Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 14

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Н.Дамбадаржаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Л.Алтантуяа, Л.Болдбаатар, тэдгээрийн өмгөөлөгч Г.Ганболд /1891/

шинжээч: Г.Эрдэнэхүү, Н.Буйдан, П.Дашдаваа, Д.Бямбасүрэн,

шүүгдэгч: Ж.Гомбосүрэн,  түүний өмгөөлөгч Ц.Монгол, /0730/

шүүгдэгч: С.Түвшинтөр, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин /0611/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их монгол овогт Жамъянгийн Гомбосүрэн, Хар адуун овогт Сувдмаагийн Түвшинтөр нарт холбогдох эрүүгийн 2015 2602 0141 дугаартай, 2 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1959 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, Увс аймгийн Давст суманд төрсөн, эрэгтэй, 58 настай, дээд боловсролтой, машин үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй, “Жагоб” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 23-27 насны 2 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Олимп” хотхоны 421 дүгээр байр, 134 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ШЖ 59051710, Их монгол овогт Жамъянгийн Гомбосүрэн,

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, эхнэр, 3 настай охины хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамж, 83 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЦЖ 86121076, Хар адуун овогт Сувдмаагийн Түвшинтөр.

 

Шүүгдэгч Ж.Гомбосүрэн нь 2015 оны 3 сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн “Жагоб” ХХК-ийн хашаанд нэг бүр нь 920 кг-ийн жинтэй лист төмрийг Л.Батсайханаар зөөлгөж авчруулан, С.Түвшинтөрийн 48-61 УБА улсын дугаартай өргөгч кранаар шилжүүлэн буулгуулахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь заалт, Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм стандартын 3.9, 3.16 дахь заалт, Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.4.4, 8.4.4.1 дэх заалтуудад заасан журмыг хэрэгжүүлэн зааварчилга өгөөгүй, сахин биелүүлээгүйн улмаас Л.Батсайхан нь автомашины тэвш, кабины завсар зогсож байгаад С.Түвшинтөрийн 48-61 УБА улсын дугаартай, өргөгч краны суманд дарагдаж, нас барсан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулаагүйн улмаас хүний амь насыг хохироосон,

шүүгдэгч С.Түвшинтөр нь өөрийн кранистийн үнэмлэхийг сунгуулаагүй, 48-61 УБА улсын дугаартай, “Камаз” маркийн автомашиныг үзлэг оношлогоонд оруулж магадлуулан техникийн бичиг баримт, бүрэн бүтэн байдлыг хангаагүй байхдаа буюу 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж.Гомбосүрэнгийн “Жагоб” ХХК-ийн хашаанд нэг бүр нь 920 кг-ийн жинтэй лист төмрийг 48-61 УБА улсын дугаартай өргөгч кранаар өргөж, шилжүүлэн буулгахдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3 дахь заалтууд, мөн Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.1.1, 8.3.1, 8.3.2, 8.4.19 дэх заалтуудыг зөрчин, өөрийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй, оосорлогч, дохиочингүй очиж, ачааг өргөж шилжүүлэн буулгах үйлдэл хийсний улмаас краны хүрдэнд хүчний ачаалал ирж, хүрдний боолтууд тасарч, шланз автомашины тэвш, кабины завсар зогсож байсан жолооч Л.Батсайхан нь С.Түвшинтөрийн краны суманд дарагдаж нас барсан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулаагүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ж.Гомбосүрэн мэдүүлэхдээ:

Манай компани 2009 онд байгуулагдсан бөгөөд лист төмрөөр 1-5 тн хүртэл хэмжээтэй бохирын болон тэжээлийн сав захиалгаар үйлдвэрлэдэг. Компаний хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг би өөрөө хариуцдаг юм. 2015 оны 3 сарын 26-ны өдөр лист төмөр буулгах болж, С.Түвшинтөртэй амаар тохиролцон, захиалгаар ажил хийлгэсэн. Тийм болохоор би захиалагч, кранчин ерөнхий гүйцэтгэгч, машин туслан гүйцэтгэгч болно. Л.Батсайханы машин дээр ачигдаж ирсэн лист төмөр буулгах ажиллагаа нь миний удирдлага дор явагдсан учраас би краны жолооч С.Түвшинтөрд 4 ширхэг дэгээтэй оосорлогч төмөр өгч, өөрийн компанийн ажилчдыг төмөр ачихад нь туслуулсан. Кранч С.Түвшинтөрд лист төмрөө хуваан тасалж, кранаар өргөх зааварчилгааг би өгсөн. Энэ осол нь техникийн бүрэн бус байдал болон кранчны ур чадваргүйгээс болсон гэж үзэж байна. С.Түвшинтөр техникийн бүрэн бүтэн байдлаа хангасан, мөн хохирогч Л.Батсайхан аюултай орчинд зогсоогүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Осол гаргасан кран бол манай компанийнх биш тул би хариуцлага хүлээхгүй. Хэрвээ манайх байсан бол би үзлэг оношлогоонд оруулаад, даацыг нь тохируулах байсан. Тэр өдөр өөрийн компанийн ажилчиддаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн. Хохирогч Л.Батсайхан, С.Түвшинтөр нарт аюулгүй ажиллагааны зааварчилгааг амаар өгсөн. Гэхдээ гарын үсэг зуруулаагүй. Хохирогчийн ах Л.Болдбаатар энэ хэрэг болсны дараа “таны буруу гэж юу байх вэ. Бид таны өгсөн ажлыг гүйцэтгэж чадсангүй” гэж надад хэлж байсан. Аливаа осол гармагц харъяалах газарт буюу мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар тухайн ослыг баталгаажуулах ёстой талаар би мэдэхгүй, энэ хэрэгт үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоогүй. Би хохирогчийн ар гэрт 200 000 төгрөгийг ном уншуулаарай гэж өгсөн тул үүнийг өөрийн төлөх төлбөрөөс хасч тооцуулахгүй. Кранаар ачаа өргөж байх үед ойр орчинд нь хүн байж болохгүй талаар хохирогчид хэлжээгүй. Манай компани болон С.Түвшинтөр, талийгаач нар нь бие даасан 3 субъект тул өөрсдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлаа өөрсдөө хангах ёстой байдаг. анхааруулаагүй. Би С.Түвшинтөрийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулаагүй, манай компани ажил олгогч биш тул би гэм буруугүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Түвшинтөр мэдүүлэхдээ:

Би хувиараа кранаар “Тэхийн зогсоол” дээр зогсож ажилладаг. 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ж.Гомбосүрэн ах надтай утсаар ярьсан ба би кранаар  ажил хийхээр компанийх нь хашаанд очсон. Тэнд байхад ямар нэгэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Талбайд кран, ачаа зэргийн байрлалыг тогтоосон жишиг байгаагүй. Лист төмрийг буулгах газрыг зааж өгсөн тул би кранаа байрлуулаад, 12 метрийн урттай лист төмрийг голоос нь оосорлож өргөсөн. Тухайн 12 метр урттай лист төмөр нь гол хавиараа хүнхэр байсан. Ингээд өргөхөд баруун гар талын 2 дэгээ зүүн гар талын дэгээ рүүгээ гүйсэн. Энэ үед ачаа тэвшнээс нилээн дээш өргөгдсөн байсан тул лист төмөр маш өндрөөс доош унасан. Унахдаа зүүн талын дэгээ төмрүүд мултраагүй учраас краныг зүүн гар тал руу татан эргүүлж, унагаасан. Кран унасан тохиолдолд татаж байгаа зүйл рүүгээ эгцээрээ унадаг. Кран ачааг даахгүйгээс унасан бол өргөж байгаа зүйл рүүгээ буюу 12 метрийн төмрийг голлож унах байсан. Гэтэл кран автомашины толгой хэсэг рүү татагдаж унасан нь зүүн урд хэсэгт 4 дэгээ бөөгнөрсөнтэй холбоотой гэж бодож байна. Урьд нь би лист төмөр өргөхдөө өөрийн тросс зэрэг хэрэгслийг хэрэглэдэг байсан. Ачааг хурдан буулгах шаардлагатай гэж Ж.Гомбосүрэн гуай надад 4 дэгээ өгөхөөр нь түүнийг кранаар ачаа өргөхдөө хэрэглэсэн юм. Энэ 4 дэгээ нь ачааг өргөх үед нэг тийш гүйж, маш хүчтэй дугтралт үүсэж, кран савж доош унасан. Кран унахад краны сум талийгаачийг цохисон. Тухайн үед надад мэргэжлийн оосорлогч байгаагүй. Уг нь манай ах надтай хамт явдаг байсан боловч тэр өдөр яваагүй юм. Ер нь кранаар ачааг өргөх үед хэдэн метрийн радиуст хүн байхыг хориглодог талаар нарийн сайн мэдэхгүй, харин ачаан дээр зогсохыг хориглосон байдаг. Мөн дохиочны зааварчилгаагаар ажиллах ёстой.

48-61 УБА улсын дугаартай кран нь А.Оюунжаргалын нэр дээр бүртгэлтэй  боловч миний өмч тул ашиглалт, засварын ажлыг би өөрөө хариуцдаг. Би краны зориулалтыг өөрчлөөгүй, намайг худалдан авах үед ямар байсан тэр чигээрээ байгаа. Би 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Өргөх машин” ХХК-ийн дэргэдэх мэргэжил сургалтын төвийг төгссөн. Шинжээчийн дүгнэлтэд заасан кранистийн үнэмлэхийг сунгуулаагүй, өөрийн краныг үзлэг оношлогоонд оруулж магадлуулаагүй гэдгээ би хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэг гарахад миний буруу байгаа боловч Ж.Гомбосүрэн гуай бас буруутай. Би талийгаачийн машинд учирсан 739 000 төгрөгийн эвдрэлийг засварлаж өгсөн. Тухайн ажлыг зохих журмын дагуу хийсэн бол ийм осол гарахгүй байсан гэж үзэж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн ар гэрт 1 500 000 төгрөг төлсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Л.Алтантуяа мэдүүлэхдээ:

Миний дүү Л.Батсайхан энэ хэргийн улмаас нас барсан. Тэр архи уудаггүй, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, бидний ноён нуруу байж, ах, дүү нарынхаа дутууг нөхөж, дундуурыг дүүргэдэг хүн байсан. Би дүүгийнхээ амь нас хохирсон явдлыг хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан, кранистын мэргэжлийн чадвар маш муу байснаас болсон гэж үздэг. Кран нь техникийн улсын үзлэгээр ороогүй, зориулалт өөрчлөгдсөн байсан. Кранист болон тухайн кран хэзээ нэгэн цагт аваарь осол хийхэд бэлэн байсан ба энэ нь бидэнд тохиолдлоо. С.Түвшинтөр 2011 онд кранист болсон байж яагаад өөрийн бичиг баримтаа сунгуулаагүй, краны зориулалт нь өөрчлөгдсөн байхад яагаад ажил үүрэг гүйцэтгэж байсан бэ. Хэргийн газар очиж үзэхэд краны хүрдний боолтууд тасраад унасан байсан. Тухайн техникийг С.Түвшинтөр хариуцах ёстой. Тэр краныг жил бүр магадлангаар орж шалгуулж байх ёстой байсан.

2015 оны 5 дугаар сарын сүүлээр цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадна С.Түвшинтөр надтай тааралдаад “эгчээ би танд мөнгө өгч байснаас өмгөөлөгчдөө мөнгөө өгсөн нь дээр биз дээ” гэж хэлсэн. Төрсөн дүүгээ алдсан хүнд ингэж хэлэх нь үнэхээр хүнд байсан. Би түүнийг айлын ганц хүүхэд, өөрөө нялх хүүхэдтэй гээд маш их өрөвдөж байхад надад ингэж хэлсэн. Тухайн үед тэр оршуулгын зардалд 1 500 000 төгрөг, Ж.Гомбосүрэн ном уншуулаарай гэж 200 000 төгрөг өгсөн. С.Түвшинтөр хүн чанар муутай зан гаргасан. Би маш их гомдолтой байна. Хүний амь нас, сэтгэл санааг мөнгөөр үнэлж болохгүй. Үхсэнийг босгож болдог бол дүүгээ л энэ хүнээс авмаар байдаг. Миний дүү ажил хөдөлмөр хийж 2012 онд 76 600 000, 2013 онд 60 700 000, 2014 онд 43 100 000 төгрөг буюу жилийн дундаж орлого нь 60 000 000 төгрөг байсан нь Хаан банкны 2012-2014 оны орлогын баримтаар нотлогдоно. Бид энэ мөнгийг хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт зарцуулж байсан. Энэ хэрэг гарсны дараа С.Түвшинтөр нь өргөгчөөр ажил хийж, түүний дансаар бэлэн мөнгө орсон байсан.

Би гэм хорын хохиролд 38 000 000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд оршуулгын зардалд 13 000 000 төгрөг гарсан ба үүнд бөөгийн засал хийлгэсэн 2 000 000 төгрөг багтан орсон. Бид энэ өмгөөлөгчийг өөрсдийнхөө төлөө 1 жил 10 сар явуулж байна. Тийм учраас өмгөөлөгчийн зардалд 8 000 000 төгрөг нэхэмжлэх болсон. Үлдэх мөнгө нь сэтгэл санаа болон бусад гэм хорын хохирол юм. Талийгаачийн хүү 18 нас хүрсэн бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан. Ж.Гомбосүрэн аюулгүй ажиллагааг хангаагүй тул хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх байх. Нэхэмжилж байгаа мөнгийг гэм буруутай гэж үзсэн этгээдээс гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болдбаатар мэдүүлэхдээ:

Тухайн өдөр хавчаар төмрөөр лист төмрийг өргөсөн нь үнэн. Ж.Гомбосүрэн, С.Түвшинтөрд дэгээ гаргаж өгөөд троссонд бэхлээд байсан. Тухайн дэгээ төмөр листний голыг олж өргөөгүй учраас нэг тийшээ гүйсэн. Эхний дэгээ гүйхэд жолооч ачааг доош буулгасан бол осол гарахгүй, зүгээр байх байсан. Кранчид “ачаагаа даахгүй байна” гэж хэлэхээр дүү маань тэнд зогсож байсан. Гэтэл С.Түвшинтөр биднийг харахгүйгээр ачааг дахиад татаж өргөсөн. Тэр краны хүрд 2 тасарсан байсан. С.Түвшинтөр хүн чанарын хувьд муу хүн. Хохирогчийн машиныг нь засаж өгөх гэж машиныг нь авч явахдаа түлшний саванд нь дүүрэн байсан түлшийг авчихсан байсан. Энэ хүн миний дүүг үхэж байхад “би яанаа” гэж өөрийгөө бодож байсан. Гэм хорын хохирлын хувьд Л.Алтантуяагийн мэдүүлгийг дэмжиж байна. Шүүгдэгч нарын гэм бурууг тогтоож, бидэнд учирсан хохирлыг гаргаж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-Н.Буйдан мэдүүлэхдээ:

48-61 УБА улсын дугаартай Камаз маркийн машин нь 8 тн-ы даац бүхий цистерн байсныг өөрчлөн өргөх механизм суурилуулсан нь энэ хэрэг гарахад нөлөөлсөн үү гэсэн асуулт ирүүлсэн байсан. Хэрэгт авагдсан баримтуудаас 8 тн-ы цистерн байсан талаар баримт байгаагүй, мөн тухайн машины дээр төхөөрөмжлөгдсөн 16 тн-ы даацтай Хятад улсад үйлдвэрлэгдсэн краны паспорт, баримт бичиг хавтаст хэрэгт байгаагүй тул дээрх асуултанд тодорхой хариулт өгөх боломжгүй байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2008 оноос хойш 2 удаа механик инженерийн сургуультай хамтарч, 2 удаа нь өөр нэг компанитай хамтарч 4 удаа Тэхийн зогсоолд байрлах крануудыг оношлох, магадлал хийх ажлыг зохион байгуулж байсан. Автомашины оношлогооны дүрэм байдаг ба дүрэмд тусгай тоноглолтой автомашиныг эхлээд тусгай тоноглол буюу кран, ачигч зэргийг оношлосны дараа автомашиныг  оношлогоонд оруулна гэж заасан. Сүүлийн 2 жил энэ зааврыг мөрдөж ажиллаж байна. Жил бүрийн оношлогоо эхлэх үед Тэхийн зогсоол болон түүнтэй адил зогсоолоор манай байцаагч нар явж дүрмийг биелүүлэх талаар ажилладаг. Энэ хэрэг гарахад ганц кранчин буруутай гэж хэлж чадахгүй. Ачааны машин дээрээс юм буулгаж байх үед түүний тэвш юм уу бүхээг дотор хүн байхыг хориглоно” гэсэн заалт байдаг үүнийг кранчин, тухайн байгууллагын хөдөлмөр аюулгүй байдлын инженер аль аль нь мөрдөх ёстой. Дүгнэлтийн 1 дүгээр асуултад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн С.Түвшинтөр буруутай гэж хариулаагүй. Шинжилгээнд ирүүлсэн асуулт нь уг хуулийн аль хэсгийг зөрчсөн бэ гэсэн асуулт байсан. Тийм учраас уг асуултын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хуулийн 10 дугаар заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. 2 дугаар асуултад кран нь ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм гэж байдаг. Тэр дүрмийн ямар ямар заалтуудыг зөрчсөн талаар дүгнэлтдээ тусгасан. Жишээ нь уг дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4.4 дэх хэсэгт “Барилгын талбай, үйлдвэрийн цех зэрэг кран ажилладаг бусад хэсгүүдэд кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчдыг мастер, талбайн инженер, даамал, хэсэг, тасгийн  дарга нараас ээлж бүрт тушаалаар томилсон байвал зохино. Материалын агуулах болон ийм төрлийн ажлын байранд кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчдыг шаардлагатай тохиолдолд агуулахын эрхлэгч, хэсгийн дарга нараас томилж болно.” гэж заасан. Мөн уг дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4.4.1 Кранаар ачаа шилжүүлж, ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нь доорх үүргийг хүлээнэ гэж заасан. Энэ үүргийн хувьд хэрэгт хамааралтай нь тус заалтын б хэсэгт нь “кранчин, оосорлогчдын үйлдвэрлэлийн зааврыг биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шаардлагатай үед үйлдвэрлэлийн байранд ажлыг аюулгүй гүйцэтгэх ба краныг хэт ачаалалд оруулахгүй байх, өөрөө явагч сумт краныг зөв байрлуулах ачааг зөв баглах, оосорлох, хагас тавцант вагонд ачаа ачиж буулгах үеийн ба оосорлогчдын аюулгүй ажиллагааг сахиулах зэргийг онцгой анхаарч, ажлын байрны зааварчилга өгөх”, в-д “суралцаж, аттестатчилах шалгалтанд ороогүй хүмүүсээр кран жолоодохыг хориглож, шаардлагатай үед оосорлогчийн тоо, краны ажлын үед дохиочин томилох шаардлагатай эсэхийг тодорхойлох”, к.“ажилчдад краныг аюулгүй ажиллуулах зааварчилгыг өгөх”, л.“краны машинч, оосорлогч, дохиочин нар үйлдвэрлэлийн дотоод журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих” гэж тус тус заасан. Уг заалтуудыг ажил олгогчийн зүгээс зөрчсөн байна гэж дүгнэсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-Д.Бямбасүрэн мэдүүлэхдээ:

Хөдөлмөрийн аюулгүй байдал гэдгийг ганцхан техник, тоног төхөөрөмж гэж ойлгож болохгүй. Энэ нь хүний аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, удирдлагын аюулгүй байдал, ажлын байр, орчны аюулгүй байдлын цогц асуудал юм. Ж.Гомбосүрэн, С.Түвшинтөр нар хууль зөрчсөн талаарх дүгнэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гаргасан. Харин бидний гаргасан дүгнэлт бол өргөх механизмтай холбоотой байсан. Захиалагч нь ажил гүйцэтгүүлж байхдаа гэрээ байгуулах ёстой. Хэрвээ гэрээ байгуулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд “амаар тохиролцсон үеэс гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан. Захиалагч ажил гүйцэтгүүлж байгаа тул хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцна. Энэ ослыг судлаад үйлдвэрийн ослын акт тогтоогдсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу талийгаачийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэг ба түүнээс дээш удаа олгох ёстой. Үйлдвэрлэлийн ослыг 24 цагийн дотор мэдэгдэх үүрэгтэй. Үйлдвэрлэлийн ослын актыг тухайн аж ахуй нэгж, байгууллага тогтоох ёстой. Уг үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс гаргах боломжгүй бол тухайн дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс уг асуудлыг судлан бүртгэх ёстой. Үйлдвэрлэлийн ослын актын хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсөн тул хэрвээ нөхөн тогтоох болбол шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу ослын акт гаргана гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-П.Дашдаваа мэдүүлэхдээ:

“Жагоб” ХХК нь тухайн краныг захиалж авчирсан учраас ажил олгогч гэж үзэж байна. Уг краныг авчрахдаа кранист нь мэргэжлийн үнэмлэхтэй эсэх, тухайн кран баталгаатай эсэхийг шалгаж ажиллаагүй нь энэ хэрэг гарахад нөлөөлсөн. Учир нь Ж.Гомбосүрэн ажил гүйцэтгэгчээ сонгож ажиллуулах эрхтэй. Крантай холбоотой дүрмийг захиалагч, кран эзэмшигч, ашиглагч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүгд мөрдөх үүрэгтэй. Кранчин үүргийнхээ дагуу мэргэжлийн үнэмлэхтэй байж аюулгүйн хавчаар, оосорлогч зэргийг бэлдсэн байх үүрэгтэй. Кранчны хууль зөрчсөн олон удаагийн үйлдлүүдийн энэ тохиолдолд осол гарсан. Кранчин мэргэжлийн үнэмлэхтэй, баталгаажилттай кранаар ажил үүрэг гүйцэтгэх, мөн оосорлогчийг кранчин бэлтгэх ёстой байдаг. Ачаа өргөх буулгах ажил нь захиалагч, гүйцэтгэгч нарын нийлмэл ажиллагаа байдаг тул өөрсдийн үүргийг биелүүлээгүйн улмаас осол гарсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-Г.Эрдэнэхүү мэдүүлэхдээ:

2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02-06-500/12 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Хонгорзул шинжээч бид хоёр хамт гаргасан юм. Иймд өөрийн гаргасан дүгнэлтээ дэмжиж байгаа гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Пүрэвжаргал мэдүүлэхдээ:

...Ажилд гарахаас өмнө захирлаас зааварчилга авч ажилдаа гардаг. Тэгээд ажлаа хийж байхад Толгойт өртөөнөөс лист төмөр манай хашаанд буулгахаар болж, хөлсний кран, хөлсний тээврийн машин хашаанд ирсэн. Кранчны ажилд туслахаар манай ажлын А.Сэнгэсамдан бид хоёр тэвшин дээр гарч, лист төмрийг оосорлож өгсөн. Мөн кранчин өөрөө бас гарч, хамт оосорлосон. Тэгээд бид 3 хамт тэвшнээс бууж, тойроод, машины зүүн урд буланд очиж зогссон юм. Кранчин кабиндаа сууж, лист төмрийг өргөж эхэлсэн. Тэр үед манай захирал Ж.Гомбосүрэн, А.Сэнгэсамдан нар, гаднаас 2 машины жолооч, краны жолооч нар байсан. Тэгээд лист төмрийг өргөж байх үед тээвэр хийж ирсэн 2 жолооч чиргүүлийн урд хэсэгт порчик налаад зогсож байсан. Өргөж байсан кран лист төмрөө даахгүй баруун тийш краны сум нь нураад орж ирсэн. Би зүүн буланд хол зайтай байсан. Миний зогсож байсан талд байсан машины жолоочийг краны сумны үзүүр цохих шиг болсон. Тэр жолооч тэр дороо унасан. Би захиралд “хүн  цохигдчихлоо” гэж хэлээд машины баруун талаар тойрч гараад хамт байсан нөгөө жолооч нь зүгээр байсан. Буцаж тойроод нөгөө хүнээ харахад  ямар нэг хөдөлгөөн байхгүй байсан гэжээ. (хэргийн 21, 22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.Сэнгэсамдан мэдүүлэхдээ:

2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг ажил цугласан тэгээд ажлаа хийгээд байж байсан, тэгээд байж байхад 12 цаг өнгөрч байхад вагоноос буусан лист төмрийг хашаанд буулгах гээд ирсэн. Тэр үед буулгах кран байхгүй байсан, 13 цаг өнгөрч байхад ачаа буулгахаар гаднаас нэг кран ирсэн юм. Тэгээд кран хашаанд орж, хойно очоод кранаа суурилуулж эхэлсэн юм. Тэгээд лист ачсан ачаатай шланз машин хашаанд орсон юм. Тэгээд би хамт ажилладаг Х.Пүрэвжаргал бид 2 дэгээ аваад ачааг буулгахаар чиргүүл дээр гарсан. Тэгээд оосорлох гэж байтал кранчин залуу чиргүүл дээр гарч бид 3 хамт лист төмрийг оосорлосон. Тэр үед захирал Ж.Гомбосүрэн гарч ирсэн. Тэгээд кранчин дэгээ хийж өгөөд намайг “ингээд барьж бай, би дээш өргөж чангалаадахья” гэж хэлсэн.  Кранчин кабиндаа сууж, дээш өргөж троссыг чангалсан, Х.Пүрэвжаргал бид 2 чиргүүлээс бууж холдсон. Тэр үед шланзны жолооч машины чиргүүлийн урд порчикний хэсэгт налсан байдалтай зогсож байхаар нь тэнд очиж дээр нь гарч бас зогссон. Хажууд захирал Ж.Гомбосүрэн болон ачаа зөөж ирсэн 2 жолооч, хамт явсан нэг залуу бид 5 хамт зогсож байсан. Тэгээд өргөж байхад захирал Ж.Гомбосүрэн буугаад явсан. Түүний араас хамт явсан нэг залуу буусан. Би 2 жолоочтой зогсож байхад кран ачаа өргөж байхдаа хазайсан. Тэгээд ачаагаа буулгаад дахин тэгширсэн, дахин ачааг өргөж байх үед тас гэж дуугараад, кран унаж байсан. Би баруун тийш үсэрсэн, 2 жолооч зүүн тал руу үсэрсэн. Би доош үсрэх үед газар унасан. Босоод харахад нэг машины банкны орчим нэг хүний хөл дээшээ харсан байдалтай харагдахаар машиныг тойрч харахад жолооч цохиулаад унасан байсан. Нөгөө жолооч нь кран унахаас өмнө амжаад буусан байсан. Би цаагуур тойрч, кран дээр очиход кранчин кабинаас буусан, кранаа хараад зогсож байхаар нь би дуудсан кранчин хүрч ирсэн, дарагдсан хүнийг харсан, тэгээд хамт явсан жолооч дарагдсан жолоочийн төрсөн ах нь байсан. Тэр жолооч дүүгээ нэрээ нь дуудаж байснаа тэр жолоочийн толгой доор нь куртик тавиад тэнд байсан хүмүүс түргэн, цагдаа руу дуудлага өгсөн. Удалгүй түргэн ирж үзээд нас барсан гэж байсан юм...Манай байгууллагын ажилчин хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авдаг юм. Тухайн гаднаас лист буулгаж байсан хүмүүс ямар нэг зааварчилгаа өгснийг би мэдэхгүй байна. Лист төмөр буулгаж байх үед манай захирал Ж.Гомбосүрэн наад кран чинь даахгүй юм биш үү гэж хэлээд 2 хуваах уу гэж хэлэхэд кранчин миний кран 12 тонн даадаг өргөөд үзье гэж хэлээд өргөсөн юм. Тэгээд 10 ширхэг лист өргөсөн, нэг ширхэг лист төмрийн жин нь 920 кг байдаг юм  (хэргийн 23, 24 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Осор мэдүүлэхдээ:

Би 48-61 УБА улсын дугаартай краныг А.Оюунжаргал гэж манай ахын эхнэрээс 2013 онд 30 000 0000 гаруй сая төгрөгөөр худалдан авч байсан. Тооцоог төлж барагдуулсан боловч өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан. Би энэ “Камаз” краныг худалдан авснаас хойш өөрөө Тэхийн зогсоол дээр зогсож ажил хийдэг байсан. 2014 оны намар миний эгч Сувдмаагийн хүү С.Түвшинтөр ажилгүй байхаар нь “чи энэ краныг аваад ажил хий” гэж хэлээд өгсөн. Тэгээд би Түвшинтөрд 35 000 000 төгрөгөөр зарсан, энэ кран Түвшинтөрд байгаа юм. Би краны төлбөрт 10 сая төгрөг авч, бусдыг аваагүй байгаа. Хятад улсаас орж ирсэн “Камаз” кран байгаа юм, яг хэдэн онд орж ирж байсныг мэдэхгүй. Энэ кран үндсэн богино суурь сум нь дээрээ 12 тонн даах хүчин чадалтай. Краны сумыг сунгасан тохиолдолд хэдэн тонн өргөхийг би хэлж мэдэхгүй, үндсэн өргөх даацнаас багасгадаг юм. Би краныг худалдаж аваад 1 жил ажиллуулж байсан, тэр хугацаандаа ямар нэг үзлэг оношлогоонд оруулж байгаагүй гэжээ. (хэргийн 35, 36 дугаар хуудас)

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02-06-500/12 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 10
дугаар зүйлийн 10.1 дэх заалт /Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна/, 10.2 дах заалт /Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна/, 10.3 дах заалт /Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар, үйлчилгээ,
тохируулгыг техникийн баримт бичигт заасан болон эрх бүхий байгууллагын
баталсан хугацаанд туршилт, тохируулга, баталгаажуулалтыг хийлгэсэн байна/
заалтуудыг тус тус зөрчсөн.

2. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 3 дугаар
зүйлийн 3.1.9 дэх заалтад иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ
холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг “ажлын байр” гэж тодорхойлсон байдаг.

Шланзны жолооч Л.Батсайхан, краны жолооч С.Түвшинтөр болон “Жагоб”
ХХК-ийн хооронд “Хөдөлмөрийн тухай” хуулийн 3.1.1 дэх заалт /“ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг/, 3.1.2 дах заалт /“ажилтан" гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг/-уудад заасан ажил олгогч, ажилтаны харилцаа үүсээгүй байна. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 4 дүгээр
зүйлийн 4.1.9 дэх заалт /Хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил хөдөлмөр эрхэлж буй Монгол улсын иргэн, гадаадын иргэн харьяалалгүй иргэн/-д хамаарах буюу “Жагоб” ХХК-ийн захирал
Ж.Гомбосүрэнтэй амаар тохиролцон ажил үүрэг гүйцэтгэж байсан тул ажил олгогч нь “Жагоб” ХХК мөн болно.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн ажил олгогчийн үүрэгт буюу 28 дугаар зүйлийн 28.1.6-д “Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм
заавар журам баталж мөрдүүлэх" гэж заасан тул тухайн ажлыг гүйцэтгүүлж
байсан “Жагоб” ХХК нь ажлын байрны онцлог болон тухайн ажлын байранд
гаднаас тээврийн хэрэгсэл, ажиллах хүч орж ирэхэд хөдөлмөрийн аюулгүй
ажиллагааг хэрхэн хангаж ажиллах талаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны
журмыг боловсруулж. захирлын тушаалаар баталж мөрдүүлэх үүрэгтэй болно.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар
зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн
нөхцлийг сайжруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж
ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-ын дагуу
“Жагоб” ХХК-ийн удирдлагын зүгээс хяналт тавьж ажилласан талаарх холбогдох баримт бичиг хэргийн материалд байхгүй байна.

-27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт /ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил
эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах ба хөдөлмөрийн аюулгүй
байдал. эрүүл ахуйн ажилтан нь ажил олгогчийн шууд удирдлагын дор ажиллаж, түүний өмнө ажлаа бүрэн хариуцна/-ын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйн асуудал хариуцсан ажилтан авч ажиллуулсан нь тодорхойгүй байна.

Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.8 дахь заалт “Иргэд хоорондын гэрээгээр ажил гүйцэтгэх үед болон иргэний машин механизм, тоног төхөөрөмжийг түрээслэх, бусад хэлбэрээр ашиглах явцад гарсан
үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг гэрээ байгуулж байгаа талууд тухайн
гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу судлан бүртгэнэ. Хэрэв гэрээнд энэ талаар
тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч тал гарсан осол, хурц хордлогыг судлан бүртгэж, хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу барагдуулна/-д заасны дагуу “Жагоб” ХХК ослыг бүртгэж ажилласан материал хавтаст хэрэгт байхгүй байна.

         “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалт /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дах эрсдлийн дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/-ын хэрэгжилт тухайн байгууллага дээр хангалтгүй байна.

Краны жолооч С.Төвшинтөр болон осолдогч нар нь мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалт
/Ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож энэ талаар ажил олгогчид мэдэгдэх/, 18.2.7 дах заалт /Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/-уудыг тус тус зөрчсөн байна.

3. Барилгын тухай” хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5 дахь /Өргөх байгууламж /0,1 тонноос дээш даацтай цахилгаан шат, 3 тонноос дээш даацтай, машинчийн бүхээг бүхий кран/-ийн угсралт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа /заалт, 25.2.8 дахь /барилга байгууламж, өргөх байгууламжийн улсын бүртгэл/ заалт, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 6-р сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 04 хавсралтаар батласан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.1.1. дэх /Ачаа өргөх краныг эзэмшигч нь “Барилгын тухай хууль”-ийн дагуу энэхүү дүрмийн 8.1.2-т зааснаас  бусад, 1.3-т заагдсан бүх төрлийн краныг ашиглалтад оруулахын өмнө хяналтын байгууллагад бүртгүүлнэ/ гэсэн заалтуудын дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлээгүй.

Тус автокраныг ашиглахдаа мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар техникийн магадлалыг хийлгэж техникийн байдлыг тогтоогоогүй нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. дахь /Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна/ заалт,

10.3. дахь /Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан болон эрх бүхий байгууллагын баталсан хугацаанд туршилт, тохируулга, баталгаажуулалтыг хийлгэсэн байна/  

  10.4. дэх /Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлага хангагдсан байх нөхцлийг ажил олгогч хангасан байна/ заалт, мөн “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.3.1. дэх /Краныг ажилд оруулахын өмнө, техникийн бүрэн магадлалыг хийсэн байх ёстой. Хяналтын байгууллагад бүртгэгдэх краныг бүртгүүлэхээс өмнө техникийн магадлалыг хийсэн байна. Магадлалыг краны ашиглалтын зааврын дагуу хийнэ. Ашиглалтын заавар байхгүй бол энэхүү дүрмийн холбогдох заалтыг үндэслэл болгон гүйцэтгэнэ/ заалт, 8.3.2
дахь /Ашиглалтад байгаа кранд дараах байдлаар техникийн ээлжит магадлалыг хийнэ. Үүнд: а) хэсэгчилсэн -12 сард нэгээс доошгүй, б) бүрэн-3 жилд нэгээс доошгүй удаа (цөөн ашиглагддаг кран орохгүй) в) авто краны ачаа өргөх төхөөрөмжид 2 жил тутам оношлогоог хийнэ/ заалтуудыг тус тус зөрчсөн гэжээ.   (хэргийн 1 дугаар хавтас, 63-68 дугаар хуудас)

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Камаз 5315 маркийн автокраны техникийн паспорт байхгүй, ижил төстэй краны бичиг баримт олдохгүй байгаа тул техникийн үзүүлэлтийг тогтоох боломжгүй байна.

2. Ачаа өргөж шилжүүлэх үед краны хүрдэнд хүчний ачаалал ирж, хүрдний боолтууд тасарсан байна.

3. Краныг даац хязгаарлагчаар тоноглоогүй сумны даац заагч байхгүй, техникийн паспорт байхгүй байгаа тул тухайн үед даац хэтэрсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

4. Ослын үед автокран техникийн хувьд бүрэн бус байсан эсэхийг одоо нүдээр харж, тогтоох боломжгүй.

5. Техникийн баримт бичиг байхгүй байгаа тул одоо байгаа эд ангиуд нь өөрчлөгдсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 226 дугаар хуудас)

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 07/104/04 тоот дүгнэлтэд:

1. 48-61 УБА улсын дугаартай Камаз маркийн кран нь техникийн магадлал
хийлгээгүй байсан нь: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалт (Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна),
         10.3 дахь заалт (Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан болон эрх бүхий байгууллагын баталсан хугацаанд туршилт, тохируулга, баталгаажуулалтыг хийлгэсэн байна)
заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. Лист төмөр буулгах үед хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хууль, дүрэм журмыг кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч сахиулж ажиллах ёстой боловч түүнийг томилоогүй нь ЗТБХБ-ын сайдын 2010 оны 6-р сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 04 хавсралтаар батласан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн   

(8.4.4. Барилгын талбай, үйлдвэрийн цех зэрэг кран ажилладаг бусад хэсгүүдэд кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчдыг мастер, талбайн инженер, даамал, хэсэг, тасгийн дарга нараас ээлж бүрд тушаалаар томилсон байвал зохино. Материалын агуулах болон ийм төрлийн ажлын байранд кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчдыг шаардлагатай тохиолдолд агуулахын эрхлэгч, хэсгийн дарга нараас томилж болно.

8.4.4.1. Кранаар ачаа шилжүүлж, ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нь доорх үүргийг хүлээнэ. Үүнд: б/ кранчин, оосорлогчдын үйлдвэрлэлийн зааврыг биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шаардлагатай үед үйлдвэрлэлийн байранд ажлыг аюулгүй гүйцэтгэх ба краныг хэт ачаалалд оруулахгүй байх, өөрөө явагч сумт краныг зөв байрлуулах ачааг зөв баглах, оосорлох, хагас тавцант вагонд ачаа ачиж буулгах үеийн ба оосорлогчдын аюулгүй ажиллагааг сахиулах зэргийг онцгой анхаарч, ажлын байрны зааварчилга өгөх; в/ суралцаж, аттестатчилах шалгалтанд ороогүй хүмүүсээр кран эзэмшүүлэхийг хориглож, шаардлагатай үед оосорлогчийн тоо, краны ажлын үед дохиочин томилох, шаардлагатай эсэхийг тодорхойлох; к/ ажилчдад краныг аюулгүй ажиллуулах зааварчилгыг өгөх; л/ краны машинч, оосорлогч дохиочин нар үйлдвэрлэлийн дотоод журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих.) заалтуудыг ажил олгогчийн зүгээс зөрчсөн байна.

3. 48-61 УБА улсын дугаартай Камаз маркийн кран нь мэргэжлийн хяналтын байгууллагад хөтлөдөг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, ашиглах зөвшөөрлийг аваагүй байна.

Энэ нь “Барилгын тухай" хуулийн 25 дугаар эүйлийн 25.2.8 дахь (барилга
байгууламж, өргөх байгууламжийн улсын бүртгэл) заалт, түүнчлэн “Ачаа өргөх
краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.1.1 дэх (Ачаа өргөх краныг
эзэмшигч нь “Барилгын тухай хууль”-ийн дагуу энэхүү дүрмийн 8.1.2-т зааснаас бусад, 1.3-т заагдсан бүх төрлийн краныг ашиглалтад оруулахын өмнө
хяналтын байгууллагад бүртгүүлнэ) гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Автокраныг ашиглахдаа “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.2.1. дэх (Краныг эзэмшигч, ашиглагч байгууллага нь түүнийг ашиглах зөвшөөрлийг хяналтын байгууллагаас дараах тохиолдолд авна. Үүнд а) улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн краныг ашиглахын өмнө), 8.3.1. дэх (Краныг ажилд оруулахын өмнө, техникийн бүрэн магадлалыг хийсэн байх ёстой. Хяналтын байгууллагад бүртгэгдэх краныг бүртгүүлэхээс өмнө техникийн магадлалыг хийсэн байна. Магадлалыг краны ашиглалтын зааврын дагуу хийнэ.),

8.3.2. дахь (Ашиглалтад байгаа кранд дараах байдлаар техникийн ээлжит магадлалыг хийнэ. Үүнд: а) хэсэгчилсэн-12 сард нэгээс доошгүй, б) бүрэн-3 жилд нэгээс доошгүй удаа в) авто краны ачаа өргөх төхөөрөмжид 2 жил тутам оношлогоог хийнэ) заалтуудыг тус тус зөрчсөн байна.

4. Автокраны өргөх төхөөрөмжийн эргэх хүрд ачаа өргөж, шилжүүлэх үед салж унасан нь бэхэлгээний эрэг, боолтууд суларсан эсвэл түүний ховил, үрэл зэрэг эд
ангийн элэгдэл, ашиглалтын явцад металл хийцэд үүссэн гэх ан цав нөлөөлсөн
зэрэг олон хүчин зүйлийн аль нэг нөлөөлсөн байх магадлалтай. Хавтаст хэрэгт техникийн бичиг баримт байхгүй байгаа тул тус автокран нь даац хэтрүүлсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

5. Хавтаст хэрэгт авагдсан зураг, ослын дараа хүрдэнд хийсэн үзлэгээс
автокраны хүрдэнд хуучин цууралт ан цавтай байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

6. Кранист нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.4.19. дэх (Үйлчлэх ажилчдаас /кранчин түүний туслах, засварчин,
цахилгаанчин, оосорлогч, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохируулагч/ дүрмийн мэдлэгийг шалгах давтан шалгалтыг мэргэжлийн комисс дараах тохиолдолд авна. Үүнд а) ээлжит шалгалтыг 12 сард нэгээс доошгүй удаа) заалт, 8.4.20. дахь (Үйлчлэх ажилчдын аттестатчилах ба ээлжит шалгалтын үр дүнг протоколд бичиж, үнэмлэхэд тэмдэглэнэ) заалтын дагуу 12 сар тутам дүрмийн мэдлэгийн ээлжит аттестатчилах шалгалтанд орж мэргэжлийн үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагатай.

7. Энэхүү асуултыг хариулт 1, 2, 3-т хариулсан болно.

8. Хавтаст 2 хэргийн 39 дүгээр хуудсанд хавсрагдсан 7 ширхэг фото зураг, “Жагоб” ХХК-иас хятад хэл дээр ирүүлсэн дэгээг үйлдвэрлэгч БНХАУ-ын “Qingyuan lijia lifting rigging CO.Ltd” компанийн дэгээний баримт бичиг, түүнийг Монгол хэл дээр орчуулсан “Эх дардас” ХХК товчооны орчуулгыг (хавсаргав) үндэслэн:

  • лист төмрийг буулгах үед ашигласан 4 ширхэг PDQ загварын дэгээ нь 1 ган хавтанг хөндлөнгөөр өргөх зориулалттай буюу зориулалтын дэгээ байна.

- нэг дэгээ нь 5 тонн, нийт 4 ширхэг дэгээ 20 тонныг өргөх даацтай буюу
дэгээний даацыг хэтрүүлээгүй байна.

- баримт бичигт зааснаар листийг өргөх үед дэгээний 4 ган татлага
хоорондын өнцөг 60° хэтрэхгүй байх шаардлагатай, түүнийг ослын дараа тогтоож, осолд нөлөөлсөн эсэхэд хариулт өгөх боломжгүй байна.

9. ОХУ-ын КАМАЗ, МАЗ, КРАЗ, ЗИЛ автомашинуудын арал дээр тэвш,
цистерн, кран, бусад тусгай зориулалтын төрөл бүрийн төхөөрөмжийг тоноглохоор үйлдвэрлэдэг. 48-61 УБА улсын дугаартай Камаз маркийн машины арал дээр
төхөөрөмжлөгдсөн 16 тоннын даацтайгаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, сумт краны паспорт баримт бичиг хавтаст хэрэгт байхгүй байгаа тул хэрэг гарахад нөлөөлсөн эсэхэд хариулт өгөх боломжгүй байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтасны 109-113 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 4 дүгээр сарын  17-ны өдрийн  задлан шинжилгээ хийсэн 607 тоот дүгнэлтэд:

 

1.2.8. Талийгаач нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.  

3. Хэргийн газраас задлан шинжилгээний өрөөнд цогцсыг зөөвөрлөн авчирсан тул нас барсны дараа байрлал өөрчлөгдсөн эсэхийг тогтоох боломжгүй.

4. Талийгаачийн цогцсыг хүлээн авч үзлэг хийсэн эмчийн тэмдэглэлд талийгаач нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 17.15 цагт нас бараад 2-4 цаг болсон байжээ.

5. Талийгаач нь дээрх гэмтлүүдийг авсны дараа идэвхитэй хөдөлгөөн хийх
боломжгүй.

6. Л.Батсайханы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр сээрний 4-5-р нугалмын салсан, нугас тасарсан хугарал, зүүн 2-6-р хавирганы хугарал, голтын зөөлөн холбоос дагасан цус хуралт, зүүн бөөрний няцрал, урагдал, өөхөн эд дэх цус хуралт, хуйх, хүзүү, 2 гарын сарвуу, зүүн шууны шарх, хамар, эрүү, зүүн бугалга, 2 өвдөг, зүүн гуянд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон ба дээрх гэмтлүүд
нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

7.9. Талийгаачид учирсан гэмтлүүд нь бүгд амьд үед нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд үүссэн дарааллыг тогтоох боломжгүй.

10. Талийгаач нь АВО системээр В III бүлгийн цустай байна.

11. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ.

12. Талийгаач нь тогтоолд дурдагдсанаар 48 настай байна.

13. ШЭГЗэргийг хүний амь насанд аюултай байдал, эрүүл мэндийг сарниулах хугацаа, хөдөлмөрийн чадварын алдалтыг үнэлж тогтоодог болно гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 40-42 дугаар хуудас)

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд:  

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дулааны 2 дугаар цахилгаан станцын зүүн хойд зүгт ...уг камаз машины тэвш нь өргөх зориулалт бүхий крантай ба уг өргөх хэсгийн кран нь ертөнцийн зүгээр баруун зүгт чиглэлтэй, сум нь машины ногоон өнгийн тэвшийг дарж унасан байдалтай байна. Ачааны машины тэвш болон бүхээг хоорондын зайд байшингийн баруун хойд булангаас 60 см зайд толгой нь ертөнцийн зүгээр зүүн урагш чиглэсэн байдалтай хар цоохор өнгийн ноосон цамц, хөх өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай 45-50 орчим насны эрэгтэй хүний цогцос байна. Ачааны машины зүүн талд 12 метрийн урттай, 1.2 метрийн өргөнтэй лист /зузаан 1,5 см/ төмөр 10 ширхэг давхарласан байдалтай тавьсан урд хэсэгт нь холбоос тросс төмөр утас орооцолдсон байдалтай байна. (хэргийн 1 дүгээр хавтас, 3-4 дүгээр хуудас)

 

  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

         Ж.Гомбосүрэн ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 1 дугаар хавтас, 103 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

С.Түвшинтөр ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 1 дугаар хавтас, 102 дүгээр хуудас)

 

                           ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:   

            Шүүгдэгч Ж.Гомбосүрэн нь 2015 оны 3 сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн “Жагоб” ХХК-ийн хашаанд нэг бүр нь 920 кг-ийн жинтэй лист төмрийг Л.Батсайханы машинаар зөөлгөж авчруулан, С.Түвшинтөрийн 48-61 УБА улсын дугаартай өргөгч кранаар шилжүүлэн буулгуулахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм стандартын 3.9, 3.16, Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.4.4, 8.4.4.1 дэх заалтуудад заасан журмыг хэрэгжүүлэн зааварчилга өгөөгүй, сахин биелүүлээгүйн улмаас Л.Батсайхан нь автомашины тэвш, кабины завсар зогсож байгаад С.Түвшинтөрийн 48-61 УБА улсын дугаартай, өргөгч краны суманд дарагдаж, амь нас нь хохирсон,

шүүгдэгч С.Түвшинтөр нь өөрийн кранистийн үнэмлэхийг сунгуулаагүй, 48-61 УБА улсын дугаартай, “Камаз” маркийн автомашиныг үзлэг оношлогоонд оруулж магадлуулан техникийн бичиг баримт, бүрэн бүтэн байдлыг хангаагүй байхдаа 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж.Гомбосүрэнгийн “Жагоб” ХХК-ийн хашаанд нэг бүр нь 920 кг-ийн жинтэй лист төмрийг 48-61 УБА улсын дугаартай өргөгч кранаар өргөж, шилжүүлэн буулгахдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3, Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.1.1, 8.3.1, 8.3.2, 8.4.19 дэх  заалтуудыг зөрчин, өөрийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй, оосорлогч, дохиочингүй очиж, ачааг өргөж шилжүүлэн буулгах үйлдэл хийсний улмаас краны хүрдэнд хүчний ачаалал ирж, хүрдний боолтууд тасарч, автомашины тэвш, кабины завсар зогсож байсан хохирогч Л.Батсайхан С.Түвшинтөрийн краны суманд дарагдаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулаагүйн улмаас амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Түвшинтөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болдбаатар, Л.Алтантуяа, гэрч Х.Пүрэвжаргал, А.Сэнгэсамдан нарын мэдүүлэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02-06-500/12, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02 тоот, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 07/104/04 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 4 дүгээр сарын  17-ны өдрийн  задлан шинжилгээ хийсэн 607 тоот дүгнэлт, цогцост болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, нас барсан тухай тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

 

Ж.Гомбосүрэн, С.Түвшинтөр нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэдэнд хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч Ж.Гомбосүрэнд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг,

            С.Түвшинтөрд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцсон болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь Ж.Гомбосүрэн, С.Түвшинтөр нараас талийгаачийн оршуулгын зардалд 13 000 000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 8 000 000 төгрөг, сэтгэл санаа болон бусад гэм хорын хохиролд 17 000 000 төгрөг, нийт 38 000 000 төгрөг нэхэмжилснээс оршуулгын зардалд 9 439 936.84 төгрөг төлсөн нь нотлох баримтаар нотлогдож байх тул үүнийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан, мөрдөн байцаалтын шатанд С.Түвшинтөрийн төлсөн 1 500 000 төгрөгийг түүний төлөх ёстой төлбөрөөс хасч, түүнээс 3 219 968.42 төгрөг, Ж.Гомбосүрэнгээс 4 719 968.42 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Өмгөөлөгчийн зардал, бөөгийн зан үйл хийлгэсэн зардал зэрэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэл санааны хохирлыг шүүх тооцон гаргах боломжгүй байх тул гэм хорын хохирлоос 28 560 063.16 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацаа болон хэргийн зүйлчлэлээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4, 7 дугаар зүйлд хамаарч байх тул зохих өршөөлийг үзүүлэх нь зүйтэй байна.

 

Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.8-д “иргэд хоорондын гэрээгээр ажил гүйцэтгэх үед болон иргэний машин
механизм, тоног төхөөрөмжийг түрээслэх, бусад хэлбэрээр ашиглах явцад гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг гэрээ байгуулж байгаа талууд тухайн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу судлан бүртгэнэ. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч тал гарсан осол, хурц хордлогыг судлан бүртгэж, хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу барагдуулна”  гэж заажээ.

Талийгаач Л.Батсайхан нь 2015 оны 3 сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жагоб” ХХК-ийн хашаанд тус компанийн ажлыг гүйцэтгэх явцдаа 48-61 УБА улсын дугаартай, өргөгч краны суманд дарагдаж нас барсан тул дээрх дүрмийн дагуу үйлдвэрлэлийн ослыг зохих журмын дагуу нөхөн бүртгүүлэх, үйлдвэрлэлийн ослын актын эрх бүхий этгээдээр нөхөн тогтоолох үүргийг “Жагоб” ХХК-д даалгах үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь үйлдвэрлэлийн ослыг нөхөн бүртгэж, үйлдвэрлэлийн ослын акт тогтоосны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т зааснаар Ж.Гомбосүрэн нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхийнхээ дагуу үйлдсэн хэргээ хүлээхгүй байгаа боловч түүний үйлдсэн хэрэг нь мөрдөн байцаалтаар бүрэн нотлогдсон,

Л.Батсайхан нь ачаа буулгах үед Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн тухай хуулийн 18.1.4, 18.2.3, 18.2.7-д заасныг зөрчсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.