Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0638

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

 

Нэхэмжлэгч: “У” ХХК /РД:/

Хариуцагч: Үндэсний аудитын газар

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудитор

Гуравдагч этгээд: Эдийн засаг, хөгжлийн яам

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний аудитын газрын 2018 оны “Ховд аймгийн Жаргалант суманд баригдсан цэцэрлэгийн барилга барих төсөл”-ийн хэрэгжилтэд хийсэн ГАГ-2018-03-ГА дугаартай аудитын дүгнэлт, зөвлөмжийн 3.22, 3.23, 3.24 дэх хэсэгт заасан “барилгын зураг төсөвт тусгагдсан 76,928,347 төгрөгийн ажлыг хийгээгүй орхигдуулсан” хэсгийг болон Үндэсний аудитын газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02/259 ГАГ-2018-03-ГА дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах, аудитын дүгнэлт, зөвлөмж, албан шаардлагыг баталгаажуулсан Монгол Улсын ерөнхий аудиторын 2018 оны 10 дугаар сарын 15- ны өдрийн А/185 дугаар тушаалын холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0482 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О

Хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудиторын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Х.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х

Хэргийн индекс: 128/2028/0383/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “У” ХХК-аас Үндэсний аудитын газар, Монгол Улсын Ерөнхий аудиторт тус тус холбогдуулан “Үндэсний аудитын газрын 2018 оны “Ховд аймгийн Жаргалант суманд баригдсан цэцэрлэгийн барилга барих төсөл”-ийн хэрэгжилтэд хийсэн ГАГ-2018-03-ГА дугаартай аудитын дүгнэлт, зөвлөмжийн 3.22, 3.23, 3.24 дэх хэсэгт заасан “барилгын зураг төсөвт тусгагдсан 76,928,347 төгрөгийн ажлыг хийгээгүй орхигдуулсан” хэсгийг болон Үндэсний аудитын газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02/259 ГАГ-2018-03-ГА дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах, аудитын дүгнэлт, зөвлөмж, албан шаардлагыг баталгаажуулсан Монгол Улсын ерөнхий аудиторын 2018 оны 10 дугаар сарын 15- ны өдрийн А/185 дугаар тушаалын холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0482 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “У” ХХК-аас гаргасан Үндэсний аудитын газрын 20148 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02/259ГАГ-2018-03-ГА дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар: Төрийн аудитын тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.3, 20 дугаар зүйлийн 20.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Үндэсний аудитын газрын 2018 оны “Ховд аймгийн Жаргалант суманд баригдсан цэцэрлэгийн барилга барих төсөл”-ийн хэрэгжилтэд хийсэн ГАГ-2018-03-ГА дугаартай аудитын дүгнэлт, зөвлөмжийн “барилгын зураг төсөвт тусгагдсан хийгээгүй орхигдуулсан ажлын төсөвт өртөгөөс 43.222.849,5 төгрөгт” холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Үндэсний аудитын газраас Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Төрийн аудитын тухай хууль /2003 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.20-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн “Ховд, Жаргалант, 1 дүгээр цэцэрлэгийн барилга барих төсөл”-ийн хэрэгжилтэд 2018 онд аудит хийж, дүгнэлт гаргасан.

Тус аудитын дүгнэлтээр барилга угсралтын ажлын бодит гүйцэтгэлийг барилгын зураг төсөвтэй тулгаж үзэхэд концесс эзэмшигч гүйцэтгэлийн мөнгөн дүнг 76,928.4 мянган төгрөгөөр илүү илэрхийлсэн, барилгын төсөвт батлагдсан барилга угсралтын ажлын дүнгээс тодорхой хувиар тооцогддог холбогдох зардлаас 91,725.1 мянган төгрөгийг зарцуулаагүй тул нийт 168,653.5 мянган төгрөгийг концессын гэрээний хөрөнгө оруулалтын дүнгээс суутгахаар тооцоолсон.

3.2. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “аудитын тайлан” гэж аудитын төлөвлөгөөний дагуу хийсэн аудитын дүнг илтгэсэн, эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан баримт бичгийг”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана” гэж хуульчилсан. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/106 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журмын 18 дугаар зүйлийн 18.2-т “Төрийн аудитын байгууллага шалгах сэдвийг сонгож, аудитыг гүйцэтгэхдээ хангалттай ба зохистой аудитын нотлох зүйл цуглуулж, гарсан үр дүнг аудитын тайланд дүн, дүгнэлт, зөвлөмж хэлбэрээр илэрхийлж шууд тайлагнах ажлыг хэрэгжүүлнэ”, 18.2.1-д “Аудитаар илрүүлсэн гол зүйлс буюу аудитын зорилтуудыг биелүүлэх зорилгоор аудиторын цуглуулсан нотлох зүйлсийн илэрхийллийг аудитын тайлангийн дүнд тусгана” гэж, 18.2.2-т “аудитын дүнд үндэслэн аудитын дүгнэлт гаргана” гэж тус тус зохицуулсан тул гүйцэтгэлийн аудитын тайлангийн холбогдох хэсгүүд нь аудиторын цуглуулсан “нотлох зүйлсийн илэрхийлэл”-д багтаж байна.

Өөрөөр хэлбэл аудитын тайлангийн холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, тодорхой хугацаанд гүйцэтгэсэн ажил үүрэг, бодит байдлын явц, үр дүнг мэдээлсэн баримт бичиг юм.

3.3. Мөн концесс эзэмшигч “У” ХХК-аас Үндэсний аудитын газарт 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ирүүлсэн 1/58 дугаар албан бичгээр “Ховд аймгийн Жаргалант суманд баригдсан 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын хяналтын төсвөөс хийгдээгүй ажлын зардал 76,928,347 төгрөг болон манай компаниас санхүүжигдээгүй зураг төслийн үнэ, зохиогчийн хяналтын зардал, захиалагчийн хяналтын зардлын зөрүү нийт 168,653,460 төгрөгийг улсын төсөвт үлдээхэд татгалзах зүйлгүй болно” гэх зэргээс үзэхэд аудитын дүгнэлт нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

3.4. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шинжээчээр томилогдсон “А” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг шууд үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Учир нь тус аудитын тайлан, дүгнэлт 2018 онд баталгаажсан, концесс эзэмшигчийн барилга угсралтын ажлын тоо хэмжээнээс хийгээгүй орхигдуулсан ажлын дүн болох 94.3 сая төгрөгийн өртгийн задаргааг хөндлөнгийн шинжээчийн тооцооллоор гаргасан. Өөрөөр хэлбэл аудитын шалгалт хийж байх явцад хийгдээгүй байсан ажлыг тогтоож дүгнэлт гаргасан. Энэ хүрээнд аудитын зүгээс дутуу хийгдсэн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр аудитын тайлан дүгнэлтэд тусган холбогдох арга хэмжээг авч ажилласан. Түүнчлэн аудит бодит нөхцөл байдалд үндэслэн 2018 онд дүгнэлт гаргасан байхад 2024 онд дахин шинжээч томилж, шүүхээс тус дүгнэлтийг үндэслэл болгож шийдвэр гаргаж байгаа нь цаг хугацааны хувьд бодит нөхцөл байдлыг үгүйсгэх шалтгаан болж байна. Аудитын дүгнэлт гарснаас хойш дахин тодорхой хэмжээний ажил хийгдсэн байхыг үгүйсгэхгүй бөгөөд Үндэсний аудитын газрын дүгнэлт гарсан өдөр хийгдсэн болон хийгдээгүй ажлыг тодорхой цаг хугацааны дараа тогтоох нь бодит байдлын хувьд боломжгүй юм.

3.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугааp сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0482 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2. “Төрийн аудитын тухай /2003 он/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 20 дугаар зүйлийн 20.2. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Үндэсний аудитын газрын 2018 оны "Ховд аймгийн Жаргалант суманд баригдсан цэцэрлэгийн барилга барих төсөл"-ийн хэрэгжилтэд хийсэн ГАГ-2018-03-ГА дугаартай аудитын дүгнэлт, зөвлөмжийн "барилгын зураг төсөвт тусгагдсан хийгээгүй орхигдуулсан ажлын төсөвт өртгөөс 43,222,849.5 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож ...” болон 3, 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “У” ХХК-аас Үндэсний аудитын газар, Монгол Улсын Ерөнхий аудиторт тус тус холбогдуулан “Үндэсний аудитын газрын 2018 оны “Ховд аймгийн Жаргалант суманд баригдсан цэцэрлэгийн барилга барих төсөл”-ийн хэрэгжилтэд хийсэн ГАГ-2018-03-ГА дугаартай аудитын дүгнэлт, зөвлөмжийн 3.22, 3.23, 3.24 дэх хэсэгт заасан “барилгын зураг төсөвт тусгагдсан 76,928,347 төгрөгийн ажлыг хийгээгүй орхигдуулсан” хэсгийг болон Үндэсний аудитын газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02/259 ГАГ-2018-03-ГА дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах, аудитын дүгнэлт, зөвлөмж, албан шаардлагыг баталгаажуулсан Монгол Улсын ерөнхий аудиторын 2018 оны 10 дугаар сарын 15- ны өдрийн А/185 дугаар тушаалын холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... манайх уг цэцэрлэгийн барилгыг Барилга хөгжлийн төвөөр батлагдсан, экспетизээр орсон зураг, төслийн дагуу нэг ч ажил орхигдуулаагүй, зураг, төсөлд тусгагдсан бүх ажлыг хийж гүйцэтгэн 2017 оны 12 дугаар сард Улсын комисст хүлээлгэн өгсөн байхад Үндэсний хөгжлийн газраас гэрээгээр тохиролцсон хугацаандаа санхүүжилтийг шилжүүлээгүй бөгөөд үлдэгдэл төлбөр болох 167,912,098 төгрөгийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй, Үндэсний аудитын газрын дүгнэлтэд нэхэмжлэгчийн барилгын суурин ажил, дотор заслын ажил, дулааны ажил, гадна бохир усны ажил, гадна тохижилт зам талбайн хашааны ажил, уурын зуухны ажил, захиалагчийн хяналтын зардлын ажил, НӨАТ-ын 10 хувь гээд нийт 94,300,000 төгрөгийн 14 ажлыг хийгээгүй орхигдуулсан гэж буруутгадаг ба бодит байдал дээр хийгдчихсэн байгаа ажлуудыг хийгдээгүй орхигдуулсан гэж дүгнэсэн тул хийгдээгүй орхигдуулсан ажлын дүн 76.928.347 төгрөгийг хасахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тодорхойлсон.

2.2. Харин хариуцагч нь “... концесс эзэмшигч “У” ХХК-ийн хийгээгүй, орхигдуулсан ажлын өртөг 94.295.5 мянган төгрөг, нэмэлтээр хийсэн ажлын өртөг 17.367.1 мянган төгрөгийн зөрүү болох 76.928.4 мянган төгрөгийг концессын гэрээний төслийн нийт хөрөнгө оруулалтын дүнгээс суутган тооцохоор дүгнэлт гаргасан нь нийтийн эрх ашгийг хангах хуульд нийцсэн, нэхэмжлэгч нь Үндэсний аудитын газарт ирүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1/58 дугаар албан бичигтээ “... нийт 168,653,460.0 төгрөгийг улсын төсөвт үлдээхэд татгалзах зүйлгүй” гэж аудитаар гарсан бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн” гэж, гуравдагч этгээд нь “нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн тул энэ талаар маргах эрхгүй” гэж тус тусын татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

3. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тодорхойлогдох үйл баримтаас үзэхэд;

3.1. “У” ХХК нь 2016 онд Үндэсний хөгжлийн газар /тухайн үеийн нэршлээр/-тай ХОГ-2016/73/7-46-24 дугаартай “Ховд, Жаргалант, 1 дүгээр цэцэрлэгийн барилга барих төсөл”-ийн барих шилжүүлэх /ВТ/ концессын гэрээ байгуулж, зураг төслийн дагуу уг барилгыг барьж гүйцэтгэн, 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж Улсын комисст хүлээлгэн өгсөн.

3.2. Уг концессын гэрээгээр барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш 1 жилийн хугацаанд төслийн нийт дүн болох 2,105,741,568.00 төгрөгийг 2018 оны 3 дугаар улиралд багтаан “У” ХХК-д олгохоор гэрээнд тусгасан хэдий ч 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,590,188,340 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 172,494,110 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 175,147,020 төгрөгийг шилжүүлсэн. Харин гэрээний төлбөрийн үлдэгдэл дүн болох 167,912,098 төгрөгийг олгоогүй.

3.3. Учир нь Үндэсний аудитын газраас концессын гэрээний төслийн нийт хөрөнгө оруулалтын дүнгээс 168,653,460.00 төгрөгийг суутган тооцох тухай ГАГ-2018-03-ГА дугаартай аудитын дүгнэлт гарсныг, Монгол улсын ерөнхий аудиторын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А/185 дугаартай тушаалаар баталгаажуулжээ.

3.4. Аудитын дүгнэлтэд тусгасан 168,659,460 төгрөгөөс барилга угсралтын ажлын дүнгээс тооцсон 91,725,113 төгрөгийн санхүүжилтийг олгоогүй гэдэгтэй  “У” ХХК; концесс эзэмшигч нь төсөвт тусгагдаагүй 17,367,100 төгрөгийн ажлыг нэмэлтээр хийсэн гэдэгтэй хариуцагч; Үндэсний аудитын газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02/259 ГАГ-2018-03-ГА дугаартай албан шаардлагыг нэхэмжлэгч хуулийн этгээд биелүүлсэн гэх үйл баримттай хэргийн оролцогчид тус тус маргаагүй байна.

4. Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагаас “... Үндэсний аудитын газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02/259ГАГ-2018-03-ГА дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах” хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн аудитын хүрээнд тавьсан уг албан шаардлагаар, барилгын ажлын гүйцэтгэл болон захиалагчийн хяналтын зардлын санхүүжилттэй холбоотой тавьсан тодорхой шаардлагуудыг нэхэмжлэгч биелүүлсэн бөгөөд уг маргаан бүхий акттай маргахгүй гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбарлажээ.

5. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн төрөлд хамаарах урьдчилсан нөхцөлүүд нь 02/259ГАГ-2018-03-ГА дугаар албан шаардлагын хувьд нэгэнт арилсан буюу нэхэмжлэгч албан шаардлагыг нэгэнт биелүүлсэн нөхцөлд түүний зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхтэй холбоотой эрх зүйн үр дагаврыг нэхэмжлэгчид үүсгэхгүй тул “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

6. “У” ХХК-ийн хувьд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, гуравдагч этгээдийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй болохыг тэмдэглэв. 

7. Аудитын дүгнэлт, зөвлөмжид барилгын зураг төсвөөс илүү илэрхийлсэн 94,295,500 төгрөг, төсөвт тусгагдаагүй нэмэлтээр хийсэн 17,367,100 төгрөг буюу концесс эзэмшигчийн хувьд хийгдээгүй ажлын зөрүүг 76,928,347.00 төгрөг гэж тогтоохдоо хараат бус шинжээч гэх “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-ын дүгнэлтийг үндэслэл болгосон.

8. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхээс 2 удаа шинжээч томилоход, нэхэмжлэгч хуулийн этгээдийн гүйцэтгэсэн ажлын дүнг “У” ХХК 45,404,000 төгрөг, “А” ХХК 42,408,654.5 төгрөг гэж тус тус тооцжээ.

Тодруулбал, тусгай мэдлэг бүхий шинжээчдийн дүгнэлтийг харьцуулан үзэхэд, концессын гэрээгээр гүйцэтгэсэн цэцэрлэгийн барилгын дотор заслын ажлын хүрээнд 401 кв.м талбайд плита наахаар төсөвлөснөөс 349.47 кв.м талбайд нааж гүйцэтгэсэн; дулааны узелийн хувьд 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Дулааны зангилаа ус халаагчийг угсарсан акт”-д дурдсанаар нэг ширхэг ус халаалагч, 3 кВт хүчин чадалтай хэрэглээний халуун усны насосыг угсарсан; гадна тохижилт зам талбайн хувьд цемент бетон хольцоор зам талбай цутгах, замын хашлага, явган замын хавтангаар зам талбай бүрэн хийгдсэн; 337.5 кв.м гадна төмөр хашаа хийсэн гэдгийг тогтоосон байна.

9. Харин аудитын дүгнэлт, зөвлөмжийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтэд концессын гэрээний үлдэгдэл санхүүжилтээс гүйцэтгээгүй ажлын зөрүүнд харгалзах 76,928,347.00 төгрөгийг хасч тооцохдоо “хог цуглуулах талбай байхгүй, эдэлбэр газарт 1.6 метр өндөртэй хашааны зураг хийгдээгүй хангалтгүй” гэх зэргээр дүгнэсэн нь гүйцэтгэсэн ажлын өртөг хийгээд бодит нөхцөл байдалд нийцсэнгүй.

10. Анхан шатны шүүхийн хувьд, тоо тооцооллын тусгай мэдлэг шаардсан, маргааны үйл баримтад голлох ач холбогдолтой уг асуудлаар шинжээч томилж, шинжилгээгээр тогтоогдсон нөхцөл байдлыг харьцуулан гүйцэтгээгүй ажлын зөрүүг тооцож, зохих эрх зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасныг буруутгах үндэслэлгүй юм.

11. Хэдийгээр шүүхээс томилогдсон нэмэлт шинжээчийн дүгнэлтийг гаргасан нэг шинжээч нь эрх үүрэг тайлбарласан шүүхийн баримтад гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь буруу боловч зөвхөн энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй гэж үзсэн болно.

Учир нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 5 жил үргэлжлэхдээ шүүхээс зайлшгүй шинжээч томилох шаардлагаар хоёр ч удаа (удаан хугацаагаар) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэнээс нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрхийг сэргээн тогтоох, эсхүл захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцэх эсэх асуудал удаашрах, хэргийн оролцогчдыг шүүхээс хамаарсан шалтгаанаар чирэгдүүлэх зэргээр захиргааны хэргийн шүүхийн хяналт, үр нөлөө буурах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

12. Анхан шатны шүүх дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ, шүүхийн зардлыг нэхэмжлэгч, хариуцагчид тэнцүү хуваарилж, шинжээчид нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шүүхийн зардлыг хуваарилж шийдвэрлэсний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчил гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудиторын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

 

 

                 ШҮҮГЧ                                                                     М.ЦЭЦЭГМАА

 

 

                 ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ