Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/243

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0238/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбат,

Улсын яллагч: Б.Доржханд,

Шүүгдэгч Б.Бахатгүл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Черүш овогт Бекейн  Бахатгүлд холбогдох эрүүгийн 2318000000304 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “ Арман ” хүнсний дэлгүүрт үйлчлэгч ажилтай, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг, 22-14 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Черүш овогт Бекейн Бахатгүл /Регистрийн дугаар ТЯ80032403 /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бахатгүлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Бахатгүл нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 22-09 тоотод төрсөн эгч Б.Назагүльтэй хүүхдүүдээ өмөөрч маргалдан нүүр, хэвлий, цээж хэсэгт болон бусад газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

 

Хохирогч Б.Назагүлийн мэдүүлэг /хх 8/, гэрч Б.Алдармаагийн мэдүүлэг /хх 10/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн  572 дугаартай дүгнэлт /хх 15-16/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Б.Бахатгүлийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Б.Бахатгүл нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хууль бусаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Назагүль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй ба гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 8/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөргүй зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатаас эхлэн үйлдсэн гэмт  хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан,  улсын яллагчийн оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн байх тул шүүгдэгч Б.Бахатгүлд холбогдох эрүүгийн 2318000000304 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Бахатгүлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 45000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бахатгүл нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Черүш овогт Бекейн Бахатгүлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бахатгүлд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бахатгүлд оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд сар бүр 45000 хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бахатгүл нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бахатгүлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бахатгүлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          З.ТӨМӨРХҮҮ