Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2020/00814

 

         Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .... байрлах “БМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ... байрлах ОСНААУГ-т холбогдох

       Орон сууцны ашиглалтын зардал /халаалтын төлбөр/-т илүү төлөгдсөн 5.010.190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ Нь:

     Нэхэмжлэгч “БМ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Баянзүрх дүүрэг, ... 4 тоот хаягт байрлах Ү-2...6 дугаартай, 171,6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч юм. Бид ОСНААУГ-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй боловч тухайн орон сууцны төлбөрийг тухай бүрд нь төлдөг байсан. Манай байгууллагын ажилтан Ганг нь уг орон сууцанд байрлаж, өөрийн нэрээр төлбөрөө төлж байжээ. 2019 онд “БМ” ХХК-ийн удирдлага солигдоход орон сууцны төлбөр шалгуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн Хэрэглэгчийн үйлчилгээний төвд гаргаж, орон сууцны халаалтын төлбөрийг үндэслэлгүйгээр илүү тооцож авч байсныг мэдсэн. Орон сууцны халаалтын төлбөрийг тухайн орон сууцны талбайн хэмжээнээс тооцож авдаг бөгөөд манай орон сууц нь 171,6 м.кв талбайтай байтал хариуцагч нь 364 м.кв талбайгаас тооцож авдаг байсан байна.

         Энэ талаар ОСНААУГ мэдэгдэхэд “...2019 оны халаалтын улирлаас 171,6 м.кв талбайгаас тооцож авах болохыг мэдэгдье” гэсэн хариуг бичгээр өгсөн ч урьд төлсөн илүү төлбөрийг буцааж өгөх талаар шийдвэрлэж өгөөгүй тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

         Иймд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны орон сууцны халаалтын төлбөрт илүү төлсөн 5.010.190 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримт болон 2013 оны 09 дүгээр сар хүртэл “ЖО“ ХХК–иар дамжуулан төлбөр төлж байсан зэргийг үндэслэн дээрх шаардлагаа 1.051 848,55 төгрөгөөр багасгаж 3.958.341,45 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Иймд хариуцагчаас 3.958.341,45 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

       Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Д.Г нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг ...байрны ашиглалт үйлчилгээг анх “ЖО” ХХК хариуцдаг байсан ба 2013 оны 07 дугаар сараас манай “У-Ө” нь хариуцдаг болсон. Тухайн үед “ЖО” ХХК нь манайд шилжүүлж өгөхдөө айл өрхийн жагсаалтаас өөр ямар ч баримт болон хэрэглэгчтэй байгуулсан гэрээ өгөөгүй. Дээрх компаниас шилжүүлж авсан баримтад “БМ” ХХК-тай байгуулсан гэрээ байхгүй, борлуулалтын программд тусгаснаар ..... 4 тоот нь Ганг гэх нэрээр 364,5 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн байсан. Мөн Ганг нь гэрээ байгуулаагүй. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нь холбогдох хуульд заасан хэрэглэгчийн үүргээ биелүүлээгүй тул талбайн зөрүүнээс үүссэн төлбөрийг буцаан олгох боломжгүй юм.

       Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулах тухай” 69 дүгээр тогтоолоор орон нутгийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгаж, ОСНААУГ-т нэгтгэх замаар өөрчилсөн.

          Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-1” нь гэрээгээ шинэчлэн байгуулах тухай мэдээллийг хэрэглэгч нарт хүргүүлсэн боловч ирж, гэрээг байгуулаагүй.

      Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

    Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

         Нэхэмжлэгч “БМ” ХХК нь хариуцагч ОСНААУГ-т холбогдуулан орон сууцны ашиглалтын зардал /халаалтын төлбөр/-т илүү төлөгдсөн 5.010.190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 1.051.848,55 төгрөгөөр багасгаж, 3.958.341,45 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчилсөн гэж үзнэ.

        Нэхэмжлэгч “БМ” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа “...0001...6 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, ОСНААУГ-ын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 4/8 тоот албан бичиг, орон сууцны халаалтын төлбөрийн тооцоо, Орон сууцны айл өрх, хүн амаас авах үйлчилгээний үнэ тариф зэргийг үндэслэн орон сууцны халаалтын төлбөрт илүү төлсөн гэх 3.958.341,45 төгрөг гаргуулна“ гэж, /х.х-ийн 1-2, 8-11 тал/

          Хариуцагч ОСНААУГ нь нэхэмжлэгч “БМ” ХХК нь хэрэглэгчийн үүргээ биелүүлээгүй, манайхтай гэрээ байгуулаагүй, өмнө нь Т... хотхоны орон сууцны ашиглалт, үйлчилгээг “ЖО” ХХК, “У-Ө” хариуцаж байсан ба 2014 оны 05 дугаар сараас эхлэн “ОСНААУГ” хариуцах болсон. Хүлээн авсан бичиг баримт, орон сууцны бүртгэлд ..... 4 тоот нь Ганг гэх нэрээр 364,5 м.кв талбайтай гэж бүртгэгдсэн байсан ба Ганг нь орон сууцны ашиглалтын зардал, халаалтын төлбөр төлж байсан. ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-1”-тэй бичгээр гэрээ байгуулаагүй. Хэрэглэгч нь холбогдох хуульд заасан хэрэглэгчийн үүргээ биелүүлээгүй тул талбайн зөрүүнээс үүссэн төлбөрийг буцаан олгох боломжгүй” гэх тайлбар гарган талууд мэтгэлцэж байгаа болно. /х.х-ийн 23-71 тал/

           Шүүх иргэний хэрэг хянан шийдвэрдэх ажиллагааг мэтгэлцэх /талуудын эрх тэгш байдлыг хангах/ зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

           Шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд зэргээс үзэхэд:

          Нэхэмжлэгч “БМ” ХХК нь Баянзүрх дүүрэг ..... 4 тоот орон сууцны өмчлөгч учир ашиглалтын буюу ус, дулаан, цахилгааны төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй, энэ үүргийг ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-1”-ээр дамжуулан гүйцэтгэдэг тухайд зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зариулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ...тус тус төлөх үүрэгтэй байна.   

          Нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууцны байшинд хамаарах бөгөөд хариуцагч “ОСНААУГ“ нь Орон сууцны тухай хуулийн 3.1.6, 81 дугаар зүйлийн 81.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1, 14.2.2, 14.2.3, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар орон сууцны халаалт, цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, харилцаа холбоо зэрэг үйлчилгээг хэрэглэгч хүртэл хариуцах, мэргэжлийн байгууллагын эрх үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гэж үзэхээр байна.

      Нэхэмжлэгч “БМ” ХХК нь дээрх орон сууцны өмчлөгчийн хувьд хуулийн дагуу орон сууцны ашиглалтын зардлыг төлөх үүргийг хуулиар хүлээсэн байгаа хэдий ч 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ныг хүртэл хугацааны орон сууцны ашиглалтын зардал болон халаалтыг төлбөрийг тухайн байранд түр амьдарч байсан гэх ажилтан Ганг нь төлж байсан болох нь зохигчийн тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

           Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмнөөс орон сууцны ашиглалтын зардлыг өөр этгээд төлж байсан нь зохигчдын тайлбар, хэргийн нөхцөл байдлаар тогтоогдож байх тул илүү төлсөн мөнгийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэж үзнэ.

       Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны халаалтын төлбөрт үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн гэх 3.958.341,45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нэхэмжлэлд хавсаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Орон сууцны халаалтын төлбөрийн тооцоо“ гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5-д зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. /х.х-ийн 10-11 тал/

           Иймд нэхэмжлэгч “БМ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ОСНААУГ-т холбогдох 3.958.341,45 /гурван сая есөн зуун тавин найман мянга гурван зуун дөчин нэгэн төгрөг дөчин таван мөнгө/-ийг гаргуулах тухай “БМ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “БМ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95.120 /ерөн таван мянга нэг зун хорин/ төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                            Ж.ЦЭНГЭЛ