| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0316/И |
| Дугаар | 49 |
| Огноо | 2020-02-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн ШШГ албаны Замын-Үүд дэх ШШГХ, В ХХК нарт холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах 48 мк.в талбайтай хувийн сууц, 500 мк.в талбайтай газрын өнөөгийн зах зээлийн үнийг тодорхойлсон Хөрөнгийн үнэлгээний В ХХК-ний 2019 оны 11 сарын 21-ний өдрийн №З19-41 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ү, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн төлөөлөгч Б.О, Ц.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар Н.Ө-с 12,260,848.00 төгрөгийг гаргуулж, К банкинд олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь ШШГХ гүйцэтгэж байна. Тус хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/690 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг шуудангаар Банкны эрх хүлээн авагчид хүргүүлснийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцахад албан бичигт “Замын-Үүд сум, 2 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн ... дугаартай 48 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ... дугаар гэрчилгээтэй 500 м.кв талбайтай газрыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу үнэлгээ тогтооход 9,486,528.00 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж байна, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбарыг хавсралтаар хүргүүлэв” гэжээ. Хөрөнгийн үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний “В” ХХК гаргасан байна. Тайланг судлан үзээд дараах үндэслэлээр үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: 1. Үнэлгээнд үнэлгээ хийж буй барилга нь 2013 онд ашиглалтад орсон бөгөөд 7 жил ашиглагдаж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын газар нутгийн 1-р бүсэд, хувийн сууц төвлөрсөн орчинд байрлалтай тул эдийн засгийн элэгдэлгүй гэжээ. Гэтэл бодит байдалд төвийн шугам сүлжээнээс хол, сумын төв, сургууль, цэцэрлэг, худаг, төв замаас зайдуу байршилтай бөгөөд давхар гудамжны хойшоо харсан хэсэгт байрладаг тул, автомашины замтай залгаа байдалтай байдаг тул эдийн засгийн элэгдэлгүй гэж үзэх боломжгүй юм.
2. Үнэлгээнд уг барилга нь ашиглалтын явцдаа урсгал засвар хийгдэж зориулалтын дагуу ашиглагдаж байгаа тул буруу ашиглалтын элэгдэлгүй юм гэжээ.
Гэтэл бодит байдалд удаан хугацаанд хүн амьдраагүй удсан учраас хуучирч муудсан, бүх цонх нь хагарсан, тааз цөмөрч орсон, шувуу нуруугүй, хавтгай дээвэртэй учир борооны ус нэвт гоождог, хүн ороод шууд амьдрах боломжгүй, засвар шаардлагатай байхад үнэлгээнд ашиглагдаж байгаа тул буруу ашиглалтын элэгдэлгүй гэж дүгнэжээ.
3. Үнэлгээний тайланг захиалагч буюу Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхдээ зах зээлийн үнэлгээгээр үнэлж хүргүүллээ гэсэн байх боловч үнэлгээнд зардлын /өртгийн аргаар/ хандлагаар хийв гэжээ. Зардлын аргаар хийх тохиолдолд тухайн үнэлж байгаа хувийн сууцыг барьж байгуулахтай холбоотой гарсан зардал, эд материалын дүнгээр тооцсон гэж ойлгогдож байгаа бөгөөд харин зах зээлийн үнэлгээ тогтооход тухайн барилгын барьж байгуулахтай холбоотой зардал чухал биш ижил төрлийн бусад хөрөнгийн зах зээлд худалдагдан борлогдсон байдал, мэдээллийг жишиг болгосон бол үндэслэлтэй байсан.
4. Хөрөнгө үнэлгээний “В” ХХК-иар үнэлүүлсэн үнэ нь зах зээлийн бодит ханшнаас өндөр буюу тухайн орон нутгийн онцлог байдлыг харгалзан үзээгүй үнэлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасныг баримтлаагүй гэж үзэж байна.
5. Үнэлж байгаа хөрөнгийн хувьд зах зээлийн аргыг хэрэглэх үзүүлэлтүүд болох газар зүйн байршил, ижил төсөөтэй үл хөдлөх хөрөнгөтэй жиших бүрэн боломжтой бөгөөд зах зээлийн хандлага, өртгийн хандлагыг хослуулан хэрэглэснээр тухайн объектын бодит үнэлгээ тогтоогдох байсан гэж үзэж байна.
6. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалт, “Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно” гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээ хийгдээгүй байна.
7. Үнэлж байгаа хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн үнээс өндрөөр үнэлсэн нь илт хохиролтой байна.
Дээрх үндэслэлээр Замын-Үүд сум, 2 дугаар багт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, 500 м.кв талбайтай газрын хамт 9,486,528.00 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Замын-Үүд сумын 3-р багт байрлах 48 мкв орон сууцанд В ХХК үнэлгээ хийсэн. Үнэлгээний компани нь үл хөдлөх хөрөнгийг хэт өндөр үнэлсэн, үнэлгээний дүн болох 9,486,518 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас үүнийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. В ХХК нь орон сууцыг орон сууцыг ашиглалтын явцад урсгал засвар хийгдэж зориулалтын дагуу ашиглах боломжтой байдлаар дүгнэлт гаргасан. Гэтэл уг хувийн орон сууцанд удаан хугацаанд хүн амьдраагүй учраас хуучирч муудсан, бүх цонх нь хагарсан, тааз цөмөрч орсон, шувуу нуруугүй, хавтгай дээвэртэй учир борооны ус нэвт гоождог, хүн ороод шууд амьдрах боломжгүй, засвар шаардлагатай байхад үнэлгээ гаргахдаа одоо ашиглаж байгаа мэтээр дүгнэж буруу ашиглалтын элэгдэлгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн эдийн засгийн элэгдэлгүй гэж үзсэн байдаг. Гэтэл энэ сууц маань гэр хороололд байрлалтай, ус дулаан холбох боломжгүй, сургууль цэцэрлэг гээд төвд байх зүйлүүдээс хол байхад яагаад эдийн засгийн элэгдэлгүй гэж үзсэнийг ойлгохгүй байна. Энэ байранд 2017 оноос хойш хүн амьдраагүй, амьдрах ямар ч боломж байхгүй. Бид зээл олгохдоо 5,000,000 төгрөгийн барьцаанд барьцаалсан байдаг. Мөн үнэлгээг гаргахдаа зах зээлд байгаа ижил төстэй сууцнуудын үнийн судалгааг огт хийгээгүй учир манайх хослуулах аргыг хэрэглээгүй гэж үзэж байгаа. Иймд холбогдох хууль, стандартад заасны дагуу үнэлгээ гараагүй гэж үзэж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Бид үнэлгээтэй 2019 оны 12 сарын 05-ны өдөр танилцаж, шүүхэд гаргасан гомдлоо 12 сарын 11-ний өдөр шууданд хийсэн учир хугацаандаа гомдлоо гаргасан гэж үзэж байгаа гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хуудсыг 2019 сарын 03 сарын 25-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Тухайн төлбөр төлөгчтэй холбогдож хуулинд заасны дагуу 2019 оны 04 сарын 30-ны өдөр 1909007506 дугаартай барьцаанд байгаа эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолыг гаргасан. Шийдвэр гүйцэтгэгчээс өгсөн хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул 2019 оны 11 сарын 30-ны өдөр уг эд хөрөнгийг хураасан байдаг. Ингээд төлбөр авагч болон төлбөр төлөгч талуудад мэдэгдэл хүргүүлж үнийн санал авахад К банк шинжээч томилуулах хүсэлт гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс хөрөнгийн үнэлгээний В ХХК-ийг томилж үнэлгээ гаргуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон иргэний хуулийн дагуу явагдсан учраас хөрөнгийн үнэлгээг хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ... тойргийн шийдвэр гүйцэтгэгч О-с ирүүлсэн тогтоолын дагуу 2019 оны 11 сарын 14-ний өдрийн байдлаар тухайн хөрөнгөтэй танилцаж дүгнэлт гаргасан байдаг. Орон нутагт ажилладаг ажилтан сууцыг очиж үзэж, зураг авч, тэмдэглэл үйлдсэн байдаг. Тухайн орон сууц нь тодорхой хугацаанд ашиглагдаагүй, засвар үйлчилгээ хийх шаардлагатай байсан нь харагдаж байсан. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний тухай хууль, олон улсын 2013, 2017, 2019 гэсэн сатандартыг хэрэглэсэн байгаа. 7 жил ашиглагдаж байгаа барилга нь газар нутгийн 1-р бүсэд байрладаг тул эдийн засгийн элэгдэл байхгүй гэж үзсэн байгаа. Эдийн засгийн элэгдэл гэдэг нь өөрөө хувийн сууцны зориулалттай барилга хирнээ үйлдвэрийн зориулалттай хувийн сууц шиг байрласан. Эдийн засгийн орчин нөхцөлтэй тохирсон үйл ажиллагаа явуулж байгааг авч үздэг. Тухайн хөрөнгө нь өөрөө хувийн сууцны зориулалттай орчинд байрласан тул эдийн засгийн элэгдэл тооцох үндэслэлгүй юм. Уг барилга нь буруу ашиглалтын явцад урсгал засвар хийгдэж зориулалтын дагуу ашиглагдаж байгаа тул буруу ашиглалтын элэгдэлгүй гэж үзсэн. Бид бүхэн үнэлгээндээ биет элэгдэл, эдийн засгийн элэгдэл, буруу ашиглалтын элэгдэл гэсэн 3 төрлийн элэгдлийг авч үзэх шаардлагатай гэж үзсэн. Буруу ашиглалтын элэгдэл гэдэг нь тухайн хөрөнгийг өмчлөгч нь ашиглаж байх явцдаа өөр зориулалтаар ашиглаагүй байхыг шаардах юм. Уг сууц нь анхнаасаа хувийн сууцны зориулалттай баригдсан. Ямар нэгэн шалтгаанаас болж сүүлийн үед хүн огт амьдраагүй гэсэн байдалтай байсан. Тиймээс буруу ашиглалтын элэгдлийг тооцох үндэслэлгүй гэж үзсэн. Мөн хөрөнгийн үнэлгээг хийдэг үндсэн 3 хандлага байдаг. Энэ нь зах зээлийн хандлага, зардлын хандлага, орлогын хандлага гэсэн төрөлтэй. Энэ 3 хандлагаар зах зээлийн үнэлгээг гаргаж байна гэсэн үг. Үүнээс өртгийн хандлагыг хамгийн тохиромжтой гэж үзэж зардлын хандлагаар үнэлээд зах зээлийн үнэ ханшийг тогтоосон гэсэн үг. Хуулинд тухайн хөрөнгийн шинж байдал, онцлог, зориулалтыг нь харгалзаж жишиг үнийг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндсэн стандарт, мөн хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан байгаа. Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа эсвэл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг нь баталж мөрдүүлдэг байгаа. Ингэж заасны дагуу ашиглалтын болон биет байдлаараа нийцэх хөрөнгө байхгүй тул харьцуулалт хийх боломжгүй тул зардлын хандлагаа холбогдох төрийн байгууллагаас батлагдсан аргачлалаар зах зээлийн үнийг энэ орон сууцан дээр тодорхойлсон. Харьцуулалт хийнэ гэдэг нь Замын-Үүд суманд яг ижил байрлалтай, ашиглалтын нөхцөл байдал, зориулалт нь адилхан барилга байгууламжуудын хамгийн сүүлд 1-2 сарын дотор худалдан борлуулагдсан үнийн ханшийн мэдээллийг олж түүн дээр харьцуулалт жишиг хийхийг хэлж байгаа юм. Тэгэхээр бид бүхэнд ийм нөхцөл байдал хязгаарлагдмал байсан. Тиймээс зах зээлийн жишиг хандлагыг хэрэглээгүй. Бид нар хийсвэр таамаг дэвшүүлж хөрөнгийг үнэлэх боломжгүй. Тийм болохоор санхүү төсвийн асуудал эрхэлсэн сайдын баталсан журам, сатандарт мөн төрийн байгууллагуудын тогтоосон аргачлал, тоон үзүүлэлт, баримтуудыг баримталж хийх нь хамгийн тохиромжтой зүйл гэж үзээд барилга хот байгуулалтын яам, сангийн яам, холбогдох төрийн байгууллагуудаас баталсан журам, стандартын дагуу тооцоо хийж энэ үнэлгээг хийсэн. 3 үндсэн хандлагыг яагаад хослуулаагүй вэ? гэхээр хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартын дагуу тухайн хөрөнгөнд хамгийн тохиромжтой 1 хандлагыг сонгоод түүнд тохирох олон аргуудыг хослуулан авч хэрэглэнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага дээр зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн нь илт хохиролтой байна гэдэг. Гэтэл юуг үндэслэж хэт өндөр үнэлсэн байна гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 сарын 28-ний 203 дугаар тушаалын хавсралтыг баримталж нэгжийн норм үнэлгээг 420,000 төгрөгөөр тооцож, түүнээсээ итгэлцүүр тооцоолол гаргасан гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Дорноговь аймгийн ШШГ албаны Замын-Үүд дэх ШШГХ, В ХХК нарт холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах 48 мк.в талбайтай хувийн сууц, 500 мк.в талбайтай газрын хамт зах зээлийн үнийг тодорхойлсон 2019 оны 11 сарын 21-ний өдрийн №З19-41 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв. Үндэслэл нь:
Нэхэмжлэгч нь Хөрөнгийн үнэлгээний В ХХК-ний 2019 оны 11 сарын 21-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө болон газрыг үнэлсэн үнэлгээ нь хэт өндөр үнэлгээг тогтоосон, бодит байдалд нийцээгүй буюу хуучирч муудсаны улмаас хүн худалдаж аваад шууд амьдрах боломжгүй байхад буруу ашиглалтын элэгдэлгүй гэж дүгнэсэн, хөрөнгө үнэлэх аргуудыг хослуулаагүй буюу ижил төрлийн хөрөнгийн зах зээлд худалдан борлогдсон байдлыг судлаагүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 4 дүгээр зүйлийн 4.4-д заасныг зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж,
хариуцагчийн төлөөлөгч Б.О нь хуульд заасны дагуу ажиллагаа явуулсан гэж,
хариуцагчийн төлөөлөгч Т нь хөрөнгийн үнэлгээний газар өөрийнхөө эрх хэмжээнд Олон улсаас баталсан болон Монгол Улсад үйлчилж буй журам, аргачлалын дагуу үнэлгээ гаргасан тул зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байгаа болно.
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх ШШГХ нь Н.Ө-с 12,260,848 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай зохигчдын эвлэрлийг баталсан ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж, түүнийг албадан гүйцэтгүүлэх 971 дугаартай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэрэгт үндэслэн тус шүүхийн ... оны ... сарын ...-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2019 оны 04 сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах 48 мк.в талбайтай хувийн сууц, 500 мк.в талбайтай газрын хамт битүүмжилж, 2019 оны 10 сарын 30-ны өдөр хураан авах тогтоол үйлдэж, төлбөр төлөгчид сайн дураар төлбөрийг төлөхийг мэдэгдэх ажиллагаа явуулсаны дараа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч тал 12,300,000, төлбөр авагч тал шинжээч томилуулах санал тус тус ирүүлсэн байна.
Хариуцагч Замын-Үүд дэх ШШГХ нь 2019 оны 11 сарын 14-ний өдөр Хөрөнгийн үнэлгээний В ХХК-нийг шинжээчээр томилж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах 48 мк.в талбайтай, улсын эрхийн бүртгэлийн ... дугаартай хувийн сууц, 500 мк.в талбайтай газрын хамт зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор тогтоол үйлдсэн байна.
Хөрөнгийн үнэлгээний В ХХК нь 2019 оны 11 сарын 21-ний өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 9,486,528 төгрөгөөр үнэлж, үнэлгээг Замын-Үүд дэх ШШГХ-т хүргүүлсэн байх ба хариуцагч нь уг үнэлгээг талуудад танилцуулах ажиллагааг хийж, төлбөр авагч тал нь шуудангаар 2019 оны 12 сарын 05-ны өдөр хүлээн авч, хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 2019 оны 12 сарын 11-ны өдөр шуудангаар шүүх рүү хүргүүлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацааны дотор шүүхэд гаргасан гэж үзэв.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, талуудын тайлбар, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэхэд:
Хариуцагч В ХХК нь тухайн хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо “ Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар тогтоосон жишиг үнэлгээг үндэслэж, барилгын тооцоог хавсралт 1-д харуулав “ гэж зардлын хандлагын аргаар тодорхойлон, нэгжийн норматив үнэлгээг буюу байрны м.кв-ыг 420,000 төгрөгөөр тооцож, итгэлцүүр тооцооллыг гаргасан байх ба уг тушаалын 3 дугаар хавсралтаас үзэхэд Улаанбаатар хотод баримтлах жишиг үнэлгээг тогтоосон байна.
Хариуцагч В ХХК нь дээрх нэгжийн норматив үнэлгээг тогтоохдоо хүчин төгөлдөр үйлчилж буй, тодорхой хэм, хэмжээг зохицуулсан заавал дагаж мөрдөх шинжтэй хуульзүйн акт болох Монгол Улсын дэд бүтцийн сайдын 1999 оны 12 сарын 23-ны өдрийн “ Жишиг үнэлгээ, аргачлал батлах тухай /үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн үнэлгээг зардлын аргаар тооцоход хэрэглэх 1 м2 талбайн жишиг норматив/ тушаал, түүний 2, 4 дүгээр хавсралтыг ямар шалтгааны улмаас үйл ажиллагаандаа баримталдаггүй болох нь тодорхойгүй, тэрээр үнэлгээ гаргахдаа удирдлага болгосон Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 3 дугаар хавсралтыг яагаад баримтлах болсон, бусад эх сурвалж, хуульзүйн актын харилцан хамааралтай эсэхийг нягталж дүгнэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байна.
Түүнчлэн хариуцагч В ХХК нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Замын-Үүд сум дахь төлөөлөгч нь тухайн хөрөнгийн үзэж, гэрэл зургийг авч, тэмдэглэл үйлдсэнтэй бусад шинжээч нар танилцан үнэлгээг гаргасан талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарладаг бөгөөд тэмдэглэл болон гэрэл зураг харж үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн байдал нь бодит байдалд нийцсэн эсэх,
-төлбөр төлөгчөөс үл хөдлөх хөрөнгийн бодит мэдээлэлийг авсан эсэх,
- үнэлж буй хөрөнгийг яагаад тус сумын 1 дүгээр бүсэд байрлалтай гэж үзсэн,
- хувийн сууц төвлөрсөн орчинд байрлалтай тул эдийн засгийн элэгдэлгүй гэж тооцсон байдаг бөгөөд уг сууц зах зээлд борлуулагдах байдалд инженерийн шугам сүлжээ нь сумын холболтонд хол, ойр байх, сумын төв хэсэгт байрлах үйлчилгээний газар, орон зай энэ байдалд хамаардаг эсэх зэрэг байдал нь үнэлгээ гаргахад жишиг байдалд хамаарах нь тодорхойгүй,
-буруу ашиглалтын элэгдэлгүй гэж дүгнэсэн байдаг бөгөөд энэ байдлаа “ ашиглалтын явцад урсгал засвар хийж, зориулалтын дагуу ашиглах боломжтой “ гэж тайлбарлаж байгаа нь бодит үнэлгээнд нийцэж байгаа нь эргэлзээтэй байна.
Мөн хариуцагч В ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасныг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл үнэлгээ тогтоохдоо тухайн үл хөдлөх хөрөнгөтэй адил хөрөнгө зах зээлд борлуулагдаагүй байсан гэсэн үндэслэлээр зах зээлийн жишиг үнийг судлаагүй гэж тайлбарладаг бөгөөд шинжээч нь дээрхээс үл хамаарч үнэлж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлд худалдан борлуулагдах үнийн судалгааг гаргах, харьцуулах, жишиг үнийг тогтоох байсан байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн ШШГ албаны Замын-Үүд дэх ШШГХ, В ХХК нарт холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах 48 мк.в талбайтай хувийн сууц, 500 мк.в талбайтай газрын өнөөгийн зах зээлийн үнийг тодорхойлсон Хөрөнгийн үнэлгээний В ХХК-ний 2019 оны 11 сарын 21-ний өдрийн №З19-41 тоот дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах 48 мк.в талбайтай хувийн сууц, 500 мк.в талбайтай газрын өнөөгийн зах зээлийн үнийг тодорхойлсон Хөрөнгийн үнэлгээний В ХХК-ний 2019 оны 11 сарын 21-ний өдрийн №З19-41 тоот дүгнэлтийг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч нараас 70.200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгосугай.
3. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц