| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/05030/и |
| Дугаар | 1189 |
| Огноо | 2018-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 1189
| 2018 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 210/МА2018/01189 |
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00829 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.М-, М.М нарт холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 153 270 842 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй,
Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулах үүргээ хэрэгжүүлэхийг “Х” ХХК-нд даалгуулах, “Х” ХХК-ийг 43 104 000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт авах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн гэрээний хүү 15.6 хувь байгааг тогтоолгох тухай хариуцагч М.М-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч М.М-ын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Содном-Иш
Хариуцагч: М.М-
Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Атарболд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.М-, М.М нар нь Хны Орон сууцны зээлийн төвтэй 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ОСЗГ/343 тоот Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ байгуулан 120 000 000 төгрөгийн зээлийг сарын 1,3 хувийн хувьсах хүүтэй, 180 сарын хугацаатайгаар, орон сууц худалдан авахаар зориулалтаар зээлж авсан. Зээлийн барьцаанд М.М-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027593 тоот дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо Нарны зам, 406 байрны 63 тоот, 118,44 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан.
Зээлдэгч нь зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 9 833 057 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 75 662 546 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 441 978 төгрөг нийт 85 937 581 төгрөгийг төлсөн. М.М-, М.М нар гэрээгээр тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зөрчсөн тул зээлдэгчид 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тус тус мэдэгдэж үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.9-д заасан гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг банк гаргасан. Өмнө нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, үүнээс хойш зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр цуцлахаар нэхэмжлэл гаргасан.
М.М- нь өөрийн бизнесийн үйл ажиллагаа доголдсон учир барьцаа хөрөнгийг бусдад түрээслүүлэх замаар эргэн төлөлтийг хийх талаар гэрээнд өөрчлөлт оруулах санал тавьсан гэж тайлбарлаад байна. Гэтэл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны туай хуульд 2015 оны 10 сард өөрчлөлт орсноор барьцааны зүйл болох орон сууцыг бусдад түрээслэх эрхтэй болсон гэдгээ өөрөө мэдсээр байж заавал гэрээнд өөрчлөлт оруулснаар үүргээ биелүүлэх байсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.
Зээлийг зээлдэгч өөрөө болон гэр бүлээрээ амьдрах зориулалттай зээл хүссэний дагуу зээл олгосон болохоос бус түүний бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор олгоогүй юм.
Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 110 166 942 төгрөг, зээлийн хүүд 41 347 303 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 756 596 төгрөг, нийт 153 270 842 төгрөгийг нотариатын үйлчилгээний төлбөрт 10 000 төгрөгийн хамт нийт 153 270 842 төгрөг гаргуулах, зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгийг албадан худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Банк зээлийг анхнаасаа бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг зорилгоор олгосны дараа тухайн зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаанд доголдол гарч, санхүүгийн хүнд байдалд орж, зээлээ хэвийн төлж чадахгүй болсон нөхцөлд л гэрээнд өөрчлөлт оруулж болох эсэх асуудлыг хэлэлцэх боломж үүсч болно.
Гэтэл амьдран суух зориулалтаар авсан орон сууцны зээлийн гэрээнд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсгийг хамааруулж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд гэрээ байгуулах болсон гол үндэслэл нь гэрээ байгуулснаас хойш өөрчлөгдсөн зүйл байхгүй байхад хариуцагч нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн гэж тайлбарлан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзаж, хугацаа хэтэрсэн асуудалд банкийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.
Мөн ОСЗГ/343 тоот орон сууцны зээлийн гэрээний хүү 15.6 хувь болохыг тогтоолгох, 43 104 000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү авахгүй болохыг тогтоолгох зэрэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд энэ нь анхнаасаа зээлдэгчтэй гэрээгээр тохиролцсон асуудал байхад тухайн үед хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан атлаа дараа нь өөрсдийн тохиролцсон гэрээний үндсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байдлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь буруу тул дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 06893 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. Шүүх хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрт хүндрэлтэй нөхцөл байдал бий болсныг мэдэгдэж Хинд хүсэлт гаргасан нь боловч уг компани холбогдох арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэн зээлийн болон барьцааны гэрээнүүдээс татгалзах болон гэрээг цуцлахаар шаардах эрхгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Миний бие 2015 оны 09 дүгээр сарыг хүртэл зээл болон зээлийн хүүд нийт 86 000 000 орчим төгрөгийг төлсөн.
2015 оны 09 дүгээр сараас зээл төлөх эх үүсвэрт хүндрэлтэй нөхцөл байдал бий болж нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас зээл төлөх өөр эх үүсвэр бий болгож гэрээний үүргээ тасралтгүй гүйцэтгэж байх зорилгоор өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад түрээслэн, олсон орлогоороо банкны өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж байх хүсэлтийг 2015 оны 09 дүгээр сард “Х” ХХК-ийн Орон сууцны зээлийн төвийн захирал н.Отгонжаргал, зээл хариуцсан эдийн засагч н.Гэрэлчимэг нарт удаа дараа илэрхийлж, мөн оныхоо 10 дугаар сарын 01-ний өдөр “Х” ХХК-ийн орон сууцны зээлийн төвд хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн боловч хариу өгөөгүй.
Зээлийн гэрээний 3.1.4.2 дахь хэсэгт заасны дагуу 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 278/14 дугаартай албан бичгээр хувьсах хүүгийн түвшинг сарын 0,1%, жилийн 1,2%-иар 1 жил буюу 365 хоногийн хугацаанд нэмэгдүүлж энэ хугацаанд мөрдөх жилийн хүү 16,8% болж байгааг мэдэгдэж байсан бол 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5126/02/28 дугаартай албан бичигт хувьсах хүүгийн түвшинг сарын 0,05%, жилийн 0,6%-иар 1 жил буюу 365 хоногийн хугацаанд нэмэгдүүлж энэ хугацаанд мөрдөх жилийн хүү 17,4% болж байгааг дурьдсан байгаа боловч зээлдэгчид мэдэгдээгүй болно.
“Х” ХХК нь дээрх 2012 оны 04 дүгээр сарын 16-ны хүүгийн өөрчлөлтийн мэдэгдэлд 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаанд 16,8% болно гэж заасан нь 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болж 15,6% болж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс нэг жил буюу 365 хоногийн хугацаанд жилийн 17,4% болно гэж заасан нь алдаатай байсан гэж үзэж байгаа тул 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс нэг жил буюу 365 хоногийн хугацаанд жилийн 16.2% болох байсан бөгөөд энэ нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болж өнөөдөр мөрдөж байгаа жилийн хүү 15,6% болсон гэж үзэж байгаа тул үүнийг тогтоож өгнө үү.
Иймд Х ХХК-ийн тооцон нэхэмжилж байгаа 43 104 000 төгрөгийн хүүг “Х” ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үүрэгийн хүрээнд мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү анз авах эрхгүй болохыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч М.М-, М.М нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 110 166 942 төгрөг, хүүд 36 520 335 төгрөг, нотариатын зардал 10 000 төгрөг, нийт 146 697 277 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 573 565 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч М.М-ын ОСЗГ/343 тоот гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулах үүргээ хэрэгжүүлэхийг “Х” ХХК-нд шүүхийн журмаар даалгуулах, “Х” ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнээс үүсэх үүргийн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор 43 104 000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт авах эрхгүй болохыг тогтоолгох, ОСЗГ/343 тоот хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээний хүү 15.6 хувь байгааг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар М.М-, М.М нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд М.М-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Y-2204027593 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны зам, 406 дугаар байр, 63 тоот хаягт байршилтай, 000159895 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 118.44 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч М.М-, М.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 961 636 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 994 554 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 513 870 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч М.М- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох 2011 оны 09 дугаар сарын 19-ны өдрийн "Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ" гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 06893 тоот шүүхийн шийдвэр, хариуцагчийн зүгээс өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй зэргээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийг анх удаа “Нэсю” ХХК-ны бизнесийн үйл ажиллагаанд тулгуурлан олгосон бөгөөд тус байгуулага нь төрийн байгуулагад үйл ажиллзгаа үзүүлэн төлбөрөө авч чадаагүйн улмаас компаний хэвийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн бөгөөд энэ тухай Хинд мэдэгдэж орон сууцны зээлийн гэрээнд өөрчлөлт оруулая гэж удаа дараа уулзан учирлаж албан бичгээр мэдэгдэж бичгээр хариу хүссэн боловч хүсэлтийг хүлээж авч шийдвэрлээгүй. Тухайлбал Хны орон сууцны зээлийн төвийн захирал н.Отгонжаргал, эдийн засагч н.Гэрэлчимэг нарт удаа дараа илэрхийлж мөн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн байдаг.
Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.3 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтийг огт авч хэрэглээгүй бөгөөд хариу өгөөгүй нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийлгүй шийдвэрлсэн нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн Хны зүгээс хариуцагч нарт ямарваа нэгэн хэлбэрээр үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй бөгөөд гэрээ цуцлах мэдэгдлийг биечлэн гардуулж болон холбогдох гэрийн хаягаар огт хүргүүлээгүй бөгөөд хүлээн авсан баримтгүй зүйлд шүүх дүгнэлт хийсэн.
Мөн хариуцагчийн зүгээс 2017 оны 08 дугаар сарын 29-нд Хны эрх бүхий этгээдүүдтэй зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулуулах, хүү, нэмэгдүүлсэн хүүг хасуулах тухай уулзалт хийж Хнаас 2018 оны 08 дугаар сарын 31-нд хариу өгөх тухай уулзалтын тэмдэглэлийг нэхэмжлэгч Х хүлээн зөвшөөрч буйд шүүх дүгнэлт хийлгүй, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч нарт 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэж байсан зэргээс үзэхэд зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тэдэнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй болсон байдлыг зээлдүүлэгчийн гэрээнд өөрчлөлт оруулаагүйгээс шалтгаалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд" гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг сайн ойлгоогүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасны дагуу өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зүйлд үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь буруу байна. Учир нь өмнөх шүүхийн шийдвэрээр хянан шийдвэрлэгдэж нэгэнт тогтоогдсон үйл баримт дээр шүүх дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй, мөн шүүх зээлийн гэрээний хүүг хувьсах хүүтэй бус тогтмол хүүтэй байхыг тогтоосон байтал энэ талаар гэрээнд өөрчлөлт оруулах, мөн хүүгийн зөрүүг бодитоор тогтоолгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Мөн шүүхийн шийдвэрийн хүрээнд Х нь үнэхээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа бол 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хүү, алданги шаардах эрхгүй бөгөөд энэ цаг хугацаанаас хойших хүү алданги шаардах ёстой байтал шүүх энэ бүхэнд үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч М.М-, М.М нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 153 270 842 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулах үүргээ хэрэгжүүлэхийг “Х” ХХК-нд даалгуулах, “Х” ХХК нь 43 104 000 төгрөгийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлбөрт авах эрхгүй болохыг тогтоолгох, хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээний хүү 15.6 хувиар тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Талууд 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 120 000 000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хувьсах хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээлдэгчид олгохоор тохиролцсон, зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлдэгч нь зээлийг тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээсэн, мөн хуулийн 451.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгч М.М-ын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны зам, 406 дугаар байр, 63 тоот хаягт байршилтай, 000159895 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 118.44 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцанд барьцааны гэрээ байгуулсан, уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Зээлийн гэрээний зээлдэгч талд М.М-, М.М нар гарын үсэг зурснаар зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийг илэрхийлсэн ба тэдгээр нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч тул зээлдүүлэгч нь гэрээний үүргийг хэн алинаас шаардах эрхээ өөрөө тодорхойлох хүрээнд хоёуланд нь холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардаж Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг мөн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06893 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт орсноор барьцаалуулагч барьцааны зүйлийг түрээслэх эрхийг эдлэхэд барьцаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн бол харин өөрчлөгдсөн нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд гэрээг дахин цуцлах арга хэмжээг тэргүүн ээлжид авах үүргийг “Х” ХХК зөрчсөн гэж дүгнэсэн байна.
Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч М.М- нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Х” ХХК-д гаргасан хүсэлт /I хх 130 дахь тал/-дээ төрийн байгууллагад хийж гүйцэтгэсэн төлбөрийг төсөв байхгүй гэх үндэслэлээр авч чадахгүйгээс зээлийн гэрээг үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон, нөхцөл байдал гэрээг байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн энэ өөрчлөлтийг талуудад мэдэгдсэн агуулгатай байна.
Энэ хүсэлтийг “Х” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан, хариу өгөөгүй.
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 831 дүгээр захирамжаар Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас 198 737 001 төгрөгийг гаргуулж “Нэсю” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, энэ шийдвэр биелэгдээгүй боловч зээлийн гэрээнд “Нэсю” ХХК-ийн орлогоор зээлийг төлөх агуулгаар талууд тохиролцоогүй байхаас гадна зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааг “Нэсю” ХХК-ийн орлогоор хязгаарлахгүй юм.
Нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд талууд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох нөхцөлд хариуцагч нь өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг шаардах эрхийг хэрэгжүүлэхдээ үндсэн зээл, хүү төлөх нөхцөлд хэрхэн яаж өөрчлөлт оруулах саналыг ирүүлээгүйгээс гадна нөгөө тал болох “Х” ХХК нь зөвшөөрөөгүй бол Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал гэрээнээс татгалзах эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Зээлдүүлэгч нь зээлдэгчийн амьдран суух зорилгоор орон сууц худалдан авахад нь зориулан зээл олгохдоо зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг зээлдэгчийн эзэмшлийн компанийн бизнесийн үйл ажиллагааны орлогыг тодорхойлон үзсэний үндсэн дээр олгосон болох нь тогтоогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зохигчийн хэн аль нь эсэргүүцээгүй.
Улмаар хариуцагч талын үүргийн зөрчил хэвээр байсан тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг мэдэгдэл өгсний дараа мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.3 дахь хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч, зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй болсон байдлыг зээлдүүлэгчийн гэрээнд өөрчлөлт оруулаагүйгээс шалтгаалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд барьцааны зүйлийг бусдад түрээслүүлэхэд барьцаалагчийн зөвшөөрлийг авах шаардлагагүйг тогтоосон үйл баримт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул дахин нотлохгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүх үйл баримтыг зөв дүгнэсэн байна.
Гэрээнд зээлийн хүүг хувьсах байдлаар жилийн 15.6 хувь гэж тохиролцсон ба анхан шатны шүүх зээлийн хүүг нэмэгдүүлж тооцоогүй, анх тохиролцсон хүү болох жилийн 15.6 хувиар тооцсон нь хариуцагчийн эрх, ашиг сонирхолыг зөрчөөгүй, нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.
Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээ цуцлагдаж дуусгавар болсон өдрийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тооцож, зээлдэгчийн төлөх ёстой үндсэн зээл 110 166 942 төгрөг, зээлийн хүүг 1.3 хувиар тооцож 36 520 355 төгрөг, нийт 146 687 297 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
Гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол болох нотариатын зардалд 10 000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах нэхэмжлэлийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.
Дээрхи үндэслэлээр хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээг цуцалж байгаа тохиолдолд хариуцагч М.М-ын талуудын хооронд байгуулагдсан ОСЗГ/343 тоот гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулах үүргээ хэрэгжүүлэхийг “Х” ХХК-д шүүхийн журмаар даалгуулах, “Х” ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнээс үүсэх үүргийн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор 43 104 000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт авах эрхгүй болохыг тогтоолгох, ОСЗГ/343 тоот хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээний хүү 15.6 хувь байгааг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00829 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 961 637 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА