| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0197/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/222 |
| Огноо | 2023-06-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0197/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2318000000261 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* /******* төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай
Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны орой Дархан-Уул аймгиийн Хонгор сумын нутаг дэвсгэрт иргэн*******ын эзэмшлийн Самсунг а14 загварын гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж хэлэн авч хувьдаа завшсаны улмаас 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн : Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би тухайн гар утсыг авсныхаа дараа алга болгосон гэх мэдүүлэг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Хохирогч*******ын: 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр*******, Хонгор сумын төвд дүү болохын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед Хонгор сумын 1 дүгээр багт байрлах Амт цайны газрын үүдэнд дүүтай хамт зогсож байтал үл таних залуу ахаа гар утсаараа яриулаач гэж хэлээд миний Самсунг А14 маркийн гар утсыг авсан. Тэгээд бид хоёрт ганц юм ууя гэж хэлээд дэлгүүр орж 0,33 граммын Хараа архи авч өгснийг бид гурав нийлж уусан. Шөнийн 23 цагийн үед нөгөө залуу гэнэт яваад өгсөн. Би гар утсаа алдчихлаа гэж араас нь яваад олоогүй. Би гар утсаа*******, Дархан сумын хуучин Дарханд байрлах захын урд талын Мобикомын салбараас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр урьдчилгаа 246,650 төгрөг хийж үлдсэнийг 6 сарын хугацаатай төлж барагдуулахаар лизингээр авсан гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
Гэрчын : Би тухайн өдөр ах*******ын хамт Хонгор сумын 1 дүгээр багт байрлах Амт цайны газрын урд хашааны буланд 0,75 граммын 1 шил Хараа архи авч уусан. Бид хоёрыг цуг архи ууж байтал танихгүй залуу ирж цуг архи ууя гэж хэлээд бид хоёртой нийлсэн. Бид гурав хашааны буланд архи ууж суусан. Тэр залуу гар утас унтарчихлаа ах утсаараа нэг яриулаач гэж хэлээд*******ын гар утсыг авч өөрийнхөө сим картыг хийж байх шиг байсан. Түүний дараа буцааж өгөөгүй. 23 цагийн үед галт тэргэнд сууна гэж ярьж байснаа ахын гар утсыг аваад явсан. Бид хоёр араас нь явах гэсэн боловч согтуу байсан тул явж чадаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн “Самсунг А14 маркийн 128 GB багтаамжтай гар утас /шинэвтэр/ 650,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны орой Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт иргэн*******ын эзэмшлийн 650,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А14 маркийн гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж хэлэн авч хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.
Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны орой*******, Хонгор сумын нутаг дэвсгэрт иргэн*******, нартай хамт архи ууж байхдаа*******ын 650,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг а14 загварын гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж хэлэн аваад өөрийн сим картыг хийн ашиглаж байгаад эргүүлж өгөлгүй авч явсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдлийг хөрөнгө завших гэмт хэрэг тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******гийн дээх үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох гар утсыг нь хувьдаа завшиж 650,000 төгрөгийн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байгаа ба энэ талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ад 650,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогчийн “миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтээр /хх-ийн 43/ тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч *******д 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхихй ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Иймд шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР