Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 000034

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч А.Ч-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

         Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00103 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : “И ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А.Ч-д холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 14.460.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч А.Чын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэн-Өлзий, хариуцагч А.Ч, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллага 12 дугаартай  зээлийн гэрээг А.Ч-тай байгуулж, зээлдэгчид 6.000.000 төгрөгийг 30 хоног 6 хувийн хүүтэй, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 21 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэрээний 2.1.7-д хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр тохирлцсон. Гэрээний 2.5-д зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй. МУ-ын Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийн хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, барьцаалагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэж заасан. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 5.000.000 төгрөг, 30 хоногийн 6 хувийн хүүгийн хэмжээнд 5.140.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.320.000 төгрөг, нийтдээ 14.460.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

А.Ч миний бие И ХХК-наас 6.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 639 хоногийн хугацаатай зээлсэн. Би өөрөө оюутан, ажилгүй болохоор графикийн дагуу үндсэн төлбөр болон хүүг хугацаанд нь төлж чадаагүй. Зээлийн хугацаанд үндсэн төлбөр 6.000.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг төлсөн. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 180.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 250.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 170.000 төгрөг нийт 2.200.000 төгрөгний төлбөр төлсөн байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөгийг төлж барагдуулна. Харин хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00103 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Чаас 9.320.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.140.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 230.250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч А.Ч-аас 164.070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Ч давж заалдсан гомдолдоо:

А.Ч миний бие Солонгос Улс явах зорилгоор И-аас 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөгийг 21 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, зээлж авсан. Зээлийн хугацаанд Үндсэн зээл болон хүү гэж нийт 5.320.000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлд 1.000.000 төгрөгийг хүүнд 4.320.000 төгрөг нийт 5.320.000 төгрөг төлсөн. Үүнийг нэхэмжлэгч ч хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл шүүх надаас 9.320.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зээлийн гэрээнд заасан хүүг хангалттай төлсөн гэж үзэж байгаа тул үндсэн зээл 6.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин 3.320.000 төгрөгийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би төлсөн хүү 4.320.000 төгрөг дээр шүүхийн шийдвэрээр гарсан 3,320,000 төгрөгийн хүүг нэмэхээр нийт 7.640.000 төгрөгийн хүү төлөх болж байна. Зээлийн хүү, үндсэн төлбөрийг хугацаандаа төлж чадаагүйн нь миний буруу ч 6.000.000 төгрөг авсныхаа төлөө 7.640.000 төгрөгийн хүү төлнө гэдэг нь надад хохиролтой байна. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00103 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч А.Ч-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг үндсэн төлбөр 5.000.000 төгрөг, хүүний төлбөр 5.140. 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.320.000 төгрөг нийт 14.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Чаас 9.320.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.140.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч А.Ч нь И ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 21 сарын хугацаатай зээлжээ.

Хариуцагч А.Ч нь нэхэмжлэгчид үндсэн зээлд 1.000.000 төгрөг, хүүний төлбөрт 4.320.000 төгрөг нийт 5.320.000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч А.Ч давж заалдсан гомдолдоо 3.320.000 төгрөгийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Шүүх хариуцагч А.Чаас үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүүний төлбөрт 3.600.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 720.000 төгрөг нийт 9.320.000 гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.140.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч А.Чын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

А.Чын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Чын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч А.Чын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

 

                       ШҮҮГЧИД                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                             Б.БАТТӨР