Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Л.Соёмбо

шүүгдэгч Г.Ганбат, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1983 оны 5 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн  хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салаа Одонтын 17 дугаар гудамжны 26 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй  /РД:ЧТ83050478/, Улаан соёон овогт Гансүхийн Ганбатад холбогдох эрүүгийн 201626020928 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Г.Ганбат  танхайрч, танхайрах явцдаа 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын төвийн хашаан дотор Б.Өсөхбаярыг ялимгүй зүйлээр шалтаглан догшин авирлаж цохиж  бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч  Г.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт:  2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр манай ээжийн талын хамаатны хүүхэд Гэгээнжаргал над руу утсаар ярьсан.  Гэгээнжаргал утсаар ярихдаа “Өсөхбаяр гэдэг залуу согтуу машинтай миний хөл дээгүүр гараад явчихлаа” гэсэн.  Тэгэхээр нь би “хаана байгаа юм бэ” гэхэд хороололд байна гэхээр нь дүү Номин-Эрдэнэ, Гэгээнжаргалын ээж, түүний найз охин Мандахын хамт бид Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Би гэмтлийн эмнэлэг дээр очоод “хэн манай дүүг дайрсан юм бэ” гэхэд  Өсөхбаяр “би дайрсан, тэгээд яадаг юм бэ” гээд хэгжүүрхээд байхаар нь би гараа далайсан чинь Өсөхбаяр 2 гараараар нүүрээ хамгаалахаар нь би шуу руу нь гараараа 1 удаа цохиж, 1 амбаардсан. Өсөхбаярын биед би гэмтэл учруулаагүй гэж бодож байна. Өсөхбаярын хохиролд 300000 төгрөг төлсөн гэв.

 

Хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

хохирогч Б.Өсөхбаярын:..”2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг орчим гэмтлийн эмнэлгийн гадаа Гэгээнжаргал гэх хүнтэй ирсэн. Тэгээд би машинаасаа буухад шал танихгүй залуу ямар ч үгийн зөрүүгүй цохиж аваад намайг унагаасан. Тэгээд босоод ирэхэд дахиад 3-4 удаа цохисон. Тэгээд би унаад дээрээс цохиж өшиглөж байсан. би “болиочээ” гээд гуйтал ”чи манай дүүг мөргөсөн байна” гэж хэлээд 10.000.000 сая төгрөг урьдчилаад өг гэж хэлсэн. Тэгээд замын цагдаад том хүн байдаг чамайг насаар чинь шоронд суулгана гэж дарамтлаад дахиад зодож эхэлсэн. Тэгээд манай Дөлгөөн, Гансэлэм хоёр салгасан. Тэгээд Дөлгөөнийг бас зодох гэж дайрсан. Дөлгөөн жирэмсэн байсан. Тэгээд маш их хэл амаар доромжилж дайрч чамайг цусгүй ална гээд дайраад байсан. Тэгээд би гэмтлийн эмнэлгийн 00 өрөө рүү орж цусаа угаасан. Ийм зүйл болоод цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Баримтууд байгаа одоогоор 400.000 мянган төгрөг болоод байгаа цаашид цагийн тариа эмчилгээ байгаа. Надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл тэр хүн намайг яг алах зорилготой дайрсан өдрийн цаг бас хүн байсан тулдаа би амьд гарсан байнга дарамтанд байгаа шөнө орой намайг хаанаас гарч ирж зодож мэднэ би гомдолтой байна өөр нэмж хэлэх зүйл байхгүй. /хх-ийн 14/ гэсэн,

хохирогч Б.Өсөхбаяр дахин байцаалтаар:..” Миний толгой, нуруу өвдөөд байхаар нь Ачтан болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Би шинжилгээ өгөөд бичүүлж авсан. Доод талын 2 шүд эмтэрсэн байсан. Нүүр рүү 4-5 удаа гараараа цохиод газар  хэвтсэний дараа нуруу, бөөрлүү хөлөөрөө дэвсээд байсан. Миний нуруу бөөр байнга өвдөөд байна. Эмнэлэгт очоод үзүүлэхээр байнга эмчилгээ бичиж өгч байна...Намайг яг дайрсан гэж нотлогдоогүй байхад дайрсан гээд байсан. Энэ асуудал нь Замын цагдаагийн газарт шалгагдаж байгаа...Миний хувьд гомдолтой. /хх-ийн 58/ гэсэн,

...Г.Ганбат нь чи манай дүүг машинаараа мөргөсөн байна гээд намайг Гэмтлийн эмнэлэг дээр дуудаад очтол Ганбат  машинаас буугаад намайг очиход миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. /хх-ийн 107/ гэсэн,

 

гэрчээр Ш.Гэгээнжаргалын:...”2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Гэмтэл дээр ирээд би буугаад манай ах нөгөө залуучууд руу хэн манай дүүг мөргөсөн юм гэтэл Өсөхбаяр би мөргөсөн юм гэсэн. Тэгээд манай ах “чи согтуу хүн мөргөөд ямар овоо юм бэ” гээд урдаас нь алхсан чинь Өсөхбаяр хойшоогоо ухарсан. Тэгээд манай ах гараа далайсан чинь Өсөхбаяр нүүрээ гараараа хаасан тэгээд манай ах гар руу нь хальт нэг цохисон. Тэгээд хойшоо ухарч байгаад мөсөн дээр халтираад унасан. Тэгээд ах нэг амбаардсан. Тэгээд би угаасаа хурдан орьё гээд тэгээд сүртэй ч юм болоогүй намайг аваад гэмтэл рүү орсон. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь ах эгчээ дагуулаад манайд ирсэн зүгээр л явж байсан. Тэгээд манай ээж эмээ 2-той гадаа уулзсан гэсэн. Тэгээд ах нь Өсөхбаярыг тэр орой зодсон гэсэн. Манай ээжид ах нь өөрөө хэлсэн гэсэн би сайн мэдэхгүй ээ. /хх-ийн 16/ гэсэн,

 

гэрчээр О.Энхжаргалын:..”2016 оны 03 дугаар сарын 08 өдөр  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадаа бид нар машинаас гарч ирээд “юу болсон яасан манай дүүг хэн дайрсан юм” гээд манай Ганбат дүү хэлтэл нэг залуу одоо нэрийг нь мэдсэнээр Өсөхбаяр “би дайрсан юм” гэсэн. Тэгээд Ганбатын өөдөөс хэгжүүрхсэн. Тэгэхээр нь  манай дүү яахаараа “чи согтуу хүн дайрсан юм” гэтэл нөгөө залуу гараараа нүүрээ хаасан. Тэгээд манай дүү гар руу нь нэг цохитол уруу газар байсан болохоор халтираад унасан. Тэгээд Ганбат гуя руу нь нэг хальт өшиглөсөн. Тэгээд бид боль гээд болиод гэмтэл рүү орсон. Тэгээд маргааш нь ирэхдээ Өсөхбаяртай хамт эгч ах 2 нь ирсэн. Тэгээд Өсөхбаярын хамаатны нэг ах нь “согтуу машин бариад хүн дайрдаг юм гээд би өчигдөр Өсөхбаярыг зодсон” гэж хэлж байсан. Урд өдөр нь ч гэсэн зодоон хийсэн гэсэн. Гэхдээ манай хүүхэдтэй зодолдоогүй өөр хүмүүстэй зодолдсон гэсэн. /хх-ийн 17/ гэсэн,

 

гэрчээр Б.Мандуухай:..”2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр машин дотор бөөнөөрөө явж байгаад гэмтэл дээр ирээд Ганбаа ах түрүүлээд буусан. Тэгээд би Гэгээнээг түшээд буусан. Тэгээд Ганбаа ах буугаад “хэн манай дүүг мөргөсөн бэ” гэж асуусан чинь Өсөхбаяр “би” гэж хэлсэн. Тэгээд Ганбаа ах очиход Өсөхбаяр хойшоогоо ухарсан. Тэгээд Ганбаа ах гар руу нь нэг цохисон. Тэгээд Өсөхбаяр хойшоо ухарч байхдаа өөрөө унасан. Тэгээд Ганбаа ах бөгс рүү нь өшиглөөд Гэгээнээгийн ээж салгаад тэгээд тайвшираад гэмтэл орсон. /хх-ийн 18/ гэсэн,

 

гэрчээр М.Гансэлэмийн:..”Би энэ өдөр найз охин Дөлгөөнийг баярлуулах гээд явж байтал Өсөхбаяр намайг дуудсан. Тэгээд би Дөлгөөнтэй хамт очоод бид 3 хоолонд орсон. Тэгээд хоолны газраасаа гараад бид 3 бичил орсон. Тэгээд тэнд хүмүүстэй уулзаад гэмтлийн эмнэлэг явсан. Тэгээд гэмтэл дээр ирээд Өсөхбаяр миний ард машины талаас буусан тэгээд буунгуут нь хэн мэдэгдэхгүй нэг ах мэндийн зөрүү байхгүй шууд Өсөхбаярыг нүдсэн. Тэгээд Өсөхбаяр өнхөрөөд унасан. Тэгээд дээрээс нь өшиглөөд байсан. Тэгээд би цонхоороо болиочээ гэсэн тэгээд манай найз охин болиоч гэсэн чинь алсан ч яадаг юм гээд байсан. Тэгээд манай найз охиныг цохиж авангаа алдсан. Тэгээд нэг эгч ирээд салгаад би машинаа зогсоол дээр тавьчихаад эргээд иртэл ахиад зодоон болж байсан. Манай ах хурандаа чамайг насаар чинь шоронд хатаана гэсэн. Тэгээд 10.000.000 сая төгрөг нэхээд байсан гэсэн. Тэгээд Өсөхөөгийн хамарнаас нь цус гарсан. Тэгээд гэмтэл рүү орсон. /хх-ийн 49/ гэсэн,

 

гэрч Ж.Хашчулууны: 2016 оны 3 дугаар сарын 9-нд бил үү 10-ны өдөр Өсөхбаяр над руу залгаад би хүнд зодуулсан...”манай дүүг чи машинаараа шүргэсэн байна” гээд зодсон гэж байсан.../хх-ийн 57/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3654 дугаартай: Өсөхбаярын биед баруун доод 6 дугаар шүдний хазах гадаргууны эмтрэл, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 20/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 48/, хохиролын баримт /хх-ийн 33/, хохирлын баримт /хх-ийн 62-64/, хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх-ийн 113/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/  зэрэг  бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Ганбатыг үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Ганбат “өөрийн хамаатны дүү Ш.Гэгээнжаргалын хөлөн дээгүүр хохирогч Б.Өсөхбаяр машинтай гарсан” гэх энэ гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагаа хангалтгүй хийгдсэнээс гадна шүүгдэгч Г.Ганбатын үйлдэлд бусдыг “ялимгүй зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайн сэдэлтээр” гэмт хэрэг үйлдсэн гэж шууд дүгнэх боломжгүй юм. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн  баримтуудыг шинжлэн судлаад хэргийн үйл баримтанд дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.Ганбат “дүү Гэгээнжаргалыг машинаар хэн дайрсан бэ”  гэсэн тодорхой  хувийн сэдэлттэйгээр  хохирогч Б.Өсөхбаярын “бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна” гэж шүүх дүгнэлээ.

 

Энэ  байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан:

хохирогч Б.Өсөхбаярын...“Г.Ганбат нь чи манай дүүг машинаараа мөргөсөн байна гээд намайг Гэмтлийн эмнэлэг дээр дуудаад очтол Ганбат машинаас буугаад намайг очиход миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон” /хх-ийн 107/,                        

гэрч Ш.Гэгээнжаргалын...”Гэмтэл дээр ирээд би буугаад манай ах нөгөө залуучууд руу хэн манай дүүг мөргөсөн юм гэтэл Өсөхбаяр би мөргөсөн юм гэсэн. /хх-ийн 16/,

гэрч О.Энхжаргалын...”юу болсон яасан манай дүүг хэн дайрсан юм” гээд манай Ганбат дүү хэлтэл нэг залуу одоо нэрийг нь мэдсэнээр Өсөхбаяр “би дайрсан юм” гэсэн. Тэгээд Ганбатын өөдөөс хэгжүүрхсэн. Тэгэхээр нь  манай дүү яахаараа “чи согтуу хүн дайрсан юм” гэтэл нөгөө залуу гараараа нүүрээ хаасан. Тэгээд манай дүү гар руу нь нэг цохитол уруу газар байсан болохоор халтираад унасан. Тэгээд Ганбат гуя руу нь нэг хальт өшиглөсөн. Тэгээд бид боль гээд болиод гэмтэл рүү орсон. Тэгээд маргааш нь ирэхдээ Өсөхбаяртай хамт эгч ах 2 нь ирсэн. Тэгээд Өсөхбаярын хамаатны нэг ах нь “согтуу машин бариад хүн дайрдаг юм гээд би өчигдөр Өсөхбаярыг зодсон” гэж хэлж байсан. Урд өдөр нь ч гэсэн зодоон хийсэн гэсэн. Гэхдээ манай хүүхэдтэй зодолдоогүй өөр хүмүүстэй зодолдсон /хх-ийн 17/,

гэрч Б.Мандуухайн...”гэмтэл дээр ирээд Ганбаа ах түрүүлээд буусан...Ганбаа ах буугаад “хэн манай дүүг мөргөсөн бэ” гэж асуусан чинь Өсөхбаяр “би” гэж хэлсэн. Тэгээд Ганбаа ах очиход Өсөхбаяр хойшоогоо ухарсан. Тэгээд Ганбаа ах гар руу нь нэг цохисон.../хх-ийн 18/,

гэрч Ж.Хашчулууны...”Өсөхбаяр над руу залгаад би хүнд зодуулсан...”манай дүүг чи машинаараа шүргэсэн байна” гээд зодсон гэж байсан.../хх-ийн 57/ гэсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3654 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/ болон бусад баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

 

Шүүгдэгч Г.Ганбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.  

 

Шүүх, шүүгдэгч Г.Ганбатад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан …“хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.Өсөхбаяр...”миний бие Г.Ганбатаас эмчилгээний зардалд 300000 төгрөг хүлээн авч санал гомдолгүй болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” /хх-ийн 113/ гэсэн бичгийн хүсэлтийг үндэслэн Шүүх, шүүгдэгч Г.Ганбатыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

         2.Улаан соёон овогт Гансүхийн Ганбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         3.Г.Ганбатад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

 4.Эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хохирогч Б.Өсөхбаяр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Ганбатад авсан “батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ДАЙРИЙЖАВ