| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0307/И |
| Дугаар | 17 |
| Огноо | 2020-01-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, ... ажилтай, Б.О-д холбогдох
2016 оны 11 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны байрны халаалт, усны үнэ 561,587.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Ү, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Г, О.Ц, хариуцагч Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:2016 оны 11 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01- хүртэл хэрэглээний ус, халаалтын 561,587.16 төгрөг төлөгдөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас 561,587.16 төгрөг нэхэмжилсэнээ дэмжиж байна. О үл хөдлөх хөрөнгө бусдаас худалдан авч байж усны заалтаа хараагүй авчихаад үр дагаврыг нь зөвшөөрөхгүй байгаа нь зохимжгүй. Тухайн байр хүнгүй байсаны улмаас өмнөх саруудад нь усны заалтаа авч чадаагүй байж байгаад 2015 оны 11 сард манай байцаагч, нягтлан явж байгаад ... тоотод ороход О-х нүүж орсон байсан, ингээд усны заалт авахад урьд бичилтнээс хойш 173 тонн хэрэглэсэн гарсан байсан. Манайд ус алдсан талаар дуудлага ирж байгаагүй. Үүнээс хойш энэ хүн өөрөө худалдсан талтайгаа үүнийхээ учрыг олох байсан, эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан. Энэ байрны өмнөх өмчлөгч Д-тэй хэрэглээний усны гэрээ байгуулж байсан, хугацаа нь хэзээ дууссаныг мэдэхгүй байна, байраа зарсан гэж бидэнд мэдэгдээгүй. Ийм учраас 173 тонн усны төлбөрийг О төлөх ёстой гэж үзэж байна. Хэрвээ тухайн төлбөрийг төлөхгүй бол яагаад алдангиас чөлөөлүүлэхээр хүсэлт гаргаад байсан юм. Харин ч манай зүгээс үндсэн төлбөрийг төлөөгүй байхад үндэслэлгүйгээр алдангиас чөлөөлсөн асуудал байдаг. Иймд 561,581.16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 сард усны заалт аваад явж байхад О тухайн байр руу тавилга, эд хогшилоо зөөгөөд нүүж орж байсан, ер нь ороод 7 хонож байхад нь усны заалт авахад 173 тонн усны хэрэглээ гарсан байсан. О анх байр хүлээж авахдаа усны заалтаа үзэж аваагүй нь өөрийнх нь буруу, бид тухайн байранд байгаа айлаас нь төлбөрөө шаардана. Энэ хүн өөрөө худалдаж авсан хүнтэйгээ учраа олно уу гэхээс бидэнд хамаагүй асуудал. Энэ байрны өмнөх өмчлөгч Д-тэй бол гэрээ байгуулж байсан, гэрээний хугацаа хэзээ дууссаныг мэдэхгүй байна. О-н хувьд нийт 581,348 төгрөгийг төлсөн байсан, энэ нь ... тоотын тооцооны баримтаас харагдана. Манай зүгээс 32,477 төгрөгийг алдангид, 529,110 төгрөгийг үндсэн төлбөрт тооцож нийт 561,587 төгрөг нэхэмжилсэн. Үүнд маргаад байгаад 173 тонны усны үнэ 306,460 төгрөг орж байгаа. Харилцагчийн гүйлгээ гэсэн баримт дээр гарсан тооцоо буруу юм гэв.
Хариуцагч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх шүүхэд тайлбар гаргахдаа нэхэмжлэгч талын шүүхэд өгсөн харилцагчийн гүйлгээ гэсэн баримт дээр “ төлсөн “ гэж тэмдэглэсэн 843,809 төгрөгийг төлсөн гэж бичсэн байсан, энэ тооцоо буруу байсан учраас хурал хойшилсоноос хойш төлсөн дүнгээ ... тоотын дулаан, усны тооцоо гэсэн баримтаас тооцож үзэхэд нийтдээ 581,348 төгрөгийг төлсөн байсан. Үүн дээр маргаан байхгүй учраас би баримт авчираагүй. Манайх ... тоотын байрыг 2015 оны 10 сард Д гэх хүнээс худалдан аваад 11 сард нүүж орсон. Тухайн байранд засвар үйлчилгээ хийгээгүй, ус алдаагүй. Ингээд Ч байцаагч нар усны заалт авсан, тухайн үедээ 173 тонн ус гарсан талаар мэдээгүй, гэтэл 306,460 төгрөгийн төлбөр гараад ирсэн. Тэгээд ямар учиртайг нь асуухад өмнө бичсэн заалтаас хойш бичихэд ийм гарсан гэж хэлсэн. Манай тухайн байранд ороод удаагүй, 7 хонох гэж байсан. Ингээд л Д-тэй болон эдний дарга С-тай удаа, дараа энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан. Миний хувьд алдангиас чөлөөлж өгөөч гэж ганц ч удаа хүсэлт гаргаж байгаагүй, усны төлбөрийн талаар маргаантай байсан учраас эднийх өөрсдөө алдангиас чөлөөлсөн байх. Манай хувьд 173 тонн ус хэрэглэх ямар ч цаг хугацаа болоогүй. Ийм учраас энэ төлбөрийг төлөхгүй гэж маргаж ирсэн. Харин дараа сараас эхлээд хэрэглэсэн усны төлбөрөө төлөөд явсан. 2016 ны 09 сарын 15-нд гэрээ байгуулсан, жил бүр сунгаад явдаг, сүүлийн сунгалтын хугацаа 2019 оны 10 сарын 01-ний өдөр дууссан байна. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд явж байгаа. Нийт төлбөл зохих төлбөрөөс 581,348 төгрөгийг төлсөн, үлдэж байгаа 115,359 төгрөгийг алданги 32,477 төгрөгийн хамт төлнө. Бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлээд. Үндэслэл нь:
Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Б.О-д холбогдуулан 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны байрны халаалт, усны үнэ 529,110 төгрөг, алданги 32,477 төгрөг, нийт 561,587.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сард бичсэн усны заалтаар гарсан 173 тонн усны үнэ 306,460 төгрөг, мөн илүү нэхэмжилж байгаа 107,291 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа болно.
Хариуцагч Б.О нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суугч бөгөөд тэрээр нэхэмжлэгч талтай 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл айл өрхийг цэвэр ус, халаалт дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах тухай гэрээ байгуулсан, нэхэмжлэгч байгууллага нь гэрээнд заасан үйлчилгээ үзүүлсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч ХХК нь хот суурины дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий компани байх бөгөөд дээрх үйл ажиллагааныхаа хүрээнд 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн одоог хүртэл хариуцагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаатай зохигчид маргаагүй болно. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-д зааснаар хариуцагч нь сар бүрийн 25-ны өдрийн дотор гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх буюу тухайн сарын сарын хэрэглээний төлбөрийг төлөх үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, Хот суурины усан хангамж, аритгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах аж, ахуйн харилцааны дүрэмд заасны дагуу төлөгдөөгүй нийт үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги тооцож төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний дээрх байдал болон Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.О-с гэрээний үүрэг биелүүлэхийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн ... тоотын халаалт, усны төлбөр тооцооны баримтаас /хх-ийн 6-8/ үзэхэд сарын бичилт хэсэгт хариуцагчийн төлбөл зохих бодит мөнгөн төлбөр авагдсан байгааг нэхэмжлэгчийн тодорхойлсон хугацаа буюу 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл нэмж үзэхэд хариуцагч нь нийт 696,707 төгрөг төлөх ёстой байснаас 581,348 төгрөгийг төлж барагдуулсан талаараа шүүх хуралдаанд тайлбарладаг бөгөөд энэ талаар талуудын хэн аль маргаагүй, хариуцагч нь үлдэх 115,359 /696,707-581,348=115.359/ төгрөг, алданги 32,477 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болно.
Харин хариуцагч нь Замын-Үүд сумын 1 дүгээр баг иргэн Д гэгчээс худалдан авахаар тохирч 2015 оны 11 сард нүүж орсон, байранд ороод 7 хоноогүй байхад усны заалт авахад 173 тонн ус хэрэглэсэн гэж гарсан, үүний үнэ 306,460 төгрөг, мөн үүнээс гадна нэхэмжлэлээс үлдэх 107,291 төгрөгийг төлөхгүй, байранд орсон даруйд ийм их ус хэрэглэх боломжгүй, энэ асуудлыг шийдэж өгөөч гэж Ч ХХК-д удаа дараа хандаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгээс татгалздаг,
нэхэмжлэгч талын хувьд байраа хүлээн авахдаа усны заалтаа шалгаж аваагүй нь О-н буруу, өөрөө худалдагч талтайгаа энэ асуудлаа шийдэх байсан, эрх нь зөрчигдөж байсан бол шүүхэд хандах эрх нээлттэй байсан, энэ айлыг тавилга эд, хогшлоо зөөж, нүүж орж байхад бичилт хийхэд 173 тонн ус хэрэглэсэн заалт гарсан учир О хариуцах ёстой гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргадаг.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, айл өрхийг цэвэр, ус халаалт дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний хуулбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Б.О-г ... дугаар байрны ... тоотын байрыг худалдан авахаас өмнө тухайн байрны өмчлөгч байсан Д гэгчтэй хэрэглээний усаар хангах гэрээ байгуулж байсан, Д гэгч нь бусдад байраа худалдаж байгаа талаар Ч ХХК-д мэдэгдээгүй, түүнтэй байгуулсан гэрээний хугацаа, үүрэг хэзээ дуусгавар болсон нь тодорхойгүй, хариуцагч нь 173 тонн усны төлбөрийг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгч байгууллагад хандаж байсан байна. Түүнчлэн хариуцагчийг тухайн байранд нүүж орсоны дараа 7 хоногийн дотор усны заалтын бичилтийг бичсэн, энэ хугацаанд хариуцагч Б.О нь ус алдсан талаар Ч ХХК-д дуудлага өгч байгаагүй зэргээс үзэхэд цаг хугацааны хувьд хариуцагч нь 173 тонн ус хэрэглэсэн байх бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч нь тухайн үед нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр үүрэг хүлээгээгүй байх тул 2015 оны 11 сард гарсан 173 тонн цэвэр усны хэрэглээний үнэ 306,460 төгрөгийг хариуцан төлөх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал нь дулаан, цэвэр усны төлбөрт нэхэмжилсэн 561,587.16 төгрөгөөс 529,110 төгрөг нь дулаан, усны төлбөр бөгөөд үүнд 173 тонн усны хэрэглээний үнэ 306,460 төгрөг, үлдсэн нь үндсэн төлбөрт тооцогдож байгаа талаар тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн ... тоотын халаалт, усны төлбөр тооцооны баримтаас үзэхэд хариуцагч нь 2016 оны 11 сарын 01-нээс 2019 оны 12 сарын 01-нийг хүртэл хугацаанд төлбөл зохих төлбөрөөс 115,359 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 115,359 төгрөг, алданги 32,477 төгрөг, нийт 147,836 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 413,751 төгрөгийг хасч, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.О-с худалдах худалдан авах гэрээний үүрэг буюу 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 01-ний хүртэл хугацааны дулаан, хэрэглээний усны төлбөрт 115,359 төгрөг, алданги 32,477 төгрөг, нийт 147,836 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 413,751.16 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,497 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,085 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосгуай.
3.Хариуцагч Б.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц