| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/01123/И |
| Дугаар | 101/ШШ2020/01206 |
| Огноо | 2020-04-08 |
| Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2020/01206
2020 04 08 101/ШШ2020/01206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Т С” ХХК-д холбогдох
Үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Б, өмгөөлөгч Г.*******, хариуцагчийн төлөөлөгч Ж.Э-, өмгөөлөгч Г.Норжинсүрэн, гэрч Ц.*******, Б.*******, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: тус компанийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Хас банкны хамгаалалтыг хариуцдаг юм. Э.Б би энэ байгууллагад хамгаалалтын ажилтнаар ажилд орж ээлжийн ахлах ажилтан болтлоо дэвшиж тасралтгүй ажиллаж нэг сард 1,000,000 төгрөгийн цалин авч байсан. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20/17 дугаар захирал Ж.Э-ын тушаалаар тус байгууллагын удирдлагын төвийн ээлжийн ахлах албан тушаалаас хамгаалалтын ажилтан болтол үндэслэлгүйгээр бууруулж салбарын хамгаалагчаар ажиллуулах болсон.
Тодруулбал: 2019 оны намар албаны нохойг захирлын хүсэлтээр өөрийн гэртээ тэжээж байтал манай хүүхдийг урж гэмтэл учруулсан юм. Энэ талаар захиралд мэдэгдэхэд чи наад нохойгоо төмрөөр цохиод алчих, эсхүл зүүтэй мах өгөөд алчих гэсэн хууль бус хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд байхгүй үүрэг даалгавар удаа дараа тулгасан тул 2020 оны 01 дүгээр сард захирлын өрөөнд болсон хурал дээр дээрх нохойг алж устгаж чадахгүй гэж би эрс эсэргүүцэн маргасан юм.
Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 20/17 дугаар тушаал гарган намайг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж авч байсан цалинг 600,000 төгрөг болгон 100 айл дахь салбарт томилж ажиллуулах боллоо. Үүнээс үүдээд банканд сар болгон төлдөг зээлээ бүрэн төлөх боломжгүй болсон. Иймд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажуулалт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Т С” ХХК-г хариуцагчаар татсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан Э.Бийн сахилгын шийтгэл буруу ногдуулсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг тус шүүхээр хянан шийдвэрлэж байна. Тус нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уншиж танилцаад Э.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. “Т С” ХХК гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Э.Б нь тус компанид удирдлагын төвийн ээлжийн ахлах албан тушаал хашдаг байсан. Манай гэрээт харуул хамгаалалтын байгууллага хагас цэрэгжүүлсэн байгууллага бөгөөд сар бүрийн эхэнд шуурхай зарлаж, ээлжийн ахлахууд ажлаа тайлагнадаг. Тухайн сарын ээлжийн ахлахуудын шуурхай хурал 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр болсон.бөгөөд тус хуралд гүйцэтгэх захирал Ж.Э, ээлжийн ахлах Э.Б, ээлжийн ахлах н.А, шуурхай бүлгийн ахлах н.******* нар байсан.
Э.Б нь гаргасан нэхэмжлэлд дурдсанаар 2019 оны намар албаны нохойг захирлын хүсэлтээр өөрийн гэртээ тэжээж байтал манай хүүхдийг урж гэмтэл учруулсан. Энэ тухай захиралд хэлтэл чи наад нохойгоо төмрөөр цохиод алчих, гэж хууль бус Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд байхгүй үүрэг даалгавар удаа дараа тулгасан тул 2020 оны 01 дүгээр сард захирлын өрөөнд болсон хурал дээр нохойг алж чадахгүй гэж би эрс эсэргүүцэн маргасан юм” гэжээ. Гэтэл гүйцэтгэх удирдлагын үүднээс ямар ч хууль бус шаардлага тавиагүй бөгөөд тус хурлаар Э.Б-ийн талаар 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ээлжийн ахлах О-с “Т С” ХХК-ийн удирдлагад ирсэн хүсэлтийг хэлэлцэж байсан.
Тус хүсэлтэд ээлжийн ахлах Э.Б-ийн талаар харилцагч байгууллагууд болон хамтарч ажилладаг ажилчдын зүгээс удаа дараа харилцааны талаар гомдол мэдээлэл ирж мөн шаардлага тавихад үл тоодог талаар мэдэгдсэн агуулга бүхий хүсэлтийг бичгээр өгсөн байсан. Э.Б гүйцэтгэхудирдлын зүгээс шаардлага тавьж зан аашаа засах харилцагч байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгч хамтран ажилладаг хүмүүстэйгээ хүндэтгэлтэй хандахыг шаардсан боловч тус шаардлагыг эс зөвшөөрч удирдах удирдуулах дүрэм журмыг зөрчиж гүйцэтгэх удирдлагатай зүй бус ёс зүйгүй харьцаж доромжлон хурлын өрөөнөөс гарч явсан. Тус хурал дээр хамт байсан ээлжийн ахлахууд бас үүнийг нотолно. Мөн Э.Бийн хүнтэй зүй ёс бус харьцах, зан авирын хувьд доголдолтой байдаг талаар хамтран ажиллагсдаас нь байнга гомдол санал ирдэг.
Иймд “Т С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20/17 тоот тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.3-дахь Хагас цэрэгжүүлсэн байгууллагын удирдах, удирдуулах дүрэм, журам зөрчсөн, удирдах албан тушаалтантай зүй бус, ёс зүйгүй харьцсан доромжилсон гэх заалт, тус журмын 13.1.6-д “Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн” гэх заалтыг тус тус үндэслэн Э.Б-т сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулан хамгаалалтын ажилтнаар салбарт шилжүүлсэн гүйцэтгэх захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Э.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б хариуцагч “Т С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20/17 тоот тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Хариуцагч “Т С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20/017 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал”-аар Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.16-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-ийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн албан тушаал бууруулж, хамгаалалтын ажилтнаар 100 айл салбарт шилжүүлэн ажиллуулахаар сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 3 дугаар тал/
Нэхэмжлэгч Э.Б нь 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Х С” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан хамгаалагч албан тушаалд ажиллаж, талууд хөдөлмөрийн гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сар, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгагдсан талаар талууд маргаагүй тул дээрх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэв./хх-ийн 6-7, 28 дугаар тал/
“Х С” ХХК-ийн хувь нийлүүлэгчээс 110 нэмэгдэж, 1 хасагдаж үүсгэн байгуулагчийн тоо нь 110 болж өөрчлөгдөж, хуулийн этгээдийн нэр “Т С” ХХК болж өөрчлөгдөж, хуулийн этгээдийн Улсын бүртгэлд 2019 оны 4 дугаар сарын 9-ний өдөр бүртгэгдэж, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн өдрийн гүйцэтгэх захирлын А19/******* тоот “Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай”, А-045/19 тоот “Ажиллагсдын албан тушаалын зэрэглэл, цалин хөлсний хэмжээ, цалингийн шатлалыг хэвээр мөрдөх тухай” журам, тушаалыг тус тус баталжээ. /хх-ийн 16, 29-36, 39, 45 дугаар талууд/
Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгч Ж.Э “компанийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотой Хөдөлмөрийн дотоод журмыг өөрчилж, ажилтан бүрд танилцуулсан, Э.Б-той хөдөлмөрийн гэрээ хийхээр дуудсан боловч тэрээр ирж гарын үсэг зураагүй” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч Э.Б-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Т С” ХХК-ийн удирдлагад хөдөлмөрийн дотоод журамтай танилцах тухай хүсэлт гаргаснаар хариуцагчийн тайлбар няцаагдаж байна./хх-ийн 8 дугаар тал/
Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2018 оны 01 дүгээр 25-ны өдөр дуусгавар болсон, талууд түүнийг цуцлах саналыг хэн аль тавиагүй, ажилтан ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн зэргээс дүгнэхэд Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар уг гэрээг анх заасан хугацаагаар сунгасан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч “албаны нохой хүүхдийг хазаж гэмтэл учруулсан, нохойг устгах үүргийг дарга өгсөн” гэж маргах боловч хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн эсэх, нохойг устгах үүргийг дарга өгсөн эсэх нь баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно.
Хөдөлмөрийн эрх зүй дэх сахилгын хариуцлага нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, албан хаагч нь хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө хүлээлгэж буй хариуцлагын нэг төрөл энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байхыг шаардана.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ”Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.”, 131.1.1-д “сануулах”; 131.1.2-т ”үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”; 131.1.3-т ”ажлаас халах.” гэж заасан дараах төрлийн шийтгэлийг хүлээлгэхийг хуульчилсан.
Хариуцагч, нэхэмжлэгчийн зан харилцаа, ёс зүйн талаар удаа дараа харилцагч байгууллага болон бусад албан хаагчдаас гомдол ирсэн гэж тайлбарлах боловч хавтас хэрэгт авагдсан М.Д, н.Отгонбаяр нарын гаргасан хүсэлтийг тэд өөрсдөө бичсэн эсэх нь эргэлзээтэй, шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр Ц.А, Б.Г нарын мэдүүлгүүд нь хавтас хэрэгт авагдсан тайлбартай зөрүүтэй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хариуцагч “Т С” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.5.3-д “ажилтны албан тушаалын зэрэглэл, шатлалыг бууруулах” гэсэн төрлийг сахилгын шийтгэл ногдуулахаар журамласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлд заасан хууль тогтоомжид нийцүүлэн батлаагүй, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан байх тул хариуцагч дээрх заалтыг баримтлан нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Иймд Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.7-д заасныг баримтлан “Т С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20/017 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал”-ыг хүчингүй болгож, ээлжийн ахлах хамгаалалтын албан тушаалд томилох нь зүйтэй.
Хариуцагч “Т С” ХХК-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20/017 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал”-ын 2 дахь заалтад нэхэмжлэгчийн цалинг албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан хавсралтад заагдсаны дагуу бодож олгохыг нягтлан бодогчид даалгажээ.
Нэхэмжлэгч Э.Б-ийн 2020 оны 01 дүгээр сард 982,386 төгрөг, 02 дугаар сард 600,000 төгрөгийн цалин хөлсийг бууруулсан нь 0082857 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн бичвэрээр тогтоогдож байх тул цалин хөлсний зөрүүг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөрүүг зохих байгууллагад тушааж дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70,200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116.118 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Т С” ХХК-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20/017 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцож, Э.Б-ийг ахлах хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн томилж, цалингийн зөрүү 382,386 төгрөгийг “Т С” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Э.Б-т олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан “Т С” ХХК-иас нэхэмжлэгч Э.Бийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг зохих журмын дагуу төлөх, төлсөн тухай бичилтийг дэвтэрт хийхийг даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд 382,386 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас 12,122 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2, *******.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ