| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0311/И |
| Дугаар | 43 |
| Огноо | 2020-01-31 |
| Маргааны төрөл | Эрх зүйн маргаан /захиргааны албан хаагч/, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Э сумын 5 дугаар багт оршин суух, ... ажилтай, Г овогт А.А-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Э сумын ЗД-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 8, 9, 10, 11 сарын цалин 3,816,060 төгрөг гаргуулж, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Дорноговь аймгийн Э сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/35 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Ү, нэхэмжлэгчийн төлөөлөгч З.А, хариуцагчийн төлөөлөгч Э.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч О.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорноговь аймгийн Э сумын ...-р 2005 оноос эхлэн 2019 оны 4 сар хүртэлх хугацаанд тасралтгүй 14 жил 4 сар ажилласан. 2019 оны 05 сарын 01-нд намайг Э сумын ЗД Э.Г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Уг ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандан улмаар шүүхийн шийдвэрээр би эргэж ажилдаа орохоор болж ажилгүй байсан хугацааны цалин 2019 оны 5, 6, 7 сарын цалин болох 2,862,045 төгрөг олгогдохоор шийдвэрлэгдсэн юм. Миний нэг сарын үндсэн цалин 829,579 төгрөг 15 хувийн нэмэгдэл нэмэгдээд сардаа 954,015 төгрөгийн цалин хөлсийг авдаг. Анх гаргасан шүүхийн шийдвэрээр миний ажилгүй байсан хугацааны 5,6,7 саруудын цалинг олгогдохоор шийдвэрлэгдэж харин 8, 9, 10, 11 дүгээр саруудын цалинг шийдвэрлэгдээгүй тул эдгээр үндсэн саруудынхаа цалин хөлс болох 3,816,060 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн энэхүү саруудын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх хүсэлтэй байна. Засаг дарга Э.Г намайг 2019 оны 12 сарын 04-нд буцааж ажилд авч захирамж гаргасан. гэвч мөн л миний хөдөлмөрлөх эрхийг зөрчин намайг түр тушаалаар ажилд авсанд гомдолтой байна. Тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.А шүүхэд гаргасан тайлбартаа: А нь 2019 оны 05 сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөж 2019.12.03-ны өдрийг хүртэл хугацаанд буцаж ажилдаа ороогүй. Энэ хооронд ямар ч ажилгүй байсан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандахад ажилд эргүүлэн тогтоож, 5, 6 ,7 сарын ажилгүй хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин түүнээс хойш 12 сарын 03-нд ажилд томилсон учраас 8, 9, 10, 11 дүгээр сарын ажилгүй байсан хугацааны цалин нийт 3,816,060 төгрөг гаргуулж, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж байгаа юм. Мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаар 2019 сарын 03-ны өдрийн Б/35 дугаартай Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах хүсэлттэй байгаа. Уг захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах журам, мөн Засгийн газрын 2019 оны 21 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралт , шүүхийн шийдвэр, магадлал зэргийг үндэслэж А-г ... үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь үндэслэлгүй. Шүүхээс гарсан шүүхийн шийдвэр, магадлал нь А-г урьд хийж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон болохоос биш түр хугацаагаар томилох шийдвэр гараагүй юм. Гэтэл Э сумын ЗД нь хууль эрх зүйн дутмагаас болж ийм нөхцөл байдалд хүрсэн учраас уг захирамжийг хүчингүй болгож өгөөч гэж хүсч байна. А нь тухайн шалгалтанд ороод тэнцээгүй болохоос биш шалгалтанд ороогүй гэсэн зүйл биш гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Г шүүхэд ирүүлсэн татгалзал тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 8, 9, 10, 11 дүгээр сарын цалин болох 3,816,060 төгрөгийг болон нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна. Харин Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Захирамж дээр А-н хөдөлмөрлөх эрхийг нь хязгаарлаагүй. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмын 8.4-т зааснаар сонгон шалгаруулалтанд ороогүй хүнийг удирдах албан тушаалд томилохгүй гэснийг үндэслэсэн. Ингээд 2019 оны Б/17 дугаартай захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. Харин энэ шалгаруулалтанд тэнцсэн Б гэж хүнийг томилж ажиллуулсан байгаа. Шүүхийн шийдвэр гараад эргүүлж ажилд нь томилохдоо 2019.12.03-ны өдөр томилсон байгаа. Түр орлон гүйцэтгэгчээр томилох болсон шалтгаан нь Төрийн албаны Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2016.02.15-ны өдрийн 2 дугаар тогтоолоор зарласан төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтныг томилох сонгон шалгаруулалт зарлахад А нь жирэмсний амралтаа аваагүй байсан. Гэтэл жирэмсний амралтаа авсан байхад ажлын байрыг зарласан гэдэг зүйлийг ярьдаг. Хэдийгээр тухайн үед жирэмсэн байсан ч гэсэн сонгон шалгаруулалтанд оролцох эрх нь нээлттэй байсан. Энэ хүн 2015 оноос хойш шалгалтанд орж 2 удаа шалгалтанд унасан. 2016 оны 02 сарын 15-ны өдрийн шалгалтанд оролцоогүй нь бид нараас шалтгаалаагүй. Энэ нь хувь хүний өөрийнх нь зохион байгуулалттай нь холбоотой байгаа. 2016 оны 02 сарын 15-ны өдөр нээлттэй зарлагдсан Дорноговь аймгийн Э сумын ... ажилд Н.Б гэж хүн тэнцэж ажлын байранд томилогдсон. Энэ хугацаанд А-н ажлын байр бүрэн хадгалагдаж байсан. Тэгээд А хүүхдээ асрах хугацаа дуусаад ажилдаа ороход нь Б-г чөлөөлж, А-г эгүүлэн ажилд нь томилсон байгаа. Төрийн албаны Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 27 дугаартай зөвлөмжийн дагуу А-г чөлөөлж Б-г буцааж томилсон. Ингээд А-н ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,800,000 төгрөгийг төлөх, мөн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шүүхийн шийдвэр гарсан. Үүнийг эхнээс нь биелүүлж 1,000,000 төгрөгийг 12 дугаар сард өгч, үлдэгдэл мөнгийг он гаргаад төлөхөөр шийдвэрлэсэн байгаа. Иймд А.А-г шалгалтанд тэнцээгүй учраас Монгол Улсын хуульд заасан үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч А.А нь Дорноговь аймгийн Э сумын Засаг даргал холбогдуулан ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 8, 9, 10, 11 дүгээр сарын цалин 3,816,060 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, тус сумын Засаг даргын 2019 оны 12 сарын 03-ны өдрийн Б/35 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хариуцагчийн төлөөлөгч Э.Г нэхэмжлэгч А.А-н шаардлагаас зарим хэсгийг буюу ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 8, 9, 10, 11 дүгээр сарын цалин 3,816,060 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг ямар нэг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байгаа талаарх тайлбарыг гаргасан. Энэ нь хуульд харшлаагүй, бусдын эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлах нь зүйтэй байна.
Харин хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч А.А-н төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох сонгон шалгаруулалтанд тэнцээгүй учир 2019 оны 12 сарын 03-ны өдрийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч А.А нь Дорноговь аймгийн Э сумын ... албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын 2019 оны 05 сарын 01-ний өдрийн Б/17 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдөж, уг захирамжийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлсэн байх ба шүүх ажилтны ажлаас үндэслэлгүй халагдсан маргааныг хянан хэлэлцэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан албан тушаалд нь буюу Дорноговь аймгийн Э сумын ... албан тушаалд эгүүлэн тогтоосон байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь анхан шатны уг шийдвэрийг эс зөвшөөрч Дорноговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хэргийг хянуулсан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэн 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 202 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч А.А-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байхад хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг тухайн ажилд түр хугацаагаар томилсон тухай 2019 оны 12 сарын 03-ны өдөр Б/35 тоот захирамж гаргасан байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 31.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх”, мөн зүйлийн 32.2-д “ шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан гүйцэтгэнэ” гэж тус, тус зааснаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжийг агуулсан байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д “ ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон “ бол ажил олгогч ажилд авах үүрэгтэй гэж заасан байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгч заавал биелүүлэх үүрэгтэй зохицуулжээ.
Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “ Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-д “ Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... хүчингүй болгоно” гэж тус тус заасан байна.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч А.А нь хариуцагчийг шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргах, мөн Засаг даргын Б/35 тоот захирамжийг хууль бус гэж үзсэн бол хүчингүй болгуулах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргах зэргээр шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд нэхэмжлэгчийн шаардлагаас Дорноговь аймгийн Э сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/35 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн тухай хуулийн 32.1, 32.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-д зааснаар Дорноговь аймгийн Э сумын Засаг даргад холбогдох 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/35 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч А.А-н нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлөөлөгч Э.Г нь ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 8, 9, 10, 11 дүгээр сарын цалин 3,816,060 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 76,010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц