Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 13

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн  зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч Г ХЗХ нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Г, Р.Б нарт холбогдох үндсэн зээл 2,300,000 төгрөг, зээлийн хүү 1,193,676.02 төгрөг, нэмэгдүүлсэн 655,594.52 төгрөг нийт 4,149,270.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 сарын 09-ний  өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Г, Р.Б нь 2018 оны 06 сарын 18-ны өдөр ЗГ/5200 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000.00 төгрөгийн зээлийг, 2019 оны 01 сарын 22-ны өдөр ЗГ/5200/01 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулан 1,300,00.00 төгрөгийн зээл нийт 2,300,000.00 төгрөгийн зээлийг сарын 5% /жилийн 60%/-ийн хүүтэй, 3 сарын хугацаагаар эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж материал худалдан авахаар зээлж авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2019 оны 02 сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөн хугацаа хэтэрч ангилалтай болоод байгаа ба төлбөр хийхийг зээлдэгчээс удаа дараалан шаардаж мэдэгдэл хүргүүлсэн. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ хийгээгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2019 оны 12 дугаар сарын 04-ний байдлаар 4,149,270.54 төгрөг болж хуримтлагдсан. Иймд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу төлбөрийн хуваарь зөрчсөний улмаас зээлийн үндсэн төлбөрийн өр 2,300,000.00 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,193,676.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 655,594.52 төгрөг бүгд 4, 149,270.54 төгрөгийг Л.Г, Р.Б нарын бизнесийн орлогоор хангуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Л.Г-н тайлбартай танилцаж зээлийн төлбөрийн дүн болох 4,149,270.54 төгрөгийг 2020 оны 02 сарын 20-ноос 2020 оны 04 сарын 20-ны дотор төлж барагдууулна гэсэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар  багт оршин суух Ш овогт Л.Г, Т овогт Р.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би нөхөр Р.Б-н хамт 2,300,000 төгрөгийн  зээлийг авсан нь үнэн. Үүнийг миний бие  төлөхгүй удаасны учир нь миний нөхрийн маань бие хүнд өвдөж удаан  хугацаагаар тогтмол төлөлгүй удсан учраас төлж чадаагүй. Тухайн мөнгөний алданги болон хүүгийн хамт 4,149,270.54 төгрөг болсныг миний бие 2020 оны 02 сарын 20-ноос 2020 оны 04 сарын 20-ны хооронд төлж барагдуулахаа өчиж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Л.Г, Р.Б нарт холбогдуулан үндсэн зээл 2,300,000 төгрөг, зээлийн хүү 1,193,676.02 төгрөг, нэмэгдүүлсэн 655,594.52 төгрөг нийт 4,149,270.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л.Г, Р.Б нар нь нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоотой 2018 оны 06 сарын 18-ны өдөр ЗГ/5200 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000.00 төгрөгийн зээлийг, 2019 оны 01 сарын 22-ны өдөр ЗГ/5200/01 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулан 1,300,00.00 төгрөгийн зээл нийт 2,300,000.00 төгрөгийн зээлийг сарын 5% /жилийн 60%/-ийн хүүтэй, 3 сарын хугацаагаар эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж материал худалдан авахаар зээлж авсан байх ба зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Г, Р.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 2,300,000 төгрөг, зээлийн хүү 1,193,676.02 төгрөг, нэмэгдүүлсэн 655,594.52 төгрөг нийт 4,149,270.54 төгрөгийг 2020 оны 02 сарын 20-ноос 2020 оны 04 сарын 20-ны хооронд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г ХЗХ нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Г, Р.Б нарт холбогдох үндсэн зээл 2,300,000 төгрөг, зээлийн хүү 1,193,676.02 төгрөг, нэмэгдүүлсэн 655,594.52 төгрөг нийт 4,149,270.54 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Л.Г, Р.Б нар нь 4,149,270.54 төгрөгийг 2020 оны 02 сарын 20-ноос 2020 оны 04 сарын 20-ны хооронд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 81,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 40,920 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 40,920 төгрөгийг  хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ              А.Ц