Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00285

 

 

А.Баасанжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/02200 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2373 дугаар магадлалтай,

 

А.Баасанжавын нэхэмжлэлтэй

Ц.Дөлгөөнд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Ц.Дөлгөөний хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч А.Баасанжаваас Ц.Дөлгөөнд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нь ...энэ мөнгийг зээлийн зориулалтаар аваагүй, БНСУ-ын виз гаргаж өгөх зорилгоор 15,000,000 төгрөг авсан, үүнээс 10,000,000 төгрөгийг виз даруулахаар хүнд өгсөн, үлдэгдэл мөнгө нь ажлын хөлс тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/02200 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Ц.Дөлгөөнөөс 15,000,000 төгрөгийг гаргуулж А.Баасанжавд олгож шийдвэрлэсэн.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2373 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/02200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

 

4. Хариуцагч Ц.Дөлгөөн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлын аль ч үндэслэлийг няцааж чадаагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр яагаад зөв гэж үзсэн дүгнэлтийг огт хийгээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасантай нийцээгүй, хууль хэрэглээний ноцтой алдааг гаргасан.

4.2. А.Баасанжав нь анх БНСУ-ын визний материал бүрдүүлэх, виз мэдүүлэхэд өөрт нь туслуулах, эрх бүхий этгээдээс виз гаргуулах ажиллагааг гүйцэтгүүлэх зорилгоор надад санал тавьж, бид хоёр харилцан тохиролцож хүлээн зөвшөөрснөөр уг ажлын хөлс болон төсвийн зардал болох 15,000,000 төгрөгийг А.Баасанжаваас өөрийн дансруу шилжүүлэн авсан. Уг визний материал бүрдүүлэх болон виз мэдүүлэх ажилд нь тусалж эрх бүхий этгээдээс виз гаргуулж өгөх ба ийнхүү тухайн визийг нь зохих журмын дагуу гаргуулан өгч чадаагүй тохиолдолд ажлын хөлс болон төсөв болгон өгсөн 15,000,000 төгрөгийг буцаан олгох баталгаа болгон 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Харин визний материалыг нь би бүрдүүлж өгөөд уг виз нь гарсан тохиолдолд зээлийн гэрээг хүчингүйд тооцож өөр зорилгоор ашиглахгүй хэмээн хоорондоо тохиролцсон байсан. Уг байгуулсан зээлийн гэрээ нь ямар нэгэн хүү, алдангийн төлбөргүй бөгөөд зөвхөн дээр дурдсан зорилгоор байгуулсан болно. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр бид хоёрын дунд байгуулагдсан гэрээг зээлийн гэрээ биш хэмээн зөв дүгнэсэн боловч зуучлалын гэрээ байгуулагдсан байна гэж гэрээний зүйлийг буруу тодорхойлсон ба үүнийг давж заалдах шатны шүүх залруулж чадаагүй болно.

Учир нь зуучлалын гэрээ нь зуучлуулж буй этгээдээс олгосон эрхийн дагуу зуучлуулагчийн нэрийн өмнөөс түүний ашиг сонирхлын төлөө хариу төлбөртэй болон хариу төлбөргүйгээр хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үйлдлийг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсгээр зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, зуучлуулагч болон зуучлагч хоёрын хооронд зуучлалын гэрээ, зуучлуулагч зуучлагчийн зуучилсан этгээдтэй хийж байгаа хэлцэл гээд нийт хоёр хэлцэл байгуулагдах шаардлагатай. Зуучлалын гэрээний агуулгаас анхааран үзвэл зуучлалын бүх төрлийн үйлчилгээг зуучлалын гэрээний үүрэг гэж ойлгож болохгүй бөгөөд гэрээний эрх зүйд зөвхөн тодорхой төрлийн гэрээ байгуулахад зуучлах үүрэг хүлээсэн гэрээг зуучлалын гэрээ гэж ойлгоно.

4.3. Миний хувьд А.Баасанжавтай түүний БНСУ-ын визний материал бүрдүүлэх, виз гарахад нь бүхий л талаар тусалж, дэмжих үүрэг бүхий гэрээ байгуулснаас биш А.Баасанжавыг түүний нэрийн өмнөөс, түүний ашиг сонирхлынх нь төлөө өөр нэг этгээдтэй хэлцэл байгуулахаар зуучлах үүрэг бүхий гэрээ байгуулаагүй юм. А.Баасанжав нь БНСУ-ын Элчин сайдын яамнаас БНСУ-д зорчих зөвшөөрөл авахаар виз мэдүүлж байгааг нь БНСУ-ын ЭСЯ-тай хэлцэл (гэрээ) хийж байна хэмээн үзэх боломжгүй. Иймд А.Баасанжав бид хоёрын дунд Зуучлалын гэрээ байгуулагдаагүй болно.

4.4. Харин ажил гүйцэтгэх гэрээ нь нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэхээр амлаж, нөгөө тал буюу захиалагч нь тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээж байдаг хоёр талт үүрэг бүхий гэрээ юм. (ИХ-ийн 343 дугаар зүйл)

Миний талаас А.Баасанжавтай БНСУ-ын виз гарахад нөлөөлөхүйц материалыг зохих журмын дагуу бэлдэх, виз мэдүүлэхэд нь туслах үүрэгтэй байсан. Ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын үр дүн гэж гэрээгээр тохиролцсон ажил, түүнийг гүйцэтгэснээр бий болсон биет үр дүнг хэлэх бөгөөд миний гэрээгээр тохиролцсон А.Баасанжавд нийлүүлэхээр амласан ажлын үр дүн бол А.Баасанжавын БНСУ-ын визийн материал бүрдүүлэх, уг виз гаргалтанд туслах, эдгээр үүргээ биелүүлснээр гарах үр дүн буюу А.Баасанжавын БНСУ-ын виз гарах явдал байсан. Хэрвээ уг виз гараагүй тохиолдолд ажлын хөлс болон үйл ажиллагааны төсөв болгон шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг буцаан олгохоор амлаж Хүүгүй зээлийн гэрээ байгуулсан нь А.Баасанжавын БНСУ-д зорчих виз гарах нь миний гэрээгээр хүлээсэн ажлын үр дүн гэдгийн нотолгоо болно.

Тухайн ажлын үр дүнг бий болгох буюу А.Баасанжавын БНСУ-ын визийг гарахад туслахын тулд А.Баасанжавыг түүний Бага уулын түшиг ХХК-ийн захирлын хувиар мэдүүлэх нь илүү чухал ач холбогдолтой гэж миний бие үзсэн учраас түүний 100%-ийн эзэмшлийн дээрх компанийн татварын тайланг нь ямар нэгэн зөрчилгүй болгохоор нягтлан бодох бүртгэлийн тусгай мэдлэг бүхий этгээдээр тайлагнах, бусад виз гаргалтанд нөлөөлөхүйц мэдээлэл, материалыг цуглуулах зэрэг үйл ажиллагааны зардлыг А.Баасанжавын ажлын хөлс, төсөв болгон өгсөн 15,000,000 төгрөгөөс авч хэрэглэсэн. Уг гэрээний зүйл болох ажлын үр дүн нь А.Баасанжавын БНСУ-ын виз нь гарах явдал бөгөөд А.Баасанжавын зүгээс уг ажлын үр дүнг бий болгохын тулд 15,000,000 төгрөгийг миний дансанд илгээсэн үйл баримтуудаас үзэхэд бидний хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.

4.5. Бидний дунд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ нь ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хэмээн үзэх боломжгүй юм. Хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ хэмээн хуулийг тайлбарлах зорилго бүхий 2010.06.22-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан байна.

А.Баасанжав бид хоёрын дунд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ нь нэг талаас Ц.Дөлгөөн миний бие А.Баасанжавын БНСУ-ын виз гарахад нь туслалцаа үзүүлж, виз гарахад нөлөөлөхүйц материал цуглуулж, виз мэдүүлэхэд туслах буюу визийг эрх бүхий этгээдээс гаргуулж өгөх, нөгөө талаас буюу А.Баасанжавын зүгээс тохирсон ажлын хөлс, үйл ажиллагааны төсөв болох 15,000,000 төгрөгийг төлөх тухай ба энэ нь ямар нэгэн хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, хуулиар тогтоосон агуулгын болон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй болно. Иймд бидний хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ нь ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамааралгүй юм.

Иймээс дээрх бодит үйл баримт, хэрэг авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг зохих журмаар үнэлж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч А.Баасанжав нь хариуцагч Ц.Дөлгөөнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

 

7. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, гэрээ хэрэгжсэн эсэх талаар хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасангүй гэж үзлээ.

 

8. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардсан бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, тоо, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зохицуулжээ.

 

Зохигчийн хооронд 2019.03.01-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч А.Баасанжав нь зээлдэгч Ц.Дөлгөөнд 15,000,000 төгрөгийг 2019.04.15-ны өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатай, хүүгүй, буцаан төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцох үүрэггүйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээсэн ба гэрээний 3.2.-т Гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэжээ.

 

Гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Нэхэмжлэгч гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэх, хариуцагчид үүрэг үүссэн эсэх асуудал маргааны зүйл болжээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, 2019.03.01-ний өдөр хариуцагчийн дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн тухай Хаан банкны Орлогын мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон бол хариуцагч Ц.Дөлгөөн нэхэмжлэгчийн шилжүүлсэн хөрөнгө БНСУ-ын визний материалыг бүрдүүлэх ажлын хөлс бөгөөд ажлыг гүйцэтгэсэн тул буцаан шаардах эрхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлавал нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа ...зээлийн хүүд 1 жилийн мультвиз гаргаж өгөх санал тавьж харилцан тохиролцсон... гэсэн боловч энэ талаар гэрээнд заагаагүй, хариуцагчид шилжүүлсэн хөрөнгийг ...визний мөнгө... гэсэн утгатай шилжүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцээгүй, харин хариуцагчийн дээрх мөнгөөр А.Баасанжавын визний материалыг бүрдүүлж өгсний улмаас виз гарсан, харилцан тохиролцсон үүргээ гүйцэтгэсэн бөгөөд хариуцагч нь БНСУ-ын хил нэвтэрч чадалгүй онгоцны буудлаас буцаж ирсэн нь хариуцагчаас шалтгаалаагүй талаарх тайлбар хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзлыг үгүйсгэсэн үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

11. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон, зээлийн хөрөнгө шилжүүлсэн гэх Хаан банкны Орлогын мэдүүлэгт гүйлгээний утгыг Баасанжаваас визний мөнгө Дөлгөөнд шилжүүлэв гэснээс үзвэл дээрх мөнгийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлдэгчид зээлийн хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх боломжгүй.

 

Гэрээний 3.2.-т заасны дагуу зээлдүүлэгчээс зээлдэгчид зээлийн хөрөнгийг бодитойгоор шилжүүлсэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй тул талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ хэрэгжээгүй, зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/02200 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2373 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ц.Дөлгөөнөөс 15,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн А.Баасанжавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагч Ц.Дөлгөөний гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ц.Дөлгөөнөөс 2021.01.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД