| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0656/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/564 |
| Огноо | 2023-08-29 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/564
2023 08 29 2023/ШЦТ/564
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч С.Бат-Орших,
шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч Г.Зоригтбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт хэрэгт ****ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай, 2 хавтаст хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “****” ХХК-д зээлийн хорооны гишүүн, “****” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, **** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **** (РД:УС****).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч **** нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний шөнө **** тоотод согтуурсан үедээ хамтран амьдрагч ****гийн биед нь халдан шатны уруу түлхэн унагааж баруун зулай яс, чамархай яс, хөхлөг сэртэн, гадна чихний суваг, баруун суурь ясны их далавч, суурийн хөндийг дайрсан хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн чамархайн аалзан хальс доор цус харвалт, баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж мэдүүлэг гаргахгүй. гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн **** дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр иргэн ****гаас гаргасан хүсэлт, гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 4, 7-8 дахь тал),
2. 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээ “өндөр” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 6 дахь тал),
3. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (1 дэх хавтаст хэргийн 22-30 дахь тал),
4. Хохирогч ****гийн мөрдөн шалгах ажиллагаанд: 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлаа тараад 19 цагийн үед гэртээ буюу **** тоотод очсон. Би уул нь бүжгийн дугуйланд явах гэж байсан чинь нөхөр хардаад байхаар нь архи дарс уучих вий гээд айгаад шууд гэртээ харьсан. Харих үед нөхөр **** аль хэдийнээ архи уучихсан, охиноо цэцэрлэгээс нь аваагүй байхаар нь ээжээс асуусан чинь байрны эгч ****гийнд байгаа гэж хэлэхээр нь очиж хүүхдээ авсан. Тэгээд аав нь гэрт нь согтуу байсан болохоор айлд жаахан хүүхдээ тоглуулаад орой 21 цаг өнгөрөөгөөд хүүхдээ аваад гэр лүүгээ ороод охиныхоо шүдийг угаалгаад юм хумаа бэлдээд орондоо охинтойгоо орсон. Нөхөр тухайн үед гэрийн доод давхарт архи ууж байсан. Охиноо унтуулахаасаа өмнө нөхрийгөө бие засах өрөө орсон хойгуур нь архинаас жаахан асгаад шилтэй нь талыг нь үлдээсэн юм. Тэгээд охиноо унтуулчхаад өөрөө бас унтаж байсан чинь шөнө **** орноос татаж босгоод чамайг доошоо буулгаж хутгалж ална гээд чирээд байхаар нь шатны бариулаас зуураад эсэргүүцээд байсан чинь миний хөлөөс зуурсан. Тэгээд намайг өргөөд 1 давхар луу шидэж ална гээд байсан ба хоолойны араас боогоод өргөсөн, нэг давхар луу толгойг тонгойлгоод би шатнаас зуураад биеэ аль болох хойшлуулсан. Тэгсэн чинь намайг шатны уруу унагаасан. Би эмнэлэгт сэрсэн яг хэдний өдөр сэрснийг санахгүй байна, хажууд нөхөр байсан. Надаас уучлалт гуйгаад байсан. Би уурлаад цагдаад мэдэгдэнэ гэсэн чинь одоо ёстой архинаас гарна энэ тэр гээд байсан. Би эмнэлэгтээ унтсан байдалтайгаар ихэнх өдрөө өнгөрөөсөн. Хэд хоногоос эмнэлэгт байж байтал нөхөр солигдоод хадам ээж асарсан. Хадам ээж надад **** охиноо сайн харж байгаа, дахиж архи дарс уухгүй гэж хэлж байсан, би итгэсэн. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 20-ний өдөр ГССҮТ-ээс гараад хэд хоног гэртээ байж байгаад 3-р эмнэлгийн эмчээс зөвлөгөө аваад 2022 оны 05 сарын 25-аас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Амармед эмнэлэгт хэвтээд гэртээ харьсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нөхөр ****д ахиад ийм зүйл давтагдах юм бол би үхээд, чи шоронд ороод охин чинь өнчрөх юм байна. Тийм болохоор салъя гэж хэлээд бүх зүйлээ аваад гараад ирсэн юм. ****д зодуулсан талаараа **** гэх найздаа эмнэлэгт Амармедэд хэвтэж байхдаа хэлсэн. Дараа нь үеэл эгч ****д хэлсэн, одоогоор аав ээждээ хэлээгүй, 2022 оны 05 сарын 11-ний өдөр гэрт охин, нөхөр **** бид 3 байсан. **** ганцаараа гэртээ архи уусан шинжтэй байсан. Манай гэрт хяналтын камер байдаггүй. Миний байдал яг одоо толгой дүүрээд, баруун чих шуугиад, баруун нүд анигдахгүй байгаа, баруун хацар бас хөдлөхгүй байгаа, баруун хамрын яс хөмсөг хөдлөхгүй байгаа, баруун дагзанд час час гэж хатгаж байгаа, ГССҮТ-д томограф авхуулахад гавлын ясны суурин хөндий дайрсан хугаралтай болсон. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ****ийн архи дарсны асуудлаас нь болж маргалдсан чинь миний хацар луу алгадаад би эрүүгээрээ аяга мөргөж байсан, тухайн үед гэртээ л хоёулхнаа л байсан. Дараа нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр **** найзуудтайгаа архи уугаад гэртээ ирсэн. Тэгээд би одоо салъя гээд маргалдсан, намайг бие засах өрөөнд угаалтуурын дээр нүүр гараа угааж байсан чинь ар дагзнаас барьж байгаад угаалтуурын цоргыг мөргүүлсэн. Хамар хонхойгоод хугарчихсан, тэгээд би үеэл эгч **** руу залгах гэсэн чинь гар утсыг нойл руу хийж урсгах гэж оролдсон, тэгээд би компьютер лүүгээ явсан чинь компьютерын дэлгэцийг эвдэлчихсэн, би айгаад гарах гээд үүд рүү очсон чинь заамдаж аваад дагзаар хойшоо хаалга руу хэд хэдэн удаа саваад шал руу унагаасан. Намайг битгий зодолдоо гэж гуйж байгаад хувцсаа өмсөж гараад гадаа байсан хүүхдийн утсыг гуйгаад эгч **** руу залгаад дуудсан, намайг ирж авсан. Тухайн үед эгч цагдаад мэдэгдэх гэж байсан боловч би айгаад битгий гэж гуйгаад мэдэгдээгүй. Эмнэлэгт үзүүлээд рентген зураг авхуулсан чинь гол шугам нь хугараагүй болохоор гайгүй байна гэж хэлсэн.Би үүрээр гэртээ буцаж орж хоноод маргааш нь ****тэй ярилцаад эмнэлэгт үзүүлэхээр болоод Эм Жи Жи эмнэлэгт үзүүлэхэд хамрын баруун хэсэгт бага зэргийн хугарал байна гэж хэлсэн чинь **** БНСУ явж эмчлүүлье ёстой миний архины буруу гэж хэлж байсан. Дараа нь 2020 оны 12 сарын 11-ны өдөр нөхөр бас л согтуу байсан, охин маань биеэрээ дүүрэн тос өөрөө өөртөө түрхчихсэн байхаар нь угааж цэвэрлэх гээд ванн луу оруулсан чинь охин дургүйцээд уйлсан чинь миний охиныг битгий уйлуулаад бай гэж хэлээд баруун гуя руу гараараа цохисон. Миний гуя маш том хөхөрч хэд хоног өвчтэй явсан. Эмнэлэгт үзүүлээгүй, мөн л маргааш нь уучлаарай миний буруу гэж гуйгаад цагдаа сэргийлэхэд мэдэгдээгүй. Ер нь **** согтуудаа дандаа хий хоосон хардаж сэрдэх асуудлаас болоод гар хүрдэг, эрүүл үедээ гар хүрч байгаагүй. Ер нь архи дарс уучихаараа хэтрүүлж уудаг, энэ талаар найзууд болон ойр дотнын хүмүүс гэр бүл нь бүгд мэднэ. ****ийг ийм зантай гэдгийг өмнөх эхнэр **** сайн мэднэ, салалтынх нь өргөдөл дээр нь дэлгэрэнгүй бичсэн байсан гэсэн. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. 2016 оны 09 сарын 07-ны өдөр танилцаад 2016 оны 10 дугаар сараас хамтран амьдрах болсон. Манай хүүхэд 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төрсөн. Энэ талаар **** гэж манай найз мэднэ, үеэл эгч **** мэднэ. Хадам ээж **** бас саяны удаа өөрөө эмнэлэгт сахиур хийсэн болохоор мэдэж байгаа байх. Би ****д хамраа гэмтээлгэсний дараа түүнээс чи өмнөх эхнэртээ гар хүрч байсан юм уу гэж асуухад тийм ээ гар хүрч байсан гэж хэлж байсан. Эв эрүүл биетэй байсан. Одоо тахир дутуу ч юм шиг хэцүү байгаа болохоор эхлээд биеэ сайн эмчлүүлж авмаар байна. Цаашид энэ асуудлаас болоод бие эрхтэн ямар байдалтай байхыг мэдэхгүй байна, эмч нар хэлэхдээ тархи толгойнд маань өөрчлөлт орж дордож магадгүй гэж хэлсэн болохоор энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. Би ****ийг уучлаад амьдарч чадах ч гэсэн дараа ахиж архи уугаад ийм асуудал гаргаад хүүхэд маань харж хандах хүнгүй болчих вий гэдгээс л маш их айж байна. Одоогоор надаас гарсан зардал байхгүй байгаа, эмнэлэгт хэвтсэн зардал болон эм тангын мөнгийг нөхөр төлсөн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-51 дэх тал),
- 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн: Эмчилгээний зардлыг нөхөр төлж байгаа цаашид гарах зардлаа мөн төлүүлэх болно. Миний биед урт хугацааны эмчилгээ хийх шаардлагатай байгаа. Одоогоор гарсан зардлыг төлж байгаа. Үүнээс өөр гомдол байхгүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал),
- 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дахин өгсөн: Өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Манай нөхөр намайг эмчилгээнд авч яваад эмчилгээ дуусаад хоолонд орох үедээ чи намайг шоронд явуулчихгүй биз дээ, би хүүхдийнхээ эцэг нь шүү дээ чи охиныхоо ирээдүй боловсролд саад болж байна. Чи өөрөө унасан гээд хэлчихээ гээд гуйгаад байгаа юм. Би нөхөртэй боолгуулаад нүд харанхуйлаад ухаан балардаад унасан Түүнээс өөрөө зүгээр явж байгаад унасан зүйл байхгүй. Надад цаашид удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай, эмчилгээний зардлыг **** өөрөө тогтмол барагдуулж байвал сайн байна. Би эцэг эхээс хоёулаа, миний төрсөн эгч **** гэдэг хүн байгаа. Миний аав намайг төрөөгүй байхад нас барсан. Ээж өндөр настай бөгөөд Хөвсгөл аймагт явж байгаа ээждээ хэлж сэтгэл санааг нь зовоомооргүй байна. Би мөн эгчдээ өөрийнхөө амьдралын талаар хэлээд байдаггүй. Намайг ****тэй суух үед эсэргүүцэж байсан болохоор би нээх юм яриад байдаггүй. Миний гэр бүлийн болон ****ийн зан харилцааны талаар найз **** сайн мэднэ, мөн үеэл эгч ****д болсон зүйлийн талаараа хэлдэг байсан. **** бид хоёрт гэр бүлийн найзууд байгаа ч ****ийг намайг цохиж зоддог талаар бол хэлэхгүй байхаа. Би 2018 билүү 2019 онд байх өөрийнхөө **** гэсэн дугаараас цагдаагийн утас руу ярьж байсан гэхдээ цагдаа ирээгүй бөгөөд зөвлөгөө авсан. Түүнээс өөрөөр цагдаад хандаж байгаагүй. Ямар нэгэн өргөдөл гомдол өгч шалгуулаагүй. Яагаад гэвэл гэрийнхэн ****тэй суухыг эсэргүүцдэг байсан болохоор гэрийнхэндээ хэлдэггүй, намайг зодчихоод уучлалт гуйгаад архинаас болсон дахиж хэзээ ч зодохгүй гэдэг болохоор итгээд цагдаад хандаад байдаггүй байсан юм. Би хувцсаа өмсөөд гэрээс явах гэж байгаагүй. Ямар хувцастай байсан талаараа одоо ч санахгүй байна. Би унтаж байснаа санаж байна. Тэгээд гэрийн дотор талын хоёр давхрын унтлагын өрөөний хажуу талын нэг давхар руу буух шатны хашлагаас барьж байсан. **** хөлөөс татаж чирээд хоолойноос боогоод урагшаа унах гэж байгаад хойшоо биеэрээ түлхээд тэгээд шат руу унасан. **** миний эгчийн дэлгүүрт татварын шалгалт оруулаад дэлгүүр байргүй болгоно, цагдаа, прокурор шүүх бүгд миний таньдаг хүмүүс болохоор би шоронд орохгүй, чи харин хүн гүтгэсэн хэрэгт ороод охиноо би авна, чи харин шоронд орно гэж сэтгэл санааны дарамтад оруулаад байгаа. Надад өөр нэмж ярих зүйл алга байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал),
- 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн: Миний охин ****гийн аав бид хоёр олон жил хамт амьдарсан учраас нөхөр ****ийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. Санал хүсэлт, байхгүй. **** надад учруулсан анхан шатны эмчилгээний зардал болон хохирлоо бүрэн төлсөн. Харин цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримттай иргэний журмаар нэхэмжлэх болно. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 222 дахь тал),
- 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн: **** бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй ч гэсэн дундаасаа нэг хүүхэдтэй хамтран амьдарч байсан учраас Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу би өөрийн гэр бүл болон төрөл садангийн эсрэг мэдүүлэг өгмөөргүй байна. Шүүх хуралд оролцохгүй санал гомдол байхгүй. Эмчилгээний зардал болон авто машин авсан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 11-12 дахь тал),
5. Гэрч Б.****ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: **** нь ээжийн төрсөн дүүгийн охин бид хоёр үеэлүүд. ...Үеэл **** нь нөхөр ****ийн хамт **** тоотод 4 настай охины хамт амьдардаг, хамт амьдраад 6 жил болж байгаа. Үеэл **** 2 хоногийн өмнө 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр утсаар яриад “Би нөхөртэй зодуулаад саажилт өгсөн баруун тал мэдээгүй болсон, нүдээ аньж чадахгүй, инээж чадахгүй, чих сайн сонсохгүй байгаа, зүү тавьдаг эмчилгээ хийлгээд хүйтэн усаар угаагаад гам алдсан гэсэн” тэгэхээр нь хэзээ зодсон юм бэ юу болсон талаар асуухад 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлаа тараад ирсэн, байрны нэг эгчийн хүүхэд охинтой хамт нэг цэцэрлэгт явдаг учраас орой манай хүүхдийг аваад гэртээ байлгаж байдаг. Тэгээд би ажлаа тараад хүүхдээ авах гээд нөгөө эгчийнд ороход хүүхэд жоохон тоглож байгаад оръё гэхээр нь хамт байж байгаад орой 21 цагийн үед гэртээ ороод хүүхдээ унтуулаад хажуугаар унтаж байхад нөхөр согтуу орж ирээд хөлөөс татаад шууд чирээд шат руу явахаар ноцолдоход багалзуурдаад амьсгал авч чадахгүй ухаан алдсан. Нэг сэрхэд Гэмтлийн эмнэлэгт сэрсэн гэсэн, ямар гэмтэл учирсан талаараа хэлээгүй, нойр хүрээд унтаад байсан гэсэн. 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэмтлийн эмнэлгээс гарсан гэсэн. Би 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ****тай уулзаад томографын зургийг аваад, цагдаагийн байгууллагад хандаад шүүх эмнэлэгт үзүүлсэн. Ер нь байнга холбоотой байдаг. Нөхөр ****тэйгээ хөдөө аялал зугаалгаар явахдаа хүүхдээ надад үлдээгээд явдаг. Мөн нөхөр ****д зодуулсан гээд надад хэлсэн. Миний мэдэхээр 2018 оны зун байх зодуулаад хамраа хугалуулаад цагдаад мэдэгдээгүй, эмнэлгийн байгууллагад үйлчлүүлээгүй, гэмтэл болон хувийн эмнэлэгт үзүүлээд ямар нэгэн үйлчилгээ аваагүй гэсэн ба нөхөр нь уучлалт гуйгаад Солонгос Улсад эмчлүүлж өгнө гэж хэлсэн гэсэн. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 03-нд **** мессеж бичээд аниа та над руу залга даа гэхээр нь залгаад ярихад **** уйлаад байхаар нь зүгээр үү яасан бэ гэхэд зүгээрээ гэхээр нь яасан дахиад зодсон уу юм уу, аниа нь очих уу гэхэд зүгээрээ яахын гэж байсан. 2021 оны 05 сарын 12-нд мессеж бичээд “аниа манай хүн надад гар хүрсэн би яах вэ? Нөхөр хүүхдэдээ битгий хэлээрэй, цагдаа дуудчих уу, яахаа мэдэхгүй байна гэхээр манайд хүрээд ирэх үү, гэхэд одоо согтуу унтаж байна гээд мессенжерээр харилцсан юм. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал),
6. Гэрч М.****гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: Би төрсөн дүү ****гийн амьдралын талаар мэднэ. Миний дүү 2016 оноос хойш **** гэх залуутай хамтран амьдарч эхэлсэн, 2018 онд охинтой болсон байгаа юм. Би бараг гэрт нь очиж үзээгүй, хүүхдийнхэн үсний найран дээр нэг л удаа очиж байсан байх, түүнээс өөрөөр байнга очиж бол байгаагүй. Харин манай дүү нөхөртэйгөө маргалдсан, нөхөр элдэв янзаар хэлсэн доромжилсон гэх зэргээр манай гэрт хааяа нэг ирдэг байсан. Түүнээс ямар шалтгааны улмаас маргалдсан зэргийг би сайн мэдэхгүй, дүү надад амьдралаа яриад байдаггүй, ****тай маш их дотно байдаг. Надаас илүү ****, найз **** нартай илүү их зүйл ярьдаг. Бид хоёрын насны зөрүү зайтай болохоор нээх юм яриад байдаггүй. Би цаг хугацааг хэлж мэдэхгүй байна. 2022 оны 3-4 сарын үед нөхөр архи уугаад агсам согтуу тавиад байна гээд ирээд 4-5 хоног болоод явсан. Түүнээс биед нь гэмтэл шарх бол байгаагүй байх байнга хувцастайгаа байгаад байсан бөгөөд хүзүү хүрсэн цамц өмссөн байсан болохоор сайн биеийг нь анзаарч хараагүй. Надад өөрөө ярьж байгаагүй бөгөөд **** эгчээс сонсож байсан бөгөөд **** нөхөртэй зодуулсан гэж байна гэх зэргээр надад бол **** юм ярьдаггүй. Хэзээ яаж зодуулж байсан талаар нь надад мэдэх зүйл алга байна. ...**** бид хоёр эцэг эхээс хоёулхнаа, үеэл эгч ****тай бид хоёр дотно, өөр дотно хүмүүс байхгүй. Миний дүү хэлэхдээ унтаж байхад орноос нь чирээд гаргасан гэж байгаа, нөхөртэй зодуулсан гэж байсан. Миний дүү өөрөө шатнаас унах хүн биш. Нөхөртэй л зодуулсан байх надад бол өмнө хэлж байгаагүй ч гэсэн **** эгчээс сонсоход нөхөртэй зодуулдаг элдэв янз болсон гэж ярьдаг юм. Надад өөрөө хэлээгүй болохоор сэтгэлийн зовоогоод яах вэ гэж бодоод нээх асуугаад байдаггүй. Манай гэрт дүү охинтойгоо байхад аав нь ирээд 4 настай охиноо авах гэхэд охин аав дээрээ очихгүй согтуу ирэхээрээ зодоод байдаг гэж надад хэлж байсан. Үүнээс үзэхэд манай дүүг зодоод байдаг юм шиг санагдсан.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 69-71 дэх тал),
7. Гэрч Х.****гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: Би 1997 оноос хойш найзалж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл найз нөхдийн холбоотой. Би найзынхаа гэр бүлийн талаар нь мэднэ. Нөхөр ****тэйгээ 2016 онд танилцаж суугаад дундаасаа нэг охинтой болсон. ****ийг би найз ****тай танилцуулж байсан. **** нь бага зэргийн архины хамааралтай шоу цэнгээнд дуртай залуу байгаа юм. Манай найзтай суугаад эхний нэг жил зүгээр сайхан байсан, хүүхэд нь гарсан цагаас хойш ****д үе үе гар хүрэх болсон. **** нөхөртэй зодуулсан гээд надад хэлэх болсон. Миний мэдэхээр **** нь ****г үндэслэлгүй хардаж архи уусан үедээ гар хүрдэг байсан. Би он сар өдрийг нь одоо хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан надад 4 удаа нөхөртэй зодуулсан гэж хэлж байсан. Би найз нөхөд бүх хүмүүсийн чатыг хадгалаад байдаггүй болохоор одоо хэлж байсан мессеж нь байхгүй. Миний найзыг үнэхээр аймаар зодсон байсан, миний найз яах учраа олохгүй хэцүү байгаа. Гэрийнхэн ****тэй суухад нь эсэргүүцэж байсан бөгөөд өөрөө зөрсөөр байгаад суусан болохоор гэрийнхэндээ зодуулсан талаар хэлж байгаагүй. Надад ч мөн тэр болгон хэлээд байдаггүй. ****, **** хоёр уг нь хэвийн харилцаатай байдаг бөгөөд **** архи ууж ирэхээрээ л ****г хардаж элдэв янзаар хэлж гар хүрдэг юм байна билээ. Надад ****гийн нөхөртөө зодуулсан гэх нэг зураг байгаа гэхдээ ****гийн царай байхгүй зураг л байгаа түүнээс өөр зүйл байхгүй. Миний мэдэхээр **** ****г 2018 онд хамрын угаалтуур мөргүүлээд гэмтээсэн байсан. **** цагдаад хэлнэ гэсэн боловч өргөдөл гомдол өгөөгүй байсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал),
8. Гэрч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: Нийслэлийн түргэн тусламжийн газарт хүний их эмч бөгөөд дуудлагаар 2022 оны 05 дугаар сарын 11-ний шөнө 01 цагийн орчим **** тоотод очиж үзлэг хийж анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн. Намайг дуудлага дээр очиход гэрийн хаалгыг тус тоотын эзэн гэх эрэгтэй хүн тайлсан, эхнэр шатнаас унаад чихнээс нь цус гараад байна, бид хоёр бага зэргийн маргалдсан гэж хэлсэн. Тэгээд өвчтөнийг үзэхээр ороход өвчтөн хоёр давхрын унтлагын өрөөний орон дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан, үзлэг хийхэд баруун чихнээс цус гарсан, баруун гуя, баруун гар хөхөрсөн, нуруу хэсэгт зулгарсан шархтай байсан. Тэгээд өвчтөнөөс асуулт асуухаар удаан хариулж байсан, онош тодруулах зорилгоор Гэмтэл согог судлалын төвд хүргэж өгсөн. Унтлагын хувцастай орон дээрээ хэвтэж байсан, нимгэн хувцастай байсан. Футболк, дотуур өмдтэй байсан гэж санаж байна. Гэр нь хөглөрсөн байдалтай, нөхөр нь эхнэртэйгээ маргалдсан гэдэг зүйл ярьж байсан. Гэрт 3-4 орчим насны охин, гэрийн эзэн залуу, өвчтөн гурав л байсан. Эхнэр ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд цочирдсон байдалтай байсан. Нөхөр нь хоорондоо зүгээр маргалдсан гэж ярьсан, түүнээс өөр зүйл яриагүй. Нөхрөөс нь асуухаар бараг юм дугарахгүй байсан. Нөхөр нь архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн байж магадгүй байсан. Бид нар үзлэг хийх үедээ амны хаалт масктай байсан болохоор мэдэхгүй байна. Хохирогч эмэгтэй яаж унасан талаараа санахгүй байна. Мэдэхгүй байна гэж хариулаад байсан хариулах үедээ удаан цочирдлын байдалтай байсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 77-79 дэх тал), Түргэн тусламжийн төвийн дүн бүртгэлээс ирүүлсэн №2022037389 дугаартай хуудас (1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал),
9. Гэрч Х.****ы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би ****тэй өмнө нь гэр бүл байсан, одоо 3 хүүхдийг нь өсгөж байгаа болохоор уг хүний талаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. **** нь **** гэх эмэгтэй хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж үүнээс болж 2017 онд гэр бүл цуцалсан. Шүүхээр албан ёсоор цуцалсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал),
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №7992 дугаартай:
- ****гийн биед баруун зулай яс, чамархай яс, хөхлөг сэртэн, гадна чихний суваг, баруун суурь ясны их далавч, суурийн хөндийг дайрсан хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдэд няцрал, зүүн чамархайн аалзан хальс доор цус харвалт, баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална. гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 88-89 дэх тал),
11. Яллагдагч ****ийн мөрдөн шалгах ажиллагаанд:
2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: Манай эхнэр ажилд орсноос хойш байнга орой үдэш ирэх, гэр бүлийн амьдралд оролцохгүй байх болсон. Энэ болгоныг бид хоёр ярилцаад миний эхнэртэй тавьдаг хүсэлт болохоор эрт ажилдаа яваад цагтаа тараад гэр бүлийнхээ амьдралд оролцож байгаач гэж байсан. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр бид хоёр жүжиг үзээд хоорондоо ярилцаад энэ бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд дахин оройтож ирж байхгүй гэсэн. Тэгээд маргааш нь 5 сарын 10-ны өдөр үдээс өмнө **** бүжгийн дугуйланд явна гэж мессеж бичихээр нь би үүнд нь их бухимдсан болохоор гэртээ ганцаараа архи ууж эхэлсэн. Орой харанхуй болсон байхад эхнэр хүүхдийн хамт гэртээ ирсэн. Тэгээд хүүхэд унтсаны дараа бид хоёр хамт архи уугаад асуудлаа ярилцсан. Би нэг давхрын буйдан дээр унтсан. Шөнө сэрээд хоёр давхрын унтлагын өрөө рүү орж унтахаар явсан. Гэтэл урдаас **** гадуур хувцастайгаа эгчийнхээ гэр лүү явлаа гэж гарч ирээд би харанхуй шөнө болсон байна, хүргэж өгье гээд унтлагын өрөө рүүгээ хөдлөх зуур миний хажуугаар яаран сандран гүйж гарсан. Би эргэх хооронд шатны уруу унасан юм. Тэгээд гүйж очоод харахад толгойноос нь цус гарсан, ухаан алдсан байдалтай хэвтэж байсан болохоор өргөж орон дээр тавиад түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирээд яаралтай эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гээд түргэний машинаар гэмтлийн эмнэлэг рүү цуг явсан. Бид хоёр 5 жил орчим хамтран амьдарч байгаа бөгөөд албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй дундаасаа 4 настай охинтой. Эхнэр эмээгийндээ байгаа бөгөөд охин бид хоёрын дунд ирэн очин байгаа. Би эмчилгээний бүх зардлыг гаргасан, цаашид гарах зардлыг мөн төлөх болно. Би гэр бүлийн хүчирхийллээр шалгагдаж байгаагүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 97-99 дэх тал),
- 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дахин өгсөн: Анх прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдлаар яллагдагчаар татсан. Би ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй учраас прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй. Харин сүүлд прокурорт яллагдагчаар татсан тогтоол дээр нь хүсэлт гаргаад Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөнгөрүүлж өгөөч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэсний дагуу хүсэлтийг хүлээн аваад прокуророос яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулсан тул энэ зүйл ангийг ямар нэгэн маргаангүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Одоо Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж өгөх болно. Учирсан хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх болно. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 224-225 дахь тал),
- 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн: **** бид хоёр хамт амьдарч байгаа, дундаасаа 5 настай нэг охинтой, сүүлд 2022 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа. Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ маш гэмшиж байгаа учраас ****гаас уучлалт гуйгаад эвлэрээд цуг амьдарч байгаа. ...Би хэрэгт хавсаргаж өгөхөөр эвлэрлийн гэрээ хийсэн. **** нь өөрөө гомдолгүй гэсэн учраас хэрэгт хавсаргаж өгөөгүй байсан. Одоо хэрэгт хавсаргаж өгнө. Энэ гэрээ нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний шөнө болсон хэрэгт ****гийн биед учирсан байгаа гэмтлийн хохирлыг төлж барагдуулсан гэрээ юм. Гэрээнд эмчилгээний зардалд 80,000,000 төгрөг болон миний өөрийн нэр дээр байсан Тоёота Приус 30 маркийн авто машин өгсөн баримт юм. **** бид хоёр хамт амьдраад 5 жил болж байна. Айл гэр болсон хойно маргалдах үе гардаг. Тэгэхдээ гар хүрч байсан зодож цохисон зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу хийсэн үйлдлээ ухамсарлаж байна. Хэрэг гарснаас хойш би огт архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байгаа. Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэн авч явж дахин гэр бүлдээ ямар нэгэн асуудал гаргахгүй бие биеэ хүндэлж ойлгож байгаа учраас надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 15-16 дахь тал),
12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, авто тээврийн хэрэгслийн, улсын бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дэх хавтаст хэргийн 101-107 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ****ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчоос баримтаар 301,500 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч ****ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Зоригтбаатар: Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч, ижил байр суурьтай байна. гэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч **** нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 404 дүгээр байрны 402 тоотод согтуурсан үедээ шалтгаангүйгээр хамтран амьдрагч ****г 2022 оны 05 дугаар сарын 11-ний шөнө унтаж байхад нь орон дээрээс нь хөлөөс нь чирч босгон улмаар 2 давхрын шатны уруу түлхэн унагаж бие, эрүүл мэндэд нь баруун зулай яс, чамархай яс, хөхлөг сэртэн, гадна чихний суваг, баруун суурь ясны их далавч, суурийн хөндийг дайрсан хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдэд няцрал, зүүн чамархайн аалзан хальс доор цус харвалт, баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий амь насанд нь аюултай хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр иргэн ****гаас гаргасан хүсэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 4, 7-8 дахь тал),
- Хохирогч ****гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр болон 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус тус өгсөн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 48-51, 53-54, 56-57, 2 дахь хавтаст хэргийн 11-12 дахь тал),
- Гэрч Б.****ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал),
- Гэрч М.****гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 69-71 дэх тал),
- Гэрч Х.****гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал),
- Гэрч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 77-79 дэх тал), Түргэн тусламжийн төвийн дүн бүртгэлээс ирүүлсэн №2022037389 дугаартай хуудас (1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №7992 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 88-89 дэх тал),
- Яллагдагч ****ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болон 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн тус тус мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 97-99, 224-225, 2 дахь хавтаст хэргийн 15-16 дахь тал),
- 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хийсэн Аюулын зэргийн үнэлгээнд “өндөр” гэсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 6 дахь тал),
- 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (1 дэх хавтаст хэргийн 22-30 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт хангалттай тогтоосон байх тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэж тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ****гийн эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогчийн мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, бусад баримтаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч **** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч **** нь согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байсан нь хардалт үүсгэх, шалтгаангүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ****ийг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
Хохирогч **** нь мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээний зардалд:
2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 8,000 төгрөгийн (1 дэх хавтаст хэргийн 90 дэх тал), “Сэцэн мед” эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 45,000 төгрөгийн, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 125,000 төгрөгийн, “Зүүний билэгт” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 350,000 төгрөгийн (1 дэх хавтаст хэргийн 177-179 дэх тал), нийт 528,000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргажээ. Хохирогч **** нь шүүх хуралд оролцохгүй, санал, гомдол байхгүй, эмчилгээний зардал мөнгө болон автомашин авсан байгаа. гэж мэдүүлсэн (2хх12), мөн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр эмчилгээний зардалд зориулж 80,000,000 төгрөг, 4992 УНХ улсын дугаартай тоёота приус 30 маркийн машиныг шилжүүлэн өгсөн, эвлэрсэн гэх гэрээ (2хх18-19) гэх баримтыг хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч ****ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж. тус тус хуульчилсан.
2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ****ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Зоригтбаатар: Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч, ижил байр суурьтай байна. гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
2.3 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч ****ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй гэж тэмдэглэгдсэн байна. Шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзаж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх талаар заасан тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болох талаар заажээ.
Шүүгдэгч ****ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийг шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг нь харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч **** нь хэдийгээр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн боловч түүний бие, эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон, шүүгдэгчид хийсэн аюулын зэргийн үнэлгээ өндөр, урьд цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй ч гэсэн байнгын эрхшээлдээ байлгаж, бие, эрх чөлөөнд нь халддаг, согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
Иймд улсын яллагчаас гаргасан 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Эрүүгийн хариуцлагын “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн” зорилгод нийцээгүй гэж үзсэн, нөгөө талаас хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай, хүнд хохирол учирсан, Үндсэн хуульд заасан эрүүл, амьд явах эрх, эрх чөлөөнд нь удаа дараа халдаж байсан шүүгдэгчийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй гэж үзэн хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч **** нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан, цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН