Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд суманд ... төрсөн, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй,  ам бүл 2, дүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Өргөн сум 4 дүгээр багт оршин суух, ... ажилтай, Ш овогт Ц.Т-н хүсэлтээр

Эрх олгосон баримт, бичгийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Миний бие Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн. Анх төрсний гэрчилгээ авахдаа ээж Ц-р овоглож авсан байдаг. Миний ихэнх бичиг баримт Ц овогтой байдаг. Гэтэл 1982 онд авсан хөдөлмөрийн дэвтэрт Д-н /аав/ Т гэж бичигдсэн бөгөөд тэтгэвэр тогтоолгох  гэтэл бичиг баримт овгийн зөрүүтэй бичигдсэнээс болоод миний ажилласан жил хасагдан  тооцогдох болоод  байна. Би ээж  Ц, аав Д-той хамт амьдардаг байсан ба аав 2019 оны 08 сард нас барсан харин манай ээж 3 жилийн өмнө нас барсан. Иймд Д.Т нэрээр бичигдсэн 1982 оны 04 сарын 02-ны өдөр ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 10 сарын 12-ны өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтэр, Улаанбаатар төмөр замын социалист хөдөлмөрийн ууган үйлдвэр замын 4-р ангийн даргын 1984 оны 11 дүгээр сарын  21-ний өдрийн 329 дүгээр тушаал, Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн даргын 1996 оны 08 сарын 29-ний өдрийн 169 дүгээр тушаал зэргийн жинхэнэ эзэмшигч нь Ц.Т минийх болохыг тогтоож өгнө үү.

Мөн Ц.Т миний бие 1982 оны 02 сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл Шинэ Амьдрал нэгдлийн клубэд цэвэрлэгчээр ажиллаж байсан.  1984 оны 11 сарын 16-ны өдрөөс 1997 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл  Улаанбаатар  төмөр зам харъяа Сайншанд дахь Замын 4 дүгээр анги 5 дугаар хэсэгт буюу Өргөн суманд замчнаар ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан тушаал шийдвэр нь  олдохгүй байгаа тул 1982 оны 02 сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 сарын 01 ний өдрийг хүртэл Шинэ Амьдрал нэгдэлд клубын цэвэрлэгчээр, 1984 оны 11 сарын 16-наас 1997 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл Замын 4 дүгээр анги 5 дугаар хэсэгт  буюу Өргөн суманд замчнаар ажиллаж байсан хугацааг  тогтоож өгнө үү гэв

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Ц.Т нь Д.Т нэрээр бичигдсэн 1982 оны 04 сарын 02-ны өдөр ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 10 сарын 12-ны өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтэр, Улаанбаатар төмөр замын социалист хөдөлмөрийн ууган үйлдвэр замын 4-р ангийн даргын 1984 оны 11 дүгээр сарын  21-ний өдрийн 329 дүгээр тушаал, Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн даргын 1996 оны 08 сарын 29-ний өдрийн 169 дүгээр тушаал зэргийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох,

түүнчлэн Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдлийн клубэд 1982 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн 1984 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгчээр, 1984 оны 11 сарын 16-ны өдрөөс эхлэн 1997 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд  Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн 5 дугаар хэсэгт замчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг тус тус гаргажээ.

1.Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох шаардлагын талаар:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд 1982 оны 04 сарын 02-ны өдөр ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 10 сарын 12-ны өдөр нээсэн нийгмийн дааьгалын дэвтэр, Улаанбаатар төмөр замын социалист хөдөлмөрийн ууган үйлдвэр замын 4-р ангийн даргын 1984 оны 11 дүгээр сарын  21-ний өдрийн 329 дүгээр тушаал, Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн даргын 1996 оны 08 сарын 29-ний өдрийн 169 дүгээр тушаал зэрэгт Д.Т гэж тус тус тэмдэглэгдсэн байгаа нь нэхэмжлэгч Ц.Т-н  иргэний үнэмлэх дээрх овогтой тохирохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтуудыг  тал бүрээс нь  харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхэд:

Нэхэмжлэгч Ц.Т нь шүүхэд нотлох баримтаар Ц.Т-н төрсний бүртгэлийн лавлагаа ,

Ш овогт А.Д-н хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэрт “ Дорноговь  аймаг Өргөн сум Сэнж хаягт оршин суух Ш овогт А.Д, Ш овогт Ц.Т “ гэсэн бичиглэл бүхий дэвтрийн хуулбар,

Ш овогт А.Д-н нас барсаны гэрчилгээ,

А.Д-н 1988 оны 08 сарын 02-нд олгосон улаан поспортанд ... оны ... сарын ...-нд төрсөн, эхнэр Д.Ц, 1975 оны 02 сарын 18-ны өдөр төрсөн хүү Д.Т гэж тэмдэглэгдсэн улаан паспорт зэргийг ирүүлсэн бөгөөд өөрийнхөө шаардлагын үндэслэлийг нотлохоор Г.Б, Н.Д, Л.Ш нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан байна.

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан шижнлэн судлахад гэрч Г.Б “...Д гэдэг нь Т-н аав нь, Ц гэж хүн бол ээж нь байгаа юм. Уг нь хүнийг Д.Т гэдгээр сайн мэднэ. Д гуай Өргөн суманд төмөр замд замчнаар ажилладаг хүн байсан. Т нь ээж, аав хоёрын хамт Өргөн суманд хамт амьдардаг байсан...” гэж,

гэрч Н.Д-н “Т-н ээж нь Ц гэдэг хүн байсан юм. Ер нь бол Т-н аав нь Д гэж замчин хийдэг хүн байсан... Т нь аав Д-н хамт манай хэсэгт миний удирдлаган доор замчнаар ажиллаж байсан. Т нь Өргөн суманд ээж Ц, аав Д-н хамт амьдардаг байсан” гэж,

Л.Ш “ Д гэдэг хүн бол Т-н аав нь байгаа, Д гуай бас манай замын 4 дүгээр ангийн 5 дугаар хэсэгт замчнаар ажилладаг байсан, би тухайн үед бригадын даргаар ажилладаг байсан. Ц гэж хүн бол Т-н ээж нь байгаа юм. Д гуай 2019 оны 07 сард нас барсан, Ц гуай 2018 онд нас барсан. Эдгээр хүмүүс нэг гэр бүлийн хүмүүс байсан Т нь ээж Ц, аав Д-н хамт нэг гэрт амьдардаг байсан. Төмөр замд Т-г дандаа Д-р овоглодог байсан болохоор тушаалууд нь Д.Т гэж гарсан байх. Бид нар ч гэсэн Д.Т гэдэг байснаар нь мэднэ “ гэж мэдүүлсэн мэдүүлгүүд, өрхийн бүртгэлийн дэвтэрт бичигдсэн Т, Дн нарын регситрийн дугаар нь нэхэмжлэгч Ц.Т-н иргэний үнэмлэх дээрх /хх-ийн 45/ регистрийн дугаартай, Д-н регистрийн дугаар нь нас барсаны гэрчилгээ болон шүүхэд гаргаж өгсөн улаан паспортны регистрийн дугаартай тохирч байгаа байдал, А.Д-н иргэний паспорт дээр бичигдсэн “ эхнэр Ц “ гэж тэмдэглэсэн тэмдэглэгээ зэрэг нь А.Д, М.Ц нарыг гэр бүлийн хүмүүс, түүний охин нь Т болохыг нотолсон байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Т-г 1982 оноос эхлэн 1997 оны дуустал хугацаанд улсад ажиллаж байхад нь түүний аав Д-р овоглон эрх олгосон бичиг баримт  үйлдэгддэг байсан нь шүүхээс үнэлсэн дээрх баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Д.Т-р нээсэн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн дааталын дэвтэрт бичигдсэн төрсөн, он, сар, өдөр нь түүний иргэний үнэмлэхэд бичигдсэнтэй тохирч байна.

Иймд Д.Т нэрээр бичигдэж 1982 оны 04 сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 10 сарын 12-ны өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтэр, Улаанбаатар төмөр замын социалист хөдөлмөрийн ууган үйлдвэр замын 4-р ангийн даргын 1984 оны 11 дүгээр сарын  21-ний өдрийн 329 дүгээр тушаал, Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн даргын 1996 оны 08 сарын 29-ний өдрийн 169 дүгээр тушаал зэргийн жинхэнэ эзэмшигч нь Ц.Т мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

2.Ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Ц.Т нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдлийн клубэд 1982 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн 1984 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгчээр, 1984 оны 11 сарын 16-ны өдрөөс эхлэн 1997 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд  Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн 5 дугаар хэсэгт замчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

1982 оны 04 сарын 02-ны өдөр нээсэн Д.Т-н хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

1995 оны 10 сарын 12-ны өдөр нээсэн Д.Т-н хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

1982 оны 04 сарын 02-ны өдөр  Д.Т нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “1982 оны 02 сарын 02-ны өдрийн нэгдлийн даргын 05 дугаар тушаалаар 1989 оны 02 сарын 01-ний өдрөөс  клубын цэвэрлэгчээр авч ажиллуулав”

1984 оны 10 сарын 31-ний өдрийн нэгдлийн даргын 21 дүгээр тушаалаар Клубын цэвэрлэгчийн  үүрэгт ажлаас чөлөөлж  Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн мэдэлд шилжүүлэв”

Замын 4 дүгээр ангийн даргын  1984 оны 11 сарын 21-ний өдрийн 329 дүгээр тушаалаар 5 дугаар хэсэгт “ 1 дүгээр зэргээр замчнаар авч ажиллуулав” гэсэн тэмдэглэгээтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар

1995 оны 10 сарын 12-ны өдөр Д.Т нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн  хуулбарт “1995 оноос 1997 оны 3 сар хүртэл хугацаанд авч байсан цалингийн бичилт хийсэн” хийсэн тэмдэглэгээтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар

Улаанбаатар төмөр замын социалист хөдөлмөрийн ууган үйлдвэр замын 4-р ангийн даргын 1984 оны 11 дүгээр сарын  21-ний өдрийн 329 дүгээр ажилд шинээр авах тухай тушаалд “ ... Д.Т-г 1984 оны 11 сарын 16-наас 5-р хэсэгт замчнаар” гэсэн гэсэн тушаалын хуулбар

Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр  ангийн даргын 1995 оны 10 сарын 03-ны өдрийн “нярай хүүхдээ асрах тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын 1-т Замын 5-р хэсгийн замчин Ц.Т-д хүүхдээ 1 нас хүртэл асрахад нь зориулж 1995 оны 09-р сарын 27-наас 1996 оны 08-р сарын 05 хүртэл тэтгэмжтэй чөлөөг олгосугай” гэсэн тушаалын хуулбар

Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн даргын 1996 оны 08 сарын 29-ний өдрийн 169 дүгээр тушаалд “ 5-р хэсгийн замчин Д.Т-н чөлөөг 1996 оны 08-р сарын 05-наас 1997 оны 06-р сарын 04-н хүртэл хүүхдээ 2 нас хүртэл асрахаар тэтгэмжтэй чөлөөг олгосугай” гэсэн тушаалын хуулбар

А.Ч “ Миний бие 1982 онд Шинэ Амьдрал нэгдэлд жолоочоор ажиллаж байхдаа Ш овогтой Ц.Т-тай хамт ажиллаж байсан. Ц.Т нь 1982 оны 02 сарын 01-нээс 1984 оны 11 сарын 10-ныг хүртэл клубын цэвэрлэгчээр  ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлж байна” гэсэн тодорхойлолт,

Гэрч Л.Ш шүүхэд өгсөн “...Би бригадын даргаар 2007 оны 03 сар хүртэл буюу тэтгэвэрт гартлаа ажилласан. Т нь 1996 он хүртэл ажиллаж байгаад декиритний амралтаа авч яваад эргэж ажилдаа ороогүй ба 1997 оны 6 сард ажлаас чөлөөлөгдөж байсан. Т нь ажиллаж байх хугацаандаа ажилдаа маш сайн өгсөн үүрэг даалгаврыг маш сайн биелүүлдэг замын 2 дугаар зэрэгтэй замчин байсан. Тухайн үед цалин хөлсийг бэлнээр өгдөг байсан цалингийн хуулга гэж байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг

Гэрч Н.Д шүүхэд өгсөн “1984 оны 11 сард Т нь Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн 5 дугаар хэсэгт замчнаар ажилд ороод 8 жил ажиллаж байгаад декритний амралтаа тэр чигээрээ ажлаас гарсан. Дахиж ажилдаа эргэж ороогүй. Би 1978 оноос 2006 он хүртэл Замын 4 дүгээр ангид ажилласан. Би Т-г ажиллаж байх  хугацаанд нь мастераар ажиллаж байсан. Т нь миний удирдлаган доор ажилладаг байсан хүн байгаа. Тэгээд Т-г 1997 оны 6 сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлж байсан. ...Т нь миний удирдлаган доор 8 жил замчнаар ажиллаж байсан нь үнэн, сүүлд нүдний хараа нь тэнцэхгүй болоод төмөр замаас гарсан хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг

Гэрч Г.Б шүүхэд өгсөн “Т нь 1982 оноос 1984 он хүртэл надтай хамт Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд клубын цэвэрлэгчээр ажиллаж байгаад 1984 онд нэгдлээс гарч төмөр замд ажилд орсон. Тухайн үед би үе нэгдлийн зарлага, цэвэрлэгчээр ажилладаг байсан. Т дөнгөж сургуулиа төгсөөд нэгдэлд ажилд орж байсан. Т нэгдэлд 2 жил л ажлаад гарсан....” гэсэн мэдүүлэг  зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Т-г Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдлийн клубэд 1982 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн 1984 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгчээр, 1984 оны 11 сарын 16-ны өдрөөс эхлэн 1997 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд  Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн 5 дугаар хэсэгт замчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдийг дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Д.Т нэрээр 1982 оны 04 сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 10 сарын 12-ны өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтэр, Улаанбаатар төмөр замын социалист хөдөлмөрийн ууган үйлдвэр замын 4-р ангийн даргын 1984 оны 11 дүгээр сарын  21-ний өдрийн 329 дүгээр тушаал, Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн даргын 1996 оны 08 сарын 29-ний өдрийн 169 дүгээр тушаал зэргийн жинхэнэ эзэмшигч нь Ц.Т мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар нэхэмжлэгч Ц.Т-г Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдлийн клубэд 1982 оны 02 сарын 01-ний өдрөөс  эхлэн 1984 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгчээр, 1984 оны 11 сарын 16-ны өдрөөс эхлэн 1997 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд  Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн 5 дугаар хэсэгт замчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               А.Ц