Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2025/0757

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Нэхэмжлэгч: С.Б

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/679 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 678 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0583/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        1. Нэхэмжлэгч С.Бээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/679 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 678 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.Бийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/679 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. Хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдаа.

Нэхэмжлэгч С.Б нь 2020 оны 04 дүгээр сард газар ашиглах хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж, 2020 оны 06 дугаар сарын 18-нд “E1623 дугаартай Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудсанд гарын үсэг зурж, 2020 оны 04 дүгээр улиралд багтаан байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэн ирүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/523 дугаар тушаалаар 2.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулах эрх олгож, 2020 оны 07 дугаар сарын 06-нд 0201682 дугаартай газар ашиглах гэрчилгээ олгосон. Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэж, гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгуулна" гэж заасан байдаг.

Ийм нөхцөлд нэхэмжлэгч нь уг эрх олгосон тушаалыг мэдэхгүй, үүргээ биелүүлэх шаардлагатайг ойлгоогүй гэх нотолгоо хууль зүйн үндэслэлгүй юм. Хууль зүйн үндсэн зарчимд "Хууль мэдэхгүй нь хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасан байдаг. (Энэхүү зарчим нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мен Захиргааны ерөнхий хуулийн 4 дугаар зүйлийн 4.2.8 "хууль ёсны итгэлцэл"-ийн зарчим-д суурилдаг.) Тиймээс анхан шатны шүүхийн "нэхэмжлэгч тушаал гарсныг мэдээгүй" гэсэн дүгнэлт нь нотлох баримтад нийцэхгүй, хууль хэрэглээний алдаа юм.

3.2. Шүүх нотлох баримтыг бүрэн, бодитоор үнэлээгүй.

Шүүх нь зөвхөн нэхэмжлэгчийн амаар өгсөн тайлбарт тулгуурлан дүгнэлт хийсэн бөгөөд, нэхэмжлэгчийн гарын үсэг бүхий Ерөнхий үнэлгээний хуудас, байгаль орчны үнэлгээний үүрэг, гэрчилгээ, газар ашиглах тушаал гарсныг мэдээгүй, мэдэх боломж байгаагүй зэрэг аман тайлбарыг баримтаар холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, үнэлээгүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 34 дүгээр зүйлийн 34.1-т заасан нотлох баримтыг бүрэн, бодитоор үнэлэх үүргийг зөрчсөн үйлдэл юм.

3.3. Бодит нөхцөл байдлын талаар шүүхийн дүгнэлт буруу.

Нэхэмжлэгч "Корона вирусийн цар тахлын улмаас хөл хорио тогтоосон тул газар ашиглах эрх олгосон тушаал, гэрчилгээ гарсныг мэдээгүй байсан" гэж мэдүүлсэн ч, Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор тогтоосон бүрэн хөл хорио нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ноос 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэрэгжсэн. Үүнээс өмнөх болон дараах хугацаанд төрийн байгууллагууд хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан бөгөөд нэхэмжлэгч нь ямар нэгэн бичгээр лавлагаа, хүсэлт гаргасан нотолгоо байхгүй байна.

Иймд шүүхийн "нэхэмжлэгч боломжгүй нөхцөлд байсан" гэх дүгнэлт баримтаар нотлогдоогүй байна.

3.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасныг буруу хэрэглэсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/679 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байхад нэхэмжлэгч нь 2024 оны 6 дугаар сарын 18-нд 2023, 2024 оны, мөн 2025 оны 5 дугаар сарын 22-нд 2025 оны хагас жилийн газрын төлбөрийг төлсөн байдаг.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т "Газар ашиглах эрхийг цуцалсны дараа тухайн этгээд эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрхгүй" гэж заасан тул хүчингүй болсон эрхийн дагуу дараа нь төлбөр төлөх нь эрхийг сэргээх, хүчинтэй болгож байгаа хэлбэр биш юм. Ийм нөхцөлд шүүхийн "төлбөр төлсөн тул эрх хүчинтэй байсан" гэх дүгнэлт нь хууль хэрэглээний алдаа болно.

Дээр дурдсан хууль зүйн болон бодит үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 678 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, иргэн С.Бийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Бээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/679 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

            3. Анхан шатны шүүхээс “...газрын төлбөр төлөх нэхэмжлэх үүсээгүй тохиолдолд нэхэмжлэгч уг төлбөрийг төлөх боломжгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээ авах талаар хариуцагч төрийн захиргааны байгууллагад удаа дараа хандаж байсан, байгуулсан гурван талт гэрээг талууд жил бүр дүгнэж байгаагүй зэргээс үзвэл хариуцагчаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг “улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

            4. Хэргийн үйл баримтын тухайд:

            4.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/523 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар 20070 м.кв газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгож, мөн сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/679 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

4.2. Хариуцагчаас С.Бийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо тэмдэгтийн хураамж төлөөгүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлийг дурдсан байна.

5.Нэхэмжлэгчийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээнд газрын төлбөрийг Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны үүсгэсэн нэхэмжлэлийн дагуу төлөхөөр тусгасан бөгөөд төлбөрийн нэхэмжлэлийг газрын мэдээллийн системд оруулснаар газрын төлбөрөө төлөх үүрэг үүсэхээр байна.

            6. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасны дагуу газар эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай зохицуулагджээ.

            7. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

            8.  Хариуцагч нь нийслэлийн Налайх дүүргийн Татварын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/1368, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 567 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэх боловч Налайх дүүргийн Татварын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/1368 тоот албан бичгийн хавсралтад нэхэмжлэгч С.Бийн нэр ороогүй өөрөөр хэлбэл, төлбөрийн нэхэмжлэлийг газрын мэдээллийн санд оруулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, түүнчлэн нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн баримт хэрэгт авагджээ.

9. Эдгээрээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан төрийн захиргааны байгууллагаас бодит нөхцөл байдлыг тогтоох, захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд маргаан бүхий актын үндэслэлд нэхэмжлэгчийг “улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

   10. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/679 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосны дараа нэхэмжлэгч нь 2024 оны 6 дугаар сарын 18-нд 2023, 2024 оны, мөн 2025 оны 5 дугаар сарын 22-нд 2025 оны хагас жилийн газрын төлбөрийг төлсөн талаарх хариуцагчийн гомдол дээр дурдсан үндэслэлээр няцаагдаж байна.

11.Иймд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

    ШҮҮГЧ                                                А.САРАНГЭРЭЛ

                          ШҮҮГЧ                                                 б.адъяасҮРЭН