| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0010/И |
| Дугаар | 34 |
| Огноо | 2020-01-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 34
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч Т.Э-н нэхэмжлэлтэй, хариуцагч З.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 23,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад, 2019 оны 12 сарын 30-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2019 оны 05 сарын 27-нд иргэн З.Б-д 19,000,000 төгрөг 6 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай 3.8х8м2 хэмжээтэй кантнер хаус барьцаалж зээлдүүлсэн юм. Ингээд 6, 7, 8 сарын хүү 3,420,000 төгрөгийг өгөөд 9, 10, 11, 12 сар үндсэн 19,000,000 4 сарын хүү 4,560,000 өгөх байтугай суурь мөнгөнөөсөө нэг ч төгрөг өгөөгүй байна. Иймд иргэн Б-с миний 19,000,000 төгрөгийг үндсэн сарын хүүтэй нь нийт 23,560,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух хаягтай, одоо Замын-Үүд сум 1 дүгээр багт түр оршин суух Б овогт З.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э-н нэхэмжилсэн 19,000,000 төгрөгийг 9, 10, 11, 12 сарын хүү болох 4,560,000 төгрөг нийт 23,560,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч З.Б-д холбогдуулан үндсэн зээл 19,000,000 төгрөг, зээлийн хүү 4,560,0000 төгрөг нийт 23,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч З.Б нь нэхэмжлэгч Т.Э-тай 2019 оны 05 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 19,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаагаатай 3.8х8м2 хэмжээтэй кантнер хаус барьцаалж зээлж авсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 19,000,000 төгрөг, зээлийн хүү 4,560,000 төгрөг нийт 23,560,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Э-н нэхэмжлэлтэй, хариуцагч З.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 23,560,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З.Б нь үндсэн зээл 19,000,000 төгрөг, зээлийн хүү 4,560,000 төгрөг нийт 23,560,000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 280,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 140,375 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 140,375 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Ц