нь бид хэд дагаж эрж хайсан. Тэгээд Д.Гыг өөр айлын хашаанаас олоход цүнх дэрлээд хэвтэж байсан цүнхийг нь авч үзэхэд дотор мөнгөн аяга бүс зэрэг эд хогшлууд байсан тул Д.Гаас хаанаас авсан талаар асуухад өөрийн аав ээжийн мөнгө аягийг худалдан зарж борлуулсан. Цагдаагийн алба хаагчид хүлээлгэнэ. Д.Г цагдаагийн алба хаагч хайж уулзсанаас хойш тус багийн айлууд гэр амбаараас эд зүйл алдагдсан зүйлүүдийг Д.Г нь авч байсан гэх мэдээллүүдийг оруулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

Гэрч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ирэхэд манай нөхөр надад гэрээ цоожоод яваад талбай усалчхаад ирэхэд гэрт нь хүн орж цүнхтэй хувцсыг асгасан мөн ил байсан 2 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй суран бүс алга болсон бөгөөд тухайн асуудлын талаар сумын цагдаад мэдэгдэхэд тус багийн иргэн Д.Г нь айлын амбаарт унтаж байхад нь Б гэх залуу гэртээ авч ирээд цагдаад мэдэгдэхэд зугтсан бөгөөд хэсэг хайгаад олсны дараа манай гэрт байсан ногоон өнгийн цүнхийг дэрлээд унтаж байхаар нь цүнхийг нь нээж үзэхэд миний гэрээс алга болсон мөнгөн аяга, бүс нар байсан бөгөөд тухайн зүйлийг тус сумын цагдаад өгсөн талаар хэлсэн. Уг хоёр ширхэг мөнгөн аяга нь бага болон дунд түвшний хэмжээтэй бөгөөд мөнгөн бүсийг нь худалдаж авч байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн /23/16 дугаартай “Шинжээчийн тогтоолоор ирүүлсэн хөрөнгийн зах зээлийн дундаж үнэ цэнэ Увс аймгийн Тариалан суманд 2023 оны 06 дугаар сарын байдлаар дараах үнэ ханштай байсан болохыг тодорхойлов. Хуучин ашиглаж байсан дунд гарын мөнгөн аяга 130.000 /нэг зуун гучин мянга/-н төгрөг, хуучин ашиглаж байсан жижиг гарын мөнгөн аяга 100.000 /нэг зуун мянга/-н төгрөг, хуучин ашиглаж байсан дуураймал мөнгөн бүс 20.000 /хорин мянга/-н төгрөг. Нийт 250.000 /хоёр зуун тавин мянга/-н төгрөг. Энэхүү үнэлгээний тодорхойлолтыг “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ын мэдээллийн сан болон Увс аймгийн зах зээлийн мэдээлэлд үндэслэн гаргасан болно.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29 дэх тал)-ээр гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Жд 250.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

4. Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Бын хүн байнга амьдрах орон байр буюу монгол гэрийн тооноор 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нэвтрэн орж бэлэн 25000 төгрөг, ИOMAD нэртэй 1 литрийн савтай архи зэргийг авсан болох нь:

Хэргийн газарт 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 49-52 дахь тал),

Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 06 дугаар сард буюу 7 хоногийн өмнө гэртээ ирчхээд Улаангом сум явсан тэгэхэд манай манай гэрт ямар нэгэн ороогүй хэвийн байсан тул дахин Улаангом явахдаа гэрээ цоожилчхоод явсан.Түүнээс хойш Тариалан суманд байх гэрт огт хүн ирж эргээгүй бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожтой байсан тул онгойлгож орсон. Гэр рүү ороход хаалганы дээд хэсгээр 2 ширхэг унь унасан.тоононд уясан торон хаалт дотогшоогоо орсон буюу өрхөөр хүн орсон байдалтай байсан. Мөн гэрийн гол байх жаазанд аавын зурагны өмнө байсан 20.000 төгрөг, өвөөгийн зурагны өмнө байсан 5.000 төгрөг алга болсон байсан бөгөөд зураг хөдөлсөн байхаар зассан ба жаазны хажууд байсан байсан 20.000 төгрөг, өвөөгийн зурагны өмнө байсан 5.000 төгрөг алга болсон байсан бөгөөд зураг хөдөлсөн байхаар зассан ба жаазны хажууд байсан потабз нэртэй 1 литрийн савтай архи байсан боловч архийг нь авч савыг үлдээсэн. Мөн одоогийн вино гэх нэртэй зүйл байсан боловч бас байхгүй болсон байна. Одоогийн байдлаар өөр зүйл алга болсон нь мэдэгдэхгүй байгаа. 2023 оны 06 дугаар сарын 07-ноос хойш эзэнгүй байж байгаа. Тухайн хэргийн улмаас шинжээчийн дүгнэлтээр нийт 75000 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлсэн байна. Тухайн хохирлоос өөр зардал гараагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56, 58 дахь тал),

Гэрч Д.Бны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 13-ны орой би Тариалан сумын 6 дугаар баг Хар толгой багийн төвд Бын гэр ирэхэд Б нь Улаангом сумаас гэртээ ирчихсэн байсан тухайн айлын өрхөөр хүн орж хүндэтгэлийн мөнгө болон дэргэд байсан архийг авсан байна гэдэг зүйлийг ярьсан бөгөөд би гэр нь орж үзэхэд тоононы дээр байдаг ялааны хамгаалалт дотогш унжсан байдалтай гэхдээ тоонон дээр хадаж тогтоосон зүйл байхгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал),

Шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн /23/18 дугаартай “Шинжээчийн тогтоолоор ирүүлсэн хөрөнгийн зах зээлийн дундаж үнэ цэнэ Увс аймгийн Тариалан суманд 2023 оны 06 дугаар сарын байдлаар дараах үнэ ханштай байсан болохыг тодорхойлов. Nomad нэртэй 1л хэмжээтэй архи 50.000 /тавин мянга/-н төгрөг. Энэхүү үнэлгээний тодорхойлолтыг “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ын мэдээллийн сан болон Увс аймгийн зах зээлийн мэдээлэлд үндэслэн гаргасан болно.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66 дахь тал)-ээр гэмт хэргийн улмаас 75.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Гмөрдөн байцаалтын шатанд өгсөн:“ Би 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус аймгийн Тариалан сумын хар толгой гэх газарт гацаараа архи уусан явж байхдаа гудамжны эхэнд байх хашаа руу ороход гэр нь цоожтой буюу гэрт нь ямар нэгэн хүн байхгүй болохоор дотогш орсон. Би 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мөн согтуу явж байгаад Б нь манай найз учраас гэрт нь хүн байхгүй гэдгийг мэддэг учраас гэрийн өрхөөр орж 1 шил архи бэлэн 25.000 төгрөгийг авч гарсан. 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд нэвтрэн орж хөөрөг, нэг нүдний дуран, Royal  гэх бичиглэлтэй үнэртүүлэгч зэргийг авсан. 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ц ахын гэрт ирэхэд хүн байгаагүй. Гэр нь цоожтой байсан тул малын хашааны хажууд байсан модон бариултай төмөр зээтүүг авч хаалганы цоожийг эвдэж талийгаачийн өмнө байсан 20.000 төгрөг авсан. Би 2023 оны 06 дугаар сард архи уусан байх үедээ ихээр согтож дахин архи уух хүсэлдээ автаж тус багт байсан айлуудаар орж бэлэн мөнгийг нь авч архи худалдан уусан, мөн архийг нь авч ганцаараа уусан харин бусад авсан эд зүйлүүдийг зарж борлуулахгүйгээр буцаан өгсөн боловч уг үйлдэлдээ харамсаж гэмшиж байна. Мөн би уг үйлдлийг гаргахдаа бусдыг тонож ашиг олох санаа сэдэлт зорилгоор бус архи уух дурандаа автаж үйлдсэн тул миний энэ үйлдлийг бас харгалзан үзнэ үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 195-196 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид  нь мэдэгдэхгүйгээр авч буй шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Д.Гнь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Н.Цийн гэрт зөвшөөрөлгүй орж гэрт нь талийгаачийн зургийн өмнө байсан бэлэн 20.000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хохирогч О.Мын гэрт зөвшөөрөлгүй орж чулуун хөөрөг, нэг нүдний дуран, Royal гэх бичиглэлтэй үнэртүүлэгч, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ц.Жгийн гэрт зөвшөөрөлгүй орж дунд гарын мөнгөн аяга, мөнгөн бүс, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.Бын гэрт зөвшөөрөлгүй орж бэлэн 25.000 төгрөг, Nomad нэртэй 1 литрийн савтай архи зэргийг тус тус авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж тодорхойлсон бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл 2 дахь хэсгийн 2.1-т “хулгайлах гэмт хэрэг”-ийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж тодорхойлсон байна.

Энэ хуульд заасан “орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд хүн байнга амьдардаг монгол гэр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр гэдэгт хамаарна.

Иймд үүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Гнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн:Д.Гнь миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 175 дахь тал), Хохирогч О.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д.Г бид хоёр хоорондоо тохиролцож хохирол барагдуулсан бөгөөд хохирол төлж барагдуулсантай холбогдуулан гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108 дахь тал), Хохирогч Ц.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Д.Гнь манай гэрээс авсан эд зүйлүүдийг тухайн үед буцаан өгсөн ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй бөгөөд ашиглахад хэвийн байгаа тул миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн хохирлоос өөр зардал гараагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал), Хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн хохирлын тооцоо (хавтаст хэргийн 215 дахь тал) зэргийг үнэлээд шүүгдэгч Д.Гаас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгч Д.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.Гнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Гнь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 200 дахь тал)-аар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Д.Гын өгсөн: “Д.Гнь айлын 5 дахь хүүхэд юм. 2021 онд аавын хашаанд 6 ханатай монгол гэр тааруулж өгсөн. Уг гэрт одоог хүртэл ганцаараа амьдарч байсан. төлөв даруу, сэргэлэн залуу бөгөөд төощрөл бүрийн ажил хөдөлмөр эрхлэх тал дээр сайн. Урьд өмнө нь хааяа нэг архи уудаг байсан боловч одоо архины хамааралтай болсноос хойш нэг уухаараа үргэлжлүүлэн уугаад байдаг. Харин уухгүй үедээ бол ажил хөдөлмөрөө хэвийн эрхлээд явдаг. Миний мэдэхээр огт гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 167 дахь тал) хавтас хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш  удаа үйлдсэн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Гад 1 /нэг/ жил 5 /тав/ сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Д.Гнь гэмт хэрэг үйлдэж олсон хохирогч О.Мын 130.000 төгрөгийн үнэтэй чулуун хөргийг биет байдлаар буцааж өгөөгүй, хохирогч Н.Цийн гэрээс авсан 20.000 төгрөг, хохирогч Б.Бын гэрээс авсан 25.000 төгрөгийг тус тус хувьдаа ашигласан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэж 175.000 төгрөг олсон гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.Гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 175.000  төгрөгийг түүнд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй ойл /зээтүү/-ыг хохирогч Н.Цд буцаан олгохыг шүүгчийн туслах /П.Я/-д, 2 ширхэг эвдэрхий цоожийг устгахыг  Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Гад энэ өдрөөс эхлэн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Г овогт Дын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Гад 1 /нэг/ жил 5 /тав/ сар хорих ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Гад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Гнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.Гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 175.000 төгрөгийг түүнд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй ойл /зээтүү/-ыг хохирогч Н.Цэд буцаан олгохыг шүүгчийн туслах /П.Я/-д, 2 ширхэг эвдэрхий цоожийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Гад энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ