Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

улсын яллагч Б.Түвшинтөр

шүүгдэгч О.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т ургийн овогт О-н Х-д холбогдох 2316000000102 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1*** оны *** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн ********* сумын төвд ************ ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ***** сумын ****** багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ДЖ****** регистрийн дугаартай, Т ургийн овогт О-н Х-д,

 

Холбогдсон хэргийн талаар:

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч О.Хонгорзул нь Говь-Алтай аймгийн ***** сумын **** багт хохирогч Б.П-ын данснаас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 100,000 төгрөг, 06 дугаар сарын 09-ны өдөр 1,000,000 төгрөг, 06 дугаар сарын 03-ны өдөр 25,000 төгрөг нийт 1,125,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн данс руу шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын улмаас Б.П-т 1,125,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд энэ нь бусдын өмчлөх эрхэд халдаж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч О.Х гэм буруутай болох нь:

Хохирогч Б.П-н мөрдөн байцаалтад өгсөн: “Би фэйсбүүк болон утсаар Х гэдэг хүнтэй танилцсан. Би Х-тай 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ***** сумаас Говь-Алтай аймгийн төв дээр очиж уулзаад хамт буцаад сум руу явсан юм. Ингээд би Х-тай хамт хөдөө байсан. Би ******** тоот дансанд 2023 оны 05 сарын 16-ны өдөр 1.300.0 төгрөг болох ноолуурын мөнгө орж ирсэн. Тухайн мөнгийг би өөрийн хэрэгцээт зүйлдээ зарцуулж байсан юм. Мөн тухайн дансанд 5,000,000 төгрөг болох ноолуурын мөнгө орсон. Би бичиг үсэг мэдэхгүй, мөнгө мобайл банкаар шилжүүлж мэдэхгүй учир тухайн данснаас хүн рүү мөнгө шилжүүлэхдээ Х-аар шилжүүлж байсан юм. Тэгээд би дансны хуулга авч үзээд шалгаж байхад ******** тоот данс руу эхлээд 100,000 төгрөг дараа нь 1,000,000 төгрөгийн зарлага гарч шилжүүлсэн байсан юм. Тэгээд Х-аас хэн рүү ямар учиртай мөнгө шилжүүлсэн талаар асуухад би чиний данснаас мөнгө авсан юм гэж хэлсэн. Надад мөнгө төгрөг авлаа гэж огт хэлээгүй. Харин би өөрөө дансны хуулга шалгаж олж мэдсэн юм. Миний данснаас авсан 1.100.000 төгрөгөөс Б ах руу эхлээд 500,000 төгрөг хийсэн цагдаа дээр очсон чинь 400,000 төгрөг хийсэн. Нийлээд 900,000 төгрөгийг Б ахын данс руу хийсэн. Одоо надаа 200,000 төгрөг өгөх ёстой. Би Х-д мөнгө төгрөг өгөх өр огт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27-р хуудас/,        

          Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Х, П, Ц бид 4 ***** сумаас 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр аймагт ирсэн. Тэгээд аймагт ирээд Д гэх айлд энэ 3 хүнийг буулгасан чинь Х нь гэрт оролгүй шууд зугтаасан. Би машин дотор сууж байхад Д эгч гарч ирээд Х-ын хаачив, дансанд мөнгө орсон юм, зугтаагаад явчихлаа гэхээр нь би машинтайгаа араас нь очиж барьсан юм. Х-ыг барьж аваад чи яагаад бичиг үсэг мэдэхгүй хүүхдийн мөнгийг данс руугаа авдаг юм гэсэн чинь би одоо буцаагаад мөнгийг нь өгчихнө гээд 500.000 төгрөг авсан гээд миний ******** дугаартай данс руу 500.000 төгрөг хийсэн. Удалгүй П, Д эгч хоёр ирээд Ц эгч миний хүүгийн дансанд саяас их мөнгө байсан одоо мөнгө алга байна гэж хэлэхэд Х би өөр мөнгө аваагүй гээд байхаар нь би цагдаа дуудсан. Тэгээд цагдаа дээр ирсэн чинь миний дээрх данс руу 400,000 төгрөг хийсэн. Ингээд 900,000 төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

          Осорын Х-ын Хаан банканд эзэмшдэг ******** тоот дансны дэлгэрэнгүй хуулга/хх-ийн 12-13-р хуудас/,

          Б-ын П-ын хаан банканд эзэмшдэг ******** дугаартай дансны хуулга /хх-ийн 14-15, 19-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           Иймд О.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Х-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ..

Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч мэдэгдэв.

          3.Гэм хор хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.П-т 1,125,000 төгрөгийн  хохирол учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

4.Бусад асуудлаар:

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч  Т ургийн овогт О-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Х-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй

4. Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгчид сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 9. Дээрх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР