| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0163/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/165 |
| Огноо | 2023-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/165
2023 09 12 2023/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Ц,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Хохирогч: Ш.Ц,
Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Цний Бд холбогдох эрүүгийн 2335000840219 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны 4 дүгээр сарын 18-нд Увс аймгийн ........ суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа авто засварын ажил эрхэлж амьдардаг, ам бүл 2, эхийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн ....... тоотод оршин суух хаягтай, урьд нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2001 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 357 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/207 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овогт Цний Б /РД:................./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн хамтран амьдрагч Ш.Цг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн хамтран амьдрагч Ш.Цг зодсон болох нь:
Хохирогч Ш.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ц.Б бид хоёр 10 цагийн орчим П.Уын гэр лүү явсан юм. Тухайн үед П.У 1.000.000 төгрөгөөр Пит маркийн машин зарна гэснийг очиж үзэхээр болсон юм. П.Уын гэрт очиход П.У ганцаараа байсан бөгөөд машиныг нь үзээд зогсож байтал П.У ах нь архи уучихсан шартаад байна. Архи аваад өг гэж хэлэхээр нь дэлгүүр орж 0.33 литрийн архи 1 ширхэгийг авч П.Уын гэрт орж хувааж уугаад сууж байтал гаднаа У гэх залуу 0.75 литрийн архи авчихсан согтуу орж ирсэн. Тэгээд П.У, У, Ц.Б бид 4 хувааж тухайн архийг уугаад сууж байтал П.У, У хоёр гэрийн баруун талын ор нь дээр тасраад уначихаар нь би Ц.Бийг гэр лүүгээ явъя гэж хэлэхэд Ц.Б үгийн зөрүүгүй миний нүүр лүү гараараа цохисон. Тэгээд байж байтал гаднаас П.Уын дүү эмэгтэй орж ирээд юу болж байгаа юм бэ чамайг хэн цохисон юм гэж надаас асуухаар нь би Т гэж хэлэхэд тухайн эмэгтэй цагдаад дуудлага өгсөн юм. Ц.Б бид хоёр гэр бүлийн хамааралтай гэж хэлж болно. Бид хоёр хамтран амьдраад 3 жил гаран болж байна. Би гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33, 35, 37 дахь тал),
Гэрч П.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн орчим П.Уын гэр лүү ороход гэрт 4 хүн байсан. Тухайн 4 хүнийг Ц, Т, Уугий, П.У гэдэг. Би гэрт ороход Цгийн нүүр ам нь хөхөрчихсөн, хамар амнаас нь цус болчихсон байсан. Би Цгээс хэн цохисныг асуухад Т цохисон гэж хэлж байсан. Тухайн хүмүүс архи уучихсан нэлээн согтуу байсан. Уугий нь тасраад ухаангүй унтаж байсан. П.У ах мөн тасраад ухаангүй унтаж байсан. Би Цг зодуулсан байхыг хараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
Гэрч П.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ц.Б, Ш.Ц нар 2023 оны 06 дугаар сарын 02-ын өдөр 15-23 УВА улсын дугаартай Лого маркийн тээврийн хэрэгслийн зарах гэж байсан юм. Тухайн тээврийн хэрэгслийн ирж үзэхээр ирсэн юм. Ц.Б, Ш.Ц нар ирэхэд 10 цагийн орчим ирсэн бөгөөд ирээд миний машиныг үзэхээр би урд шөнө архи уучихсан шартаад байна, нэг шил архи аваад өг гэж хэлээд Ш.Цгээр 0.33 литрийн 1 шил архи авхуулж манай гэрт бид гурав уугаад сууж байтал удалгүй У гаднаас согтуу 1 шил архи авчихсан орж ирсэн. Тухайн 0.33 литр, 0.75 литрийн архийг У, Ц.Б, Ш.Ц бид дөрөв хувааж уусан бөгөөд У тасраад гэрийн баруун талын ор нь дээр тасраад унтчихсан. Би бас нэлээн согтчихсон байсан болохоор У хажуугаар ороод унтчихсан юм. Тэгээд гэнэт хүмүүс орилж намайг миний хувцаснаас хүн татах шиг болохоор нь би сэрсэн. Намайг сэрэхэд манай гэрт цагдаа нар ирчихсэн, Ш.Цгийн нүүр ам нь хөхөрчихсөн, ам, хамраас нь цус гарчихсан дүү П.О гэрт ирчихсэн байсан. Тэгээд Ш.Ц, Ц.Бнарыг цагдаа нар аваад явсан. Харин У гэр лүүгээ явсан. Харин би гэртээ ганцаараа үлдэж унтаж амарсан юм. Өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),
Гэрч Х.Вгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ц.Б, Ш.Ц нар гэр бүл болоогүй. 2021 оны 12 сараас хойш хамт амьдарч байгаа. Гэрлэлт бүртгүүлсэн, хурим хийсэн, албан ёсны эхнэр нөхөр бол болоогүй. Ш.Цг дагаж ирсэн 6 хүүхэд, харин Ц.Бнь нэг хүүхэд байдаг юм. Б, Ш.Ц хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Эвтэй найртай бөгөөд Улаангом сумын 2021 оны 12 сараас хойш Ц.Б, Ш.Ц хоёр нэг гэрт орж хамт амьдрах болсон. Одоо Улаангом сумын 11 дүгээр багт 4 хүүхдийн хамт амьдардаг саяхан том охин Н.Ш нь тусдаа гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),
Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Уын гэрт ганцаараа оёоод байж байтал удалгүй хамтран амьдрагч Ц Уын гэрт орж ирсэн. Ш.Ц дэлгүүрээс Ерөөл нэртэй 0.33 литрийн савалгаатай архиавч ирээд Ц, У бид гурав Уын гэрт хувааж уусан. Удалгүй У гэх залуу гаднаас 0.75 литрийн архи авчихсан орж ирсэн. Тэгээд У, У, Ц бид дөрөв хувааж уусан. Харин би Цд хандаж ингэж архи уухгүй. Ядаж нэг нь ууя гэж хэлээд нэг нүүр лүү нь цохичихсон Ц миний урдаас чамд ямар хамаатай юм, чи ууж байхаар болдог юм уу гэж хэлээд миний дээр гараад нуруу маажиж, гараараа хэд хэдэн удаа цохихоор би зүгээр байгаа ч гэж хэлээд өөрийнхөө дээрээс буулгаад зүүн гараараа хэд хэдэн удаа цохисон юм. Би Ш.Цгээс уучлалт гуйж. Мөн эм тариа түрхлэгийн авч өгсөн. Мөн 700.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 264 дугаартай “Үзүүлэгч Ш.Цгийн биед 2 нүдний эргэн тойронд, эрүүний баруун урд хэсэгт, баруун, зүүн шуу, бугалга, баруун мөрний үений урд хэсэгт, зүүн тохойн үений дотно хэсэгт, зүүн далны хэсэгт цус хуралт, зүүн шуу, зүүн тохойн үений дотно хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх хүсэлтэд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. 2 нүдний эргэн тойронд, эрүүний баруун урд хэсэгт, баруун, зүүн шуу, бугалга, баруун мөрний үений урд хэсэгт, зүүн тохойн үений дотно хэсэгт, зүүн далны хэсэгт цус хуралт, зүүн шуу, зүүн тохойн үений дотно хэсэгт зулгаралт гэмтлүүд нь нийлээд биеийн нийт гадаргуугийн 1-2 хувь орчим талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал)-ээр хохирогч Ш.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн хамтран амьдрагч Ш.Цг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, гэрч нарын болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.Бнь хохирогч буюу хамтран амьдрагч Ш.Цг зодсон нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъект байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д "хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Б, хохирогч Ш.Ц нарыг хамтран амьдрагч гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ц.Баяртөгсийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Хохирогч Ш.Ц мөрдөн байцаалтын шатанд “Ш.Ц би ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 85 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ц.Баяртөгсөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Бнь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Б урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2001 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 357 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/207 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 75-79 дэх тал)-оор тогтоогдсон
Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 01/759 дугаартай албан бичгээр урьд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 130 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй (хавтаст хэргийн 74 дэх тал) болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Бийн хувийн байдлын талаар: Гэрч Х.Вмаа өгсөн: “Ц.Б даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зан аашгүй, үг дуу цөөтэй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй үөв боловсон харилцдаг, зөөлөн сэтгэлтэй, гэр бүлдээ анхаарал халамж сайтай, ажилсаг, гэрийн бүх ажлыг хийдэг, ээж аавынхаа өөдөөс ямар нэг зүйл хэлдэггүй, хэрүүл маргаан хийж байгаагүй, тусархуу, тамхи хааяа татдаг, архи согтууруулах ундааны зүйл уудаггүй, өөр ямар нэг муу зуршилгүй, хааяа найз нөхдийнхээ хамт архи, согтууруулах ундаанй зүйл хэрэглэчихдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал) хавас хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 5 /тав/ сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ц.Бд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/207 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь зэрэгцүүлэн эдлүүлэхээр боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Цний Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 5 /тав/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ц.Бд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/207 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь зэрэгцүүлэн эдлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ