Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, ... ажилтай, З овогт Т.Н-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б овогт Г.Г, Б овогт Э.Г нарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэх талаар байгуулсан гэрээг хугацаанаас өмнө цуцалж,  төлбөрийн үлдэгдэл 12,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга З.М, нэхэмжлэгч Т.Н, хариуцагч Г.Г, Э.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Т.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г нь 2019 оны 03 сарын 26-ны өдөр байшингаа түрээслүүлэх үү гээд ирж уулзахаар нь би зарна гэж хэлсэн. Ингээд Г банкны хүн дагуулж ирээд зээл авах боломжтой юм байна гээд явсан. Маргааш нь буюу 27-нд бид гэрээ байгуулж, Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах 32 м.кв хувийн орон сууц, газраа 20,000,000 төгрөг худалдсан, энэ талаар гэрээ байгуулсан. Ингээд Э-н нэр дээр зээл гарах боломжтой, үл хөдлөхөө шилжүүлээд өгчих гэхээр нь зөвшөөрч Э-н нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч банкнаас зээл гарахгүй байна гэж хэлсэн. Дараа нь Г өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн боловч бас л зээл бүтээгүй. Орон сууц худалдах гэрээн дээр  төлбөр төлөх хугацаа тохироогүй боловч хамгийн сүүлийн хугацаа 2019 оны 09 сар гэж амаар тохирч байсан. Гэхдээ зээл хөөцөлдөөд гарвал нэг сарын дотор өгнө гэж байсан юм. Ингээд зээл бүтээгүй учир эхний ээлжинд надад 5,000,000 төгрөг өгөөд, дараа нь сар бүр 1,000,000 төгрөг өгье гэж тохирсон боловч 6, 7 дугаар сард тус бүр 1,000,000 төгрөг, 8 сард 30,000 төгрөг төлөөд 9 сард мөнгө өгөөгүй, хүүхдийн зээл бүтвэл өгнө гэсэн боловч болсон гэж хэлсэн. Ингээд бид 2019 оны 10 сарын 29-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээнд 2019 оны 11 сарын 06-наас эхлээд 2020 оны 11 сарын 06 хүртэл нэг жилийн хугацаатай, сар бүрийн 06-нд 1,000,000 төгрөгөөр үлдэгдэл мөнгийг төлж дуусгах, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан. Ингээд Г, Э нар нь 11 сард төлөх ёстой мөнгөө алдангитай нь 1,170,000 төгрөг, 12 сарын 06-нд 1,000,000 төгрөг төлсөн юм. Миний хувьд энэ 2 хүнд хувийн хашаа, байшингаа зарчихаад  байр худалдан авсан. Энэ хугацаанд энэ 2-ыг мөнгөө өгчих байх гэж явсаар байгаад худалдан авсан байрны төлбөрөө төлж чадахгүйд хүрч, дүүгийнхээ машиныг хүртэл барьцаанд тавьсан. Одоо байрны мөнгөө 2020 оны 03 сарын 01-нд бүрэн төлж барагдуулахаар гэрээ хийсэн байгаа тул энэ хүмүүстэй байгуулсан гэрээгээ цуцална. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед 12,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, нэхэмжлэл өгсөн өдөр 1,000,000 төгрөгийг төлсөн, 8 сард төлсөн 30,000 төгрөг, алдангид төлсөн 170,000 төгрөг гээд одоо үлдэгдэл нь 11,000,000 төгрөг байгааг нэхэмжилж байна. Би Г эгчээс гэрээний хугацаагаа нааш нь татаад 2019 оны 03 сарын 01 болгоё, би байрны мөнгөө төлөх ёстой гэж олон удаа гуйсан боловч зөвшөөрөөгүй гэв.

Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид сөрөг нэхэмжлэл гаргахгүйгээр энэ асуудыг шийдвэрлүүлнэ. Өнгөрсөн өвөл жаахан зутруу өвөлжсөн болохоор байшин худалдан авъя гэж нөхөртэйгээ ярилцаад 2019 оны 03 сарын 26-нд зарын дагуу Н-нд очиж байшинг үзээд явсан. Маргааш нь Н над руу яриад банкны зээл чинь бүтэхээр бол та авч болно шүү гэж хэлэхээр банкны хүн дагуулаад очиход зээл гарч болох байх гэхээр нь авахаар шийдэж 03 сарын 27-ны өдөр Замын-Үүд сумын 3 дугаар баг ... тоотыг худалдан авахаар гэрээ байгуулж, Э-н нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж авсан. Ингээд зээлээ хөөцөлдөхөд зээл бүтэхгүй болохоор өөрийнхөө нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр шилжүүлж авсан. К банканд зээл судлуулсан боловч миний орлого хүрэхгүй байна гээд бүтээгүй. Тэгэхээр нь Г банк бус санхүүгийн байгууллагад байрны гэрчилгээ барьцаанд тавьж 5,000,000 төгрөг авч Н-д өгөөд, сар бүр 1,000,000 төгрөг төлье, хүү маань ажилд орсон учраас 9 сард цалингийн зээл авахуулж үлдсэн төлбөрийг төлье гэж хэлсэн юм. Ингээд 6,7 дугаар саруудад тус бүр 1,000,000 төрөг төлсөн, 8 сард хүүхдүүдийн хичээл, цэцэрлэг орох гээд 30,000 төгрөг л дансанд хийсэн, өөр мөнгө төлж чадаагүй, 9 сард хүүгийн ажилласан сар болохгүй байна гээд зээл олдоогүй. Ингээд 2019 оны 10 сарын 29-нд төлбөрийн үлдэгдлийг төлөр талаар гэрээ байгуулж, 11 сарын 6-наас эхлэн төлж эхэлсэн. 11 сарын мөнгийг  гэрээнд заасан 06-ний өдөр төлж чадаагүй учир алдангитай нь хамт 1,170,000 төгрөг, 12 сарын 06-нд 1,000,000 төгрөг төлсөн. 2020 оны 01 сарын 06 буюу өчигдөр төлөх байсан боловч хурлаас гарах шийдвэр харж байж больё гээд төлөөгүй байна. Бид 2 гэрээний хугацааг 2020 оны 03 сарын 01 болгох саналыг хүлээж авахгүй. Мөнгөө гэрээнд заасны дагуу төлж дуусгана. Гэрээ цуцлахыг зөвшөөрөхгүй байна. Хүү маань 2019 оны 10 сарын 01нээс Депод ажилд орсон 2020 оны 03 сар гэхэд цалингийн зээл авах боломжтой болно, тэгэхээр зээл авчихвал заавал зээлийн гэрээний хугацаа хүлээхгүй мөнгийг нь өгч дуусгана гэв.

Хариуцагч Э.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Гэрээг цуцалмааргүй байна, төлбөр төлөх талаар байгуулсан гэрээний дагуу төлбөрөө төлнө гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Г.Г, Э.Э нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлбөрийн үлдэгдэл 12,200,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд төлбөрийн үлдэгдэл 11,000,000 төгрөг нэхэмжилнэ гэж бууруулсан болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Үндэслэл нь:

Хариуцагч нар нь гэрээг  цуцлахгүй, гэрээний дагуу үүргийг биелүүлнэ гэж маргаж байгаа болно.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй талаас нь үнэлэхэд:

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Э.Э-тай 2019 оны 03 сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах 32 м,кв орон сууцыг 20,000,000 төгрөгөөр тооцож худалдахаар тохиролцсон гэрээ байгуулж, өмчлөх эрхийг Э.Э-т шилжүүлсэн үйл баримт нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэж нэрлэсэн гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байгаагаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүссэн, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Дээрх гэрээгээр талууд төлбөрийг төлөх хугацааг тохироогүй бөгөөд хариуцагчийн хувьд банкны зээл авах нөхцөл боломж бүрдээгүй улмаас эхний ээлжинд 5,000,000 төгрөг, 2019 оны 06, 07 саруудад тус бүр 1,000,000 төгрөг, 08 сард 30,000 төгрөг төлсөн байх бөгөөд түүнээс хойш  2019 оны 10 сарын 29-ны өдөр талууд худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэх хэсэг болох 13,000,000 төгрөгийг хэрхэн, яаж барагдуулах талаар буюу хариуцагч Г.Г, Э.Э нар нь  2019 оны 11 сарын 06-ны өдрөөс эхлэн 2020 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 06-ны өдөр 1,000,000 төгрөгрөөр төлөх, хугацаандаа үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохирч төлбөр барагдуулах гэрээ гэж нэрлэсэн гэрээ байгуулжээ.

Хариуцагч нар нь дээрх гэрээний дагуу 2019 оны 11 сард 1,000,000 төрөг, алданги 170,000 төгрөг, нийт 1,170,000 төгрөг, 2019 оны 12 сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар болон хариуцагч Г.Г-н Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байгаагаас үзэхэд  худалдах, худалдан авах гэрээний үүрэг зөрчигдөөгүй буюу Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар  үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж байсан гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн хувьд өөрөө бусдаас байр худалдан авсан түүний үнийг 2020 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн тул урт хугацаатай байгуулсан гэрээг цуцалж, үлдэх төлбөрийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлдог боловч энэ нь хүчин төгөлдөр гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “ гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй “ гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээ байгуулах үедээ  төлбөр төлөх хугацаа, хэмжээг өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн байгуулсан нөхцөл байдал зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний хугацааг 2020 оны 03 сарын 01-ны  дотор гэж өөрчилж байгуулан, эвлэрэх санал гаргасан боловч хариуцагч нар нь энэ саналыг хүлээн авах боломжгүй, гэрээний дагуу үүргийг гүйцэтгэх талаар тайлбарласан болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Н нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэх талаар байгуулсан гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үлдэх төлбөрийг гэрээний хугацаа дуусахаас өмнө нөгөө талаас шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Н-н нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г, Э.Э нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэх талаар байгуулсан гэрээг хугацаанаас өмнө цуцалж,  төлбөрийн үлдэгдэл 11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.Ц