Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/217

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0200/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогч ******* /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч*******,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******т холбогдох эрүүгийн 2218003260235 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* /РД: ******* /*******,******* төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй,*******, тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар 03 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 51/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ыг 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр*******, Дархан сумын 11 дүгээр баг 8 дугаар байрны ар талд *******гийн гээгдүүлсэн Iphone Х загварын гар утас, Хаан банкны карт, иргэний үнэмлэх зэргийг олж аван, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 900,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ын : Хохирогчийн гар утсыг шинэ хорооллын 9 дүгээр байрнаас үүрийн 3, 4 цагийн үед олсон. Тухайн үед би 16 давхар луу айлд очих гээд явж байсан. Картнаас нь 250,000 төгрөг авсан. Нууц код нь регистрийн дугаараараа байсан. 550,000 төгрөгийн хохирол төлсөн. Ажил хийж байгаад үлдэгдэл төлбөрийг төлнө гэх мэдүүлэг,

Хохирогч *******гийн : Би АШУҮИС-ийн 6 дугаар курсын оюутан байсан. Зуны дадлага хийгээд Дархан-Уул аймгийн Бид эмнэлэг дээр байрласан. Дадлага хийснийхээ орой гадуур явж байгаад гар утсаа алга болгосон. Орой нь алга болгосноо мэдээд байршил тогтоогчоор хайсан. Өглөө нь цагдаад мэдэгдсэн. Гар утасны ар талд миний иргэний үнэмлэх, хаан банкны карт байсан. Маргааш нь интернэт банкаараа дансны үлдэгдлээ шалгахад мөнгө авсан байсан. Картныхаа нууц кодыг төрсөн өдрөөрөө хийсэн байсан. Хохиролд эхлээд 450,000 төгрөг төлсөн, өнөөдөр 100,000 төгрөг дансаар өгсөн. Нийт 550,000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 350,000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн:******* дахь Хаан банкны салбараас 174 дугаартай АТМ-ны 2022 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 6 цаг 20 минутаас 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 06 цаг 30 минутын хооронд хийгдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 14-22/,

Хохирогч *******гийн данснаас 2022 оны 7 дугаар сарын 03-нд 50,000 төгрөгөөр 5 удаа зарлага гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 25/,

2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн: *******гийн Хаан банкны дэлгэрэнгүй хуулга, алдагдсан айпоне Х маркийн утасны байршлыг харуулсан 1 хуудас зураг, айпоне Х маркийн утасны imei дугаарыг харуулсан зураг зэргийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 27-30/,

Хаан банкны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5045/22/839 дугаартай: АТМ албан тоот /хх-ийн 33/

2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Юнител ХХК-ийн албан тоот /хх-ийн 37/

Гэрч,,, нарын: ...  ******* миний утас алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд бид нар *******гийн дугаарын утас руу ээлжлэн залгасан. *******гийн утас нь дуудаж байсан учир машинд байгаа байх гэж бодоод бид нар унтсан. Маргааш 08:30 минутад дадлага сургалтандаа хамрагдсан. ******* тэр үед байрлаж байсан газар болох “Бид” эмнэлэг рүү ороод өөрөөнхөө ipad-аар орж find my phone апплекшнруу орж айпоне X маркын утасныхаа байршлыг харахад хамгийн сүүлд 2022 оны 07 сарын 03-ны өдрийн 8 цаг 30 минутын орчимд Парк Таун гэх газар зааж байсан. Тэгээд ******* ipad-аа ашиглан Хаан банкны интернэт банк руугаа орж үзэхэд өглөө 06:23-06:29 минутын хооронд 50,000 төгрөгийн 5 удаагийн гүйлгээ хийгдсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 43, 47, 51, 55/

Ашид билгүүн ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 63/, Ашид билгүүн ХХК-ийн гар утас iphoneХ 64 GB багтаамжтай 1 ширхэг нь 650,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-65/ эд мөрийн баримт хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий CD зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр*******, Дархан сумын 11 дүгээр баг, 8 дугаар байрны ард талд *******гийн гээгдүүлсэн Iphone X загварын гар утас, ХААН банкны карт, иргэний үнэмлэхийг олж аван, бусдын  өмчлөл, эзэмшилд байгааг  мэдсээр байж завшиж 900,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирол төлбөр болох 900,000 төгрөгөөс 550,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 350,000 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогч *******д олгох саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө тодорхой хэмжээнд төлж барагдуулсан. Үлдэгдэл хохирол төлбөрөө цаашид төлөхөө илэрхийлж байгаа гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр*******, Дархан сум 11 дүгээр баг 8 дугаар байрны ар талд *******гийн гээгдүүлсэн Iphone Х загварын гар утас, Хаан банкны карт, иргэний үнэмлэх зэргийг олж аван, түүний Хаан банкны картыг ашиглан данснаас нь 250,000 төгрөг авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэгт тооцохоор заажээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******ын үйлдэл нь *******гийн гээгдүүлсэн 650,000 төгрөгийн үнэ бүхий Iphone Х загварын гар утас, Хаан банкны карт, иргэний үнэмлэх зэргийг олж аваад өмчлөгчид нь буцаан өгөх талаар санал санаачлага гаргалгүй хувьдаа авсан, мөн Хаан банкны картыг нь ашиглан данснаас нь 250,000 төгрөг авч нийт 900,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байгаа ба энэ талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Хохирогч *******д 900,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, *******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа ба үүнээс шүүгдэгч нь 550,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтууд, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул шүүгдэгч******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Иймд шүүгдэгч*******аас 350,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож шийдвэрлэлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 84-97/ иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч*******ыг 3 сарын хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь торгуулийн ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн орлого олох боломж нөхцөл, ам бүлийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 1,500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар*******т оногдуулсан 1,500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч*******аас 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч,, тоотод оршин сууха /РД: , утас:  /-д олгосугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР