Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 багт оршин суух Ж овогт С.С нэхэмжлэлтэй,

Б овогт Д.Б-г эрэн сурвалжлуулах тухай

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ү, нэхэмжлэгч С.С нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Х.Б бид хоёр 2,000,000 төгрөгийн зээл хүсч К банкинд хандсан. Гэтэл  тухайн үед К банкны захирлаар ажиллаж байсан Б нь та хоёрт зээл гарахгүй, нөхөр чинь нийгмийн даатгал төлдөггүй юм байна, харин би ээжийгээ эмчилгээнд явуулах мөнгөний хэрэгцээ шаардлага гараад байгаа учир надад 10,000,000 төгрөг өөрсдийнхөө нэр дээр гаргаад өгчих, би 6 сарын дотор төлнө гэсэн боловч хугацаандаа төлөөгүй. Бидний нэр дээр зээл авснаас хойш 1 жил гаруй хугацаанд  төлсөн. Ер нь банкнаас сар бүр шахуу зээлээ төл гээд бидэн рүү ярьдаг. Бид Б-д хэлдэг, хэл ам болж байж төлж байсан. Шүүхэд нэхэмжлэхээс өмнө Б-тай ярихад чиний 10,000,000 төгрөгийг төлчихсөн. Цагдаад шалгаж байгаа гэж хэлээд 2016 оны намраас хойш холбогдохгүй алга болсон. Ингээд биднийг банк шүүхэд хандаж, шүүх биднээс 7,185,768 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд Д.Б-г эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө . Хаягийг тогтоосны дараа бид шүүхэд хандана  гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Д.Б гэгч нь К банк ХХК-ний Замын-Үүд дэх салбарт ажиллаж байх хугацаандаа 2015 оны 06 сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг Х.Б, С.С нарыг К банк  ХХК-тай зээлийн гэрээ байгуулан зээл авахуулсан гэх бөгөөд уг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас тус шүүхийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 83 дугаар шүүхийн шийдвэрээр тэднээс 7,185,768 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, уг мөнгийг авч хэрэглээгүй Д.Б-д авч өгсөн учир Д.Б-г эрэн сурвалжилж хаягийг тогтоолгохоор нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ.

Д.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар С.С-н хүсэлтээр Д.Б-г эрэн сурвалжилсугай.

2. Д.Б-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Д.Б-н хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч С.С-д нэн даруй мэдэгдсүгэй.

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    А.Ц