| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0159/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/162 |
| Огноо | 2023-09-07 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/162
2023 09 07 2023/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгч: Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цны Цд холбогдох эрүүгийн 2335000000201 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны 12 дугаар сарын 06-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Увс аймгийн Улаангом суманд байрлах НИК баазын хашаанд ........... ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ....... дугаар баг баазын хашаанд оршин суух хаягтай, урьд нь Увс аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, биечлэн эдлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- д зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Цны Ц /РД:......................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Цнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Нг байнга буюу Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 2023 оны 5 дугаар сарын 20, 2023 оны 7 дугаар сарын 01, 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус зодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ц.Цийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Нг байнга буюу Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баруун хөлийн шилбэ хэсэг рүү 2 удаа өшиглөсөн, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зүүн хацарт хацарт нь 2 удаа алгадсан, 2023 оны 7 дугаар сарын 02-ны зүүн талын нүд рүү цохисон мөн баруун хөлийн шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн болох нь:
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
Хохирогч Д.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 07 цагийн үед би ажилдаа явсан ба тухайн үед манай хоёр охин нөхрийн хамт гэрт үлдсэн юм. Намайг 10 цагийн үед гэртээ иртэл манай нөхөр гэртээ байхгүй байсан ба манай том охин Ц.А хэлэхдээ аав гадагшаа найзуудтайгаа уулзан гэж хэлээд ганцаараа гараад явсан гэж хэлсэн юм. Өдрийн 14 цагийн үед би хүүхдүүдтэйгээ гэр орноо цэвэрлэж байтал манай нөхөр гаднаас согтуу ирж надаас мөнгө өг, миний карт өг гэж нэхээд байхаар нь би надад мөнгө төгрөг байхгүй гэж хэлтэл янхан минь машин унаж яваад янхандаж явдаг энэ тэр гэж харааж байгаад миний баруун хөлийн шилбэ хэсэг рүү 1 удаа өшиглөж би чамаас мөнгө асуугаад байна гэж чанга дугаар орилж миний зүүн талын нүд рүү гараа зангидаж байгаад 1 удаа цохитол манай дунд охин Ц.А ааваа та боль гэж хэлээд бид хоёрын дундуур ортол манай нөхөр Ц.Ц зүүн талын хацарт нэг удаа алгадаж алан шүү пизда минь гэж хэлсэн. Манай нөхөр Ц.Ц тухайн үед намайг машин унаж явж янхандаг энэ тэр гэж харааж байгаад миний баруун хөлийн шилбэ орчимд нэг удаа өшиглөж мөн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон юм. Ц.Ц нь гэртээ согтуу ирж намайг хэн нэгэнтэй хий хардаж хэл амаар доромжилж мөн надаа надаас мөнгө төгрөг нэхэж орилж хашхираад байхаар нь би бага зэрэг маргалдаж мөнгө төгрөг байхгүй гэж хэлснээс болж намайг зодож цохисон юм. Уг уйл явдаг болохоос нэг хоногийн өмнө буюу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нөхөр найзуудын хамт гэр барих зуураа “Хараа” нэртэй 500 граммын савлагаатай 3 шил архи орой 17 цагийн үед ууж дуусаад найзууд нь гэртээ харьсан ба би тухайн үе, хүүхдүүдийн хамт хадам ээж Д.Мын гэрт сууж байтал надаас мөнгө нэхэж маргалдаж байгаад миний зүүн хацарт 2 удаа алгадаж хэл амаар доромжилсон мөн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед нөхөр маань согтуу ирээд “Би чамайг ална”, “янхан банзал”, “пизда минь” гэж хэл амаар доромжилсон. Мөн 2023 оны 05 дугаар сарын 19-ний орой 18 цагийн үед согтуу ирж намайг хэл амаар доромжилж унтаж амрахгүй байж байгаад намайг гэрээс хөөж гаргасан би тухайн үед гэрийн гадна нуугдаж байгаад хадам ээжийн гэрт орж амарсан. Маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн миний зүүн хөлийн шилбэ руу 2 удаа өшиглөж машины түлхүүр булааж гэрээс гарч явсан юм. Урьд онуудад ингэж байгаагүй болон 2022 оны 01-р сараас хойш байнга согтуу ирээд агсам тавиад хэл амаар доромжилдог болсон бөгөөд пизда, янхан авгай, банзал авгай гэх зэргээр хэл амаар доромжилдог юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 03-06 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч Ц.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн үед гэрээсээ найзуудтайгаа уулзан гэж хэлээд гэрээс гар явсан юм. Тухайн үед би ээж хоёр дүүгийн хамт гэрт үлдсэн ба өдөр 14 цагийн үед аав согтуу ирсэн юм.Тэгээд ээжээс мөнгө нэхэж хэрэлдэж байгаад унтаж амарсан ба орой 16 цагийн үед босож ээжээс машины түлхүүр нэхэж би гарч явмаар байна гэж маргалдсан мөнгө нэхэж асуухад ээж надад мөнгө байхгүй гэж хэлтэл аав уурлаж ээжийн зүүн хөлийн шилбэ орчимд 1 удаа өшиглөж орилсон ба тухайн үед манай дүү Ц.А ээжийг хамгаалах зорилгоор ээж аав хоёрын дундуур ортол аав уурлаж зүүн хацарт нь нэг удаа алгадсан юм. Би тухайн үед маш их айж манай гэрийн хажуу талд байх эмээгийн гэр рүү орж болсон үйл явдлын талаар хэлж гар утсаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Өчигдөр буюу 2023 оны 01-ний өдөр 18 цагийн үед ээж, эмээ, хоёр дүү, манай аавын төрсөн ах Б гэх хүмүүс эмээгийн гэрт сууж байтал аав ганцаараа согтуу ирж ээжтэй маргалдаж байгаад ээжийн зүүн хацарт 2 удаа алгадаж цохисон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-09 дэх тал),
Гэрч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед гэртээ амарч байтал манай бэр Д.Н над руу залгаж та манайд хүрээд ирэх боломж байна уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн юм. Удалгүй Д.Нг намайг гэрээс ирж авсан тухайн үед баруун нүд хавдсан байдалтай байсан ба би болсон үйл явдлын талаар асууж тодруулахад Ц.Ц согтуу ирж надтай маргалдаж байгаад миний зүүн нүд рүү гараараа нэг удаа баруун хөлийн шилбэ рүү нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн юм. Би урьд өмнө зодож цохиж байсан талаар сонсож байсан боловч хаана хэзээ юугаар зодож цохисон талаар тодорхой мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 319 дугаартай “Үзүүлэгч Д.Нгийн биед гэмтэл тогтоогдоогүй болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21 дэх тал),
Шүүгдэгч Ц.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баруун хөлийн шилбэ хэсэг рүү 2 удаа өгшиглөсөн. 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр би Д.Нтай бага зэрэг маргалдаж байгаад хацарт нь 2 удаа алгадаж байснаа муу санаж байна. 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр би энхэр Д.Нгаас мөнгө болон картаа өг гэж хэлтэл эхнэр надад мөнгө байхгүй гэж хэлэхээр нь би уурлаж чи надаа өг гэж хэлээд хацарт надад мөнгө байхгүй гэж хэлэхээр нь би уурлаж чи надаа өг гэж хэлээд хацарт нь таших гэж байгаад санаандгүй зүүн талын нүд рүү цохисон мөн баруун хөлийн шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн юм. Энэ үйлдэл ээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Энэ алдаагаа амьдрал дээр дахин давтахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч Ц.Ц, хохирогч Д.Н нар нь 2013 оны 02 дугаар сарын 14-ны өдөр гэрлэснийг Увс аймгийн Улаангом сумын 2013 оны гэрлэлтийн бүртгэлийн 240-т бүртгэсэн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал)-гаар нотлогдож байх тул албан ёсоор гэр бүл болсон эхнэр, нөхөр гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж заасан тул эхнэр, нөхөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарч байна.
Хүнийг цохих, чимхэх, хазах, түлэх, дааруулах, хөлдөөх, зулгаах, амьсгал боогдуулах гэх мэт хүний бие махбодод өвдөлт, зовуурь мэдрүүлсэн бүхий л үйлдлийг бие махбодын хүчирхийлэлд хамааруулж ойлгох бөгөөд цохих буюу зодох нь бие махбодын хүчирхийллийн нэг л хэлбэр юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь “Байнга” гэдэг шинжээр тодорхойлогдох бөгөөд “байнга” гэх ойлголт нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн үйлдлүүдийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан эсхүл оногдуулж болох зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдлийг гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг онцлогтой.
Шүүгдэгч Ц.Цнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Нг байнга буюу Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баруун хөлийн шилбэ хэсэг рүү 2 удаа өшиглөсөн, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зүүн хацарт хацарт нь 2 удаа алгадсан, 2023 оны 7 дугаар сарын 02-ны зүүн талын нүд рүү цохисон мөн баруун хөлийн шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн 3 удаагийн үйлдэл байнгын шинжийг агуулсан байх бөгөөд энэ үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Цнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.Н нь мөрдөн байцаалтын шатанд “Д овогтой Н миний бие Ц овогтой Цд гомдол тэмцэл байхгүй. Бид хоёр учир зүйгээ олсон. Одоо хамт амьдарч байгаа” гэх тодорхойлолтыг гараар бичиж нотариатчаар гэрчлүүлж хэрэг хавсаргасан (хавтаст хэргийн 54 дэх тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Ц.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Цнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Н байнга буюу Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баруун хөлийн шилбэ хэсэг рүү 2 удаа өшиглөсөн, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зүүн хацарт хацарт нь 2 удаа алгадсан, 2023 оны 7 дугаар сарын 02-ны зүүн талын нүд рүү цохисон мөн баруун хөлийн шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Ц урьд нь Увс аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, биечлэн эдлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- д зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсанболох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал)-аар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Цнь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.Цийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ц.Бгийн өгсөн: “2013 онд Д.Нтай гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. Ц.Цзан байдлын хувьд хүний үгэнд сайн ордог, гэр бүлдээ халамжтай, хүнд их тусалдаг, ажилсаг, хичээнгүй, шударга, архи дарс бага хэрэглэдэг байсан ба сүүлийн 2 жилд төрсөн 3 ах нь өөд болж сэтгэл санаагаар унаж архи дарс хэрэглэх болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал) хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьл нь энэ гэмт хэргийг үйлдэж, ял шийтгүүлж байсан, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Цд 8 /найм/ сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Цнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Цд энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Цны Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ц 8 /найм/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Цд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Цнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Цд энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ