Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 230

 

 

 

                                                                                               

Б.Тд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Эрдэнэ, 

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1015 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Тд холбогдох эрүүгийн 1902007830301 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Б.Т нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд өөрийн түр оршин суух Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 51 дүгээр байрны 3 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй цаасан хайрцагны хамт 275.4 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Тд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хүрэн өнгийн "Rееbок CLASSIC" гэсэн бичиглэлтэй
цаасан хайрцагны хамт 275.4 грамм хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй ургамлыг
шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн
шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Б.Т энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Б.Т миний бие хэрэгт холбогдох үедээ гэдэсний сүрьеэ өвчтэй, биеийн зовиур болон сэтгэл санааны тогтворгүй байдалд орсон байдал, гэр бүлийн маргааны улмаас нэг удаа маш бага хэмжээгээр хэрэглэж үзсэн. Сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хэрэглэх нь гэмт хэрэг болохыг мэдээгүй юм. Надад удаан хэрэглэх, мансуурах, худалдах зорилго огт байгаагүй. Хийсэн алдаагаа ухамсарлан ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж, эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээ 5 жил түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэргийн ангилалд хамааруулжээ.

Б. Тэмүүжин нь урьд өмнө ял шийтгэл эдлэж байгаагүй, анх удаагаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай гэдгийг ухамсарлан ойлгож чин сэтгэлээсээ гэмшиж байгаа.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчийн хувьд, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргалдаж, мэтгэлцсэн боловч Б.Тгийн хувьд эрх зүйн үр дагаврыг анхнаасаа ойлгон ухамсарлаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлгээ өгч, хийсэн хэрэгтээ гэмшиж байсан. Гагцхүү өмгөөлөгчийн зааж зөвлөснөөр Б.Тгийн эрх зүйн байдал нь тодорхойлогдож байсан бөгөөд хууль зүйн мэдлэг дутуу дулимаг тул шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэм буруу дээрээ маргалдсан. Б.Т нь ходоодны сүрьеэ өвчний улмаас эмчийн тогтмол хяналт, эмчилгээнд байдаг бөгөөд хоригдсоноос хойш биеийн байдал нь тааруу байна. Гомдлыг хүлээн авч Б. Тэмүүжингийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл шалтгаан, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж, хорих ял оногдуулсан шийтгэл тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв. 

 

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Тд холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Тгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна. Шүүхээс шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд өөрийн түр оршин суух Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 51 дүгээр байрны 3 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй цаасан хайрцагны хамт 275.4 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 

“...бор өнгийн цаасан Rееbок гэх цаасан хайрцаганд хийгдсэн, хайрцагны хамт нийт 275.4 грамм жинтэй тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис /нийт бичгийн цаасны хамт 80.6 грамм жинтэй/ -ыг тэмдэглэлд тусган хэрэгт хавсаргасан талаархи мөрдөгчийн тогтоол /хх 22/,

 

гэрч Б.Лхагвасүрэнгийн “... Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө үүрээр 04-05 цагийн үед байсан байх би гадуур явж байгаад гэртээ ирээд Тэмүүжин бид хоёр маргалдаад би цагдаа дуудсан. ...цагдаа дуудахаас өмнө маргалдаж байхдаа 2019 оны 7 дугаар сарын дундуур Тэмүүжингийн авчирсан пүүзний хайрцаганд хийсэн байсан “Өвс” гэх ургамлыг компьютерын процессыг унагаахдаа хамт асгачихсан байсан. Пүүзний хайрцагтай “Өвс” гэх зүйлийг газар шалан дээр асгарсан байхад цагдаа нар орж ирсэн. Тэгээд энэ ямар учиртай юм бэ гэхээр нь би энийг Тэмүүжин олж авчирсан, гэрт байсан зүйл гэж хэлсэн. Тэгээд Тэмүүжин бид хоёрыг цагдаа руу авч явж, шалгаж манай гэрт үзлэг хийх болсон. ...” /хх 26-27/,  “...Надтай маргалдаж байхдаа тамхинд хийгээд татсан. Гэхдээ 1-2 удаа сороод больчих шиг болсон. ...” /хх 28-29/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4865 дугаар “1. Шинжилгээнд ирүүлсэн "БГД 1-р хэлтэс, Б.Т 2019.09.01 ШУ:90052257" гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн "БГД 1-р хэлтэс Б.Т 2019.9.01 ШУ:90052257" гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. 3.4. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцид багтдаг болно.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 37-38/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4864 дугаар "1. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн бор өнгийн “Reebok Classic” гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай ногоон өнгийн нунтаг болон ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн бор өнгийн “Reebok Classic” гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. 3.4 Шинжилгээнд илэрсэн дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцид багтдаг болно.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 41-42/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх 9-14/,

хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх 15/,

эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх 20-21/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Б.Тгийн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба анхан шатны шүүхээс түүнийг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын  хууль бус ашиглалт, хадгалалт, бэлтгэх зэрэг тухайн бодистой холбоотой эргэлт нь дан ганц өөрт нь төдийгүй олон нийтийн аюулгүй байдалд хор хөнөөлтэй байдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй гэмт хэрэг юм.

 

Иймд хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан Б.Тд анхан шатны шүүхээс хорих ялыг оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасанд тус тус нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөн анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Тгийн эрүүл мэндийн байдлыг харгалзан тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Б.Т болон түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.   

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1015 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                       ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ