Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2025/0691

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Жын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0581 дүгээр шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч шүүгч Л.Одбаатар

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Ж

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын алба

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, М.Т

Хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 128/2024/0498/З          

                               

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 123/ШШ2025/0581 дүгээр шийдвэрээр  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8. 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/446, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжууд, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн гараашийн газрыг албадан чөлөөлсөн үйл ажиллагааны нэхэмжлэгч Д.Жд холбогдох хэсгүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, гараашын нөхөн төлбөр 15,280,000 төгрөгийг Д.Жд олгохыг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг баримтлан Д.Жаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамжийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. "…Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим" гэж тодотгосны учир нь хэрэв хууль бус үйлдэл бол хамгаалахгүй гэдгийг тодруулан зааж байгаа тодотгол юм. Тухайлбал зөвшөөрөлгүй газар ашиглачихаад дараа нь захиргааны байгууллага зөвшөөрөл олгох үүрэгтэй, албадан буулгавал нөхөх олговор олгох ёстой гэж захиргааны байгууллагаас шаардах боломжгүй юм.

2.2. …Шүүх газар эзэмших эрхгүй, зохих зөвшөөрөл авч байгаагүй, хууль бусаар газрыг эзэмшиж ашиглаж байсан этгээдийн эрхийг хамгаалахад дээрх "Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчилнэ гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуулийн зарчим, утга агуулгад нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй.

2.3. Захирамжийн хууль зүйн үндэслэл: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т "Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна", 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно", 56 дугаар зүйлийн 56.5-д "Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй", 57.3-т "Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. 57.4-т "Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна". Мен хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "Газар төрийн хяналт, хамгаалалтад байна", 20 дугаар зүйлийн 20.2.2-т "Дүүргийн засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулна." гэж тус тус заасан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т "Захиргааны үйл ажиллагаанд Хуульд үндэслэх зарчмыг баримтална" гэж заасны дагуу Монгол улсын Газрын тухай хуульд заасан дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаартай "Газрын зөрчил арилгах тухай" захирамж гарсан.

Захирамжийн зорилго, төлөвлөлтийн тухайд: Тус Дүүргийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжаар нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс, Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрчимжүүлэх. Түгжрэлийг сааруулах, зам өргөтгөн шинэчлэх, автомашины зогсоолыг нэмэгдүүлэх, Онцгой байдал үүссэн үед тусгай төрлийн автомашинууд нэвтрүүлэх, Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор тус Дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын зөвшөөрөлгүй 110 ширхэг гараашуудыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажилласан.

2.4. Нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 88 дугаар цэцэрлэгийн хойд болон зүүн талд байрлах, газрын зөвшөөрөлгүй 1 ширхэг тоосгон гараашийг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, мөн тухайн маргаан бүхий газрыг аливаа иргэн, хуулийн этгээдэд емчилж, эзэмшүүлж ашиглуулсан тухай захирамж, шийдвэр огт байдаггүй тул Дүүргийн Засаг даргын зүгээс газар чөлөөлөх тухай мэдэгдлийг 2021, 2022, 2023 онуудад өгсөн. Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул 2024 оны 04 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд албадан чөлөөлсөн

2.5. Тус газрын зөрчил арилгаж, газар чөлөөлсөн байршилд Улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ногоон байгууламж 585м2, явган зам 1360м2, Хүүхдийн тоглоомын талбай 510м2, Гүйлтийн зам 788м2, Авто зогсоол- 1950м2 / 100 гаруй автомашины зогсоол /, Гадна орчны гэрэлтүүлэг 26ш, Сандал-10ш, Сүүдрэвч-2ш, мод 36ш зэрэг тохижилт, бүтээн байгуулалтын ажил бүрэн хийгдэж дууссан байна. Захирамжийн сонсох ажиллагаа: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т "Захиргааны үйл ажиллагаанд Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтална", Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасны дагуу Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021, 2022 онуудад болон 2023 оны 11 дүгээр сард тухайн байршилд байрлах гараашуудын эздэд сонсох ажиллагааны мэдэгдлийг тараасан.

2.6. Уг сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нэхэмжлэгч болон бусад иргэдээс Баянгол дүүргийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирж, хариуцсан хорооны газар зохион байгуулагчтай уулзсан боловч бичгээр санал, хүсэлт, холбогдох нотлох баримтаа гарган өгөөгүй байдаг. Захирамжийг мэдэгдсэн тухай: Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна" гэж заасны дагуу Дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжийг 2023 оны 12 дугаар 15-ны өдрөөс эхлэн тухайн байршилд байх 110 гарааш эзэмшигчдэд мэдэгдэж эхэлсэн байдаг. Тус мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 15- ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан өргөдөл гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн.

2.7. Нэхэмжлэгчид маргаан бүхий газарт Монгол улсын Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших, өмчлөх эрх огт үүсч байгаагүй, газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, хууль зөрчин гараашийн зориулалтаар ашиглаж байсан бөгөөд 2008 онд худалдан авсан, газрын төлбөр тогтоосон актаар дараах байдлаар газрын төлбөрийг 2017 онд төлсөн, түүнээс хойш газрын төлбөрийг төлж байгаагүй.

 2.8. Нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй тухай: Нэхэмжлэгч нь маргаан бүхий тоосгон гараашуудыг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй бөгөөд этгээд болох нь 1. Захирамжийн үндэслэл, 2. Хэргийн материалд цугларсан болон Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүнд хавсаргаж өгсөн баримтууд, 3. Бусад төрийн захиргааны байгууллагуудаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон холбогдох нотлох баримтаар тогтоогддог.

2.9. Мөн Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамжаар "ХХМедиа" ХХК-д Баянгол дүүргийн 18 дугаар хороонд 16 ширхэг гарааш барих зөвшөөрөл олгосон боловч газар эзэмших ашиглах эрхтэй эсэх талаар заагаагүй бөгөөд "ХХМедиа" ХХК-аас нэхэмжлэгч Д.Жд газар эзэмших эрхийг шилжүүлсэн нотлох баримт байхгүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т "Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна.” гэж заасны дагуу шилжүүлэн авсан газар эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм.

2.10. Нэхэмжлэгч нь Газрын төлбөр тогтоох тухай 2008 оны 04 дүгээр сарын 23-ны едрийн 18/546 дугаар актаар гараашийн зориулалтаар газар ашиглаж, төлбөрийг 2017 оныг хүртэл тодорхой хэмжээгээр төлж байсан бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасны дагуу газрын хууль ёсны эзэмшигч, газар эзэмших хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй этгээд гэдэг нотлох баримт байхгүй, дээрх үйл баримт тогтоогддоггүй. Захиргааны байгууллагын зүгээс дээрх нөхцөл байдлыг нэгбүрчлэн судалж, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу газрын зөвшөөрөлгүй маргаан бүхий гараашуудыг албадан чөлөөлж, газрын зөрчил арилгах захирамж гаргасан.

Иймд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхгүй, газар эзмших эрх огт үүсч байгаагүй бөгөөд газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, хууль зөрчин маргаан бүхий газрыг гараашийн зориулалтаар ашиглаж байсан этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т "Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчилнэ" гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр илт үндэслэлгүй байна.
            2.11. Шүүх хуульд заасан нөхөх олговор олгох эрхгүй этгээдэд нөхөх олговор олгохыг даалгаж, хуульд харшилсан шийдвэр гаргасан тухайд Нөхөх олговор олгох тухай асуудлыг Монгол Улсын газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйл, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан "Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам"-аар зохицуулах бөгөөд тус журмын 3.1-т "Өмчлөх, эзэмших эрх бүхий газар. Иргэний хуулийн 85.2-т заасан газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарах тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө буюу барилга байгууламж, Газар чөлөөлөх зардал зэргийг нөхөн олгохоор заасан. Өөрөөр хэлбэл уг газарт өмчлөх, эзэмших эрх үүссэн, тухайн эзэмших, өмчлөх эрх бүхий газарт байрлах эд хөрөнгө, түүнийг чөлөөлөхтэй холбоотой зардлыг нөхөн олгохоор заасан.

2.12. Нэхэмжлэгчийн тухайд 1994 оны болон 2002 онд батлагдаж өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар газар эзэмших, өмчлөх эрхгүй этгээд бөгөөд "Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам"-ын үйлчлэлд хамаарахгүй этгээд юм.

2.13. Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-т "Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй", 56 дугаар зүйлийн 56.5-т "Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй", гэж заасан тул Нэхэмжлэгчид нөхөх олговор авах эрх үүсэхгүй.

2.14. Дээрх нөхцөл байдлыг Захиргааны байгууллагын зүгээс нэг бүрчлэн судалж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан Хууль дээдлэх үндсэн зарчмыг баримтлан Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу газрын зөвшөөрөлгүй маргаан бүхий гараашыг албадан чөлөөлж, газрын зөрчил арилгасан.

Гэтэл Шүүх хуульд заасан нөхөх олговор олгох эрхгүй этгээдэд нөхөх олговор олгохыг даалгаж, хуульд харшилсан шийдвэр гаргасан.

Дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, газрын тухай хуулийг буруу хэрэглэсэн, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн тул Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0581 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                              ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг бүхэлд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Д.Жаас анх Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн олговорт 15.280.000 төгрөг олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн Засаг даргын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар “Газрын зөрчил арилгуулах тухай” захирамж, Баянгол дүүргийн Засаг дарга нь Баянгол дүүргийн Засаг даргын гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/175 дугаар “Газрын зөрчил арилгуулах тухай” захирамж , Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар “Газрын зөрчил арилгуулах тухай” захирамж, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 тоот мэдэгдэх хуудсаар тус тус газар чөлөөлөх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн овог нэр, гараашны байршил дугаарыг хуульд заасны дагуу тогтоож, тодорхой бичээгүй, хуульд заасан боломжит газар албадан чөлөөлөх хугацаа зэргийг хуульд заасны дагуу тодорхой бичээгүй газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль бус захиргааны шийдвэр болохыг тогтоох, хариуцагчдын уг хууль бус шийдвэрийг нэхэмжлэгчид хуульд заасны дагуу гарааш нураахаас өмнө танилцуулаагүй, уг хууль бус захиргааны шийдвэрүүдийн дагуу гарааш ийг нүүлгэн шилжүүлэх боломжит хугацаа олгохгүйгээр нэхэмжлэгчийн гарааш ийг нурааж газар чөлөөлөх ажиллагааг албадан явуулсан нь хууль бус захиргааны үйл ажиллагаа болохыг тогтоох, нэхэмжлэгчид учруулсан хохирол болох 15.280.000 төгрөгийг Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гаргуулах тухай шаардлага гаргаж нэхэмжлэлээ тодорхойлсон.

3. Шүүх хуралдааны явцад Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн захирамж нь А/175 бус А/173 дугаартай болохыг зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэлээ “... анх зохих зөвшөөрөлтэй гарааш ийг худалдан авсан, газар эзэмших, гэрчилгээ гаргуулах хүсэлт удаа дараа өгч байсан боловч хүлээн аваагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, гарааш буулгах шийдвэрүүдэд миний нэр тодорхой ороогүй, байршил тодорхойгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтоогоогүй” гэх агуулгаар тайлбарлаж маргасан.

4. Нийслэлийн Засаг даргын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар “Газрын зөрчил арилгуулах тухай” захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа, хайс, гарааш, хаалтыг чөлөөлөх...ажлыг зохион байгуулах тухай захирамж Нийслэлийн засаг дарга гаргасан, Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/175 дугаар “Газрын зөрчил арилгуулах тухай”  захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар “Газрын зөрчил арилгуулах тухай” захирамжуудаар Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байршилтай зөвшөөрөлгүй баригдсан  ширхэг тоосгон гараашнуудыг албадан буулгаж газрыг чөлөөлсөн,  Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 тоот мэдэгдэх хуудсаар тус тус газар чөлөөлөхийг гарааш эзэмшигч ашиглагч нарт мэдэгдсэн байна.

5. Анхан шатны шүүх “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 128/ШШ2023/0541дүгээр шийдвэрээр Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар, Баянгол дүүргийн Засаг даргын Б/114 дүгээр захирамжийн дагуу баригдсан гараашийг нэхэмжлэгч Ө.Ц, Ш.Б, М.Б, Д.О, Н.Э, Б.Б, Д.С, А.Э, Ж.У, Т.З нар эзэмшиж байгаа эрх зүйн харилцаа байгааг тогтоон, хүлээн зөвшөөрч” гэж шийдвэрлэсэн байх ба ингэхдээ захиргаанаас /Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын алба/ нэхэмжлэгч нарыг гарааш худалдан авахыг зөвшөөрч, бичиг баримтыг нь хүлээн авч, гарааш ийн доорх газрыг ашигласны төлбөрт газрын төлбөр төлүүлэхээр акт тогтоох зэргээр гарааш эзэмшихийг зөвшөөрсөн үйлдлийг хийсээр ирсэн байх тул захиргааны тус үйлдэлд итгэж, гарааш ийг худалдан авч, эзэмшсэн эдгээр иргэдийн итгэлийг хууль ёсоор үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тэдгээрийг зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан үндэслэлээр гарааш ийг албадан буулгахаар шийдвэрлэсэн нь захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимтай нийцэхгүй байна. Уг зарчмыг хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэсэн нь буруу болжээ.

6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр үүссэн аливаа эрхийг хамгаалахад чиглэсэн бөгөөд хууль бус үйлдэл бол хамгаалахгүй тухай зарчим юм.

Тухайлбал Газрын тухай хуулийн газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Нэхэмжлэгч Д.Жын хувьд Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх тухайн гарааш ийн хувьд үүсэж байгаагүй, газар эзэмших эрх олгосон, эрх шилжүүлсэн захирамжгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, хэрэгт авагдсан баримтуудаар газар ашигласны төлбөр төлж тухайн газрыг ашиглаж байсан нөхцөл байдлууд тогтоогдож байна.

7. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж чөлөөлөх үүрэгтэй”, 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус зааснаар маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2023оны А/446 , 2024 оны А/173 дугаартай захирамжууд , Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 48 тоот мэдэгдэх хуудсыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байна.

8. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч талаас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны А/446 дугаар захирамжийг гарааш эзэмшигч нарт мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч уг захирамжийг 2024 оны 01 дүгээр сарын 30-нд Баянгол дүүргийн Засаг даргатай цаг авч уулзахдаа мэдсэн гэсэн бол,  газар чөлөөлөх мэдэгдлийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гарааш ийн хаалган дээр наасан байсан талаар нэхэмжлэлдээ дурджээ.

Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч талыг Газрын тухай хуульд заасан журмыг зөрчиж гарааш ийг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна.

9. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар “Газрын зөрчил арилгуулах тухай” захирамжийн тухайд анхан шатны шүүхээс байгууллагын дотоод зохион байгуулалтын шинжтэй дотогшоо чиглэсэн, гадагш чиглээгүй, эрх зүйн үр дагавар үүсгээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан актын шинжийг агуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн нь буруу бөгөөд хуульд нийцэхгүй байна.

Тухайлбал нөхөн олговор олгохтой холбоотой асуудлыг Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйл, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журамд зааснаар тус тус зохицуулахаар байх бөгөөд тухайн нөлөөлөлд өртсөн газар нь хууль ёсны дагуу үүссэн, эзэмших өмчлөх эрхтэй газарт байрлах эд хөрөнгө, түүнийг чөлөөлөхтэй холбоотой зардлыг нөхөн олгохоор зохицуулсан нь нэхэмжлэгчийн хувьд хуулийн болон журмын үйлчлэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл зохих зөвшөөрөлгүй/ газар эзэмших эрхгүй. Гарааш барьсан болон түүнийг ашигласан тохиолдолд түүнийг нурааж, газрыг чөлөөлсний улмаас нөхөн олговор авах эрх үүсэхгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 581 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 , 27.3 , 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-т заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/446, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжууд, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн гарааш ийн газрыг албадан чөлөөлсөн үйл ажиллагааны нэхэмжлэгч Д.Жд холбогдох хэсгүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, гараашны нөхөн төлбөр 15.280.000 төгрөгийг Д.Жд олгуулахыг даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж ТОГТООХ хэсгийн 3 дах заалтын “... хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг хасаж тус тус өөрчилж, ТОГТООХ хэсгийн 2 болон 4 дэх заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БААТАРХҮҮ

 ШҮҮГЧ                                    Э.ЛХАГВАСҮРЭН

      ШҮҮГЧ                                    Л.ОДБААТАР