Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Б.Соёлмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа,

Шүүгдэгч О.Бат-Орших нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чимэд овогт Одгэрэлийн Бат-Оршиход холбогдох эрүүгийн 201626031429 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их засаг” их сургуулийн эрх зүйн 1 дүгээр курсийн оюутан / 1 жилийн чөлөө авсан / гэх, ам бүл 6, эцэг, эх 3 дүүгийн хамт  Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Цэцэгт хотхоны 466-06 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:ЗЗ99010514 / Чимэд овогт Одгэрэлийн Бат-Орших нь:

-2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү” хорооллын 114 дүгээр байрны 1 дүгээр орцны лифтний удирдлагын мэдрэгчтэй дэлгэцийг санаатайгаар гараараа цохиж хагалж гэмтээн, Ж.Энхбаярт 1.630.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хагарсан лифтний удирдлагын мэдрэгчний гэрэл зураг / хх 10 /,

Хохирогч Ж.Энхбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр манай компаний эзэмшлийн 114 дүгээр байрны лифтний удирдлагын самбарын мэдрэгчтэй дэлгэцийг О.Бат-Орших гэж хүн хагалсан байсан. “Хүннү” хорооллын 114 дүгээр байрны 1 дүгээр орцны лифт нь 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ашиглалтанд орсон. 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр намайг ажилдаа ирэхэд харуулын ахлах лифтний дэлгэц хагарсан талаар мэдээлэл өгсөн. Ингээд бид хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд “Fast shine” нэртэй машин угаалгын компаний 3 ажилтан хагалсан байсан. Энэ лифтний дэлгэц нь 2.000.000 төгрөгний үнэтэй бөгөөд суурилуулалтын ажлын хөлс 500.000 төгрөг болсон. Нийт 2.500.000 төгрөгийг “Fast shine”  ХХК-ний захирал Н.Энхбаяраас нэхэмжилж хохирлыг гаргуулан авсан. Иймд одоо манай компаний зүгээс нэхэмжлэх хохирол төлбөргүй…” гэжээ. / хх 24-25/,

Иргэний нэхэмжпэгч Н.Энхбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би “Хүннү” хороололд автомашин угаалгын үйл ажиллагаа эрхэлдэг “Fast and shine”-н   захирал байгаа юм. 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр О.Бат-Орших нь “Хүннү” хорооллын 114 дүгээр байрны лифтний мэдрэгчтэй дэлгэцийг хагалсан тухай Д.Цэрэнбат надад хэлсэн. Тэгээд би Дашням, Мягмарсүрэн нарыг дуудаж уулзаж болсон хэргийн талаар асуухад “лифт нь гацаад О.Бат-Орших уурандаа лифтний мэдрэгчтэй дэлгэцийг хагалсан” тухай хэлсэн…” / хх 32-33/,

Гэрч Д.Цэрэнбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “...О.Дашням, А.Мягмарсүрэн нар 114 дүгээр байр руу явсан. Тэгсэн нилээн удаж байгаад нөгөө ирэхдээ О.Бат-Оршихын хамт ирж байсан. О.Бат- Орших согтуу гараа юманд зүссэн байдалтай ирсэн. Тэгээд О.Бат-Оршихоос “наад гараа яасан юм бэ” гэсэн чинь “шилэнд зүсчихсэн” гэсэн. Тэгээд замдаа Бат-Орших “ 2 хоногийн цалин гэж 28.000 төгрөг бодсон байна. Ийм бага байдаг юмуу” гээд согтуурах маягаар надтай харилцаад байсан. ...Тэгээд маргааш нь буюу 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр А.Мягмарсүрэн надад “өчигдөр О.Бат-Орших Хүннүгийн лифтний мэдрэгч хагалсан” гэж хэлсэн. Удалгүй О.Бат-Орших өөрөө залгаад лифт хагалсанаа хэлж “Хүннүгээс асуувал танихгүй” гээд хэлээд өгөөч гэж надаас гуйгаад байсан. Тэгэхээр нь би “чиний зураг болон бичлэгийг гаргаад ирвэл би танихгүй мэдэхгүй гэж хэлж чадахгүй” гэж хэлсэн. О.Дашням, А.Мягмарсүрэн нараас “яагаад хагалчихсан юм бэ” гэж асуухад лифтэнд бол зүгээр суусан. Тэгээд О.Дашнямыг мэдрэгчийг ажиллуулж чадахгүй байтал хажуунаас О.Бат-Орших гарыг нь татаж байгаад өөрөө дарж үзээд ойлгохгүй болохоороо шууд гараараа цохисон гэсэн…” гэжээ. / хх 39-41/,

Гэрч А.Мягмарсүрэн мөрдөн байцаалтын явад мэдүүлэхдээ: “... 2016 оны 7 дугаар сарын 30-ны орой 18 цагийн орчим угаалгын газар О.Бат-Орших цалингаа авах гээд ирчихсэн байсан. Тэгээд О.Дашням, О.Бат-Орших бид 3 хариулт мөнгө өгөх айлаа олохгүй лифтээр дээшээ, доошоо 2-3 удаа явсан. Тэгэж байхад лифт 6 давхар хавьцаа гацаад байсан юм. О.Дашням лифтний товчлуурыг дарж байтал О.Бат-Орших хажуунаас О.Дашнямыг “холдож бай би дараад үзье” гэж хэлсэн. Тэгээд О.Бат-Орших лифтийг ажиллуулах гэж хэд хэдэн удаа дарж оролдоход ажиллахгүй байсан. Тэгэхэд О.Бат-Орших уурлаад нэг удаа баруун гараараа хүчтэй цохиход лифтний удирдлаганы шил цуурч хагарсан. Ингэж хүчтэй цохих үед Бат-Оршихын баруун гарнаас нь цус гарсан…” гэжээ. / хх 42-43 /,

Насанд хүрээгүй гэрч О.Дашням мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...114 дүгээр байрны дээш гарахаар болоод явж байсан чинь араас О.Бат-Орших гарч ирж “Хүннү” хорооллын 114 дүгээр байрны лифтэнд А.Мягмарсүрэн, О.Бат-Орших бид 3 суусан. Тэгээд тухайн байрны лифтийг ажиллуулж чадахгүй, очих гэсэн давхартаа очиж чадахгүй хэд хэдэн удаа дээш доошоо лифтээр явсан. Энэ үед О.Бат-Орших миний хажуугаар орж ирээд “би оролдоод үзье” гээд лифтний мэдрэгчийг хүчтэй дарсан чинь ажиллахгүй байсан. Тэгтэл О.Бат-Орших уурлаад баруун гараараа нэг удаа лифтний мэдрэгчийг цохиход лифтний мэдрэгч хагарсан. О.Бат-Оршихын гарнаас цус гарсан байсан...” гэжээ. / хх 44-45 /,

Эд зүйлийн үнэлгээ / хх 47/,

Хяналтын камерын бичлэгг үзлэг хийсэн тзмдэглэл, түүнийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 46, 48-50-р хуудас /,

Шүүгдэгч О.Бат-Оршихыг 2016.12.20-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 56-57/,   2015.12.24-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 59-60/,

Шүүгдэгч О.Бат-Оршихын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 73 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Бат-Орших мэдүүлэхдээ: “... Яллах дүгнэлтэнд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв бичсэн тул мэдүүлэг өгөхгүй. Тухайн өдөр би айраг уусан байсан. Лифт нь гацаад бид гурав учиргүй их сандарсан. Жаахан доргилт өгчихвөл лифт нь явчих байх гэж бодсон. Өмнө нь лифтэнд сууж үзэж байгаагүй. Гарынхаа ар талаар цохисон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролыг манай ар гэрийнхэн төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй…” гэв. 

Шүүгдэгч О.Бат-Орших нь 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү” хорооллын 114 дүгээр байрны 1 дүгээр орцны лифтний удирдлагын мэдрэгчтэй дэлгэцийг санаатай гараараа цохиж хагалж гэмтээн, Ж.Энхбаярт 1.630.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- Хагарсан лифтний удирдлагын мэдрэгчний гэрэл зураг / хх 10 /,

- “...2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр манай компаний эзэмшлийн 114 дүгээр байрны лифтний удирдлагын самбарын мэдрэгчтэй дэлгэцийг О.Бат-Орших гэж хүн хагалсан байсан. “Хүннү” хорооллын 114 дүгээр байрны 1 дүгээр орцны лифт нь 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ашиглалтанд орсон. Энэ лифтний дэлгэц нь 2.000.000 төгрөгний үнэтэй бөгөөд суурилуулалтын ажлын хөлс 500.000 төгрөг болсон. Ингээд 2.500.000 төгрөгийг “Fast shine”  ХХК-ний захирал Н.Энхбаяраас гаргуулан авсан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Ж.Энхбаярын мэдүүлэг  / хх 24-25/,

- “...Би “Хүннү” хороололд автомашин угаалгын үйл ажиллагаа эрхэлдэг “Fast and shine”-н  захирал байгаа юм. 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр О.Бат-Орших нь “лифт нь гацаад уурандаа лифтний мэдрэгчтэй дэлгэцийг хагалсан”  байсан …” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Н.Энхбаярын мэдүүлэг  / хх 32-33/,

- “...2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр А.Мягмарсүрэн надад “өчигдөр О.Бат-Орших Хүннүгийн лифтний мэдрэгч хагалсан” гэж хэлсэн. Удалгүй О.Бат-Орших өөрөө залгаад лифт хагалсанаа хэлж “Хүннүгээс асуувал танихгүй” гээд хэлээд өгөөч гэж надаас гуйгаад байсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Д.Цэрэнбатын мэдүүлэг / хх 39-41/,

- “...О.Дашням лифтний товчлуурыг дарж байтал О.Бат-Орших хажуунаас О.Дашнямыг “холдож бай би дараад үзье” гэж хэлсэн. Тэгээд О.Бат-Орших лифтийг ажиллуулах гэж хэд хэдэн удаа дарж оролдоход ажиллахгүй байсан. Тэгэхэд О.Бат-Орших уурлаад нэг удаа баруун гараараа хүчтэй цохиход лифтний удирдлаганы шил цуурч хагарсан. Ингэж хүчтэй цохих үед Бат-Оршихын баруун гарнаас нь цус гарсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч А.Мягмарсүрэнгийн мэдүүлэг / хх 42-43 /,

- “...114 дүгээр байрны лифтийг ажиллуулж чадахгүй, очих гэсэн давхартаа очиж чадахгүй хэд хэдэн удаа дээш доошоо лифтээр явсан. Энэ үед О.Бат-Орших миний хажуугаар орж ирээд “би оролдоод үзье” гээд лифтний мэдрэгчийг хүчтэй дарсан чинь ажиллахгүй байсан. Тэгтэл О.Бат-Орших уурлаад баруун гараараа нэг удаа лифтний мэдрэгчийг цохиход лифтний мэдрэгч хагарсан…” гэж мөрдөн байцаалтанд  мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч О.Дашнямын мэдүүлэг / хх 44-45 /,

- Эд зүйлийн үнэлгээ / хх 47/,

- Хяналтын камерын бичлэгг үзлэг хийсэн тзмдэглэл, түүнийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол / хх 46, 48-50 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч О.Бат-Оршихыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч О.Бат-Оршихын хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө ирээгүй, О.Бат-Орших нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Чимэд овогт Одгэрэлийн Бат-Оршихыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Одгэрэлийн Бат-Оршихыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бат-Оршиход оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СD-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, О.Бат-Орших нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар О.Бат-Оршиход  оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 1 /нэг/ хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Бат-Оршиход авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.ОЛЗОД