| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0089/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/89 |
| Огноо | 2023-07-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/89
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
улсын яллагч Б.Түвшинтөр,
хохирогч Б.Б,
шүүгдэгч Б.Э,
иргэний нэхэмжлэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Э-т холбогдох 2316000540088 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1*** оны *** дугаар сарын ***-ны өдөр Завхан аймгийн *** суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ****** сум **** баг ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ИН********* регистрийн дугаартай, Т ургийн овогтой Б-н Э.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Э-н Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М гэх нэртэй бааранд 2023 оны 02 дугаар сарын 07-оос 2023 оны 02 дугаар сарын 08-нд шилжих шөнө сандал дээр байсан Б.Б-н куртикний халааснаас түүний эзэмшлийн эд хөрөнгө болох Самсунг А-13 маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Б-д 480,000 төгрөгийн хохирол үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 02 дугаар сарын 07-оос 2023 оны 02 дугаар сарын 08-нд шилжих Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М бааранд Б.Б-н куртикний халааснаас 480,000 төгрөгийн Самсунг А-13 маркын гар утсыг хулгайлан авсан болох нь:
1. Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би М руу явах замдаа нөхөртэйгөө утсаар яриад явсан тэгээд М ороод сандал дээр куртикээ дэлгээд 30 орчим минут сууж байгаад утсаа авах гэхэд миний утас алга болсон байсан. Тухайн үедээ сандал, буйдангийн завсар унасан байх гэж бодоод хайсан боловч олдоогүй. Маргааш нь буюу 02 дугаар сарын 08-ны өдөр Б эгч бид хоёр Э-г хайж яваад олж уулзаад “...гар утас та л авсан утсаа авъя...” гэхэд “...би аваагүй...” гээд байсан... Цагдаа дуудъя гэхэд Э зугтчихсан...” гэх мэдүүлэг./хх-ийн 14-15-р тал/
2. Гэрч М.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бид М орж өрөөнд суух гэж өрөө асуухад өрөө байхгүй гэсэн тул зааланд суусан. Тэнд суугаад 30 минутаас 1 цаг орчим болоод Б утсаа алга болгосон байна гэдгээ мэдээд хайж эхэлсэн. Утас хайж байхад хамт явсан М гэх залуу нь алга болсон байсан тэгээд У гэх залуугаас утас асуугаад хэрэв чи авсан бол хаана ямар дэлгүүрт тавьсан юм би өөрөө мөнгийг нь төлөөд утсаа авъя гэж Б-г хэлэхэд У нь би авсан гэхдээ хаана утас тавьснаа санахгүй байна гэж хэлсэн мөн заримдаа болохоор би утсыг чинь аваагүй утсыг нь М авсан гээд байсан. Удахгүй 2 цагдаа ирэхэд У нь би утас авсан гэж хэлсэн ба цагдаа нь эрүүл болоод гомдлоо гаргаарай гэж хэлээд явсан. Бид нар цагдаа ирэхээс өмнө У гэх залуугийн хувцсанд утас байгаа эсэхийг шалгаж хайсан боловч олж чадаагүй. Сүүлд нь М гэдэг нь гаднаас орж ирээд утас алга болсон гэж ярилцаж байх хооронд гараад явчихсан...” гэх мэдүүлэг./хх-ийн 20-21-р тал/
3. Гэрч Г.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би архи уугаад нэлээд согтсон байсан учраас нарийн сайн санахгүй байна. Болсон үйл явдлыг бодож үзэхэд тэр хүмүүстэй хамт М ороод гар утас алга болсон гэх асуудал яригдаад би З-н дэлгүүрт архи, тамхи, ундаанд тарьсан гар утсыг үзүүлж байсан түүнийг санаж байгаа юм тэгээд буудалд орж унтсан байж магадгүй гэж бодож байна. Гар утас алга болсны дараа Д, Б нар нь надаас утас асууж ирсэн тэгээд би З М-тэй уулзахдаа намайг утас авсан гээд асуугаад байна гэхэд чамд ямар хамаатай юм чи мэдэхгүй гээд л хэлчих гэж байсан...” гэх мэдүүлэг./хх-ийн 24-26-р тал/
4. Гэрч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 07-ны орой нөхөр болон найзуудын хамт М баарны караокед сууж байхад манай нөхөр тамхи татах гээд гарч явсан тэгээд эргэж орж ирээд “...гадаа нэг хүн утас зарна гэж байна авах уу...” гэхээр нь би “...авбал авчих...” гэж хэлээд картаа өгөөд гаргасан тэгээд манай нөхөр гарч яваад картаас бэлэн мөнгө авч нөгөө хүнд өгөөд цагаан цэнхэр өнгийн А-13 маркын самсунгийн гар утас авсан...” гэх мэдүүлэг./хх-ийн 29-30-р тал/
5. Иргэний нэхэмжлэгч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 02 дугаар сарын эхээр байсан байх хугацааг нь би тодорхой санахгүй байна. Би эхнэр болон найзуудын хамтаар М баарны караокед орж суусан тэгээд ганцаараа тамхи татах гээд гарч ирэхэд М баарнаас нэг эрэгтэй гарч ирээд гар утас авах уу гэж асуусан би ямар утас юм гээд үзээд үнийг нь асуухад 200,000 төгрөг гэж хэлсэн би түүнд утас авахгүй гэж хэлээд тамхи татаж дуусгаад орох гэхэд араас дуудаад 100,000 төгрөгөөр авчих би Завхан явах гэсэн мөнгөгүй болчихсон гээд байсан. Тухайн гар утсыг хэнийх юм гэхэд манай эхнэрийн утас байгаа юм гэж хэлсэн бөгөөд утасны түгжээг тэр залуу өөрөө тайлсан тэгээд гуйгаад байхаар нь би эхнэрээсээ карт аваад Мандал голомт ХХК-ны хажуугийн АТМ-ээс бэлэн мөнгө аваад нөгөө залууд өгсөн...” гэх мэдүүлэг./хх-ийн 18-р хуудас/
6. Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ТХҮ-921/4506 дугаартай “...Самсунг А-13 маркын гар утсыг 480,000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн үнэлгээний дүгнэлт./хх-ийн 43-45-р тал/
7. Мобиком корпораци ХХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4/2896 дугаартай “...танай 29/10 тоот албан бичгийн дагуу 35............... 1МЕ1 кодтой утсанд ашигласан 95****** дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв...” гэсэн албан бичиг түүний хавсралт./хх-ийн 48-50-р тал/
8. Мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ч.О-с гаргаж өгсөн хохирогч Б.Б-н Самсунг А-13 маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд./хх-ийн 52-53-р тал/
9. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.Б-д Самсунг А-13 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл/хх-ийн 56-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Хохирогч Б.Б-н гадуур хувцасны халааснаас түүнд мэдэгдэлгүйгээр 480,000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг нь авч, бусдад худалдан борлуулсан шүүгдэгч Б.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээнээс доош хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэж тайлбарласан. Мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт 300 нэгж буюу 300,000 төгрөгөөс доош хэмжээтэй хохирлыг бага хэмжээний хохиролд тооцохоор заажээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад 480,000 төгрөгийн хохирол учирсан тул бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн шинж мөн адил хангагдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх мэдээлэлтэй эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дугаар тал/, мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 56 дугаар тал/ иргэний нэхэмжлэгч Э.Б-н “...100,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Э-н үйлдсэн гэмт хэргийн учирсан хохирол болох 480,000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung А13 маркийн гар утсыг хохирогч Б.Б-д буцааж өгсөн. Мөн иргэний нэхэмжлэгч Э.Б-д гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 100,000 төгрөг бүрэн төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэн үүнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Б.Э-т хүлээлгэсүгэй.
4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Э-т сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА